20170512 002

Улс орны төрийн тэргүүн, эрх баригчдыг сонгох хариуцлагатай үйл явц болох сонгуулийн нэгэн чухал үйл ажиллагаа нь намын лидерүүд болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хооронд өрнөдөг халз мэтгэлцээн юм. Халз мэтгэлцээнээр улстөрч өөрийн ноён нуруу, үзэл баримтлалаа олон нийтэд таниулж, өрсөлдөгчийнхөө сул талыг илрүүлж шударгаар оролцвол сонгуулийн дүнд бодитоор нөлөөлдөг. Нүдэнд дулаахан төрх, сэтгэл татам гоё сайхан үгсээс илүү бодлогоо таниулах оюуны өрсөлдөөн нь сонгуулийн жинхэнэ сорилт юм. Сонгогчийг нэр дэвшигчтэй бодитойгоор холбох хамгийн сонгомол арга нь олон удаагийн шат дараалсан мэтгэлцээн гэдгийг олон улсын практикаас харж болно. Сонгуулийн үйл явцын бодит сорилт болох мэтгэлцээний үр нөлөө нь ард иргэдэд нэр дэвшигчийн баримталж буй хөгжлийн бодлого, мөрийн хөтөлбөр, үзэл санаа, хандлага зэргийн талаарх мэдээллийг түгээж, улс төрийн болон эдийн засгийн харьцуулсан дүгнэлт хийх боломжийг олгодог.

Мэтгэлцээнийг цөөн удаа буюу кампанит ажлын сүүлийн мөчид, хожуу зохион байгуулах нь аль хэдийнэ сонголтоо хийсэн ард иргэдийн санаа бодолд төдийлөн нөлөөлж чаддаггүй бөгөөд сонгогчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээс олж авсан итгэл үнэмшлээ өөрчлөх сонирхол бага байдаг гэнэ. Учир нь, сонгогчдын олонх нь удаан хугацааны туршид итгэж дагасан нам хүчин, нэр дэвшигчийн талаарх анхны сэтгэгдэл “үнэнч” чанараа няцаахыг хүсдэггүй аж. Дэлхийн улс төр судлаачдын олонх нь ганц удаагийн мэтгэлцээн хэний ч санаа бодлыг өөрчилдөггүй гэдэгт санал нэгджээ. Мэтгэлцээний босгыг өндөр тогтоож, олон удаагийн давтамжтай зохион байгуулах нь сонгуулийн үйл явцын гол шүүлтүүр юм. Сайхан үг хэлж, гоё амлалт өгч буйгаар нь бус асуудлыг мэддэг, түүний гүн рүү нэвтэрч чаддаг хүнийг тодорхой болгож танилцуулах нь улс төрийн мэтгэлцээний нэг гол зорилго билээ. Улс төр болон бизнест сахилга бат, соёл гэж байдагтай адил мэтгэлцээнд ч мөн өөрийн гэсэн хэв журам гэж бий. Дэлхийн бусад оронд нэр дэвшигчдийн хоорондох мэтгэлцээний хүрээнд улс оронд тулгамдаж буй болон бүс нутгийн хэмжээний тодорхой хэдэн асуудлыг бүлэглэн хувааж хэд, хэдэн удаа мэтгэлцүүлдэг. Үүний хүрээнд эдийн засаг, гадаад болон дотоод бодлогын асуудлаар нэр дэвшигчдийн ухааныг уралдуулж сорьдог байна. Дэлхийн улс төрийн гол тоглогч АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх мэтгэлцээн гэх ойлголт 1960 оноос хойш эрчимтэйгээр нэвтэрч, телевизээр шууд дамжуулж эхэлжээ. Ингэснээр Хойд Америкийн мэргэжлийн спортын төрлүүд дундаас хамгийн их үзэгчтэйд тооцдог америк хөлбөмбөгийн улирлын аварга баг тодруулах “Супер боул”-ын тэмцээнээс ч илүү рейтингтэй нэвтрүүлгээр тодорч, улс орны төрийн тэргүүнийг сонгох үйл явцын хамгийн чухал бөгөөд “Хэн нь хэн бэ” гэдгийг таниулах мөч хэмээн тодорхойлох болсон аж.

Нэр дэвшигчийн улс төрийн бодлогыг олон нийтэд таниулах зорилготой олон удаагийн мэтгэлцээнийг кампанит ажлын хамгийн ач холбогдолтой хэсэг гэж үздгээс барууны орны сонгогчид үүнд онцгой анхаарал хандуулдаг. Нэр дэвшигчдийн хувьд улс төрийн хүрээнд хараахан сонголтоо хийгээгүй байгаа сонгогчдын санаа бодолд нөлөөлөх сүүлийн боломж ч гэж тодорхойлох нь бий.

АНУ-ын Пенсильвани мужийн 30-40 насны иргэдийн дунд улс төрийн судалгаа явуулсан талаар “Medium” сайтын нийтлэлд тэмдэглэжээ. Уг санал асуулгаас харахад судалгаанд оролцогчдын 70 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үйл явцыг сонголтоо хийх гол түлхүүрээ болгож, нэр дэвшигчид өгөх үнэлэмж, санал өгөх хүнээ мэтгэлцээний үр дүнгээр тодруулдаг байна. Харин үлдсэн хувь нь сонгуулийн өмнөх мэтгэлцээн ард иргэдийн сонголтод бодитой нөлөө үзүүлж чадахгүй гэсэн санал өгчээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ч мөн үндсэн гурав, Ардчилсан намын ес, Бүгд Найрамдах намын 12 нийт 24 мэтгэлцээний явцад өрнөсөн. Хоёр нэр дэвшигчийн телевизээр шууд дамжуулсан гурван удаагийн мэтгэлцээнээр улстөрч, иргэн, хувь хүний төрөлх зан чанар зэрэг нэр дэвшигчийн бодит байдлыг бүрэн гаргасан гэхэд болно. Мэтгэлцээний үед зарим нэр дэвшигч хяналтаа алдаж, хараалын үг урсгаж, бүдүүлэг авир гаргаж, харин өрсөлдөгч нь түүний “шарыг гозойлгож”, өөрийн хүлээцтэй зангаа таниулдаг учраас олны анхаарлыг татдаг байх.

Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна нам доторх сунгааны явцад ч мэтгэлцээн зохион байгуулдаг. Нам хүчин болон сонгогчдын хувьд мэтгэлцээний үр дүнг гол сорилт гэж үздэг бол нэр дэвшигчийн хувьд эцсийн удаа олон нийтийн өмнө өөрийн байр сууриа хамгаалж, үгээ хэлж, давуу талаа үүсгэх боломж юм.

Саяхан болсон Францын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Сонгуулийн эхний шатанд бүх нэр дэвшигч өрсөлдөж, эцсийн дүнгээр хамгийн их санал авсан хоёр улстөрч шалгаран хоёр дахь буюу сүүлийн шатанд өрсөлдөн хамгийн их санал авсан нь ялсан юм. Санал хураалтаас өмнө зохион байгуулсан нэр дэвшигчдийн хоорондын мэтгэлцээн нь албан ёсны сонгуулийн ажлын нэг хэсэг биш боловч олон нийтийн шаардлагын дагуу явуулжээ. Мөн судалгааны байгууллагын дүнгээр нэр дэвшигчдийн дэмжлэгийн дүнг хурдан, шуурхай мэдээлсэн байна. Өрнийн төдийгүй дорнын оронд ч мэтгэлцээнийг сонгуулийн гол сорилт болгон ашигладаг. Энэ сарын 9-нд болсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн өндөр рейтингтэй, таван гол улс төрийн хүчний төлөөлөл телевизийн мэтгэлцээнд оролцож, хоёр цагийн турш ширүүхэн мэтгэлцжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд нийт таван удаагийн халз мэтгэлцээнийг зохион байгуулсан бөгөөд тэд улс төр, гадаад бодлого, эдийн засгийн асуудлаар санал бодлоо илэрхийлжээ.

А.ДАВААХҮҮ