20170526 013

Цагаандаваа, Нарангийн энгэр хогон овоолго, бохир завааны үүр уурхай биш, харин хог боловсруулах үйлдвэрүүд төвлөрсөн бүс болох нь. Ийм эко парк байгуулах талаар яриад багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл уг ажлыг гараанаас хөдөлгөж, хэрэгжүүлэх гэрээг өчигдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, “Сектех групп” компанийнхан байгууллаа.

Ингэснээр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Цагаандаваа, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Нарангийн энгэрийн хогийн цэг гэсэн хоёр байршилд дахин боловсруулах үйлдвэрүүдийг төвлөрүүлнэ. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй хог боловсруулах үйлдвэрүүд Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооныхоо дор нэгдэж, хоёр жил гаруйн өмнөөс эко парк байгуулахаар ажиллаж эхэлжээ.

Тэд паркийн урьдчилсан ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, байгаль орчны үнэлгээ хийлгээ хийлгэжээ. Паркад нийт 17 аж ахуйн нэгж 20 гаруй төрлийн үйлдвэрлэл явуулах аж. Ингэснээр нийт 920 ажлын байр шинээр бий болох юм. Наадмаас өмнө бүтээн байгуулалтаа эхэлж, дулааны улиралд багтаад зарим барилгаа барьж дуусгахаар төлөвлөжээ. Эко парк байгуулах төслийг 2032 он хүртэл хэрэгжүүлэх юм байна.

Эко парк төслийн хөрөнгө оруулагч “Сектех групп” компанийн захирал Л.Бат-Өлзий “Бид хоёр жил бэлтгэл хангасан. Энэ хугацаанд олон улсын банк, санхүүгийн байгууллага, ногоон хөгжлийг дэмжих сан, хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулсан. Үр дүнд нь Улаанбаатар хот, Дархан-Уул, Хэнтий аймаг гэсэн гурван газрын хог хаягдлын менежментийг сайжруулах хөрөнгө оруулалт бүрдүүллээ. Дээр дурдсан гурван байршилд 150 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсон” гэлээ.

Эко парк байгуулж, дахин боловсруулах үйлдвэрүүдийг нэг дор төвлөрүүлж, үйл ажиллагааг нь хэвшүүлээд зогсохгүй, хог хаягдлаа ангилан ялгаж хэвшүүлэх том ажил бийг талууд онцоллоо. Үүнд анхаарч, эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн дэд хөтөлбөр, хогийг ангилан ялгах, боловсруулах журам боловсруулж, нийслэлийн ИТХ-аар батлуулахаар ажиллаж буй. Мөн үйлдвэрүүдээ дэмжиж, эко парк байгуулах ажлыг ийн эхэлж байна. Цаашид бид хогоо ангилан ялган, боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэхийг зорьж ажиллана” хэмээв.

 

Эх сурвалж: www.unuudur.mn