20170523 010

“Эрүүл мэндийн даатгалын жороор үйлчилнэ” гэсэн эмийн сан манай улсад хаа сайгүй хэрнээ хөнгөлөлттэй үнээр эм авъя гэхээр “Санхүүжилт дууссан” гэж хана мөргүүлэх нь олонтаа. Сар бүрийн эхэнд ахмадууд эмийн сангуудын үүдийг сахидаг. Гэвч хэдэн цагийн турш дугаарлаад, арай гэж ээлж нь болоход өнөөх эм, эсвэл санхүүжилт дуусчихсан гэх хариу сонсох нь элбэг. Ердөө эхний хэдхэн хүнд л “хүрд эргүүлэх” боломж олдож, олонх нь хоосон буцдаг.

Мөн ажил орлоготой залуус Эрүүл мэндийн даатгалын санд сард дунджаар 20 орчим мянган төгрөг төлдөг ч үүнийхээ ашиг шимийг төдийлөн хүртдэггүй. Жилд ганц удаа эмчид үзүүлж, эм бичүүлээд очиход нь “Санхүүжилт дууссан. Дараа сард ирээрэй” гээд ам таглах нь бий. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгох эм авах нь тэрүүхэндээ тэмцэл болдог.

2017 онд 329 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого, 296 тэрбум төгрөгийн тусламж, үйлчилгээний зардал гарах төсөв баталсан. Үүний 60 орчим хувь нь төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн тусламж, үйлчилгээний төлбөрт зарцуулагдах бол 41 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сангуудад олгох юм.

Манай улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг 808 эмийн сан ажиллаж байна. Үүний 324 нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг. Тэд худалдааны нэршлээр 817, олон улсын нэршлээр 197 нэр, төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 40-80 хүртэл хувиар хөнгөлсөн үнээр иргэдийн гарт хүргэх үүрэгтэй. Үүнийхээ хариуд эмийн сангийнхан сар бүрийн 25-нд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтээ авдаг. Эмийн сангуудын зэрэглэл, хүчин чадлаас хамаарч, сард 1-10 сая төгрөгийн санхүүжилт олгож байхад өөрийнхөө халааснаас гаргаж буй мэт л аашилдаг нь нууц биш.

...Сарын турш олгохгүй эхний хэдхэн хоног л шуураад дуусдаг учраас өвдсөн үедээ хүн хөнгөлөлттэй эм авч чадахгүй, халааснаасаа гаргаж байна. Мөн нэг хүн гэр бүлийнхээ бүх гишүүний нэрээр эм авах нь бий гэнэ. Тодруулбал, нэг сард уух 30 ширхэг эмээ хөнгөлөлттэй үнээр аваад, дараагийн сар уухыгаа нөөцлөхийн тулд ар гэрийнхээ эрүүл хүний нэр дээр эм бичүүлдэг аж...

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томууны дэгдэлт идэвхжиж, өрх, дүүргийн эмнэлэг ачааллаа дийлэхээ больсон. Тиймээс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс ханиад, томууны эсрэг үйлчилгээтэй 10 гаруй нэр, төрлийн эмийн үнийг 100 хувь чөлөөлж, иргэдэд олгосон билээ. Тэр үед зарим эмзүйч өөрөөсөө өгч байгаа мэт л хармын сэтгэлээр хандсан нь цөөнгүй.

Баянзүрх дүүргийн нэгэн эмзүйч ханиад хүрсэн дөрвөн настай хүүдээ эм авахаар очсон эмэгтэйд эмчийн бичиж өгснөөс нь дутуу олгожээ. Тодруулбал, өрхийн эмч нь цэр ховхлох АЦЦ гурван өдөр уухаар тооцон зургаан ширхэг, мөн сайжруулсан антибиотик болох Флемоксин солютаб бичиж өгчээ. Гэтэл эмийн санч нь дөрвөн ширхэг АЦЦ, Флемоксин солютабыг том хүний буюу 500 мг-тайг хувааж өг гээд өөдөөс нь шидсэн байна.

Өөр нэгэн эмэгтэй мөн л үнэгүй олгож буй эмнээс авчих санаатай хэд хэдэн эмийн сангаар ороход “Эмийн нэр нь буруу байна” гээд олгоогүй хэрнээ ээж нь өнөөх жорыг аваад очиход түвэггүй өгчээ. Хөнгөлөлттэй эмээр зөвхөн ахмадуудад л үйлчлэх мэт ханддаг эмзүйч цөөнгүй.

Эмийн сан хар зах мэт олширсон газар бол Урт цагаан. Тэр хавийн хэд хэдэн эмийн сангаар орж үзэхэд “Санхүүжилт дууссан” гэсэн бичиг өлгөжээ. Үүний нэг болох “Нуган” эмийн сангийн эмзүйч “Энэ сарын санхүүжилт 15-нд орж ирээд 17-нд дуусчихсан. Манай эмийн санд сард 6.000.000 төгрөг олгодог. Энэ нь хоёр өдрийн дотор л дуусдаг юм. Хүмүүс хөнгөлөлттэй үнээр олгох эмийн хугацааг хүлээж байгаад л олноороо хүрээд ирдэг. Манайхаас гадна хэдэн зуун эмийн сан хөнгөлөлттэй үнээр эм олгож буй ч сарын эхээр л бүгд санхүүжилтгүй болдог. Өртөг өндөртэй эмийг хөнгөлж байна. Тухайлбал, 82 мянган төгрөгийн үнэтэй эмийг 46 мянгаар олгохоор хэдэн хүн авахад л мөнгө нь явж өгнө. Төлөвлөгөөгөө биелүүлж чадсан эмийн сан жилийн эцэст гэрээгээ сунгуулдаг” гэж ярив.

Орон нутагт ч мөн адил эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг эмийн сангууд сарын эхний өдрүүдэд л санхүүжилтгүй болдог байна. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгэн ахмад настан хөнгөлөлттэй үнээр эм авах гэж сарын эхэнд эмчийнхээ үүдийг сахиж суудаг бөгөөд эмийн сандаа эрт очихгүй л бол энэ эрхээ эдэлж чадахгүйд хүрдгээ ярьсан.

Тус сумын нэгэн эмийн сан сард хоёр сая төгрөгийн санхүүжилт авдаг бөгөөд энэ нь сарын эхний 2-3 хоногт дуусчихдаг гэнэ. Ингэж 41 тэрбум төгрөгийг 800 гаруй эмийн санд хуваарилж, аманд ч үгүй, хамарт ч үгүй болгож буйг өөрчлөх гарц нь ийм эрхтэй эмийн сангуудын тоог цөөлж, санхүүжилтийг нь нэмэх гэдгийг харьяа байгууллагынхан нь хэлэв.

Хэдэн тэрбумаар нь мөнгө зарцуулж буй ч хөнгөлөлттэй эм эзэндээ хүрч чадахгүй байгааг олон хүн хэлж байна. Сарын турш олгохгүй эхний хэдхэн хоног л шуураад дуусдаг учраас өвдсөн үедээ хүн хөнгөлөлттэй эм авч чадахгүй, халааснаасаа гаргаж байна. Мөн нэг хүн гэр бүлийнхээ бүх гишүүний нэрээр эм авах нь бий гэнэ.

Тодруулбал, нэг сард уух 30 ширхэг эмээ хөнгөлөлттэй үнээр аваад, дараагийн сар уух эмээ нөөцлөхийн тулд гэр бүлийнхээ хэн нэгний нэр дээр эм бичүүлдэг аж. Үүнээс болж тухайн эмийг хөнгөлөлттэй үнээр авах байсан өөр нэгэн эрхээ хасуулж байгаа юм. Ялангуяа элэгний өвчний үед хэрэглэдэг өндөр өртөгтэй цөөнгүй эмийг Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлж буйтай холбоотойгоор 17 настай хүүхэд хүртэл бичүүлээд ирдэг талаар эмзүйчид ярьсан юм. Үнэхээр өвдсөн, эсэхийг нь шалгаж үзэх гэхээр өвчний түүх бичсэн дэвтрээ авчирдаггүй, эрүүл мэндийн дэвтэр, иргэний үнэмлэх, жор бичсэн цаастайгаа л ирдэг учраас хөнгөлөлттэй үнээр олгохоос өөр аргагүйг онцолсон.

Үүнээс харахад амташсан хэрээ 13 дахина гэгчээр нэг хүн гэр бүлийнхнийхээ нэрээр сардаа хэд хэдэн удаа эм авч, эрхээ хэтрүүлэн ашиглаж байхад олон арван жил даатгал төлөөд хэрэгтэй үедээ ач тусыг нь хүртэж чаддаггүй хүн цөөнгүй байна. Эв санааны зарчмаар бид эрүүл мэнд, нийгмийн даатгалын мөнгөө залуу нь өтгөс, нялхсаа, чадалтай нь чадалгүйгээ тэтгэхэд зарцуулж буй ч аль ч үедээ эмээ хөнгөлөлттэй үнээр авчих боломжоор хангах нь чухал байна.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

И.ЭНХБАТ: Сарын турш хөнгөлөлттэй үнээр эм олгоход анхаарч байна

ЭМНДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга И.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Эрүүл мэндийн даатгалын газартай гэрээтэй эмийн сангуудад сард хэдэн төгрөг хуваарилдаг вэ?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 29-нд шинэчлэн баталсан. Хуулийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалтыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага зохицуулна гэж хуульчилсан. Үүний дагуу өнгөрсөн онд сонгон шалгаруулалтыг анх удаа зохион байгууллаа. Энэ онд манай байгууллагатай гэрээтэй ажиллаж буй 808 эмийн сан байна.

Шинээр 77 эмийн сан Эрүүл мэндийн даатгалын газартай гэрээ байгуулсан. Тухайн эмийн сангийн хүчин чадал, зэрэглэл, иргэдэд үйлчилсэн гурван жилийн судалгаанд үндэслэн сарын төсвийг нь харилцан адилгүй хуваарилдаг. Томоохон эмийн сангийн жилийн төсөв 120 сая төгрөг болдог.

-Эрүүл мэндийн даатгалын санд өнгөрсөн жилд хэдэн тэрбум төгрөг төвлөрсөн бэ?

-2017 онд 329 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого, 296 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн даатгалын зарлагын тусламж үйлчилгээний төсөв батлагдсан. Энэ онд хамтран ажиллах гэрээтэй эрүүл мэндийн 1139 байгууллагад 296 тэрбум төгрөгийг иргэдэд үйлчилгээ үзүүлсний төлөө хуваарилах юм.

-Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн хүртээмж муу байна. Эмийн сангууд сарын эхээр л санхүүжилт дууссан гэх юм. Үүнийг яаж өөрчлөх вэ?

-Өнгөрсөн онд 0-5 насны хүүхдүүдэд томуугийн эм үнэгүй олгох үеэр эмийн сангуудын төсвийг нэмсэн. Эмийн үнэ байнга өсөж буй учраас эмийн сангуудад хуваарилсан төсөв хурдан дуусаад байна. Тухайн сард хэрэглэх төсөв эхний долоо хоногтоо дуусах нь бий. Тиймээс тухайн эмийн сан бүтэн сарын турш даатгуулсан иргэдэд хөнгөлөлттэй эмээр үйлчлэх тал дээр манай байгууллагаас анхаарч ажиллаж байна.

Олон эмийн санд хөнгөлөлттэй үнээр эм олгох зөвшөөрөл өгсөн нь эмийн төсвийг хэт жижиглэн хуваарилахад хүргэсэн. Тиймээс эмийн сангуудын тоог цөөлж, сарын турш хөнгөлөлттэй эмээр үйлчлэх боломжийг эрэлхийлж байгаа.

 

Эх сурвалж: www.unuudur.mn