20170803 002

Нийслэлийн гурван дүүргийн эмнэлгийг ирэх 10 дугаар сарын 1 гэхэд мэс заслын тасагтай болгоно.


Энэ тухай мэдээллийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр хурал дээр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга орлогч дарга О.Баяр өгөв.

Тэрбээр, “Энэ жилийн хувьд нийслэлийн эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 493.6 сая төгрөг, нийслэлийн төсвийн 2.6 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Үүнээс нийслэлийн гурван дүүрэгт мэс заслын тасаг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгсэл худалдан авахад зориулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 357.5 сая, нийслэлийн Эрүүл мэндийн газарт эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалт одоогийн байдлаар 366.4 сая төгрөг байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд байгаа гурван амаржих газарт тус бүрт нь 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн. “Амгалан” амаржих газарт шинээр Эмгэг нярайн тасгийг байгуулахаар ажиллаж, засварыг дуусгаад улсын комисс хүлээн авсан. Үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон. Хүрээ амаржих газарт мэс заслын хэсэгт их засварыг хийсэн” хэмээн танилцуулав.

Мөн дүүргийн эмнэлгүүдэд мэс заслын тасаг байгуулах ажлын хүрээнд засварын ажил хийгдэж, тоног төхөөрөмжийн тендерүүд зарлагдаад дууссан гэнэ.

 

Эх сурвалж: www/montsame.mn