20170223 004

 

Ахмад буурлуудад энэ сарын 20-ноос “Насны хишиг” олгоно гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-аас мэдээлсэн. Үүний дагуу иргэд өнгөрсөн даваа гаригаас эхлэн хоёр өдөр банкинд дугаарласан ч мөнгөө авч чадаагүй. Харин өчигдрөөс хөгшчүүдийн хүлээлт эцэслэж, улсын хэмжээнд Төрийн, ХААН, “Капитал” банкаар дамжуулан “Насны хишиг”-ийг өгч эхлэв.

Ахмадууд иргэний үнэмлэх юмуу, улсын бүртгэлийн лавлагаатай ирж мөнгөө бэлнээр авч байна. Үүнээс гадна тухайн банкин дахь данстайгаа холбуулах хүсэлт гаргаж болох гэнэ. Банк насны хишиг олгохдоо ямар нэг шимтгэл авахгүй, тэтгэврийн болон бусад зээлийн хүүнд суутгахгүй байх журамтай.

ХХҮЕГ-ынхан энэ сарын 1-нээс хишиг авах боломжтой хүмүүсийг бүртгэж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 114.424 хүн бүртгүүлж, мөнгө авах эрх нь үүссэн байна. Тэдэнд насны хишиг олгоход зориулж нийт 9.5 тэрбум төгрөгийг банкуудад шилжүүлжээ. Хараахан бүртгүүлж амжаагүй 4000 орчим хүн үлдсэн бөгөөд ирэх зургадугаар сарын 30-наас өмнө оршин суугаа сум, дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн хэлтэст бүртгүүлэх шаардлагатай гэнэ.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулж, 65-аас дээш настай хүмүүст жилд хоёр удаа буюу Цагаан cap, Үндэсний их баяр наадмаар “Насны хишиг” хүртээх болсон. 65-69 настай бол 50.000, 70-79 настайд нь 80.000, 80-89 настай бууралд 150.000, 90-ээс дээш настай бол 250.000 төгрөг олгоно. Уг арга хэмжээнд зориулж энэ оны төсөвт нийт 20.5 тэрбум төгрөг тусгажээ.

 

Эх сурвалж: www.unuudur.mn