20170509 001

Нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудыг ухаалгаар шийдвэрлэж, ард иргэдийн амьдрах орчинг илүү таатай болгох ажлын хүрээнд Ухаалаг Улаанбаатар дэд хороо нь олон улсад шалгарсан орчин үеийн өндөр технологи буюу нано асфальтаар замын эвдрэл гэмтлийг хялбараар нөхдөг технологийг нийслэлийн автозам засварын салбарт ашиглахаар боллоо. Орчин үеийн дэвшилтэт технологи, ноу-хауг шингээсэн нано резинэн асфальт нь бүх төрлийн материал дээр барьцалдах чадвар өндөртэй, хэрэглэхэд хялбар, өндөр чанартай шинж чанараараа бусад бүтээгдэхүүнээс онцлог бөгөөд цаг агаарын ямар ч нөхцөлд (-30°С-аас +45°С хүртэл) ашиглан замын нөхөөс хийх бүрэн боломжтой гэдгээрээ давуу талтай аж.

Мөн эдийн засгийн хувьд уламжлалт замын нөхөөс хийх технологиос зардлын хувьд 50%-60%-ийн хэмнэлт үзүүлэхээс гадна маш богино хугацаанд нөхөөсийг бөглөж, тэр даруй автомашин зорчиж явах нөхцөлийг бүрдүүлдгээрээ ихээхэн онцлогтой юм.

Резинэн асфальтыг халуун асфальтан бетоноор нөхөөс хийдэг уламжлалт аргатай харьцуулахад үүссэн нүхэн эвдрэлийн сул шороо, бутарсан хэсгийг цэвэрлэж, шууд дүүргэлт хийдгээрээ давуу талтай. Уг бүтээгдэхүүний үндсэн түүхий эд нь хаягдал асфальт болон хуучин дугуй бөгөөд байгаль орчинд ээлтэй, ногоон бүтээгдэхүүн хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг байна.

Монгол Улсын хувьд эрс тэс уур амьсгалтaй учир замын эвдрэл, хагарал жилийн дөрвөн улиралд түгээмэл тохиолддог. Тиймээс эдгээр эвдрэлийг богино хугацаанд, шуурхай шийдэх хамгийн найдвартай, байгаль орчинд ээлтэй шийдэл бол орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан резинэн асфальт юм. Зам засварын ажлыг чанартай, богино хугацаанд гүйцэтгэх нь Улаанбаатар хотыг цэвэр цэмцгэр байлгахаас гадна автомашины түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулж, хотын үзэмжийг нэмэгдүүлнэ.

Энэхүү нано резинэн асфальтыг “Битумина Сэнтрал Азиа” ХХК нь олон улсын Bitumina Групптэй хамтран ажиллаж албан ёсны гэрээтэйгээр Монгол Улсад үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байгаа юм.

Ухаалаг Улаанбаатар дэд хороо нь энэ мэтчилэн нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг “ухаалаг” дэвшилтэт технологи ашиглан шийдвэрлэж буй бөгөөд цаашид олон шалгарсан, технологиудыг нийслэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 

Эх сурвалж: www.unuudur.mn