20170804 003

 

Коши Матайгаар ахлуулсан Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг өнгөрсөн сарын 19-нөөс өчигдрийг хүртэл Улаанбаатарт ажиллаж, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хэлэлцүүлгийг хийжээ. Гурван жил үргэлжлэх хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 434.3 сая ам.долларын зээл манай улсад олгох юм.

Ажлын хэсгийн ахлагч Матай хэлэлцүүлгийг дүгнэж, “Эдийн засаг сэргэж байна. Нүүрс олборлолт, экспорт эрчимтэй нэмэгдэж, хувийн хөрөнгө оруулалт их хэмжээгээр өслөө. ОУВС тэргүүтэй хөгжлийн түншүүдийн 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт батлагдсаны дараачаас эдийн засагт итгэх итгэл сэргэсний ачаар дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд хоёр хувиар өсөхөөр байна.

Хөтөлбөр сайн хэрэгжиж, бүх тоон зорилтууд хангагдсан. Төсвийн орлого давж, зарлагын санхүүжилтийг хатуу хяналтад байлгасны үр дүнд үзүүлэлтүүд тооцоолсноос хавьгүй сайн гарлаа. Давж биелсэн орлогын тал орчим хувиар хуримтлал үүсгэснээр зээлийн хэмжээг бууруулан, өрийн өсөлтийг хязгаарлах болно. Үлдэх хэсгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан үр өгөөжтэй арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

Гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээ өссөн нь экспортын орлого нэмэгдэж, Засгийн газрын үнэт цаасны зах зээлд гаднаас хөрөнгө оруулалт хийж буйтай холбоотой юм. Эрх баригчид дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг хадгалахад чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн томоохон зорилтуудаа хэрэгжүүлж эхэллээ. Банкны системийг бэхжүүлэх ажил үргэлжилж байна. Активын чанарын үнэлгээг удахгүй эхлүүлнэ. Хууль эрх зүйн чухал өөрчлөлтүүдийн төслийг боловсруулах, зохицуулалт, хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээнүүд хэрэгжүүлж байна.

Татварын удирдлага, бодлого, төсвийн хяналтыг бэхжүүлэх ажил ахицтай байгаа. Мөн төсвийн зөвлөл байгуулна. Нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгож, зардлыг нэн эмзэг бүлэгт чиглүүлэх үүднээс Засгийн газар “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг эргэн харах учиртай.

Уг хөтөлбөрийг 2018 оноос хөрөнгө чинээ багатай өрхүүдэд чиглүүлж, хэмнэсэн хөрөнгийг ядууст зориулсан хүнс тэжээлийн хөтөлбөр санхүүжүүлэхээ амласан. Эрх баригчид болон ажлын хэсэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээнд ажлын хэсгийн түвшинд тохиролцлоо” гэжээ.

Энэ тохиролцоог ОУВС-гийн Захирлуудын зөвлөлд танилцуулж батлуулах ёстой аж. Тус сангийн Захирлуудын зөвлөл ирэх сарын сүүлчээр хуралдаж, эхний шатны үнэлгээг эцэслэх юм байна. Ингэснээр 37.82 сая ам.долларын дараагийн санхүүжилт олгогдох гэнэ. Ажлын хэсгийн ахлагч Коши Матай өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нартай уулзаж, хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг “Амжилттай хэрэгжүүлсэн” гэж дүгнэж болохыг дуулгасан юм.

 

Эх сурвалж: www.montsame.mn