20170419 003

 

Гадаадын 75 улсад 144.500 монгол хүн ажиллаж, амьдардаг гэсэн статистик бий. Тэдний 30 орчим хувь нь БНСУ-д аж төрж байгаа юм. Харь оронд амьдралын төлөө зүтгэж яваа эдгээр хүний мөн л 30 хувь нь “хараар” буюу хууль бусаар хөдөлмөрлөдөг гэх. Хөгшин, залуу, хөдөө, хотынх гэлтгүй Солонгос руу хошуурах болсон гол шалтгаан нь ахиу цалин авах хүсэл.

Тэндхийн цалингийн доод хэмжээ 1.5 сая вон аж. Гэтэл бид өглөөнөөс үдшийн бүрий болтол зүтгэлээ ч ийм цалин авч чадахгүй. Олсон хэдэн төгрөгийнхөө ихэнхийг өр, зээлэндээ “тушааж”, үлдсэнээр нь амьдрал ахуйгаа залгуулах гэж зүдэрдэг хүмүүс ийм сонголт хийхээс ч аргагүй биз.


ЗАЛИЛАГЧДЫН ГОЛ БАЙ НЬ СОЛОНГОС РУУ ХОШУУРАГЧИД


Монгол Улсын иргэд гурван сарын хугацаанд Солонгост зорчих эрхтэй болсноос хойш тэнд очиж ажиллах иргэдийн тоо олширчээ. 2015 онд хөдөлмөрийн гэрээтэй болон гэрээгүй 30 гаруй мянган хүн тус улсад амьдарч байсан бол өнгөрсөн онд 6000- аар нэмэгдсэн байгаа юм.

“Солонгосоос нэг ам.долларыг 1100-1200 төгрөгөөр авдаг. Гурван сарын виз даруулчихвал хоёр сар ажиллаад багадаа 3000 вон авна. Түүгээрээ ам.доллар худалдаж аваад Монголдоо ирэхэд зургаан сая төгрөгтэй болчихно шүү дээ” гэсээр залуус тийш хошуурах болсон аж. Тэгвэл залуусын мөнгөтэй болох хүслийг овжноор ашиглан, залилдаг хүн олширчээ.

Интернэт, олон нийтийн сүлжээгээр “Хөдөлмөрийн гэрээгээр Солонгос руу явуулж өгнө” гэсэн худал мэдээлэл, зар их тархаж байна. Фэйсбүүк дэх “Мөнгө, санхүүгийн үйлчилгээ, туслалцаа” гэх хуудаст ийм зарлал цөөнгүй байв. Цааш харан зогссон эмэгтэйн зургаар нүүр номоо гоёсон “Тука Туканаа” гэх хүнтэй холбогдлоо. Үнэхээр Солонгос руу явуулж чадах, эсэхийг лавлахад “Би тэнд олон жил ажилласан. Хэд хэдэн үйлдвэрийн даргыг танина. Тэд урилга явуулаад л ажилчин авдаг юм. Виз мэдүүлэх газарт хүсэлт гаргаж, гурван сар зорчих эрх авахад багадаа нэг сар болно. Хөдөлмөрийн гэрээгээр гарахад 1-2 жил шаардагддаг. Эцэст нь бүтэлгүйтэх магадлал өндөр. Би сард хамгийн багадаа таван хүн гаргадаг” хэмээн өөрийгөө сурталчлав.

Тэрбээр Солонгосоос урилга авч, ЭCЯ-наас зөвшөөрөл гаргуулах бүх ажлыг хийдэг гэнэ. Хөлсөнд нь 3.5 сая төгрөг авах юм байх. Ингээд 992838хх дугаараас бидэн рүү залгаж “Эхлээд нэг сая төгрөг бэлнээр өгчих. Итгэхгүй байвал урилга ирсний дараа хоёр саяыг нь өгч болно. Виз чинь гарахаар үлдэгдэл 500 мянган төгрөгөө авъя” хэмээн ятгаж эхлэх нь тэр. Фэйсбүүкт зарлал байрлуулаад таван цаг ч болоогүй байхад долоон хүн туслахад бэлэн хэмээн холбогдсон юм даг.

Дээрх хүнийг үнэхээр Солонгос руу явуулж чаддаг, эсэхийг “Мөнгө, санхүүгийн үйлчилгээ, туслалцаа” группийнхнээс тандахад “Ийм хүмүүст залилуулсан хүн олон. Яг ийм зараар холбогдож гэрээ байгуулаад хохирсон хүн бий” гэх сэрэмжлүүлэг ирэв. Бид нэгэн хохирогчтой холбогдлоо. Хохирогч Ө.Н өнөө жил 25 настай. Мэргэжлээрээ ажиллах боломж олдоогүй тул хувийн машинаараа таксинд явдаг гэнэ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард виз гаргаж өгөх санал тавьсан хүний мэхэнд орж, гурван сая төгрөгөө залилуулжээ. Тэрбээр “Нэг хүн фэйсбүүкийн олон хаяг нээж, ийм зар тавьдаг байж магадгүй. Өөртэй чинь холбогдсон эмэгтэй миний адил хохирогч болчихоод байгаа юм. Бид залилагч этгээдийг хайж яваад танилцсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард М гэгч эрэгтэй намайг Солонгос явуулж өгнө гээд гурван сая төгрөг авсан юм. Уг нь би мөнгө өгөхдөө ажил дээр нь очиж гэрээ байгуулсан. Гэтэл цагаан сарын өмнө ажлын байраа өөрчлөөд, сураггүй болчихлоо. Машин, эхнэрийнхээ ээмэг, бөгж, зүүлтийг барьцаанд тавин байж гурван сая төгрөг болгосон шүү дээ. М-ыг хайж явахдаа надаас гадна 10 хүнийг залилсныг мэдлээ” хэмээн ярив.

Ө.Н-тэй адил залилуулж, цагдаагийн байгууллагад хандах хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй аж. 50 гаруй хүнийг залилсан эмэгтэйг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж буй аж. Хүмүүсээс гадаад паспортыг нь авч, хуурамч тамга дарж, мөнгө авдаг байсан юм билээ. Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт гомдол гаргасан хүн ч бий гэнэ.

Тус газрын мэргэжилтэн “Хүмүүсийн мэдээлэл дутмаг, эмзэг байдлыг ашиглан залилах явдал бий. “Солонгос руу явуулж өгнө” гээд 1-5 сая төгрөгийн урьдчилгаа авсан тохиолдол олон байна. Харин зарим нь хөдөлмөрийн гэрээний санал ирсэн иргэдийг олж уулзаад, өөрөө явуулж өгч буй мэтээр иргэдээс их хэмжээний мөнгө авсан байдаг. Тэд Солонгост ажиллах санал ирсэн хүмүүсийн мэдээллийг хаанаас, хэрхэн олж авдгийг мэдэхгүй. Иргэд хөдөлмөрийн гэрээгээр гадаад руу гаргадаг эрх бүхий байгууллагад л хандах шаардлагатай байна” гэв.

БНСУ-д хөдөлмөрлөх эрхийг тус улсын Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн дагуу салбарын яам нь хариуцдаг гэнэ. Түүнээс биш, дурын компанийн захирал гадаад ажилчныг сонгон шалгаруулах, зуучлах, ажилд авах эрхгүй аж. Үүнийг мэддэггүй хүмүүс хоёр, гурван сарын “том” мөрөөдөлдөө хөтлөгдөн тэдний “хавх”-нд ордог байна.

ШЕНГЕНИЙ ОРНУУДЫГ Ч “ОНИЛЖЭЭ”

Асуудал, зөрчил байнга шахам гардаг өөр нэгэн виз мэдүүлгийн газар нь Чехийн ЭСЯ. Эднийх Чехээс гадна Шенгений орнуудад зорчих, урт болон богино хугацааны виз олгодог. Шенгений бүх орноор 90 хоногийн дотор зорчих боломжтой, дээрээс нь бусад улстай харьцуулахад Чехэд гадаадынхан хөдөлмөр эрхлэхэд таатай хөрс, суурь бий болсон, аюулгүй байдал хангагдсан, цалин хөлс өндөр учраас тус ЭСЯ-наас виз хүсэгч олон байдаг аж.

Ялангуяа, 90-ээс дээш хоногийн хугацаатай ажлын гэрээний визийг иргэд хамгийн их сонирхдог юм байна. Харин ийм төрлийн виз авахын тулд иргэдийн дунд ёстой л “алаан” болдог бололтой. Энэ талаар дэлгэрүүлье. Иргэд тус улс руу зорчих виз мэдүүлэхийн тулд Чехийн ЭСЯ-ны www.visapoint.eu гэсэн цахим системд заавал бүртгүүлж, цаг авдаг журамтай. Ингэснээр хэдэн зуун хүн дугаарласан хүлээлгийн жагсаалтад бүртгэгдэж, визийн ярилцлагад хэдийд орох вэ гэдэг нь тодорхой болно.

Хүлээлгийн жагсаалтад хэр олон хүн байна тэр хэрээр ярилцлагын тов хойшилж, хэдэн сар, жилийн дараа цаг авна. Одоогийн байдлаар иргэд 2022 он хүртэл дугаарлаж, ярилцлагын цаг товложээ. Гэтэл иргэдийн олонх нь энэ бэрхшээлийг тооцолгүйгээр Чехэд хөдөлмөр эрхлэх цаг авч, тэр ч бүү хэл ажиллах компаниа сонгодгоос хугацаа алдаж, “шатдаг” гэнэ. Гэтэл үйлдвэрт ажиллахаар мэдээллээ өгсөн иргэд хугацаандаа амжиж очоогүй тохиолдолд ажил олгогчид хүсэлтийг нь цуцалж, бусдад боломж олгодог.

Иргэд аль болох богино хугацаанд виз гаргуулах гэж улайрдаг гол шалтгаан нь энэ. Гэтэл энэ сул талыг зарим нь овжноор ашиглан түрийвчээ зузаалж байна. Өөрөөр хэлбэл, виз олгогчдын “залхаан цээрлүүлэлт”, иргэдийн богино хугацаанд виз гаргуулах гэсэн хүсэл нь зарим хүнд залилан хийх таатай нөхцөл болдог гэсэн үг.

Шенгений орнуудад зорчих виз богино хугацаанд гаргаж өгнө хэмээн бусдыг залилсан хэрэг хэдэнтээ гарсан атал иргэд сургамж авсангүй. Оны өмнөхөн гэхэд л иргэн А, У нар фэйсбүүк хуудсанд “Чех улсад ажиллах урт хугацааны визийн цаг гаргана” гэсэн зар түгээж, өөрсдийгөө Чехийн ЭСЯ-нд ажилладаг хэмээн иргэдэд итгүүлээд 35 хүнээс 32 сая төгрөг залилсан хэрэг гарсан.

Чехэд ажиллаж амьдардаг болон тус улс руу явахаар виз хүсэж байгаа хүмүүс фэйсбүүкт “Чех дэх монголчуудын нэгдэл”, “Чех улс дахь монголчуудын холбоо”, “Чех хэл сурцгаая” зэрэг групптэй. Визтэй холбоотой залилан үйлдэгчид ихэвчлэн эдгээр группэд зар оруулдаг гэнэ.

Визийн ярилцлагад орох тов аваад буй иргэн Цэцэг (нэрийг нь өөрчлөв) “Иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг саяхан гарсан болохоор нэг хэсэгтээ л ийм залилан гарахгүй байх. Гэхдээ цахим хуудсаар бүртгүүлж, цаг авах нь их осолтой юм шиг санагддаг. Юм хөгжсөн өнөө цагт залуус яг ийм сайт дуурайлгаад хийчихвэл яах вэ. Үүнд бүртгүүлж, цаг авахын тулд бид 650 евро төлдөг шүү дээ” хэмээсэн бол иргэн Б “Тус ЭСЯ-ны ажилтнууд виз дамлан зарж, 1000 евро хүртэл өсгөсөн тохиолдол өмнө нь гарсан гэж дуулсан. Иргэд ГХЯ, ЦЕГ-т хандаж, шалгуулаад зогсоосон гэх юм билээ. Яамных нь ажилтнууд ийм байхад аргагүй шүү дээ. Дээрээс нь Чехийн ЭСЯ-ныхан шиг хүнд сурталтай газар байхгүй. Уг нь долоо хоног бүрийн лхагва гаригт иргэдийг хүлээн авч уулзана гэчихээд тэгдэггүй” хэмээн ярилаа. Дээрх группүүдэд ороход зарын шинжтэй мэдээлэл байгаагүй ч www.visapoint.eu цахим хуудас, тэр дундаа хүлээлгийн жагсаалттай холбоотой нэлээд шүүмжлэл байв.

Виз мэдүүлэхээр бүртгүүлсэн 200 гаруй хүнийг хүлээлгийн жагсаалтаас тодорхойгүй шалтгааны улмаас хассаныг эсэргүүцсэн иргэд сар гаруйн өмнө Чехийн ЭСЯ-ны гадаа жагссан билээ. Иргэд цахим бүртгэлийн системд нэвтрэхэд хүндрэлтэй байдаг, гацдаг, зарим тохиолдолд гадаадаас бүртгүүлдэг хэмээн энэ үеэр ярьж байсан. Тэгвэл зарим хүн “Ярилцлагын тов урагшлуулж өгье. Өөрийнхөө цагийг зарна” гээд хүмүүсээс мөнгө “салгадаг” явдал ч гарч байна.

Уг нь хүлээлгийн жагсаалтад хүний өмнөөс бүртгүүлэх боломжгүй юм билээ. Гэтэл иргэд зальт этгээдийн арганд орж, гэнэддэг бололтой. Тэр ч бүү хэл, нэгэн эмэгтэй ХБНГУ-д амьдардаг танилаараа дамжуулан цахим системд бүртгүүлэх гээд багагүй мөнгө “бэлэглэсэн” тухайгаа хуучлав. Тэрбээр “Нөхөр бид хоёрын ажлын гэрээний хугацаа дуусахад хагас жил дутуу байсан. www.visapoint.eu цахим хуудсанд бүртгүүлэх гэтэл болохгүй, хоёр өдөр оролдоод дийлээгүй.

Тэгээд гадаадад байдаг танил эгчээрээ дамжуулан бүртгүүлэхээр болоод мөнгөө шилжүүлсэн. Бүртгүүлсэн даруйд и-мэйл хаягаар мэдээлэл ирдэг. Мөн ярилцлагын цаг урагшлах, хойшлоход ч мэдээлдэг гэсэн. Гэтэл бидэнд ямар ч мэдээлэл ирээгүй, өнөө хүн болохоор бүртгүүлчихлээ гээд байдаг. Цахим систем нь асуудалтай юм байна гээд хэд хоног харзнасан. Тэгтэл бүртгүүлээгүй байсан юм билээ. Нэг нутаг усных, бас ч гэж худ ураг хүмүүс учир шүүх, цагдаагаар яваагүй. Мөнгөнийхөө хагасыг нь эргүүлж авсан” хэмээн ярив.

Иргэдийн хурдан хугацаанд гадаад руу гарах гэсэн хүсэлд дөрөөлсөн залилан энэ мэт гарсаар байна. Харин бид хэзээ хашрах юм бол, бүү мэд.