|
Бага насны жинхэнэ монгол адуу айрагдахад хэцүү байх болов уу . . . Улсын наадам хаяанд иржээ. Морьдоо сойж байгаа уяачид, хурдан морины хүүхэд бүр энэ жилийн наадмын түрүү магнай, айргийн тавд давхиж ирэхийг мөрөөдөн, уяа сойлгоо чамбайхан базааж байгаа нь лавтай. Ардын хувьсгалын 88 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Төв комиссын Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Д.Самданжамцтай уулзаж тус хорооны бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа болон энэ жил уралдан хурдан морьдын өнгө зүс ямар байгаа талаар сонирхож ярилцлаа.
-Танай салбар хорооны бэлтгэл ажил ямар байна даа?
-Хурдан морины салбар хороо хоёр гурван удаа хуралдаж гишүүддээ хийх ажил, чиг үүргийг нь тогтоож өгсөн. Хоёрт ямар насны морийг хэн хариуцаж уралдуулах вэ гэдгийг дарга, орлогч, даамал, нарийн бичгийн дарга, гишүүдэд хуваарилаад ажилдаа ороод байгаа.
Салбар хорооноос морийг шүдлэх комиссоос эхлээд уралдааны зам, мал эмнэлэг, хүн эмнэлгийн комиссыг томилсон. Төсөв зардлыг тус тусад нь чиг үүргийн дагуу хуваарилж өгсөн. Морь уралдах цагийн хуваарийг баталсан. Мягмар гарагт Төв комиссын хурлаар хэлэлцүүлэн зөвшөөрүүдээд баяр наадмын хөтөлбөрт оруулсан. Энэ жилийн хувьд наадмын өмнө ямар нэг морины уралдаан байхгүй. Цаг агаар ч сайхан болж байна. Энэ байдлаас үүдээд баяр наадмаар дор хаяж нийтдээ 2500-3000 орчим морь зургаан насанд уралдах болов уу гэсэн тооцоо байгаа. Түүнээс 30 хувийг нь барина гэхэд үндсэндээ 1000 моринд бай шагнал өгөх тооцоог үндэслэж медаль, диплом, үнэмлэхээ захиалж хийлгээд байна.
-Уралдах морьдыг хэзээ бүртгэх вэ?
-Уралдах хуваарийн тухайд долдугаар сарын 9-нд 10-23 цаг хүртэл ганцхан өдөр бүртгэнэ. Тэгээд 10-нд хязаалан, шүдлэн насны морь, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага уралдана. 12-ны морины уралдааныг нэлээд шахаж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн барилдааны тавын даваа дуусаад л морь цоллуулах цагийн хуваарьтай. Тэгэхээр биднийг тэнд хүлээгээд байдаг. Баян ходоодны даагатайтайгаа 31адууг энэ цагт амжиж цоллуулах ёстой. Зөвхөн энэ өдөр л ингэж шахаж байгаа, бусад өдөр нь харин аажуу тайван уралдуулна. Монголчууд бидэнд соёолонгийн тоос хүртэнэ гэдэг ёс уламжлал байдаг. Төв комиссоос үүнийг нь харгалзаж соёолон морьд 10 цаг 30 минутаас 10 ца! г 40 минутын хооронд барианд оруулах шийдвэр гаргасан. Соёолонг ирэнгүүт л зөрүүлээд даагаа гаргаж 13 цаг 30 минутад даага барианд орсон байх юм. Тэгээд л морьдоо шууд машинд ачаад Төв цэнгэлдэх хүрээлэнд аваачиж цоллуулахаар хөдлөнө. -Энэ жилийн түрүү магнай, айргийн тавд давхисан морьдод ямар бай шагнал өгөх бол? Уралдсан морьдын чимэгийн асуудал байгаа. Түмний эх, ажнай ч гэдэг юм уу. Одоогоор урьдчилсан байдлаар 10-аад морь энэ жилийн наадамд яаж уралдсанаас шалтгаалж цол авах болзол хангах байх. Бай шагналын хувьд Засгийн газрын тогтоолоор баталсны дагуу түрүүлсэн морь 1 000 000 /нэг сая/ орчим төгрөгөөр байлдаг. Айрагдсан морьдыг 500 000 төгрөг дотор багтаагаад шагнана. Тэгээд медаль, диплом, өргөмжлөл гардуулна.
-Хурдан морины хүүхдийг хамгаалах асуудал жил бүр л хамгийн хурц асуудал байдаг?
-Хүүхдийн асуудалд энэ жил онцгой анхаарч байгаа. Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/ оны эхэнд "UB Даатгал" компанитай гэрээ байгуулж жилийн турш хурдан морины уралдааны даатгалыг энэ компаниар хийлгэхээр болсон. Өвлийн болон Дүнжингаравын уралдаан, Сэлэнгэд болсон уралдааны бүх даатгалыг энэ компани хийсэн байгаа. Даатгалын олон компанитай гэрээ хийхээр ямар нэг эрсдэл гарахад зарим нь олдохгүй чирэгдэл гардаг. Хурдан морь унах хүүхэд заавал эмээлтэй, хамгаалалтын малгайтай байх ёстой. Уралдах хүүхэд 7-13 настай байх юм. Долоогоос доош насных, бас 13-аас дээш насны хүүхэд байж болохгүй. Үүнээс дээш насны хүүхэд нь жин ихтэйгээс гадна янз бүрийн будлиан гаргаж үймүүлэх нь их байдаг. Бидний хийсэн судалгаагаар эмээл, хүүхэд хоёр нийлээд 20-25 кг байх нь уралдахад хамгийн зохимжтой. Хүүхдийн төлөө үндэсний газар, Хурдан морины салбар хороо, тэнд ажиллаж байгаа хүмүүс энэ асуудалд тодорхой анхаарал тавина гэж ярьж тохирсон. Одоо техник, технологи өндөр хөгжсөн болохоор морины эзэд, боссууд нь энд тэнд уулын орой дээр гараад зогсчихсон, морь унаж байгаа чихэвч зүүчихсэн хүүхдүүдтэйгээ холбоо бариад зааварлаад байх болсон. Үүнээс болж будлиан үүсдэг. Тийм болохоор уралдах хүүхдүүдийг маш нарийн үзлэг хийж гаргана. Энэ тухай уяачдад сайн хэлж дамжуулж өгөхийг хэвлэл мэдээллийн та бүхнээс хүсч байна.
-Уралдааны зайд өөрчлөлт орсон байхаа?
-Уралдааны зай өөрчлөгдсөн. Хуучин их нас 26-28 км-т уралдаж байсан. Энэ жилээс 24-26 км болсон. Энэ зайг яагаад өөрчлөв гэхээр өмнө нь Засгийн газрын тогтоолоор баталсан дүрмээр уралддаг зай, ММСУХ-ны дүрмээр баталсан зай гэсэн хоёр өөр зайд уралдаад байсан. Үүнийг нэг мөр болгож Засгийн газрын тогтоол гаргаж азарга, соёолон 22-24 км, хязаалан 15-17 км, шүдлэн 14-16 км, даага 10-12 км зайд уралдана гэж заасан байгаа. Хоёр км-ийн наана, цаана хязгаартай байгаа нь тухайн жилийн онд оролт, малын тарга хүч, цаг агаарын байдлаас шалтгаалж өөрчилж байхтай холбоотой юм.
-Хүүхэдгүй ирсэн морьдыг таван байраар ухраах болсон, энэ талаар?
-Өмнө нь хүүхэдгүй ирсэн морийг ухраадаг хоёр өөр дүрэмтэй байсан. Нэг нь ММСУХ-ны дүрмээр хүүхэдгүй ирсэн морийг таван байраар ухрааж байхад ЗГ-ын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан дүрмээр нэг байраар ухраана гэж заасан байсан. Гэтэл сүүлийн үед улс, бүсийн болон өвлийн наадмуудаар ихэнхдээ айрагдаж, түрүүлж байгаа морьд хүүхэдгүй ирдэг болсон. Энд бас шалтгаан байна. Зарим уяачид морьдыг хүүхэдгүй уралдуулж сургадаг буруу зуршил нэвтээд байгаа юм. Тийм учраас хүүхэдгүй ирсэн морийг тухайн байрнаас нь тав ухраах шийдвэр гаргaсан. Ийм шийдвэр гарсаныг уяачид эртхэн мэдэж ойлгох нь зүйтэй.
-Морины шүдээр насыг тогтооход будлиан гардаг үүнийг яаж зохицуулах вэ?
-Одоо эрлийз адууны тоо олширч байгаатай холбогдож шүдний асуудал хурцаар тавигдах болсон. Тэжээл иддэг адуу чинь буйл, араа, чиг мах, соёо нь суначихсан, элэгдэл ихтэй байдаг. Иймээс морийг шүдлэхэд багагүй маргаан гардаг. Ямар нэгэн эргэлзээтэй шүдний асуудалтай адуутай бол уяачид, эзэд нь эртхэн манай салбар хорооны комисс дээр ирж маргаантай, эргэлзээтэй асуудлаа шийдүүлэх нь зүйтэй. Энд ХААИС, МАА-н хүрээлэн, мал эмнэлгийн хүрээлэнгийн адууны шүдээр цол зэрэг хамгаалсан туршлагатай эрдэмтдийн баг ажиллаж байгаа. Бүтэн жил морь уячихаад яг уралдах болохоор шүд, нас нь тохирохгүй болчихвол тухайн хүндээ ч, морины комиссын ажил хийж байгаа хүмүүст ч хэцүү. Үүнийг та бүхэн уяачдад дамжуулж өгөөрэй.
-Уралдааны замыг засах ажил ямар байгаа бол?
-Хурдан морины замыг бид сайн засварлана. Нүх, хонхорхой, жалга, гуу зэрэгт санаа зовох юм байхгүй. Энэ бүх ажлыг хийж байна. Харин уяачид урьдчилж морь унах хүүхдэд замыг нь сайн зааж өгөх хэрэгтэй. Замаа мэдэхгүйгээс хүүхэд их будилдаг. Жаахан хүүхдэд замыг нь дахин дахин сайн үзүүлээрэй гэж анхааруулах байна.
-Морь унах хүүхдийг бүртгүүлэхэд юуг анхаарах ёстой вэ?
-Морь бүртгүүлэхээр ирэхдээ даатгалын бичигтэй бол тэр бичигтэйгээ, мөн хүүхдийн төрсний гэрчилгээг заавал авч ирэх ёстой. Даатгал нь бүтэн жилээ даадаг учраас дахин мөнгө төлөх шаардлагагүй. Морины салбар комиссоос зарласан цагийг сайн баримтлах ёстой. Жишээ нь, 12-нд соёолон өглөө долоон цагт мордох ёстой гэсэн бол яг л тэр цагтаа мордож, морьдоо шүдлээд товлосон цагт хаах болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Урьд өмнөх шиг бие биенээ хараад хүлээгээд назгайраад баймгүй байна. Бусдыгаа ч, наадамчдаа ч хүндэлж бид наадаж сурах ёстой юм.
-Жил бүр морьд дагасан автомашин уралдаанд саад учруулдаг тухай шгүүмжилдэг?
-Зам дагуу эргүүлэх, хяналт тавих зэргээс эхлээд бүх үйл ажиллагаа дүрмийн дагуу явагдана. Зурагтынхан зам дагуу явж бичлэг хийнэ. Замаас орох, угтуулж тавих гэсэн хандлага, ойлголт байхгүй гэдгийг уяачид анхаарах ёстой. Заавал гарааны зурхай дээр очиж хаалтны араар ороход даамал буугаар буудаж дохио өгсөний дараа морьд эргэх ёстой. Уралдах морьдыг хоёр талдаа бүртгэнэ. Наанаасаа шүдлээд гаргахдаа тоогоор нь бүртгэж дүрсжүүлээд авна. Гараанаас эргэхэд 200 гаруй цэрэг тус бүр 10 морийг бүртгэх юм. Энэ хоёр бүртгэлээр тухайн номер байна уу гэж давхар бүртгэнэ. Мал, хүн эмнэлэг тэнд ажиллана. Энэ жил халуун байж болзошгүй байгаа учир мал эмнэлгийн үйлчилгээнд онцгой анхаарч байгаа. Хуучин хоёр цаг ажилладаг байсан бол энэ удаа мал эмнэлгийг дөрвөн цаг ажиллуулна. Морины комиссын хажууд байнгын нэг цэг байж дуудлага ирэхээр очиж үйлчилдэг байх юм. Уяачдын дунд байх явуулын цэг, мөн морины бариа, гараан дээр ажиллах цэг байх юм. Эм тариа бүх юмаа бэлтгэсэн байгаа.
- Хурдан морины уралдааны үеэр ажиллах цэргүүдийн унах морийг бид гэрээгээр авсан. Долдугаар сарын нэгнээс тэд дасгал сургууль хийнэ. Уралдааны зайг наашлуулсан учраас өмнө нь тэмдэглэсэн байсан гарааны төмөр шонг өөрчлөх ажил байгаа. Гадаадын үзэгдэд зориулсан тусгай цуг гаргах юм. Төр засгийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүдийг дагаж үзүүлэхгүй ерөөсөө Цагаан хөтлөөс нааш өөрөөр хэлбэл морь бариа хүртэл 12 км газар ямар ч автомашин дагахгүй. Зөвхөн эрх бүхий гурван машин байна. Хүн, мал эмнэлгийн тус бүр нэг, телевизийн гурав, Даамлын машин гээд зургаан автомашин байх юм. Телевизүүд тус бүрдээ машинтай дагана гэдэг. Бас радио, сониныхон явна гэдэг. Тийм болохоор энэ жил бид өөрсдөө нэг насны морины уралдаанд гурван машин гаргаж өгнө. Тэгээд аль нь хаана суухыг хуваарилаад өгнө. Жолоочдоо бид маршрут гаргаж өгөөд тэр замаараа л явах журмыг баримтлана. Манай сэтгүүлчид морь тайлбарлахдаа янз бүрээр тайлбаладаг. Бүгээн зүстэй л бол бүгдийг нь цагаан морь гэж тайлбарлах жишээтэй. Сайхан харайж, гоё гүйж байна гэж ярих нь ч бий. Тиймээс биднээс мэргэжлийн хүн авч тайлбарлуулж болно. Машин бүрд нэг тайлбарлагч өгнө.
-Энэ жилийн наадамд хэдэн аймгийн хурдан хүлэг уралдах бол?
-Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Төв, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан, Говь-Сүмбэрээс морьд ирсэн байна. Увсаас хүртэл ирээд байгаа. Одоогийн урьдчилсан байдлаар 19 аймаг, хотоос оролцохоор байгаа. Баян-Өлгий, Ховд амйгаас л ирээгүй байх шиг байна. Морины олширч магадгүй, ялангуяа бага насны морьд. Наадмын дараа Баянхонгор, Завхан, Дорнод аймагт бүсийн морины уралдаан байгаа.
-Морины уралдааны зам дээр айл буучихсан байгааг яаж зохицуулж байгаа вэ?
- Уралдааны зам дээр морины сунгаа хийхгүй. Морь уралдааны зам дээр 32 айл буучихсан байгаа. Тэднийг Мэргэжлийн хяналтынхан болон цагдаагаас хүмүүс очиж тэр айлуудыг замаас холдуулж нүүлгэх арга хэмжээ авч байна. Өнөөдөр оройн 20 цаг гэхэд бүгд нүүнэ гэж тохиролцсон. Тэгээд тус газрыг хамгаалалтанд авна. Бид одоо замаа засаж байна. Дарга нар үздэг чиглэлийн газар дахиж 2,3 км шинэ урсгал зам хатуу хучилттай тавьж байгаа. Цаад замыг бороо ороод эвдэх магадлалтай тул жаахан азнаж байна.
-Өнгөрсөн жилийн наадмаар хуушуур их ховор зүйл байсан, мөн усны асуудал, үүнийг яаж зохицуулж байна?
Уяачдын хүнсний хангамжийн асуудал дээр энэ жил их анхаарч байгаа. Жилийн жилд хуушуурын хүрэлцээ муудаад байсан. Иймд энэ жил Хүй долоон худагт 100 гаруй аж ахуйн нэгж хүнсээр үйлчлэх эрх өгч эрүүл мэндийн шинжилгээг нь авах юм. Худагны хувьд төмөр замын худагтай нийлээд нийт найман худаг бий. Уяачдын дунд 12 цэгт усны том сав тавьж өгнө, Үйлчилгээгээ гэрт явуулна. Эрүүл ахуй, мал эмнэлгийн 20 шахам байцаагчид хяналт тавьж ажиллана. Тэр савандаа усаа хийгээд байх юм. Морь ирэхээс 30-аад минутын өмнө бариа хүрэх гурван км газрыг услана. Бэлчээрийн хувьд гайгүй болохоор хамгаалалтын Уушгийн хөтлөөс нааш морь ирэхээс өмнө замыг нэг урсгалтай болгож хаана.
-Дарга нарын морины уралдаан үздэг газруудад олон машин очиж багагүй бэрхшээл учирдаг гэдэг?
-Хуучин "Ноён толгой" гэдэг байсан газар шүү дээ. Даншиг долоон хошуу наадам хийж байхад ноёдууд суудаг байсан юм билээ. Дарга нарыг дагаж баахан автомашин явдаг нь бидний ажилд их бэрхшээл учруулдаг. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд гээд тус тусдаа зайтай байрлачихдаг. Энэ жил бид үүнийг нэгтгэж өгөөч гэж хүсэлт тавина. Шийдэж өгөх байлгүйдээ.
-Уяачдын сунгаа арай эхлээгүй байх. Наадмын уяачдын гал хаагуур байрлаж байгаа бол?
-Өнөөдөр нэг эрлийз давхилт өгөх байх. Ихэнх уяачид Долоон худагт байна. Цагаан хөтлөөс нааш Максын хэмээх тод манлай уяач Ганбаатар, Аюуш, манлай уяач Ганхуяг, Батсайхан, Мөнхбат, Содномцаг, Баттөмөр, Бааст гээд том уяачид байгаа. Уяачдын гал ерөнхийдөө гуравхан цэгт төвлөрч байна. Долоон худагт нэг том төв байна. Төв аймгийн урд талд Даваахүү, Онон нарын тэргүүтэй Төв аймгийн гал байгаа. Налайхад Сандуйжав, Эрдэнэчулуун нарын тэргүүтэй уяачдын гал байна. Бөхөг, Түргэн, Алтанбулаг хавиар ганц нэг уяачид байгаа. Өнөөдрөөс эхэлж ойр орчмоороо сунгаа, тар хийх байх. Зургадугаар сарын 29-нд хамгийн анхны бага сунгаа хийнэ.
-"Уяачдын наадам"-ыг хэрхэн зохион байгуулах бол?
Энэ жил бид эрлийз морь тусад нь уралдулахгүй, уяж байгаа хүн ч байхгүй. Бид 13-ны "Уяачдын наадам"-аар жороо морио уралдуулаад, 64 бөхийн барилдаан болно. Уяачдад зориулж урлагийн тоглолт үзүүлж, бай шагналаа гардуулна. Мөн шүхрийн буулт болж, морин спортын тоглолт үзүүлнэ. Бид уяачдаа хаана хаана буулгах гэдгээ урьдчилаад схем гаргачихсан байгаа. Ингэхгүй бол уяачдыг олоход бэрх байдаг. Шинэ уяачдад буух газрыг нь заагаад өгчихөөр тэндээ буугаад хэвшчихдэг. Мобикомын суурин үйлчилгээг гэрээгээр ажиллуулна. Телевизийн том дэлгэц байрлуулж морь ирэх хооронд уяачид наадамчид маань Төв цэнгэлдэхэд болж байгаа бөх үзэх боломж бүрдэх юм. Энэ жил бид үзэгчдийн хоёр талаар суух сандлын тоог 300-гаад метрээр уртасгаж нэлээд нэмж байгаа.
-Хүй долоон худгийг зорих наадамчдын тээврийн асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Нийслэлийн үзэгчдэд морь үзэх боломжоор хангаж төмөр замаар тусгай вагон явуулж 361 дүгээр зөрлөг хүртэл явуулах юм. Тэр зөрлөгөөс морь барианы газар луу 40 ширхэг микро автобус наадамчдад үйлчилнэ. Мөн том оврын 40 орчим автобус үйлчлэх юм. Улаанбаатар чуулгын болон хошин шогийн тоглолт үзүүлнэ. Морины тухай дууг залуу дуучдаар дуулуулахаар бэлтгэж байна. Гадаад орнууд руу ярих дөрвөн цэг ажиллана. Соёолон морьд барианд ороход хамгаалалтыг зад татчих гээд байдаг аюул бий. Тиймээс энд хотоос хамгаалалтын нэмэлт хүч ирүүлэх байх.
-Өнгөрсөн жилийн наадмын түрүү магнай, айрагдсан морьд энэ бүгд л уралдах байхдаа?
-Ноднин их насанд Дундговийн Эрдэнэчулууны хар морь түрүүлж байсан. Энэ морь ойрхон ирж явна гэсэн. Шарга азарга энд ирсэн байгаа. Ганбаатарын халзан, ноднин түрүүлсэн даага байгаа. Ер нь шүдлэн ч ирчихсэн байна лээ. Хязаалан насанд түрүүлсэн морь Дорнодоос ирэх ёстой. Тэрийг мэдэхгүй байна. Түрүүлсэн, айрагдсан морьд бараг тэр чигээрээ Долоон худаг, Налайхад бөөгнөрсөн байна. Бүсийн наадамд сайн давхисан морьд ч байгаа. Энэ жилийн азарга, их насны морьдын уралдаан их сонин, үзүүштэй болох байхаа гэж бодож байна. Бага насны морины уралдаанд нэлээд бэрхшээл бий. Сүүлийн үед хүмүүс адуугаа араб, Буддённый ч юм уу үүлдрийг нь их сайжруулж байгаа. Тэгэхээр бага насны айрагдсан морьдын даага, шүдлэн, хязаалан насанд нь яг жинхэнэ бэлчээрийн өвс идээд уралдаж байгаа монгол адуу эхний тав дотор орно гэдэг хэцүү л байх болов уу.
| АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад |
АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ |
ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед |


|