20170517 002

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” уриатай “Нээлттэй өдөрлөг” энэ сарын 18-нд Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд болно.

“Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр Цагдаагийн ерөнхий газраас иргэд, олон нийтэд зориулан дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажиллана.

ЦАГДААГИЙН ТОДОРХОЙЛОЛТ ОЛГОНО

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас ял шийтгэлтэй эсэх лавлагааг олгоно.

Мөн цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, Шинээр батлагдсан хууль тогтоомж, журмын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч, сурталчлан ажиллах юм байна.

Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэл, сонирхолтой залуус, иргэд цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур, үзүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээллийг ч нээлттэй авах боломжтой.

ЖОЛООДОХ ЭРХ БОЛОН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ БАЙГАА БОЛ Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ИРЭЭРЭЙ

“Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр иргэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх авч болно. ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төвөөс иргэдэд сургалт явуулж, шалгалт авч, эрх сэргээх үйлчилгээг үзүүлэх юм. Тухайлбал, жолоочийн бүртгэлийн болон жолоодох эрхийн лавлагаа олгох, жолоодох эрх сэргээх болон ангилал ахиулах сургалт явуулж, шалгалт авах, хуучирсан болон хүчинтэй хугацаа дууссан жолооны үнэмлэхийг солих, шинээр олгох ажлыг зохион байгуулж байгуулна.

Мөн хаясан, гээсэн, үрэгдүүлсэн жолооны үнэмлэх нөхөн олгох, олон улсын жолооны үнэмлэх олгох, гадаад иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн Монгол Улсын жолооны үнэмлэх олгоно.

ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, лавлагаа /галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, аюултай ачаа тээвэрлэх, тусгай дуут дохио болон гэрлэн дохио... гэх мэт/-ны талаарх мэдээллийг өгч, үйлчилгээ үзүүлнэ.

Иргэн та Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” уриатай “Нээлттэй өдөрлөг”-т ирэхдээ цагдаагийн байгууллагын үе үеийн дүрэмт хувцас, техник, тусгай хэрэгслийн үзэсгэлэнг үзэж сонирхоорой.

 

Эх сурвалж: www.unuudur.mn