20170303 002

 

Хамгийн хөнөөлт дайныг эхлүүлж, олон сая хүний амийг хороосон хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн, Германы дарангуйлагч Адольф Гитлер хоригдлуудад хэт хүчтэй, хяхтнах чимээ сонсгож “чангалдаг” байж. Чимээ шуугиан хүний эрүүл мэнд, сэтгэцэд хэрхэн нөлөөлдгийг мэддэг тэрбээр тэдний мэдрэлийн эсээр ийн “оролдож”, сэтгэл санааг нь хямрааж, тогтворгүй болгоод хамаг зүйлийг нь яриулдаг тактиктай байсан гэнэ.

Зарим түүхэн сурвалжид энэ тухай “Боловсон харгислал” гэж бичсэн байдаг аж. Тэгвэл түүний энэ харгислал өдгөө дэлхий нийтэд газар авч, олон мянган хүний амь нас, эрүүл мэндэд заналхийлж байна. Үйлдвэржилт, хотжилт, хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй, чимээ шуугиан хэмээх эл тахлыг гамшгийн хэмжээнд хүрэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь тээврийн хэрэгсэл юм.

30-40 ХУВЬ НЬ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд 1996 онд гадаад орчны бохирдол (чимээ шуугианыг ийн нэрлэдэг)-ыг анх судлахад хотын гудамжны шуугиан 55-60 дб (децибел)-ээс хэтэрдэггүй байж. Харин одоо 75-80 дб болж өсчээ. Уг нь хотын дуу шуугианы стандарт хэмжээ 07.00-23.00 цагт 60, 23.00-07.00 цагт 45 дб байх ёстой. Бид хүлцэх хэмжээнээс 15-30 дахин их шуугиантай орчинд амьдарч байна.

Тэгвэл энэ шуугианы 30-40 хувийг замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүд “үйлдвэрлэдэг” болохыг судлаачид тогтоожээ. Тодруулбал, өдгөө Улаанбаатарт бий 470 гаруй мянган тээврийн хэрэгслээс гарч буй дуу чимээ нийслэлчүүдэд хамгийн их дарамт учруулдаг гэсэн үг. Энэ төрлийн шуугианы үргэлжлэх хугацаа урт, давтамж нь ойрхон тул учруулах хор уршиг, нөлөө нь ч бусдаас илүү байдаг аж.

Чимээ шуугианыг олон жилийн турш бие даан судалж буй, МУИС-ийн доктор И.Дэлэг “Тээврийн хэрэгслийн үргэлжилсэн дуу шуугиан мэдрэлийн ширхэгт хүчтэй нөлөөлж, эмгэг үүсгэдэг учир хамгийн хортойд тооцогддог” гэсэн бол БНСУ-д ажилладаг, сонсголын мэргэжилтэн Г.Бүрэлжингоо “Машины дуу чимээ сонсгол гэмтээхээс гадна зүрх судас, мэдрэл, сэтгэцэд нөлөөлдөг уршигтай. Чихний дэлбээ, хэнгэрэгний хальс, алх, дөш, дөрөө зэргийг аажмаар гэмтээсээр сүүлдээ сэтгэцэд нөлөөлж эхэлдэг. Шуугиантай газар удаан хугацаанд байсан хүн байнгын бухимдалтай болдог. Ингэснээр өөр олон өвчин тусах шалтгаан болно” гэлээ.

ДУУТ ДОХИОГ ДУРТАЙ ҮЕДЭЭ АШИГЛАХАА БОЛЬЁ

Автобусны жолооч дуут дохио чанга дуугаргаснаас нярай хүүхдийн тархинд цус харвасан хэрэг хоёр жилийн өмнө гарсан. Хоромхон зуур үргэлжилсэн, цочир дуу чимээ ямар уршиг тарьж болдгийг энэ явдал бидэнд сануулсан. Гэвч оготнын дуу тэнгэрт хүрэхгүйн үлгэрээр бүдүүлэг жолооч нарт энэ явдал сургамж болсонгүй. Хэн дуртай нь дуут дохиогоо хангинуулж, уралдан давхих нь өдөр тутамд тохиодог ердийн үзэгдэл болов.

Хэнэггүй, бүдүүлэг жолооч нарын энэ үйлдлийн горыг нийслэлчүүд бид амсаж, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Уг нь Замын хөдөлгөөний дүрэмд “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, бусад жолоочид анхааруулга өгөх зорилгоор дуут дохио ашиглана” гэж заажээ. Үүнээс бусад тохиолдолд дуут дохио ашиглавал Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэж, хөдөлмөрийн хөлсний 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох журамтай юм билээ.

Дуут дохиотой нөхөрлөх дуртай жолооч нарыг номхруулах ганц боломж бидэнд бий нь энэ. Гэвч иргэд энэ талаар мэдлэг, мэдээлэл дутмагаас болоод Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхээ эдэлж чадахгүй байна. Уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй байгууллагууд нь ч үүнийг мартаж орхисон гэлтэй.

Хэн нэгнээс “Шаардлагагүй үед дуут дохио ашигласнаас болж торгуулав” гэж дуулж байсангүй. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Анагаахын шинжлэх ухааны доктор Н.Сайжаа “Хууль зөрчиж, дуут дохио хангинуулдаг жолооч нар хүний мэдрэл, сэтгэхүйг санаатайгаар хорлон сүйтгэж буй хэрэг. Тиймээс машиныг нь журамлах хэрэгтэй. Тэгж байж л хаширна.

Мөн иргэд энэ талаарх санал гомдлоо цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагад гаргаж, тухайн жолоочид зохих арга хэмжээ авахуулж болно. Гэвч нэг ч иргэн энэ асуудлаар бидэнд хандаж байгаагүй” гэлээ.

ШУУГИАНЫ НӨЛӨӨНД АВТДАГГҮЙ ХҮН ҮГҮЙ

Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд MNS 4599:2003 стандартад тээврийн хэрэгслийн төрөл, үйлдвэрлэсэн хугацаанаас хамаараад яндангаас гарах дуу чимээний хүлцэх хэмжээг тогтоосон байдаг. Бензин хөдөлгүүртэй, суудлын автомашинаас гарч буй чимээ гэхэд л 74 дб-ээс хэтрэхгүй байх ёстой.

Энэ стандартыг мөрдүүлэх үүднээс тээврийн хэрэгслүүдэд дуу намсгагч тавьдаг. Замын хөдөлгөөний дүрэмд ч “Яндан, дуу намсгагч ажиллахгүй буюу байхгүй болсон, зориулалтын бус дуу намсгууртай бол автомашин ашиглахыг хориглоно” гээд заачихаж. Стандартаас давсан дуу чимээтэй машиныг замын хөдөлгөөнд оруулахгүй байх журам ч бий.

Гэвч иргэд машины хөдөлгүүр, хүч дамжуулах эд анги, бүдүүн янданг өөрчилж, солих зөрчил буурахгүй байгааг Замын цагдаагийн албаны мэргэжилтэн онцоллоо. Хэт чанга дуутай мотоцикл, тусгай тоноглолтой тээврийн хэрэгслийн чимээ амар тайван байдал алдагдуулж байна гэх гомдол тус байгууллагад иргэдээс ирдэг ч тэр бүрт арга хэмжээ авч чадалгүй өнгөрдөг гэнэ.

Төв зам дагуу, автобусны буудлын ойролцоо амьдардаг иргэд л тээврийн хэрэгслээс үүдэлтэй чимээ шуугианы дарамтад өртдөг гэсэн өрөөсгөл ойлголт байдаг. Тэгвэл Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч эмч Г.Бүжидмаа шуугианаас үүдэлтэй дүлийрэл Монголд их байгааг онцлоод “Орчны шуугианы нөлөөнд автдаггүй хүн гэж үгүй” гэлээ.

Сүүлийн үед нийтийн тээврийн хэрэгслүүд иргэдэд ихээхэн дарамт учруулах болжээ. Найр наадамд ороод ирэв үү гэж санагдтал хөгжмөө чанга “орилуулдаг” жолооч олшров. Ямар сайндаа зарим нь тэдгээрийг “Явдаг баар” гэж байх вэ дээ. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачид нийтийн тээврийн хэрэгслийн дотоод орчны шуугиан ердийн үед 35-40, харин хөгжим тавьсан байхад 55-60 дб байдгийг тогтоожээ.

Гэвч иргэд “Түрхэн зуур зорчиход гэмгүй” гэж боддогоос жолооч нарт шаардлага тавьдаггүй. Тэд маш хүлцэнгүй ханддаг. Тэгвэл ийм орчинд бага насны хүүхэд болон ахмад настан 20-30 минут байхад л мэдрэлийн архаг ядаргаанд орсонтой дүйх ачаалал, дарамт тархинд учруулж, хууч өвчин сэдрээх уршигтай гэнэ. Харин бид үүнээс ч урт хугацаагаагаар шуугиан ихтэй унаанд зорчих нь бий.

СЭТГЭЛГЭЭГЭЭ ӨӨРЧИЛЬЕ

Хөл дүүжлэх унаатай болохыг хүсдэггүй хүн үгүй. Мөн тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэггүй нэг ч иргэн нийслэлд байхгүй. Энэ нь тээврийн хэрэгсэл бидний амьдралын нэг чухал хэрэглээ гэдгийг илтгэж буй юм. Гэвч иргэд түүний хор уршгийг төдийлөн ойшоодоггүй аж. Хорт утаа ялгаруулж, амьсгалах агаар бохирдуулна. Дуу шуугиан “үйлдвэрлэж” мэдрэл, сэтгэцээр наадна. Үүний үр дүнд бидэнд түмэн зүйлийн өвчин бэлэглэнэ.

Угтаа бол тэд өвчний “уурхай” юм. Дэлхийн орнууд чимээ шуугианыг бууруулахын тулд замын хөдөлгөөнийг зохицуулахтай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгохоос эхлээд дэд бүтэц, хот төлөвлөлтдөө ихээхэн анхаарч байна. Харин бид юу хийв. Хэрэгждэггүй хууль, мөрддөггүй стандарт баталснаас хэтэрсэн үү.

Анагаахын шинжлэх ухааны доктор Н.Сайжаа “Дуу шуугианы талаар эрүүл мэндийн байгууллагуудаас хийсэн судалгаа шинжилгээнд үндэслээд эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хот төлөвлөлтөд үүнийг тусгах ёстой юм. Ялангуяа, зам тээврийн салбарын бүтээн байгуулалтууд үүнтэй салшгүй холбоотой. Авто зам хэр зэрэг өргөн, нарийн байгаа нь хүртэл ачаалал, чимээ шуугианы хэмжээнд нөлөөлдөг. Хүнд даацын машин, авто машин, нийтийн тээврийн хэрэгсэл зорчих зам ангид байвал гадаад орчны чимээ шуугиан эрс багасна” гэлээ.

Чимээ шуугианыг багасгахад хот төлөвлөлт чухал. Гэвч үүнээс чухал нь замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн сэтгэлгээг өөрчлөх юм. Ядаж л чимээ шуугианаас үүдэлтэй эмгэгтэй болохгүйн тулд дуут дохиогоо ямар үед ашиглах ёстой, хэн нэгэн жолооч таны эрхэд халдсан тохиолдолд хэнд хандахаа мэддэг баймаар юм.

 

Эх сурвалж: www.unuudur.mn