20170505 003

ЦЕГ-ын Лицензийн төв эдүгээ Иргэдэд үйлчлэх төв нэртэй болж, жолоочийн үнэмлэх, галт зэвсгийн, автомашины тусгай дуут болон гэрэл дохионы зөвшөөрөл олгох ажлаас гадна ял шийтгэлтэй, эсэх тодорхойлолт олгох болсон. Иргэдэд үйлчлэх төвийн нэг чухал хэсэг болсон дотоодын болон Олон улсын жолоочийн үнэмлэх хэвлэх ажил гацаад байгаа юм. Энэ нь Жолооны үнэмлэхийн бэлдэц, хор, дагалдах хэрэгсэл, хэвлэх принтер нийлүүлэх тендертэй холбоотой аж. Уг тендерийг энэ оны хоёрдугаар сард зарлаж, өнгөрсөн сарын эхээр дүгнэх байжээ. Гэтэл ШӨХТГ-ын мэргэжилтэн ямар ч судалгаа хийлгүйгээр хэн нэгний талд үйлчлэх сонирхолдоо хөтлөгдсөнийх үү, уг сонгон шалгаруулалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулчихаад, төрийн ажилд саад болж, иргэдэд чирэгдэл учруулаад буй гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр Иргэдэд үйлчлэх төвөөс техникийн нөхцөлдөө “Windows” үйлдлийн систем ашигладаг хэвлэгч, нэлээд их мэдээллийн багтаамжтай бэлдэцтэй, энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байсан гурван жилийн дадлага туршлагатай байх талаар тусгаж өгчээ. Гэтэл сонгон шалгаруулалтад оролцогч компаниудын нэг нь ШӨХТГ-т техникийн нөхцөлд нь гомдол гаргасан гэнэ. Уг нь өнөөдөр Монголд ашиглаж буй бүх л компьютер дээрх үйлдлийн системтэй байгааг ШӨХТГ-ын мэргэжилтэн мэддэггүй бололтой.

Энэ талаар Иргэдэд үйлчлэх төвийн мэргэжилтэн, ахмад Н.Пүрэв­ доржоос тодрууллаа.

-Жолооны үнэмлэх яагаад хэвлэхгүй байна вэ. Хэчнээн хүний үнэмлэх хүлээгдэж буй бол?

-Жолооны үнэмлэхийн бэлдэц, хор, дагалдах хэрэгсэл, хэвлэх принтер нийлүүлэх тендер зарлах үйл ажиллагааг ХЗДХЯ-аар уламжлуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсний дагуу энэ оны хоёрдугаар сарын 3-наас олон нийтэд зарлаж, дөрөвдүгээр сарын 3 гэхэд нээгдэх байсан юм. Нээлттэй тендер зарласантай холбоотойгоор техникийн шаардлага, бичиг баримтын талаар тодруулга авахаар ШӨХТГ-аас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байгаа. Бид ТӨБЗГ болон дээрх газарт тус бүр хоёр удаа тодруулгын хариуг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл тендерийг нээж чадахгүй байгаа. Үүнээс үүдээд үнэмлэх нөхөн авах, солиулах, эрх сэргээлгэсэн, ангилал ахиулсан, шинээр жолооч болсон 36 мянга гаруй иргэн хүлээх болсон.

-Сонгон шалгаруулалтыг нь дүгнэвэл иргэд хэдийд үнэмлэхээ авч болох вэ?

-Нээлттэй тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу материал хүлээн авах 30, тендер хүчинтэй байх хугацаа 45, шалгарсан компанитай гэрээ байгуулахад таван хоног гээд тооцох юм бол бараг 2-3 сарын дараа үнэмлэх хэвлэх байх. Аль нэг компани нь гомдол гаргавал дахин 45 хоног сунгадаг. Ингээд тооцохоор долоо, наймдугаар сараас наашгүй ч байж болох талтай. Тэр хүртэл бараг 72 мянган үнэмлэх хүлээгдэж болзошгүй.

-Өмнө нь шууд гэрээ байгуулдаг байсан биз дээ?

-Тийм ээ. Гэтэл Тагнуулын ерөнхий газраас жолооны үнэмлэхэнд байгаа мэдээллийг төрийн нууцад хамаарах бичиг баримт биш гэсэн үндэслэлээр шууд гэрээ байгуулах ажлын жагсаалтаас гаргасан.

 

Эх сурвалж: www.unuudur.mn