20170224 002

Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулсан талаар гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг нар өчигдөр мэдээллээ. Тэднээс гадна гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Х.Болорчулуун нар тус ажлын хэсэгт багтжээ. Ажлын хэсгийн шалгалт өчигдөр эхэлж ирэх сарын 30-ныг хүртэл үргэлжлэх аж.

Гэхдээ шалгалтын явцын талаар тухай бүрт нь мэдээлэх гэнэ. Шалгалтын хүрээнд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн тогтвортой байдлыг хангах, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс эхлээд санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, хэвлэсэн мөнгөний хэмжээ болон алдагдалд дүгнэлт хийх юм байна.

Энэ тухайд гишүүн Т.Аюурсайхан “Монголбанкны алдагдлыг Засгийн газраас үнэт цаас гаргах замаар нөхдөг учраас улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт учруулдаг. Тиймээс энэ бүх алдаа, дутагдлын шалтгаан, нөхцөлийг тогтоож, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох ёстой” гэсэн юм.

Тэд эдийн засгийн өнөөгийн хүндрэлийн шалтгааныг Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Гишүүн Ц.Даваасүрэн “2012 оны долдугаар сард ам.долларын ханш 1450 төгрөг байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2400 төгрөг болж нэмэгджээ.

Өөрөөр хэлбэл, төгрөгийн худалдан авах чадвар 70 хувиар буурсан байна. Төгрөгийн худалдан авах чадвар буурах тусам ядуурал, эдийн засгийн уналт нэмэгддэг. 2014 оны зургадугаар сард хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 200 тэрбум төгрөг байсан бол нэг жилийн дотор 900 тэрбумд хүрсэн. Энэ бүх асуудлыг шалгаж, залруулах шаардлагатай” гэж байлаа.

 

Эх сурвалж: www.unuudur.mn