20170725 140246

-Замын-Үүдийн боомт “түгжрэл” үүсгэж байна-

Замын-Үүдийн боомт ачааллаа үнэхээр дийлэхгүй байна. Энэ байдлаас нь болж иргэд бухимдаж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирол амссан хэвээр. Ийм байдалтай олон жил яваа. Үүнийг өнгөрсөн хугацаанд дорвитойхон шийдвэрлэж чадсангүй. Эдийн засаг сайн, саар байсан аль ч жилүүдэд нөхцөл байдал үнэндээ дээрдсэнгүй. Монгол Улсын Гаалийн хяналтын бүсээс Хятадын хил хүртэл урт дараалал үүсчихсэн, иргэдийн тэвчээрийг барна гэгч болж байна.

Говийн ид халуунд хоёр улсын хилийн бүсэд олон цагаар саатна гэдэг амаргүй. “Өмнөд хөршийн хил гаалиар хэдхэн минутын дотор ямар ч саадгүй нэвтэрсэн ч Монголынхоо үүд болсон хил дээр ийнхүү гацаж орхилоо” хэмээн У.Наранбаатар тэсгэл алдан өгүүлэв. Тэрбээр хоёр улсын хооронд бараа таваар үргэлж зөөдөг байна. Гэвч боомтын хэт ачааллаас болж гал тэрэгнээсээ хоцрох, хоног хугацаа алдах болжээ.

Урт дараалалд цухалдсан иргэд ууртай байна. Ингэж түгжрэл үүссэн шалтгаан нь гаалийн сүлжээ тасарсантай холбоотой гэж хилийн шалганыхан тайлбарласан. Сүлжээнд эргээд холбогдох хүртэл иргэд хүлээхээс өөр сонголтгүй гэнэ. Замын-Үүдийн боомтын үйл ажиллагаа сүлжээ байхгүйн улмаас ийнхүү бүрэн зогсжээ. Ийм байдалтайгаар бараг л гурван цаг нам гацсан хүмүүс эхнээсээ сандарч эхэллээ. Гэвч энэ хугацаанд юу ч өөрчлөгдсөнгүй.

Харин ар араасаа тулан зогссон авто машины тоо улам нэмэгдэж, энд тэндгүй жолооч нар дуут дохиогоо хангинуулна. Ийм л тэвдсэн, сандарсан дүр зураг Замын-Үүдийн хил дээр өдгөө харагдаж байна. Хамгийн олон хүн орж, гарч байдаг олон улсын статустай боомтыг өргөтгөнө гэж төр засгаас байнга ярьдаг. Гэвч урьдын төрх сайжирсангүй өдий хүрлээ.


Хилийн шалганы бүсээр ороход хоёр эгнээ болон зогсох боловч хашааны хаалгаар нэг нэгээрээ автомашинууд цуварч гарч байна. Энэ байдал нь цаг хугацаа алдахад бас хүргэдэг бололтой. Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн суудлын гал тэрэг 18.20 цагт хөдөлнө. Гэтэл буцах суудлаа захиалсан иргэд 16 цаг гэхэд хилээр ч гарч чадаагүй тул хий цухалдахаас өөр яах билээ.

Уг нь тэдний түрүүч нь 13 цагийн үед улсын хилийн шалган дээр иржээ. Гэвч сүлжээгүй тул аргагүй энд саатсан байна. Хил хаахад хоёр цаг хүрэхгүй хугацаа үлдсэн хэдий ч 30, 40 бус 300, 400 жижиг тэрэг шил шилээ харан хоёр эгнээ болон зогсож байгаа нь энэ. “Гаальтай машин”-ны дийлэнх нь хойд хөршид үйлдвэрлэсэн, манай улсад орж ирээд он удаан жил яваа УАЗ-469 автомашин. Нэг нэгнээ бараг л "түрэн урагшлах" гэж зүтгэх эдгээр тэрэгнээс үзэмж сайтай нь ховорхон.

20170725 153537

Хилийн нэвтрэх хүчин чадал оргил цагаар ачааллаа даахгүй байгаа энэ үед сүлжээ тасарсан нь нөхцөл байдлыг улам дордуулна. Монгол Улс том амбийцтай. Тэр нь Ази, Европын холбосон гүүр болох тэмүүлэл. Ийм нүсэр зорилтыг олон улсын тавцанд дэвшүүлсэн атлаа гадаад худалдааны гол гарц болсон хамгийн том боомтынх нь төрх ийм л байна. Замын-Үүдийн боомтын нэвтрэн өнгөрүүлэх боломж, бололцоо туйлын дорой байгааг олон хүн хэлдэг.

Тус боомтоор өдөрт ойролцоогоор 600 гаруй суудлын жижиг тэрэг гарч байгаа бол том оврын 200 гаруй автомашин нэвтэрдэг байна. Замын-Үүдийн боомт чухал бүс. Гэтэл сүлжээний доголдол тасралтгүй гарсаар. Энэ байдлаас нь болж монголчууд хоёр хилийн дунд хагас өдрөө алдахад хүрч байна. Хэрэв аяллын хөтөлбөр нь шахуу яваа жуулчин лавтай хил дээр ингэж саатахад үүнд дуртай байна гэж үү. Хөндлөнгөөс харахад гаднын жуулчин хохирол амсаж байгаа боловч Монгол Улс алдагдал хүлээж байна гэсэн үг. Цаг нартай уралдаж яваа иргэд Эрээн, Замын-Үүдийн боомтын тэнгэр газар шиг ялгааг энд илүү тод мэдэрч байна.  

20170725 154540

Манай улс нийт гадаад худалдааныхаа 60 гаруй хувийг БНХАУ-тай хийж байгаа. Энэ нь гадаад худалдаанд эзлэх өмнөд хөршийн жин их болохыг илтгэнэ. Ийм нөхцөлд худалдааг эрчимжүүлэхийн тулд сүлжээ зэрэг далд атлаа том асуудал үүсгэж байгаа бэрхшээлээ нэг мөр шийдчихсэн. Наймдугаар сар гарчихлаа. Өмнөд хөршийн Эрээн хотыг зорих монголчуудын цуваа энэ үед эрс нэмэгддэг. Гэтэл боомтын захиргаа нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, ямар ч нөхцөлд хэвийн ажиллах горимд шилжмээр. "Хамгийн чухал үед хил дээр иргэдээ туших гэж" хэмээн Л.Отгон халаглаж байна. Тэрбээр хичээл, сургуулийн цаг дөхөж байгаатай холбогдуулан бараагаа татаад буцаж яваа гэв. Худалдааг туших бус дэмжих учиртай чөлөөт бүсийн боомт иргэдэд хүндрэл үүсгэсээр байгаа нь энэ.

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

Сэтгүүлч Б. Баяртогтох