20170320 009


Та бүхнийг дараах үйл ажиллагааг очиж сурвалжилна уу хэмээн урьж байна.


Жил бүрийн 3-р сарын 21-ны өдрийг дэлхий нийтээрээ Дэлхийн Дауны өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас Дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг тунхаглаж, тэд нийгэмд тэгш оролцоотой байхын төлөө дуу хоолойгоо нэгтгэн, өнгө өнгийн оймсоор ижилсэж, улс орон бүртээ олон нийтийн ажил өрнүүлдэг уламжлалыг 2011 оноос тогтжээ.
Харин манай улсад 2012 оноос хойш 3-р сарын 21-ны энэ өдрийг өөрийн гэсэн өвөрмөц онцлог, давуу талтай даунтай хүмүүс нь бусдын адил сурч хөгжиж, нийгэмд оролцоотой байж, сайн сайхан амьдрах эрхтэйг тунхаглан тэмдэглэж байна.

Энэ өдрийг угтан Монголын Дауны Холбоо дауны хам шинжийн тухай олон нийтэд зөв ойлголт мэдээлэл түгээх, даунтай хүмүүсийн эрхийг хамгаалах зорилгоор
2017 оны 3-р сарын 20-ны Даваа гарагт 18 цагаас Шангри-Ла зочид буудлын нэг давхарт Дэлхийн Дауны Өдөрт зориулсан үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. (Хөтөлбөрийг доор хавсаргав)

- Даунтай хүүхэд нь шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал угсаа, удам судраас огт хамаарахгүй төрдөг генетикийн онцгой тохиолдол юм.

- Энгийн хүмүүс 46 хромсомтой байдаг бол даунтай хүмүүс нь нэг илүү буюу 47 хромсомтой байдаг.

- Биднээс нэг илүү хромсомтой төрсөн эдгээр хүүхдүүд нь энгийн хүүхэдтэй харьцуулахад удаан өсөж бойжин, удаан сурч хөгждөг ч бусдад баяр хөөр бэлэглэж, гэр бүлдээ онцгой хайр өгдөгөөрөө хайр татам НАРНЫ ХҮҮХДҮҮД байдаг.

- Хэлд орох, ярихдаа энгийн хүүхэдтэй харьцуулахад удаан, муу ярьдаг ч даунтай хүүхдүүд нь бусдад өөрийгөө ойлгуулж, хамтдаа тоглож наадан нөхөрлөж, үе тэнгийн хүүхдүүдийнхээ дунд байх маш их хүсэлтэй байдаг.
Иймд та бүхэн даунтай хүүхдийн онцлогийг ойлгож хүндлэн харилцаж, тэднийг бидний дунд, үе тэнгийн нөхдийнхөө дунд, нийгмийн дунд чөлөөтэй бие даан явж, сурч хөгжиж, амьдрахад дэмнэж туслаарай.
Бусдыгаа байгаагаар нь хүлээн авч, хүндлэн хайрлаж дэмжиж чаддаг сайхан нийгмийн нэгэн хэсэг нь та бид юм.

ХОЛБОО БАРИХ:
МОНГОЛЫН ДАУНЫ ХОЛБОО: 9999-2037
Хэвлэл мэдээллийн ажилтан: 9913-8780

ДЭЛХИЙН ДАУНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА -2017 ОН ХӨТӨЛБӨР
Хэзээ: 2017.03.20
Хаана: Шангри-Ла зочид буудал, 1-р давхар
Хэн оролцох: 300 хүн, Холбооны гишүүд,Урилгаар оролцогсод, Сайн дурынхны баг, Хэвлэл мэдээллийнхэн

• Зургийн үзэсгэлэн Хүүхдүүдийн бүтээл үзэх
• Бүх насны хүүхдүүдийн авьяас үзүүлбэр үзэх
• 2016 оноос одоог хүртэлх хугацаанд хийсэн МДХ-ын гол ажлын тайланг дэлгэцээр харуулах
• Өдөрлөгийн нээлт: МДХолбооны Удирдах Зөвлөлийн гишүүн О.Хулан, Шангри-Ла буудлын Ерөнхий Менежер Gary Biondo
• Дауны Холбооны хүүхдүүдийн үзүүлбэр: 25,130,55,70-р сургуулийн сурагчид
• Хүндэт зочинд өргөмжлөл гардуулах ёслол
• 2016 онд амжилт гаргасан хүүхдүүдийн гэр бүлийнхэнд өргөмжлөл гардуулах ёслол
• Урлагийн тоглолт: Никитон хамтлагийн дуучин Батчулуун хүүхдүүдтэй хамтарч ‘БИ’ дууг дуулна.
• Хүүхдүүдэд зориулсан чөлөөт бүжиг
• Урлагийн тоглолт: Black&White хамтлаг
• Урлагийн тоглолт: СИОН хамтлаг “HAPPY” дууг дуулах
• Хүүхдүүдэд зориулсан чөлөөт бүжиг: СИОН хамтлаг хүүхдүүдтэй өнгө өнгийн оймстой бүжих
• Өдөрлөгийн хаалт: Монголын Дауны Холбооны УЗ-ийн гишүүн О.Хулан, M.Баярмагнай