20170512 001

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн хошой аварга, “Лондон-2012” олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг 63 кг-д хүч үзэж, анх удаагаа Азийн аваргын алтан медалийн эзэн болов.

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо эхэлсэн тус тэмцээний эмэгтэйчүүдийн 63, 75 кг-ын жингийн барилдаан өчигдөр болж манай багаас гавьяат тамирчин С.Батцэцэг, спортын мастер Г.Уртнасан нар дэвжээнд гарч барилдсан юм.

Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг энэ өдөр гурван барилдаандаа өрсөлдөгчдөө цэвэр яллаа. Тэрбээр эхний тойрогт БНСУ-ын Хан Жин Ёныг цэвэр, хагас шигшээ барилдаанд эзэн орны Риту Ритуг мөн цэвэр ялсан байна. С.Батцэцэг аваргын төлөө Японы бөх А.Гимпейтэй барилдан цаг дуусахаас 5 секундын өмнө мөн цэвэр ялж тивийн АШТ-д анх удаа түрүүллээ.

Харин Ази тивийн АШТ-д анх удаа хүч үзсэн, энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга Г.Уртнасан Узбекстаны Нулифар Гадаеватай 1/4 шигшээд тааран барилдаж цэвэр ялсан. Тэрбээр хагас шигшээд БНХАУ-ын П.Палихад цэвэр ялагдав. Г.Уртнасан хүрэл медалийн төлөө 2016 оны АТАШТ-ий хүрэл медальт, Казахстаны Гульмарал Йербековад ялагдаж шагналт байрт оржээ.