20170501 003

 

Дэлхий дахинд дөрөвдүгээр сарын 30-ныг Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө өдөр болгоод хорь шахам жил болж буй. Монгол Улсад 2006 оноос “Хүүхдийг ивээх сан”-гийн санаачилгаар энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ. Энэ удаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хүүхдийг ивээх сан” хамтран Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө нэг сарын аян эхлүүлж, өчигдөр нээлтийг нь хийв. “Хүүхдэдээ бахархан дуурайх аав, ээж нь байя” уриан дор өрнөж буй уг аян эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, олон нийт, шийдвэр гаргагчдад хандан, хүүхдийг зодож шийтгэхгүйгээр өсгөж хүмүүжүүлэх аргыг сурталчлах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад чиглэж буй юм. “Хүүхдийг ивээх сан”-гаас хийсэн судалгаанд оролцсон хот, хөдөөгийн 1198 хүүхдийн 48 хувь нь “Гэртээ зодуулж байсан уу?” гэсэн асуултанд “Тийм” гэж хариулжээ.

Эцэг, эхчүүдийг оролцуулсан өргөн хэмжээний судалгааны дүнгээс харахад хүүхдээ алгадсан таван эцэг, эхийн хоёр нь “арай хэтрүүлчихдэг” гэж хэлсэн байдаг. Тулгамдсан нөхцөл байдалд хүний тархинд өөрчлөлт гарч, хэдий хэмжээний хүч хэрэглэж байгааг зөв тооцоолох чадвар алдагддаг бөгөөд, улмаар өөрийн бодож байснаас хүчтэй болдгийг Сэтгэл судлалын институт, Лондонгийн их сургуулиас хийсэн судалгааны дүн нотолсон байна. Тэгэхээр хүүхдээ зодож шийтгэх нь “Зөв хүмүүжүүлэхийн тулд” гэх үгээр хаацайлан зөвтгөж болох үйлдэл биш юм.

 

Эх сурвалж: www.unuudur.mn