20170224 004

Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д улс төр, нам эвсэл, танил талын шахаагаар удирдах албан тушаалын томилгоо явагдаж байгааг эсэргүүцэж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тухайлбал, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны үзэж буйгаар “Улаанбаатар төмөр зам”-д мэргэжлийн бус хүмүүсийг улс төрийн шахаагаар удирдах албан тушаалд томилж байгаа байдал нь мэргэжлийн төмөр замчдын өсөн дэвжиж ажиллах бололцоонд сөргөөр нөлөөлж байгаа аж. Үүгээр зогсохгүй төмөр замд гарч буй осол, зөрчлийн дийлэнх нь шийдвэр гаргах түвшинд ажилладаг удирдах албан тушаалтнууд нь ажилдаа мэргэшиж дадлагажилгүй томилогддог хандлага бий болсноос шалтгаалан хөдөлмөрийн болон технологийн салхига хариуцлага суларснаас үүдсэн гэж үзэж байгаа гэнэ.

МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны тэргүүн Б.Баяраа хэлэхдээ “УБТЗ-ын даргын томилгоо хийгдсэнээс хойш гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд замын орлогч дарга нарын томилгоо хийгдэлгүй удааширснаас удирдлагаар хангах тогтолцоо алдагдан, дунд, доод шатны сахилга хариуцлага суларч, төмөр замд задгай байдал газар авлаа. Тиймээс “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хороог яаравчлан хуралдуулж, УБТЗ-ын үйл ажиллагааг жигдрүүлж өгөхийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлээс хүсэж байна.

Мөн мэргэжлийн бус болон мэргэжилдээ сайн дадлагажиж амжаагүй хүмүүсийг удирдах албанд томилох явдал ихэссэн. Сүүлийн 5-6 долоо хоногийн дотор 10 гаруй хүмүүсийг ажлаас нь халж, мөн тооны ажилчдыг шинээр ажилд авсан. Үүгээр зогсохгүй өмнө нь байгаагүй дөрвөн орон тоог шинээр гаргаж ажилчид авсан тохиолдол ч бий. Тиймээс энэ бүгдийг зогсоож өгөхийг УИХ-ын дарга М.Энхболд болон Зам тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат нараас хүсэж байгаагаа уламжилж байна” гэсэн юм.

 

Эх сурвалж: www.unuudur.mn