20170720 002

Онцгой байдлын алба хаагчдад талар­хаад ч баршгүй. Уулнаас уул дамжин, мод, ургамлыг толгой дараалан хуйхлах улан­ гассан галыг тэд л намжаалаа. Ер нь үер ус, түймэр, ган, зуд гэхчилэн байгалийн аливаа гамшгийн эсрэг онцгойгийнхон л сөрөн зогсдог. Аахар шаахар зүйлд тэд­нийг буруутган, зүхэх эрх бидэнд үгүй. Сэ­лэнгэ, Төв, Булган аймагт дүрэлзэж байсан түймрийг хэрхэн унтраах талаар Улсын онцгой комиссынхон хуралдаж, төлөвлөгөө боловсруулах үеэр БОАЖЯ-ны нэг дарга онцгойгийн алба хаагчид түймрийг унтраахыг хүсэхгүй, алгуурлаж буй мэтээр ярьсан нь олны дургүйцлийг хүргэсэн. Тэрбээр “Түймрийн голомтод очиж, галыг намжаах хэрэгтэй байна.

Онцгойгийн алба хаагчид “Хүрч чадахгүй байна” гэх юм. Онгон дагшин байгаль, ойн сав газар шатаж байна. Баярын өдрүүдэд олон хүн ойд орж, түймэр тавьсныг цагдаагийнхан хэлсэн. Тэгэхээр очиж боломжгүй газар гээд хүлээмээргүй байна шүү” гэсэн юм. Гал гараагүй үед ойд орох, түймэр дэгдсэний дараа тийш зүглэх ондоо гэдгийг хүүхэд ч мэднэ. Ой, хээрийн түймэр гарахаас сэргийлж, хяналт тавих үүрэгтэй яамныхан, эрхэм дарга нар ша­таж буй эх орныхоо төлөө өөрсдөө юу хий­сэн болоод нүцгэн гараараа гал нүдэж буй хүмүүсийг ийн хэлнэ вэ. Түймэр сар орчим асаж байхад та бүхэн юу хийв ээ, гэж төрийн байгууллагуудаас асууя.

Түймрийн утаа нийслэлийг бүрхсэн даруйд жирийн иргэд, залуус сайн дураараа нэгдэж, онцгойгийнхонд туслахаар мордсон юм. Ачааны болон бартаат замыг туулах чадалтай машинтай хүмүүс галын голомтод аль болох дөхөж очно гэсэн итгэлээр хүлгийн жолоо залж байв. Тийм үед ч унтаж буй мэт нам гүм байсан төрийн байгууллагууд аж ахуйн нэгжүүд хандив өгч, техникээ илгээсний дараа л “амь орсныг” бид сая харлаа. Хууль зүй, дотоод хэргийн яамныхан түүчээлэн цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ашиглагддаг тусгай зориулалтын, туулах чадвар сайтай КАМАЗ, УРАЛ, ЗиЛ-131 зэрэг маркийн 21 машинаа тийш нь илгээв. Үүний дараа бусад нь “Бид л дутах гээд байна” гэсэн шиг ар араасаа хандив, тусламжийн цуваагаа мордууллаа. Түймэр дөнгөж дэгдээд байсан зургадугаар сарын сүүлчээр бүгд одоогийнх шиг ханцуй шамлан тэмцсэн бол өдийд бид бага хохирол амсах байв.

Зөвхөн энэ сард 68 түймэр гарч, үүний улмаас 61 мянган га ой, хээр шатсан гэх урьдчилсан судалгаа гарчээ. Бүгд баяр, наадамд анхаарлаа хандуулж байх үед онцгой байдлынхан л түймэртэй тэмцэж байв. Гал унтраах зориулалттай 251 машин түймрийг унтраахад хүрэлцээ муутай байсан нь ойлгомжтой. Хэдий болтол энэ чухал албаа гуйлга, өглөгөөр тэтгэх вэ. Өдгөө иргэд, аж ахуйн нэгжүүд амны хаалтаас авахуулаад гутал хувцас, хоол унд гээд бололцоотой бүхнээрээ хандив өргөж байна. Үүнийг буруутгах гэсэнгүй, гагцхүү төр эхлээд бүх хүчээ дайчлаад, бүр боломжгүй үед иргэдээсээ тусламж гуйх нь зүйд нийцэх биш үү. Онцгойгийнхон өнгөрсөн онд болсон АСЕМ-ын үеэр анх өргөгч машинтай болсон гэхээр өнгөрсөн хугацаанд өргөгчгүй яаж болж байсан юм бол хэмээн эмзэглэмээр. БНХАУ-ын Засгийн газраас нэг сая ам.долларын буцалгүй тусламжаар ой, хээрийн түймэр унтраах зориулалттай, усны багтаамж сайтай зургаан автомашин, гал унтраах үлээгч, үүргэвчин шүршигчтэй болсныгоо тэд “Хангамж сайжирч байгаа” хэмээн баярлаж сууна.

Хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн Х хорооны нутаг, Баянхошууны тойргийн орчимд 40 тоннын чингэлэг суудлын автомашин дээр унаж, нэг том хүн, хоёр хүүхэд дарагдан, бэртсэн. Аврагч нар чингэлгийг зайлуулахын тулд өргөгч машин (кран)-тай хоёр ч хүнийг авчирсан гэнэ лээ. ОБЕГ-ын Хангамжийн хэлтэст нэг кран байдаг аж. Анги бүрт нэг биш юм аа, гэхэд дахиад хэдэн кран байсан бол нэг гэр бүлийн таван хүн чингэлэг доор хоёр цаг гаруй тарчлахгүй байлаа. Байж болох бүх л арга хэмжээг авч, таван хүний амь аварсан аврагчид ч “Техник, хэрэгсэлгүй дуудлагад явдаг, сэтгэлгүй, арчаагүй” хэмээн доромжлуулахгүй байв.

Манай улсын хууль, хүчний байгууллага зэвсэг, техникээрээ дэлхийд 85 дугаарт ордог гэх. Хэдийгээр техник, хэрэгсэл нь 30-70 жилийн насжилттай ч ашиглаж болно. Бунхан шиг хадгалах бус, гамшигт үзэгдэл, олон нийтийг хамарсан үймээний үед тэдгээрийг ашиглах чиглэл ч бий. Зэвсэгт хүчин, хууль хяналтын байгууллагад туулах чадвар сайтай, байгалийн гамшигт үзэгдэлд ажралгүй явах боломжтой Урал, ЗиЛ- 131, КАМАЗ-аас авахуулаад түлш цэнэглэгч, чирэгч зэрэг техник 500 гаруй бий аж. Түүнээс цөөн хэдийг нь л ОБЕГ-т өгчихвөл байдал ондоогоор эргэх нь дамжиггүй. “Петровис” группийнхэн НАТО-гийн армид ашигладаг гэх, Монголд гуравхан байдаг, байлдааны зориулалттай машинаа хүртэл өгчихлөө шүү дээ. Машин гардуулахдаа тус компанийнхан “Бид орон нутагт олон салбартай учир бартаат замын машин авсан юм. Мөс, цас, намаг гээд ямар ч нөхцөлд ажралгүй явах чадалтай. Уул, хаданд ч явж чадна. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад, эл машин биднээс илүү онцгойгийнхонд хэрэгтэй бололтой. Тийм учраас бэлэглэж байна” гэсэн юм. Хувийн компани учирч болзошгүй эрсдэлийг тооцоолж, бэлтгэлээ хэдийнэ базаасан байхад төр засаг эх орон, иргэдээ хамгаалах “төлөвлөгөөгөө” гаргаагүй сууна.

Онцгой байдлын алба өдий хүртэл түймрийн галыг ус цацаж унтраах зориулалттай нисдэг тэрэггүй байгаа нь үүний бэлээхэн жишээ. Манай улсад агаараас ус цацах зориулалттай нисдэг тэрэг хоёр бий ч зэрэмдэг гэсэн сураг дуулдаад тасрав. Ус тээвэрлэх сав худалдаж авах захиалга өгчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тийм сав 2000 ам.долларын үнэтэй байдаг юм билээ. Таван сая төгрөгийн үнэтэй сав авч чадалгүй олон жил болж буй нь сэтгэл дутсаны илрэл биз ээ. Тийм учраас ОБЕГ- ынхан хандиваар цугласан 400 гаруй сая төгрөгөөр нисдэг тэрэг авахаар төлөвлөж буй гэнэ. Мөн алба хаагчдаа нисдэг тэрэг жолоодож сургахаар төлөвлөж буйгаа ч хэлсэн. Тус албанд ийм чадвартай хүн байдаггүй гэдгийг ОБЕГ-ын нэг дарга хэлсэн байдаг. Үүнийг сонссон хүмүүс тус албанд нисдэг тэрэг авч өгөхөөр дахин хандивын аян өрнүүлж эхэлжээ. Ийм үед төр, засгийн удирдлага хэлгүй мэт дуугүй сууна. Тэднийг ам нээж, гар сунгахыг хүлээж буй хүн олон байгаа биз.

Манай улсын онцгой байдлынхан ийм л өрөвдөлтэй, тарчиг нөхцөлд ажиллаж байна. Яг л зэвсэггүй, гар нүцгэн тулалдах цэргүүд мэт. Тэд энэ байдлаараа бусад орны алба хаагчдаас эрхгүй “онцгойрно”. Эцэст нь хар хүний өмнөөс шар хүн гэгчээр төрийн хийх ажил, хариуцах үүргийг иргэд л базаадаг болох нь.

 

Эх сурвалж: www.unuudur.mn