20170331 001

 

Хатуу цагт эдийн засгаа тэтгэх зөөлөн зээл авахаар тохирчээ. Японд албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга М.Энхболд тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэгаас 850 сая ам.доллар зээлэх амлалт авав. Уг зээл жилийн 1-1.5 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай аж. Үүнээс гадна зээлийн төлбөрөөс эхний 7-8 жилд чөлөөлөх гэнэ.

Иймээс Японы Засгийн газрын зээлийг “зөөлөн” гэж онцлоод буй хэрэг. Манай улс дэлхийн зах зээлээс хамгийн сүүлд 8.75 хувийн хүүтэй санхүүжилт татсан. Тэгэхээр 1.5 хувийн хүү гэдэг аманд уусах чихэр л гэсэн үг. УИХ-ын гишүүн С.Чинзориг “Олон улсын аргачлалаар хөнгөлөлтийн хэмжээ нь 35 хувиас доош бол арилжааны зээл гэдэг. Харин 35 хувиас дээш бол нэн хөнгөлөлттэй гэсэн ангилалд багтдаг. Японы Ерөнхий сайдын амлаж байгаа зээлийн хөнгөлөлт баримжаа тооцоогоор 55 хувьд хүрч байна” гэв.

Японы Засгийн газраас санхүүжилт авах нь нэгэнт тодорхой байсан. Тэднийхээс хоёр тэрбум ам.доллар зээлэх санал манай талаас тавьсан юм. Хүссэн хэмжээнээс хоёр дахин бага мөнгө тэд зээлүүлэх нь. АСЕМ-ын уулзалтын үеэр Шинзо Абэ “Хэрэв Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдвал манайх туслахад бэлэн” гэж хэлснийг улс төрийн хүрээнд ам дамжуулан ярьж байв.

Манай улс эдийн засгаа сэргээхийн тулд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирч, Шинзо Абэ ч амласандаа хүрлээ.

Мэдээжийн хэрэг Японы Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээл Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн нэг хэсэг байх болно. Тиймээс дэмжлэг өгч буй айл зарцуулалтын шаардлага тавих магадлалтай. Сангийн яамныхан зээлийг төсвийн урсгал зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна гэсэн мэдээлэл өглөө.

Ингэхдээ Засгийн газрын “үнэтэй” зээлийг дарж, хүүгийн төлбөрт шилжүүлэх зардлаа бууруулах аж. Засгийн газар жилийн 18 хувийн хүүтэй бонд дотоодын зах зээлд гаргаж буй. Ингэснээр дотоод өрийн хэмжээ нь 5.2 их наяд төгрөгт хүрчээ. Японоос авах ам.долларын зээлийг хөрвүүлбэл хоёр их наяд төгрөг давах юм.

Дотоодод гаргасан хоёр их наяд төгрөгийн бондын өрөө төлчихвөл Засгийн газрын хүүгийн төлбөрт өгөх зардал үлэмж багасах нь тодорхой. Төсвийн тодотголын төсөлд энэ жил 1.3 их наяд төгрөгийг хүүгийн төлбөрт зарцуулна гэж тусгажээ. Үүнд өгөх зардал багасахаар гурван их наяд төгрөгт дөхөөд буй төсвийн алдагдал ч ирээдүйд буурах нь дамжиггүй.

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.доллар татахаар төлөвлөсөн. Тус сангаас 440 сая ам.долларын зээл олгоно. Удаах нь Японы 850 сая “ногоон”-ы санхүүжилт байх нь илэрхий боллоо. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас манайхан зээл авах хэлэлцээгээ хийгээд эхэлсэн, хар зураг нь ерөнхийдөө бэлэн болсныг эх сурвалж дуулгаж байна. Дараа нь Өмнөд Солонгос, Туркийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авах тухай мэдээлэл бий. Монголын эдийн засгийг сэргээж, хөл дээр бат зогсооход олон түнш дэмжих бололтой.

Санхүүгийн ертөнцөд зээлийг “муу мөнгө” гэж нэрлэх нь бий. Хэсэг хугацаанд хэрэглээд эргүүлэн төлдөг учраас ингэж нэрлэдэг юм. Харин хөрөнгө оруулалтыг “сайн мөнгө” гэдэг. Тухайн улс орны эдийн засагт шингээд, урт хугацаанд тогтмол үр ашгаа өгдөг тул ийн өргөмжилжээ.

Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ унаснаас шалтгаалж, манайх руу урсах валют, хөрөнгө оруулалт татрав. Уул уурхайн салбарын өсөлтөд л тулгуурлан сагаж байсан эдийн засаг ингээд хүнд нөхцөлд шилжих нь тэр. Улстөрчид “сайн мөнгө”-ний эрэлд хатсан ч тусыг эс олсон. Ингээд “Чингис”, “Самурай”, “Дим сам” бондыг шил дараалуулан гаргаж, эдийн засгаа тэтгэв. Тэгээд ч эдийн засаг сайжирсангүй. Эцэст нь тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, эдийн засгаа аврах сонголт хийсэн нь энэ. Хатуу цагт хэрэгжүүлж буй хөтөлбөрийн сайн тал нь “зөөлөн” зээл байх юмсанж.

 

Эх сурвалж: www.unuudur.mn