20170412 001

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд Улаанбаатарыг хэрхэн утаа, хоггүй цэмцгэр хот болгох талаар нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нартай хэлэлцлээ. “Хоггүй хот-Утаагүй Улаанбаатар” хэлэлцүүлгийн эхэнд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү зарим хороодын утаа, хог хаягдалтай холбоотой зөрчлүүдийг мэдээлж, хорооны дарга нарт зөрчлийг арилгах үүрэг өгсөн.

Мөн энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил болон хөрсний бохирдлын өнөөгийн байдал, бохирдуулагч цэгүүдийн талаар мэдээлэв. Тэдний хэлснээр Баянгол дүүрэг хөрсний бохирдол хамгийн ихтэй хэвээр байгаа аж.

Оны эхний улиралд хийсэн шалгалтаар зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 2143 мэдэгдэх хуудас, 51 зөвлөмж, 92 албан шаардлага хүргүүлж, 12.625.000 төгрөгөөр торгожээ. Мөн 137 объектод цахилгаан халаагуур тавиулсан байна. Харин хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр 10456 аж ахуйн нэгж байгууллага, 10223 иргэнийг шалгалтад хамруулж, хог хаягдлаа цэвэрлээгүй 28 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд 30 албан шаардлага өгч, 6.520.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.

 

Эх сурвалж: www.unuudur.mn