20170306 001

“Дүнжингарав 2017” төвийн бүсийн хаврын морин уралдаан өчигдөр Цагаан хөтөлд боллоо.

Засгийн газар өнгөрсөн сарын 22-ны хуралдаанаараа хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг баталж, “Дүнжингарав-2017” төвийн бүсийн хаврын уралдааныг гуравдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант суманд, 12-нд говийн болон хангайн бүсийн уралдааныг Говь-Алтай, Хөвсгөл аймагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ зэрэг ТББ-ынхан эсэргүүцэж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Шүүх өнгөрсөн баасан гаригт тэдний хүсэлтийг хэлэлцээд дээрх гурван уралдааныг эцсийн шийдвэр гартал зохион байгуулахгүй байх, түдгэлзүүлэх захирамж гаргасан юм.

Гэсэн ч “Дүнжингарав”-ыг зохион байгуулагчид уралдааныг хийв.Уг маргаантай асуудлын талаар холбогдох хүмүүсээс дараах тодруулгыг авлаа.

Б.БОЛОРСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗАР ШҮҮХИЙГ ҮЛ ХҮНДЭТГЭЛЭЭ

(Нийтэд үйлчлэх төрийн бус дээрх хоёр байгууллагын төлөөлөл)

-Бид хурдан морины уралдааныг огт зохион байгуулж болохгүй гэж эсэргүүцээгүй. Хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор өвөл, хавар морин уралдаан битгий зохион байгуулаач ээ л гэж байгаа. Тэгээд ч өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд Хөдөлмөрийн сайд тушаал гаргаж жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хүүхдээр морь унуулахыг хориглосон.

Харамсалтай нь, Засгийн газар нэг сайдынхаа тушаалыг үл ойшоов. Үүгээр ч тогтохгүй шүүхийн шийдвэрийг үл тоолоо. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх эцсийн шийдвэр гартал уралдаан зохион байгуулж болохгүй гэсэн захирамж гаргасан. Гэтэл холбогдох хүмүүс “Орон нутгаас олон уяач ирсэн. Уралдааныг зохион байгуулахад багагүй мөнгө зарцуулсан учир хойшлуулах боломжгүй” гээд шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэлээ.

Л.ЦАГААНДАЛАЙ: ШҮҮХИЙН ТОГТООЛ БИДЭНД ИРЭЭГҮЙ

(Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн, уралдаан зохион байгуулах комиссын гишүүн)

-“Дүнжингарав-2017” морин уралдаан хэвийн болж байна. Зохион байгуулагчид унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг сайтар хангаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цаг тутам мэдээлэл өгч байгаа. Одоогоор (өчигдөр 14.45 цаг) бэртэж, гэмтсэн хүүхэд алга. Уг уралдааныг сарын өмнө товлосон.

Бидэнд одоо болтол шүүхийн шийдвэр ирээгүй. Тэгээд ч комисс хуралдаж, техникийн зөвлөлгөөнөө хийсний дараа гаргасан шийдвэр хүчингүй байдаг тухай өмгөөлөгч маань хэлсэн. Цаг нь тулчихсан болохоор хойшлуулах боломж байгаагүй гэлээ.

Дашрамд дуулгахад, эрлийз дээд насны морины уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Х.Цогтсайханы сартай хээр түрүүлэв. 170 гаруй хурдан азарга уралдсанаас Орхон аймгийн Жаргалант сумын уяач Г.Баярцэнгэлийн зээрд тэргүүллээ.

Их насны 100 гаруй шандаст хүлгээс Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын зээрд морь түрүүлсэн. Соёолон насанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Батбаатар начингийн саарал үрээ манлайллаа.

 

Эх сурвалж: www unuudur.mn