20170719 002

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр бүрэн эрхийнхээ хүрээнд удирдлагыг нь хэ­сэгчлэн болон бүхэлд нь томилдог за­рим байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Үндсэн хуулийн цэцийн дар­га Д.Одбаяр, Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон зарим гишүүнтэй уулзаж, тэдгээр байгууллагын үйл ажиллагааны талаар санал солилцсон юм. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж бай­гууллагын төсөв, орон тоотой холбоотой зарим тулгамдсан асуудал байдгийг онцолж байв. Тэд Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж, амжилт хүссэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд бүх шатны шүүгч, тэдэнд хэрэг, маргааныг шийдвэрлэхэд арга зүй, мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг томилж, чөлөөлдөг. Мөн Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилдог. Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комиссын гурван гишүүний нэгийг Төрийн тэргүүний саналыг үндэслэн хууль тогтоох байгууллагаас томилдог билээ.

Шинэ Ерөнхийлөгч удирдлагыг нь томилдог зарим байгууллагад ойрын үед “хөдөлгөөн” хийж магадгүй гэж харах хүн цөөнгүй бий. Хэдийгээр тэднийг хуулиар тогтоосон хугацаагаар томил­дог ч Ерөнхийлөгч болохоосоо өмнө хууль, хяналтын байгууллагад ээрүүлж байсан учраас нэлээд хүчтэй “хөдөлгөөн” хийх болов уу гэж таамаглаж буй нь ч нууц биш. Бүр зарим албан тушаалд горилогчийн нэрс хөврөх болов. Энэ үүднээс харвал Хүний эрхийн үндэсний комис­сын гишүүн П.Оюунчимэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор 2007 оноос томилогдон ажиллаж буй бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа 2019 онд дуусгавар болно. Тус комиссын гишүүнийг зургаан жилээр томилж, нэг удаа улираан ажиллуулах боломжтой.

Цэцийн гишүүдээс Т.Лхагваа, Д.Наранчи­мэг, Н.Жанцан нарыг Ерөнхийлөгч санал бол­госноор томилсон. Зургаан жилийн хугацаагаар томилогддог тэднийг хэдэн ч удаа улирааж бол­но. Тухайлбал, Цэцийн орлогч дарга Н.Жанцан 1992 оноос тасралтгүй томилогдон ажиллаж буй бөгөөд түүний дөрөв дэх бүрэн эрхийн хуга­цаа энэ онд дуусна. Өөрөөр хэлбэл, тэрбээр Үндсэн хуулийн цэц анх байгуулагдсан цагаас тасралтгүй ажиллаж буй хэрэг. Хоёр дахиа то­милогдоод буй гишүүн Д.Наранчимэгийн бүрэн эрхийн хугацаа ч мөн энэ онд дуусгавар болох аж. Харин гишүүн Т.Лхагваагийн бүрэн эрхийн хугацаа 2018 онд дуусах юм байна. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд бүрэн эр­хийн хугацаа нь дуусаж буй хоёр гишүүнийг чөлөөлж, шинэ хүн санал болгох нь. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэж заа­сан байдаг нь тэднийг чөлөөлөхгүй ч байж болно гэсэн үг юм. Шүүхийн ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд холбогдох байгууллагаас санал болгосны дагуу Ерөнхийлөгч бүгдийг нь томилдог. Гурван жилийн хугацаатай томилогддог тэднийг нэг удаа улирааж болно. Тус зөвлөлийн одоогийн дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2019 оноос дуусгавар болохоор буй. Ерөнхийлөгч Х.Баттулга мөрийн хөтөлбөртөө шүүх эрх мэдэл, шүүхийн шинэтгэлийн талаар “Иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль ёсны эрхээ нэр төртэйгөөр хамгаалуулж чадах шударга шүүхийн тогтолцоог дэмжин, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана. Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангахын зэрэгцээ шүүгчийн сон­гон шалгаруулалтад мэргэжлийн ур чадвар, туршлагаас гадна хувь хүний ёс зүйн шаард­лагыг хуульчлан эрх зүйн орчныг боловсронгуй болгоно” гэж тусгасан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилох, чөлөөлөх бүрэн эрх үүгээр дуусахгүй. Тэрбээр Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, ЗХЖШ, АТГ-ын дарга, дэд дарга болон Мон­гол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт тө­лөөлөгчийн газрын тэргүүн нарыг УИХ-тай зөвшилцөн томилох эрхтэй. Тиймээс ч эдгээр байгууллагын удирдлагатай ойрын үед уулзах сурагтай. Ерөнхий прокурор, түүний орлогчийг зургаан жилийн хугацаатай томилдог. Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг 2015, орлогч про­курор Б.Амгаланбаатарыг 2016 онд томилсон билээ. Харин орлогч прокурор Г.Эрдэнэбат 2012 оноос тус албан тушаалыг хаших болсон. ЗХЖШ-ын дарга Д.Давааг хоёр жилийн өмнө то­милж байв. АТГ-ын удирдлагуудыг ч 2015-2016 онд томилсон билээ. Дашрамд дурдахад, дээрх байгууллагуудын гишүүн, удирдлагыг биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж­гүй болсноос өөрөө хүсэлт гаргах, гэмт хэ­рэгт холбогдсон тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлж, огцруулдаг хуультай.

 

 

Эх сурвалж: www.unuudur.mn