03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

УЛААНБААТАРТ БАЙГАА МИНИЙ ЭЭЖИД...2

Ертөнц дээр амь насыг надад олгосон эгнэшгүй ачит ТЭНГЭР минь, цорын ганц үнэнч ХАЙР минь, бүхий л юманд намайг анирдан ямагт бэлэн байдаг цөхрөшгүй БООЛ ээж минь тандаа энэ өдрийн мэнд хүргэе. Охин чинь тандаа сайн сайхан үг хэлж сэтгэлийг тань амирсгахыг туйлаас их хүснэ. Гэхдээ үүнийг хэлэхдээ зөвхөн уран цэцэн үг хэрэглэхээс илүүтэйгээр тэр нэгэн үед болж өнгөрсөн дурсамжуудаас үүдсэн бодролуудаа тандаа бичин өгүүлэхийг зорилоо. Нялх хүүхдүүд бас амьтад танд их амархан дасаж, хайртай байдгийг заримдаа гайхмаар санагддаг. 90-ээд оны эхээр та нэг хэсэг Бүрэнтолгойд хэдэн малтай байсан даа. Аав орос руу гардаг байв.

Тэгээд л би амралтын өдрүүдээр танд туслахаар очно. Галт тэрэгнээс буугаад л хөтөл тойроод гарч ирэхэд та хэдийн хөгжилтэй дүр зураг харагддагсан. Та хүүхдийн тэргэн дээр Тарнийг суулгачихсан түрээд гурван тугалаа тууж явах бөгөөд таны хормойноос Зоригоо зуурчихсан Зоригоогийн хажууд Киска муур, Кисийн араас Шарик тэгээд Шарикийн араас гурван галуу нь дагачихсан худаг руу явцгааж байх нь ёстой л манжингийн үлгэр шиг харагддагсан. Тэр хавийн улс та хэдийг өхөөрдөж яриад л... Холоос харахад, таны урд гурван тугал нь цуварчихсан та нэг хүүхэд түрээд нэг хүүхэд хормойноосоо дагуулчихсан муур нохой галуу нь дагаад үнэхээр инээдтэй харагддаг байсан. Уг нь тэр худгийг аав л бөөн хүн хүч болж, шанагатай трактороор ухаж, кранаар худгийн кольцануудыг өргөн хийж байсан боловч дэрстэй газраас ус гардаг гээд хашаандаа биш хашаанаасаа нилээн зайтай гаргачихаж билээ. Тиймээс зун ногоогоо услахад ч холдоод хэцүү байдагсан. Нэг өдөр та доод худгийн дэргэд сул байгаа бетон кольцаг авчиръя гэхэд би аймаар гайхаж билээ. Яаж авчирах гэж байгаа юм бол... гээд л... үстэй толгой арзайсан даа... Даваа тэгэхэд арван хоёр гуравтай л байсан байх.... Тэгээд л Даваа, та бид гурав тэр хүнд том кольцаг хажуулдуулан унагаж ломоор гөнжиж жаахан түрээд л дор нь чулуу ивж, дахин түрж чулуу ивсээр байгаад чүү чамай хашаандаа оруулж ирэхэд газрын өөд байсан болохоор бараг нэг өдрийн юм болж билээ. Та тэр үед тавь гаруй настай байсан ч бид хоёроос илүү тэнхээтэй байж билээ. Дараа нь ногооныхоо хашааны дэргэд авчраад нөгөөхөө босгох гэж суран бугуйлаар сэнжнээс ороож татаад л... Ингээд л Даваа бид хоёр кольца дотроо орж ээлжлэн ухсаар байгаад доош шигдэмэгц дараагийнхийг нь мөн зөөж авчраад тэгсээр байгаад дөрөв хоногийг дараа зургаан метр худаг гаргачихсан л юм даа бид гурав... Би тэгэхэд наймын хувингийн ёроолоор жаахан шороог дааж ядаад л... харин та тэрнээс их бараг дүүрэн шахмыг гуд гуд татаад л гаргачихна. Бид гурвыг худгаа гаргаад дууссан хойно аав ирж, аавын машины бараанаар аавыг эзгүйд үзэгддэггүй тэр хавийн хэдэн өвгөцүүл цугларч, гайхаж шагширч Лхагва минь танай хөгшин чинь кран юм байна энэ тэр гэцгээж билээ. Та үнэхээр дайчин эмэгтэй. Одоо болтол охин чинь таныг гайхан биширч байдаг юм. Таны хэзээ ч залхуурна ядарна гэж байдаггүй нь заримдаа надад их тээртэй санагддагсан. Бага залуугаараа гэрээсээ гараад та хоёрынхоо хажууд удаан байж үзээгүй болохоор таны занг зарим үед мэдэхгүй хөглөх энүүхэнд. Төрсөн гэртээ очоод байсан нэг өглөө би том өрөөнд унтаж байгаад сэрэхэд та толины өмнө үсээ ороогоод сууж байв. Би таныг юманд явах гэж байна бодоод, ээж та хаачих гэж байгаа юм гэхэд та уцаарлангуйгаар би хаачихав дээ гэртээ байгаа хүн үсээ ороож болдоггүй юмуу гээд миний амыг таглаж билээ. Жар гарсан настай хүн гэртээ байхдаа ч үсээ ороогоод цэмцийж суудаг гэж санахгүй болхи хүн шүү би... Миний ажил бүтэмжтэй сайн байхад та надад олон юм хэлдэггүй хааяа энэ тэрхэнд зэмлэж загнаж л байдаг. Би ч тэрийг нь нэг чихээрээ нисгээд сурчихсан байлаа. Харин зовж бүдчиж байхад минь та миний харцнаас мэдэрдэг үү зөнгөөрөө мэддэг үү мэдэхгүй ердөө загнахгүй хоол цайныхаа амттайг өгч, миний таалал тааваар байж намайг авардагсан. Тиймээс тандаа улам их хайртай болдог ч хайр баяраа хэлж чадаагүй ХЭЛГҮЙ үр дээ би... Та охиныхоо хоёр дахь захидлыг уншиж байхад би таныг зорихоор зэхээд байна. Нэн удалгүй баяртай уулзъя хайрт ээж минь...

ХҮНДЭТГЭСЭН:
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн
Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан
Зохиолч сэтгүүлч
Л.Гантуяа
2012.08.22 21:24
АНУ Сеатл хот


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.