20170503 001

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах манай улсын хүсэлтийг хэлэлцэх хурлаа 14 хоногоор хойшлуулаад буй. Энэ оны төсвийг тодотгохтой хамт УИХ-аас баталсан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 29 дүгээр тогтоолын 1.11-т хөрөнгө оруулагчид борлуулалтын орлого, төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар заавал дамжуулахаар заасан нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлыг хойшлуулахад хүргэсэн билээ. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлэг хоёр өдөр хэлэлцэж, хөрөнгө оруулагчдын борлуулалтын орлогыг Монголын банкаар дамжуулах шаардлагагүй буюу 29 дүгээр тогтоолын 1.11 дэх заалтыг хүчингүй болгохоор өчигдөр санал нэгдлээ. Шийдвэрийнхээ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа “ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр цааш явах боломжгүй гэдэгтэй гишүүд санал нэгдсэн. Бид ОУВС болон “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй холбогдож, хөтөлбөрт хамрагдвал Монгол дахь гадаадын хөрөнгө оруулагчид цаашид тодорхой хэмжээний хөрөнгийг манай улсаар дамжуулах нөхцөлийг нэмэгдүүлэх чиглэлээр яриа, хэлэлцээ хийж болох талаар ярилцсан. Улс төрийн болон эдийн засгийн нөхцөл амаргүй байна. Тиймээс нухацтай нягталж, шийдвэрээ гаргасан. Бид Ерөнхийлөгчийн сонгуульд илүү ач холбогдол өгсөн бол нийгэмд таалагдах шийдвэр гаргах байсан. Юуны түрүүнд эдийн засгаа хямралаас гаргах шаардлагын үүднээс шийдвэрээ эргэж харах шаардлага цаашид ч гарна” хэмээн мэдээлсэн.

МАН-ын бүлгийн шийдвэртэй холбоотойгоор ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер мэдээлэл хийсэн бөгөөд “Монгол Улсыг хөтөлбөрт хамруулах, эсэх асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэж, ирэх 2-3 долоо хоногт багтаан Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батална” гэж мэдэгдэв. Ийнхүү тодотголтой хамт баталсан тогтоолоос зарим заалтыг хасаж, өөрчлөхийн тулд Засгийн газраас ямар нэг төсөл боловсруулах шаардлагагүй бололтой. Учир нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын Төсвийн байнгын хороонд “2017 оны төсвийг хэрэгжүүлэхэд түвэгтэй байдал үүсэж байгаатай холбоотойгоор тус Байнгын хороо санаачилга гарган, дээрх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай албан бичиг ирүүлээд буй аж. Энэ дагуу Төсвийн байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, УИХ-ын тогтоолын дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай төслийг хэлэлцэн дэмжсэн юм. Уг төслийг маргаашийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батална.

 

Эх сурвалж: www.unuudur.mn