20170516 010

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Түүний энэ удаагийн айлчлалыг сөрөг хүчнийхэн буюу АН-ынхан аанай л сурсан зангаараа улстөржүүлж, урд хөршөөс гуйлга гуйхаар явлаа гэцгээж байв. Гэтэл тэд бодит байдлыг огтхон ч үнэлэхгүй байгаа төдийгүй өөрсдийг нь эрх барьж байх үед эдийн засаг уруудаж, улс оронд хямрал нүүрлэсэн.

Улмаар манай улс гадныхны тусламж дэмжлэгийг авахаас аргагүй болоод байгааг дурдах нь зүйтэй болов уу. Гэхдээ Ерөнхий сайдын энэ удаагийн уулзалт гуйлга түүлгэ төдий зүйл биш байсан нь өнөөдөр тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тэргүүн энэ удаад томоохон глобал төсөлд хамтрагчаар оролцоод ирэв. Тодруулбал, Бүгд найрамдах Хятад ард улс "нэг бүс-нэг зам" эдийн засгийн хөгжлийн шинэ стратеги хэрэгжүүлэх болсноо олон улсад зарласан.

Тэгвэл урд хөршийн гаргасан энэ стратегийг Монгол Улсын Засгийн газар "Талын зам" санаачилгатайгаа нягт уялдуулна гэдгээ мэдэгдлээ. Энэ нь хойд, урд хоёр хөрш Монгол Улсыг бүс нутгийн хамгийн идэвхтэй "тоглогч" гэдгийг энэ санаачилгын хүрээнд хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. БНХАУ-ын нэг бүс- нэг зам санаачилга нь "Торгоны зам" эдийн засгийн бүс болон 21 дүгээр зууны далайн торгоны замын бүсэд хамаарах хөгжлийн стратеги юм. Тодруулбал, одоогоос 2000 жилийн өмнө Ази болон Европ тивийг холбож байсан худалдааны замын маршрутаар Евро-Азийг холбосон эдийн засаг, санхүүгийн бүс байгуулах зорилготой том төсөл юм. Урд хөршийн Засгийн газраас гаргасан эдийн засгийн том маршрут Монгол Улсаар ч дайран өнгөрнө. Энэ ч үүднээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д хийсэн энэ удаагийн айчлалынхаа үеэр " Талын зам" болон "Нэг бүс- нэг зам" санаачилгыг уялдуулах хоёр улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Зүүн, баруун болон төв азийн бүс нутгийг хамарсан 65 улс энэхүү стратегийн томоохон санаачилгад нэгдэж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна.

20170516 011

Хилийн болон улс төрийн маргаангүй Хятад, Монгол хоёр улсын хувьд бүхий л салбарт харилцаагаа хөгжүүлэхэд бүрэн боломж байгааг БНХАУ-ын дарга Си Зиньпин ч уулзалтын үеэр онцолсон байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа зөвхөн хоёр талын харилцан сонирхол дээр тулгуурлах ёстойг ч тэрбээр тодотгосон байна. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын хэлж буйгаар “Нэг бүс- нэг зам” санаачилгын хүрээнд бодлогын зохицуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, худалдаа санхүү болон иргэдийн харилцаа холбоо гэсэн тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм байна.

БНХАУ энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш бусад улс оронд 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, эдийн засаг хамтын ажиллагааны 56 бүсийг байгуулсан байна. Монгол улсын бүс нутгийн төвшиндөө гол оролцогч байх амбицыг ч хөршүүд хүлээн зөвшөөрсөн гэдгийг тэрбээр дуулгасан юм. Ямартай ч “Нэг бүс нэг зам” төсөлд Монгол Улс Ази тивээс гол тоглогч гэдгийг БНХАУ-ын тал хүлээн зөвшөөрч, дэлхий нийтэд зарлалаа. Энэ бол Монгол Улсад том боломж нээгдэж буйн илрэл. Хятадыг тойрсон улсууд хүрээллээ тэлэх, томрох боломж энэ төслөөр бий болно гэсэн үг.

20170516 012

"Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Си Зиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлсэн. Тэрбээр “Түүх сөхвөл хүн төрөлхтний нийгэм их хөгжил, их өөрчлөлтийн цаг үед оршиж байна. Өнөөгийн бодит байдлаас авч үзвэл, бид өрсөлдөөн сорилт ихтэй дэлхийд амьдарч байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлтэд шинэ хөдөлгөх хүч сэлбэх шаардлагатай. Хөгжилд улам их хөнгөлөлт, тэнцвэр шаардлагатай. Баян, ядуугийн ялгааг арилгах шаардлагатай байна. Бүс нутгийн тогтворгүй байдал үргэлжилж, терроризм газар авсаар байна. Энх тайван байдал алдагдаж, хөгжлийн эрч сулран, эмх цэгцгүй болж байгаа зэрэг нь хүн төрөлхтөнд тулгарч буй хатуу сорилт юм. "Нэг бүс нэг зам" санаачилга гаргасан энэ дөрвөн жилд дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын байгууллага оролцон дэмжиж, НҮБ-ын Ерөнхий Ассамблей, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг чухал тогтоолдоо хамруулсан юм. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт зөвхөн үзэл ойлголт байсан бол үйл ажиллагаа болон хөгжиж, хэтийн төлөв төдий байсан бол практик ажил болж, бүтээн байгуулалт амжилттай өрнөж байна” гэжээ.

Цааш нь тэрбээр "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт бол шинийг үүсгэн байгуулж, дахин эхлүүлэх биш, харин стратегиа уялдуулж, давуу талаа харилцан нөхөх явдал юм.

Хятад улс холбогдох улсуудтай бодлогоо зохицуулна. Үүнд, ОХУ-ын дэвшүүлсэн "Европ-Азийн эдийн засгийн холбоо", АСЕАН-ы "Дэд бүтцээр холбогдох ерөнхий төлөвлөгөө", Казахстаны "Гэрэлт зам", Туркийн "Дундах хонгил", Монгол Улсын "Талын зам", Вьетнамын "Хоёр хонгил нэг тойрог", Их Британы "Ингландын умард бүсийн эдийн засгийн төв", Польшийн дэвшүүлсэн "Хувийн зам" зэрэг багтаж байна.

Хятад улс 40 гаруй улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, 30 гаруй улстай механизмын үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа өрнүүлж байна. Одоо Хятад-Пакистан, Хятад-Монгол-Орос, Ази Европын эх газрын шинэ гүүр зэрэг эдийн засгийн хонгилоор гараа болгон, эх газар, далай тэнгис, агаарын зам, мэдээллийн буухиа шугамаар нуруу болгон, төмөр зам, боомт, хоолой зэрэг чухал барилгад түшиглэн, ерөнхийлсөн шинжтэй дэд бүтцийн сүлжээ бүрдүүлж байна” гэсэн юм.

20170516 013

Харин Хятад улс "Нэг бүс нэг зам"-д оролцсон улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлах, бизнесийн орчныг улам сайжруулах талаар ихээхэн хүч хөдөлмөр гаргаж байна. Зөвхөн Казахстан зэрэг Төв Азийн орнуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд ороход боомоор нэвтрэх хугацааг 90 хувиар богиносгосон. 2014-2016 оны хооронд, Хятад болон "Нэг бүс нэг зам" дагуу улс орон хоорондын худалдааны хэмжээ гурван их наяд ам.долларт хүрч, "Нэг бүс нэг зам" дагуу улс оронд нийт 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Хятад улсын аж ахуйн нэгжүүд 20 гаруй улс оронд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны 56 бүс байгуулж, холбогдох улс орнуудад 1.1 тэрбум ам.долларын татварын орлого бүрдүүлж, 180 мянган ажлын байр шинээр бий болгосон байна.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцсон улсуудын есөн төсөлд 1.7 тэрбум ам.долларын зээл олгож, "Торгоны замын сан"-гийн хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.долларт хүрч, Хятад улс Төв, Зүүн Европын "16+1" банк санхүүгийн хувьцаа эзэмших компанийг албан ёсоор байгуулсан” гэдгийг тодотгосон. Ямартай ч манай улс “Нэг бүс нэг зам” төсөлд хамрагдсанаар дээр дурсанчлан нийгэм, эдийн засаг төдийгүй бусад бүхий л салбарт олон улстай харилцах, орлогоо нэмэгдүүлэх, улмаар дэлхийн жишгээр томрох боломж нээгдэх нь тодорхой болоод байна.