20170512 003

Монгол Улсын ерөнхий сайд асан, өдгөө Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан хүүхдийн мөнгөний талаарх байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр өөрийн твиттер хуудсаар "Хүүхдийн мөнгийг амлахыг нь мань мэт, хийхийг нь М.Энхболд хэрэгжүүлснийг хүмүүс мэддэг болов уу. Хийх нь амлахаасаа хэцүү. Гэрчилчихье" хэмээн жиргэжээ.

Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсонтой холбоотойгоор хүүхдийн мөнгийг 60 хувьд олгохоор болоод байгаа юм. Харин яагаад улс орон ийм байдалд хүрснийг ярихаас илүү МАН эрх барих хугацаандаа хүүхдүүдээс мөнгө харамлалаа хэмээн улс төр хийж байгаа АН-ынханд М.Энхсайханы энэ үг томоохон хариулт боллоо. Үнэндээ АН-ынхан засаг барьсан дөрвөн жилийнхээ хугацаанд дүрэмгүй тоглож, улс орны эдийн засгийн хямралд оруулж, ирд иргэдийн амьдралыг доройтуулаагүй байсан бол манай улс ОУВС-гаас дэмжлэг хүсэх, улмаар нийгмийн халамжийн бодлогуудаа танах шаардлага үүсэхгүй байсан билээ. Гэтэл ийнхүү өөрсдөө бүх хямралын үндэс суурийг тавьснаа хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байж “Хүүхдийн мөнгийг хаслаа” гэж хоосон шоудсан нь М.Энхсайханд таалагдаагүй бололтой. Тийм ч учраас тэрбээр ийнхүү олон нийтийн сүлжээгээр бодит байдлын талаар товч бөгөөд тодорхой тайлбар өглөө.

20170512 004

Хүүхдийн мөнгөний олголт, хэрэгжилтийг Засгийн газрын 2012 оны 70 дугаар тогтоолоор баталснаар олгож эхэлсэн боловч төсөв мөнгөний асуудлаас болж хэсэг хугацаанд завсарлахад хүрсэн байдаг. Харин одоогийн Засгийн газар эдийн засаг хүндрэлтэй байгаа ч хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс дахин олгож, үлдсэн 40 хувьд ногдох мөнгийг хүүгүйгээр байршуулж, эдийн засаг сэргэсэн үед нөхөн олгохоор шийдвэрлээд байгаа юм. Ямар ч байсан М.Энхсайханы хэлсэн тайлбараас үзэхэд хэн нь хоосон ярьдаг, хэн нь хийдэг вэ гэдгийг тодорхой харж болохоор байгаа юм.

А.Алтан