20170509 002

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны 99.9 хувийг тоолсны дараах байдлаар нэр дэвшигч Эммануэль Макрон сонгогчдын 66.06, түүний өрсөлдөгч Марин Ле Пен 33.94 хувийн дэмжлэг авчээ. Хоосон, эсвэл хүчингүйд тооцсон саналын хуудас болон саналаа өгөөгүй сонгогчдын тоо дээд амжилт тогтоохоор олон гарсан байна. Гэсэн ч тус улсын Дотоод хэргийн яамнаас Э.Макроныг сонгуульд ялсныг албан ёсоор хүлээн зөвшөөрөв.

39 настай Э.Макрон тус улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч боллоо. Нэр дэвшигчдийн авсан саналын зөрүү сонгуулийн өмнө явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнгээс илүү буюу 33 хувь байлаа. Мөн аль ч нэр дэвшигчид саналаа өгөөгүй францчуудын тоо олон буюу сонгогчдын 25.38 хувьтай тэнцжээ. Макроны штаб ялалтаа тэмдэглэж эхэлсэн төдийгүй гадаадын улс орнуудын удирдагчдаас баяр хүргэсэн мэндчилгээ авсаар байгаа гэнэ.

Тэрбээр сонгуульд ялсан нь тодорхой болсны дараа үг хэлэхдээ Францын түүхийн шинэ эрин үе эхэлснийг зарлан тунхаглаад, ирэх таван жил Европын эв нэгдлийн төлөө тэмцэхээ амлав. Марин Ле Пен өөрийнх нь төлөө саналаа өгсөн дэмжигчдэдээ талархсанаа илэрхийлээд, энэ сонгууль Франц улс эх оронч үзэлтнүүд болон даяаршлыг дэмжигчид гэсэн хоёр хэсэгт хуваагдсаныг харууллаа хэмээн мэдэгджээ.

“Үндэсний фронт” намд төлөвлөсний дагуу гүн гүнзгий шинэчлэл хийх хэрэгтэйг тэрбээр тэмдэглэсэн байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн Хөрөнгө оруулалтын банкны ажилтан асан Э.Макрон Европын холбоотой нэгдэж нягтрахын төлөө ажиллахаа илэрхийлсэн бол түүний өрсөлдөгч Марин Ле Пен тус холбооноос гарч, Цагаачлалын хуулийг чангатгана гэж байв.

 

Эх сурвалж: www.unuudur.mn