20161013 001

Дэлхийн хараа хамгаалах өдөр энэ жил 10-р сарын 13-нд буюу өнөөдөр тохиож байгаа бөгөөд “Хамтдаа хүчтэй” гэсэн уриан дор тэмдэглэх юм. Мөн Ази-Номхон далайн бүсийн Нүдний эмч нарын академи  энэ өдрийг угтан 10 дугаар сарын 10-16-ны хооронд ”Нүдний эмчийн тусламж үйлчилгээ” долоо хоногийн арга хэмжээ зохион байгуулна.

ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр ойролцоогоор 285 сая хүн харааны бэрхшээлтэй байна. Үүнээс 39 сая нь бүрэн хараагүй, 246 сая нь сул хараатай байна. Харин бүх хараа муудалтын 80 хувь нь зайлсхийж буюу урьдчилан сэргийлж, эмчилж болох сохрол байдаг гэсэн мэдээ байна.

Манай улсын хувьд 50-ээс дээш насныхны дунд 2012-2013 онуудын хооронд хийсэн зайсхийж болох сохролын түргэвчилсэн судалгаагаар 6.900 орчим хүн бүрэн сохор, 6.800-гаад хүн хүнд ба 36.700 хүн дунд зэргийн хараа сулралтай гэсэн тооцоо гарсан байна. Үүнээс 15.000 хүн харааны тусламж үйлчилгээ авах шаардлагатай байна. Бүх сохролын 87.8 хувь нь сэргийлж болох 41.1 хувь нь эмчлэгдэх боломжтой ба 26.7 хувь нь нүдний анхан шатны тусламжийн, 20 хувь нь нарийн мэргэжлийн түвшинд сэргийлж эмчлэх боломжтой гэж тогтоожээ.

Шалтгаанаар нь авч үзвэл, сохролт ба сул хараанд хүргэж байгаа гол шалтгааны тоонд эмчлэгдээгүй катаракт болон засагдаагүй гэрлийн хугарлын өөрчлөлтүүд ордог юм байна. Нүдний даралт ихсэх өвчин буюу глауком нь сохролын 2 дахь, эвэрлэгийн өөрчлөлтүүд 3 дахь гол шалтгаан юм байна. Чихрийн шижингийн үүдэлтэй нүдний хүндрэлийн талаарх тодорхой мэдээ байхгүй байна. Гэхдээ судалгаагаар манай хүн амын дундах чихрийн шижин өвчний тархалт сүүлийн 10 жилд 2 дахин нэмэгдэж 2010 оны байдлаар 6.5 хувь болсон нь цаашид энэ өвчний гаралтай нүдний хүндрэлүүд нэмэгдэх төлөвтэй байгааг харуулж байна.

Эх сурвалж: www.unuudur.mn