20170501 001

Гурван орос хүний нэг нь АНУ-тай дайн хийж болзошгүй гэсэн бодолтой байгаа аж. Америкийн цэргийнхэн Сирийн нисэх баазад цохилт өгч, нисэх онгоц тээвэрлэгчээ Өмнөд Солонгосын эрэг рүү илгээж, Умард Солонгост сануулах цохилт өгнө гэж Вашингтон заналхийлснээс хойш олон улсын түгшүүртэй байдал нэмэгдлээ. Түүнээс гадна АНУ-ын Зэвсэгт хүчин Афганистанд GBU-43 хэмээх агаарын хүчирхэг зэвсэг хэрэглэсэн нь олон түмний санаа бодолд нөлөөлөв. Америкчууд Оростой дайтах шийдвэр гаргах болов уу гэсэн асуултад Оросын парламентад олон улсын бодлого, батлан хамгаалах асуудал хариуцдаг хүмүүс хэрхэн хариулсныг сонирхуулья. Олон нийтийн санаа бодол судлах бүх Оросын төвийн судлаачдад буй баримтаар бол оросуудын 30 хувь нь цөмийн энэ хоёр гүрний хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах боломжтой гэж үзэж буй юм байна. Тэгвэл зөрчилдөөн гарах магадлалтай гэж 2014 оны хавар 16 хувь нь мэдэгдэж байсан байх юм.

Владимир Жабаров (Холбооны зөвлөлийн Олон улсын хорооны нэгдүгээр орлогч дарга): -Бидний харилцаанд тулгамдсан асуудал асар олон, дэлхийн чанартай түвэг бэрхшээлтэй зүйлд хэтэрхий өөр өөр байр сууринаас хандаж буй болохоор онолын хувьд ийм боломж бий. Тухайлбал, Ойрхи Дорнодын байдалд бид чухам ийм янзаар хандаж байна, Украины тухайд ч маргаантай асуудал олон бий. Энэ дэлхийд энх амгалан байдлыг хадгалж хамгаалахын төлөө манай орнууд ямар хариуцлага үүрч байдгийг бид ойлгож байгаа. Яагаад гэвэл манай орнуудад байгаа цөмийн зэвсэг, байлдааны нөөц чадавх дэлхийг сөнөөхөд хүрэлцэнэ. Умард Солонгосын байдал л миний сэтгэлийг гойд зовоож байна. Эднийхийг туршилт хийсний дараа америкчууд цохилт өгсөн бол Умард Солонгос цэрэг, эдийн засгийн нөөц чадавх харьцуулшгүй доогуур гэдгээ үл хайхран хариу барьж мэдэх юм. Дараа нь Хятад татагдан орохыг үгүйсгэх аргагүй. Гэтэл бид ер хажууханд нь байж байдаг. Ийм юмтай учрахгүйн тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуучин статусыг эргүүлж олгох хэрэгтэй юм. Дэлхийн II дайнаас хойш хагас зууны хугацаанд манай гариг дээр энх тайвныг сахин хамгаалахад чухам энэ л бидэнд тусалсан шүү дээ.

Алексей Чепа (Төрийн Думын Гадаад бодлогын хорооны орлогч дарга): -Оросын хүн амын гуравны нэг нь АНУ-тай зөрчилдөх боломжтой гэж үзэж буй гэх энэ тоо сэтгэл их түгшээж байна. Зөрчилдөөнд хүрэхгүй гэж өөрийн зүгээс хэлж, иргэдээ тайтгаруулахыг хүсэж байна. Манай улсын удирдлага хатуу чиг шугам барьж байдгийг Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны саяхан Москвад хийсэн айлчлал харууллаа. Нөхцөл байдал хүндрэхийг, байлдааны ажиллагаа дэгдэхийг үнэндээ хэн ч хүсэхгүй. Солонгост юу болж буйг бүгд харж байгаа. Тааварлахын аргагүй аливаа үйлдэл Солонгосын хойгт бүхэлд нь нөхөж баршгүй хохирол учруулж мэднэ. Үүнийг юуны урьд Өмнөд Солонгос хүсэхгүй байгаа. Энэ зөрчилдөөнд тус улс тогтоон барих хүчин зүйл нь болно. Хэрэг явдлыг хэзээ ч зөрчилдөөнд хүргэхгүй байж чадах эрүүл саруул, ухаалаг улстөрчид манай улсад хангалттай бий гэдгийг тэр “гуравны нэгд” ойлгуулж, тайвшруулах хэрэгтэй юм. Москва иймд хүргэхгүй гэдгийг Америк ч сайн мэдэж байгаа.

Александр Шерин (Төрийн Думын Батлан хамгаалах хорооны нэгдүгээр орлогч дарга): -Америк орныг үндэстэн дамнасан корпорацууд залж байдаг болохоор Орос, АНУ-ын хооронд цэргийн мөргөлдөөн болохгүй. Оюун санаа, ёс суртахууныг эрхэмлэдэг оросуудаас ялгаатай нь Америкийн эрх баригчид материаллаг байдлыг тэргүүнд тавьдаг юм. Оюун санаа, ёс суртахууныхаа үүднээс хандвал бид эх орноо хамгаалахад бэлэн. Хэн рүү ч довтлохгүй, өөрсдийгөө л хамгаална. Тэгвэл Америк яагаад бидэн рүү довтлохгүй гэж? Тэд материалистууд учраас дайн тэдэнд их ажил удна, үнэ өртөг нь өндөр байх болно гэдгийг ойлгож байгаа. Дараа нь эргүүлж олж авч чадахгүй нөхцөлд ротшильдчүүд хийгээд рокфеллерүүд мөнгөө үрэхгүй. Яагаад гэвэл тэднийг цусанд живүүлэх хариу цохилтыг Орос өгч чадна.

Андрей Свинцов (Төрийн Думын Мэдээллийн бодлого, мэдээллийн технологи, холбооны хорооны орлогч дарга): -Орос, Америкийн хоорондын мөргөлдөөн Сири, Афганистаны нутаг дэвсгэр дээр, тэр бүү хэл Солонгосын хойг дээр ч болж болзошгүй, учир нь Оросын эргэн тойрны байдал ихээхэн түгшүүртэй байна. Өөрт нь дургүй байгаа, Оросын анд нөхөр гэж үзэж буй дотоодын улс төрийн ангидаа таалагдахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүх хүчээрээ хичээж байна. Тэрбээр мэргэжлийн бус улстөрч, бизнесмэн учраас болчимгүй алхам хийж болзошгүй. Үүнээс үүдэн хөлөг онгоц, баазуудад пуужингаар цохилт өгсөн жижиг зөрчилдөөн гарч магадгүй. Батлан хамгаалах яам, тусгай албадынх нь мэргэжилтнүүд энд тэнд алан хядагчид байна гэж хэлж, Трампын толгойг эргүүлж ч мэдэх юм. Аливаа зөрчилдөөн гарлаа гэхэд ОХУ-ын газар нутгаас хол болох тул Оросын иргэд бид сэтгэл түгших явдалгүй. Түүнээс гадна энэ нь харилцан буудалцах хэмжээнд л болох учраас хүний амь ч хохирохгүй болов уу

Юрий Швыткин (Төрийн Думын Батлан хамгаалах хорооны орлогч дарга): -Энэ нь Орос, Америкийн хооронд болохгүй, түүнд дэлхийн бараг бүх улс татагдан орно. Ийм дайныг ямар ч тохиолдолд гаргаж болохгүй. Санал зөрөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэж болно. АНУ-ын эрх ашигт үйлчилдэг тийм тогтолцоо, нэг туйлт ертөнц өнөөдөр байхгүйг тэд ойлгож, ухаарч буйг гэж бодож байна.

Андрей Климов (Холбооны зөвлөлийн Гадаад бодлогын хорооны орлогч дарга): -Миний үеийнхэн болон ахмадууд хүйтэн дайны эрин цагт аж төрсөн. Дэлхийн гуравдугаар дайн хэзээ ч гарч магадгүй гэдэгт итгэдэг төдийгүй эргэлздэггүй байсан. Орос, Америкийн хооронд томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөн сүүлийн зуун жилд тохиосонгүй, цаашдаа ч тохиохгүй гэж найддаг. Цөмийн зэвсэгтэй хоёр хэт их гүрний аль нь ч дайснаа төдийгүй Дэлхий ертөнцийг нэг бус удаа устгах чадалтайгаа ойлгодог байлгүй. Энэ бол тогтоон барих хүчин зүйл. Мэдээллийн асар хүчтэй өрсөлдөөн болж, би бол дипломат дайн гэж нэрлэмээр юм ч болж л байна.

Франц Клинцевич (Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны нэгдүгээр орлогч дарга): -Ийм асуултад дийлэнх олонх нь гүн гүнзгий мэдлэг оюунаар биш, сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж байхаар хүмүүсийн сэтгэл зүй заяагдсан байх юм. Америк, бидний харилцаа сайнгүй байгаа болохоор мөргөлдөөн болж болох мэт санагдавч практикт тийм юм огт болохгүй. Яагаад гэвэл Америк, Оросын удирдлага ийм алхам хийхгүй. Орос, АНУ-ын хооронд зөрчилдөөн үүсвэл соёл иргэншил мөхнө гэсэн үг.

Владимир Жириновский (Оросын Либерал-ардчилсан намын дарга): -Трамп наймаачин, улстөрч биш, ийм байдалд орох нь түүнд ашиггүй, тэгээд ч Америкийн эрх ашигт нийцэхгүй. Тэр бидэнтэй байлдахгүй. Гэхдээ бид хатуу байр суурь баримталж, тэдэнтэй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд суугаа манай байнгын төлөөлөгчийн шинэ орлогч шиг л ярих хэрэгтэй. АНУ-д эрс зоримгоор “Чи дуугүй сууж бай. Оросыг битгий гомдоо” гэсэн байдлаар хандвал тэд бидэнд өөрөөр хандах болно.

 

Эх сурвалж: www.unuudur.mn