20170224 001

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг цагдан хорих гэж буй тухай мэдээлэл энэ долоо хоногийн эхээр цацагдаж байсан ч түүний эзэмшлийн объектуудад нэгжлэг хийгээд өөрөөс нь баталгаа аваад явуулсан юм. Тэгвэл гурав дахь байцаалтаа өчигдөр тэрбээр 10.30 цагаас эхлэн 16.00 цаг хүртэлх хугацаанд өглөө.

Төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулсан, хууль бусаар хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр түүнийг буруутгаад буй. Эдгээр үндэслэлээс гадна төрөл садандаа тендер олгуулсан гэж сэжиглэж буй юм. 2012 онд БСШУЯ, Сонгинохайрхан дүүргийн болон нийслэлийн ЗДТГ-аас зарласан гээд нийт 4.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий тендерт “Алтан тэнгэр”, “Ар дааган” зэрэг компани шалгарсан нь Ерөнхий сайд асныг сэжиглэхэд хүргэжээ. “Ар дааган” ХХК-ийн ерөнхий инженер нь Н.Алтанхуягийн том охиных нь нөхөр, “Алтан тэнгэр” ХХК-ийн захирал нь мөн л түүний төрсөн эгчийнх нь хүүхэд байж.

Түүнийг яллагдагчаар тооцон хоёр, сэжигтнээр татсантайгаа нийлээд гурав дахь удаагаа байцаалт авсан ч цагдан хориогүй юм. Үүнээс гадна АН-ын гишүүн Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг саатуулсан 72 цагийн хугацаа өнөөдөр дуусах бөгөөд үргэлжлүүлэн хорих, эсэхийг шүүх шийднэ. Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан шүүх батлан даалтад гаргаж болзошгүй гэх мэдээлэл байсан.

 

Эх сурвалж: www.unuudur.mn