bilguun3Сэтгүүлч М. Ариунгоо 

Хөмсөг: Гоё хүмүүс

Өөдрөг сэтгэлгээтэй уншигч та бүхнийхээ нүдийг баясгаж, сонорыг мялааж, сэтгэлд тань урам зориг, тэмүүлэл өгөх зорилгодоо хөтлөгдөн Orloo.info сайтын зохиогчдын булангийн хамт олон бид хичээнгүйлэн ажилладаг билээ. Ярилцлагынхаа тэргүүн мөрөнд өөрийн дуртай ишлэлээ өргөн барья: Амжилт бол сэтгэлийн амар амгалан. Сэтгэлийн амар амгалан гэдэг нь зорьсон зүйлээ хамгийн сайнаараа хийж дуусгасан мөчид мэдрэгдэх сэтгэл ханамж юм.

Энэ удаагийн гоё хүнээр эрхэм хүндэт хатагтай С.БИЛГҮҮН уригдсан. Тэрээр ХБНГУ-ын төрийн байгууллагад татварын зөвлөх мэргэжилтнээр ажилладаг. Нэр хүндтэй, хуульч бүсгүйнхээ “ТУУЛСАН БИЛГҮҮН”, ёс зүй, хүсэл эрмэлзэл, цаашдын “ХҮСЭЛ ЗОРИГ”-оос нь та бүхэндээ хүргэж байна.
Түүний сонгосон сонголт, туулсан зам тийм ч дардан байгаагүй. Тэрээр зорьсондоо хүрэхийн төлөө олон хоног нойргүй явсан нь бэрхшээл биш, чухал ч биш, өөрийн хүчээс давсан, магадгүй хэзээ ч хүрч чадахгүй гэж бодож байсан бодлоо няцааж, даван гарч зорьсондоо хүрсэн тэр агшинд мэдрэх сэтгэлийн зориг, тэвчээр нь түүнд өөрийгөө хүндлэх асар их үнэ цэнийг өгдөг юм.

. . . 

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотноо өдрийн 01:30 минут, Монгол Улс, Улааанбаатар хотноо үдшийн 18:30 минутаас бидний ярилцлага эхлэв.
/С.Билгүүн/ - За ажил нь дууссан уу? Би үдээс хойшхи уулзалтуудаа хойшлуулаад цэгцэлчихлээ. Таны ярилцлага хийх гэж хичээнгүйлэн байгаа тань таалагдаад, таныг бас хүлээлгээд яахав гэж бодон тухтай ярилцахаар шийдлээ.
- Аан тийм үү. Танд баярлалаа.

Надад заримдаа хүнийг хүндэлж харилцдаг хүмүүс үнэхээр цөөхөн мэт санагддаг.Тэр цөөхөн хүний нэгэнтэй өнөөдөр би учирсан юм. Баяр, баясал, сэтгэлийн хөөрөл авчирсан тэр нэгэн бүсгүйтэй ийнхүү хөөрөлдөвөө.

- Шууд гол асуултандаа оръё. Таны бодлоор юуг амжилт гэх вэ?
- Миний амжилт бол ажлын карьер, албан тушаал, эд мөнгө биш. Орох оронгүй ядарч яваа нэгэндээ сайхан гэр аваад өгчих юмсан. Олон хүүхдүүд өнчирч байна. Тэдгээр хүүхдүүдэд нэг өдөр ч болов ээжийн оронд сайхан ээж болоод өгчих юмсан. Элэг бүтэн байх мэдрэмжийг нэг удаа ч болов өгөх юмсан гэх хүсэлдээ хүрэх нь миний амжилт. Хүүхэд гэдэг чинь дээдийн буян гэж боддог. Хүмүүс янз бүрээр л боддог байх. Миний хань бол маш сайн хүн. Хүнд ажил ч үгүй, мөнгө ч үгүй, нэр хүнд ч үгүй, хэн ч биш байх үе байдаг. Ийм үед миний хань дэргэд минь ирээд “миний хайраа хоёулаа хамтдаа хийе, бүтээе, зорилгодоо хамт хүрье” гээд итгэл өгч, түшиг тулгуур минь болж, зоригжуулсан. Монгол эрэгтэй хүмүүс үнэхээр мундаг. Би ханьдаа баярлаж, ханиараа бахархдаг. Хэрвээ миний хань байгаагүй бол би энэ хүртэл явахгүй байсан байх. Тиймээс монгол эрэгтэй хүмүүс үнэхээр мундаг шүү.
- Тийм ээ. Амжилтанд хүрэх зам дардан байдаггүй. Тиймээс та энэ хүртэлх замаа эргэж нэг дүгнэвэл өөрийгөө хэн гэж тодорхойлох вэ?
- Хүн бүхэнд маш олон сонголтууд байдаг. Миний хувьд ч мөн адил. Би маш их бардам зантай хүн. Ихэнхдээ амьдралын хүнд хэцүү замыг би өөрөө сонгож байсан. Хүнд бэрхшээлтэй давааг давах бүртээ би өөрийгөө нээдэг. Хийж байгаа зүйл маань хэцүү байх тусам төдий чинээ надад маш их үнэ цэнийг өгдөг. С.Билгүүн миний орон зайд хөгжил, дэвшлийг авчирсан. Хамгийн түрүүнд ажлын ачаалал дааж эхэлсэн явдал юм. Үүнээс үзвэл би хөдөлмөрч, тууштай л хүн юм болов уу.

- Сурсан мэргэжил болох хууль эрх зүйн хүрээнд их сургуульд байхдаа төлөвшсөн үзэл бодол?
- Тэгэхээр монгол улстай ялгаатай тал нь боловсролын систем юм. Герман улсад боловсон хүчин бэлтгэнэ гэдэг бол тухайн хүнийг ерөнхий бус нарийвчлан сургаж бэлтгэх явдал юм. Жишээ нь татварын хуулиар сургуулиа төгссөн бол заавал нарийн мэргэжлийн сургуульд сурч мэргэших ёстой. Мөн мэргэшихийн тулд доод тал нь 2 жил, дээд тал нь 3-5 жил мэргэжлээрээ ажилласан байна. Тэгж байж дипломын ажлаа бичих, дипломоо гардан авах эрхтэй болно. Мэргэшсэн, мэргэжилтэн хэмээх дипломоо авахын тулд хоёр арга зам бий. Нэгдүгээрт. Таны сурсан сургууль болон сурлагын дүн. Хоёрдугаарт. Та ажлын практик дээр 2-3 жил ажилласан байна. Энэ хугацаандаа танин мэдэж, ойлгосон, сурсан зүйлээ нэгд нэгэнгүй бичиж, протокол хөтлөж тайлан тавина. Эцэст нь төгсөлтийн шалгалтанд орох эрхээ авна. Минийх бол татварын мэргэжилтэн мэргэшсэн ажилтан гэх цол авна. Энэ нь герман улсдаа нэлээн дээд түвшний цол бөгөөд нэр хүндтэй албан тушаал юм.
- Герман хүмүүсийн хувьд хуульч хүн гэж хэнийг хэлэх вэ?
- Герман хүн маш өндөр ёс зүйтэй байх ёстой. Өөрийн гэсэн баримталдаг ёс зүйтэй байх аваас хуулийн их сургуульд тэнцэнэ. Энэ бол хамгийн энгийн ухагдахуун юм. Гэхдээ хуульч хүн ямар байх ёстой вэ гэдэгт: Өөрийнхөө эрх ашгийн төлөө биш бусдын эрх ашгийн төлөө явдаг бөгөөд эрх тэгшийг эрхэмлэдэг жинлүүр шиг байх ёстой гэсэн ардын үг байдаг.
-Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд дөрөвт, европын холбоонд тэргүүлэгч орон болох Герман улсын хөгжлийн гол хөдөлгүүр, таны мэргэжлийн онцлогийг дурдахгүй өнгөрвөл алдас болох биз ээ.
- Герман улс нийгмийн хангамж, халамж, тэтгэмж маш сайтай орон гэсэн. Тэгэхээр Герман улсын эдийн засгийн эргэлтийн гол хөдөлгөгч хүч нь юу вэ?
- Үүн дээр Герман улсын эдийн засгийн болон тэнцвэртэй байдал маш тод харагддаг. Герман улсад эдийн засгийн өсөлт бол хэзээ ч 7% юм уу 8%-д хүрдэггүй. Дээд тал нь үсрээд 3%-д хүрч болно. Энгийн ажилчин иргэн дээр жишээ авъя. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу нэгэн компанид очоод ажлын гэрээгээ байгуулаад ажиллаж эхэллээ. Тэр хүн улсад дөрвөн төрлийн шимтгэл төлнө. Мөн улсын даатгал гэж байгаа. Энэ нь дахиад л татварын систем рүү хүргэнэ. Нийгмийн болон нийгмийн хангамжийн систем бол хууль, эрх зүй дотроо дөрвөн янз байна. Татвар, гааль, нийгмийн хангамж болон нийгмийн эрх зүй, хувь хүн. Энэ бүгдийн хамгийн том томъёо нь татвар болон татварын эрх зүй юм. Дотроо маш олон салаа замтай. Тэр салаа замын нэг нь бол нийгмийн хангамж болон нийгмийн эрх зүй юм. Герман улс нь нийгмийн хангамж болон нийгмийн эрх зүйтэй улс гэж тодорхойлогдсон байдаг. Тухайн ажилчин тодорхой хэмжээнд амрах эрхтэй байдаг. 24 хоногоос эхэлдэг. Мөн тухайн хүн, нэгдүгээрт, хувь хүний албан орлогын татвар, хоёрдугаарт, хүн болгон герман улсад хуулийн заалтаар баталгаажуулж, бэхжүүлсэн даатгал заавал төлнө. Энэ бол нийгмийн хариуцлагаа даган биелүүлж байгаа хэрэг юм. Үүнд нь ажилгүйдлийн даатгал, тэтгэврийн даатгал, асран хамгааллын даатгал, эрсдлийн даатгал гэсэн төрөл зүйлсэд шимтгэл төлнө. Мөн татвараа төлнө.

Ингэж байж эцэст нь эдгээр төлөлтийн санхүү нь улсдаа орно. Үүнийг нийгмийн эрх зүйн сав гэж хэлдэг. Ийм байдлаар нийгмийн хангамж, нийгмийн эрх зүйн системийн эргэлт явагддаг. Сүүлийн жилүүдэд Герман улсад цагаач иргэд, дүрвэгсэд маш их ирж байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл бид даяаршилд автаж байна гэсэн үг. Бид Ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Гэхдээ герман улсад ардчилсан засаглалын хамт социал гэдэг тогтолцоо байнга дагалдаж явдаг. Тэр социал гэдэг зүйл нь юу юм бэ гэвэл нийгмийн хангамж маш сайтай байх ухагдахуун юм. Наад зах нь хүүхдийн мөнгө. Сар болгон 192 евро олгодог. Дээрээс нь ажилгүйдлийн тэтгэмж гэж байна. Хэрвээ чи ажлаасаа халагдаад албан тушаалаа өгөөд гарч байгаа тохиолдолд улсаас чиний байрны зардал болон хоолны мөнгө, нийгмийн даатгалыг төлчихнө. Энэ улс маань нийгмийн хангамж маш сайтай. Мөн герман улсад маань хагас өнчин, бүтэн өнчин байх эсвэл хөгжлийн бэрхшээлтэй бол, харж үзэх хангамж, тэтгэмж, ажиллах бололцоог олгодог. Аль ч төрийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах эрхтэй байдаг. Учир нь тэд ямар нэгэн хөдөлмөрийн чадавхи нь алдагдсан байсан ч оюун ухааны хувьд маш сийрэг байдаг учраас ажиллах бүрэн бололцоотой гэж үзнэ. Тиймээс ажиллах эрх, ажлын байрны хангамжаар улс маш сайн хангаж өгдөг.
- Герман улс татварын системээ хэрхэн сайжруулсан бэ? Энэ улсад далд эдийн засаг гэсэн ойлголт байдаг уу?
- Далд эдийн засаг байдаггүй. Герман улсын анхны Холбооны Улсын Ерөнхий Сайд байсан Helmut Schmidt нь “Зүүн Герман, баруун Герман гэж хуваагдахаасаа илүү бид нар хүүхдүүдийн боловсролд анхааръя. Тэгж чадвал манай улс дэвшинэ” гэж хэлж байсан. Дайны үед улс орон маш их хохирол амсдаг. Энэ үед яаж хурдан нөхөн сэргээлт хийх вэ гэдэг асуудал гардаг байсан. Нөхөн сэргээлтэнд маш их мөнгө хэрэгтэй. Хотоо цэвэр агаартай болгоё, хурдны замтай болъё, газар доорх метротой болъё гэх мэтээр дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй, эмнэлэг, сургуультай болох хэрэгтэй гээд маш олон салбарыг дээш нь хөгжүүлэх шаардлагатай байхад энэ хүн юу хэлсэн бэ гэхээр “Татварын салбарыг маш зөв механизмтай болгох хэрэгтэй” гэж анх хэлж байсан. Татварын систем болон татварын хууль бол герман улсдаа маш хэцүү, ээдрээтэй салбаруудын нэг. Яагаад гэвэл татвар гэдэг зүйл өөрөө хууль болон эдийн засгийг чирж яваа том томъёо юм. Эдийн засгийн ойлголтгүйгээр бид нийгмийн хангамж, эрх тэгш байдлыг тогтоож чадахгүй. Яагаад эдийн засаг нь хүчтэй байна вэ? Зөвхөн герман улсдаа бус европын холбооны орнууд дундаа бас цойлж яваа орнуудын нэг. Мөнгөтэй байлаа гээд бодлого байхгүй бол үнэхээр хэцүү. Бодлогыг маш сайн системчилсэн зүйл нь татвар байдаг юм. Татвар бол маш ээдрээтэй, хүний ухааныг шаардсан зүйл. Эрх тэгш байдал болон иргэн хүн маань иргэнийхээ үүргийг шударга гүйцэтгэх хэрэгтэй. Шударга зарчимтай байх хэрэгтэй. Ганц нэг тоо биш адаглаад эдийн засгийн тайлан, татварын тайлан унших хэрэгтэй, хуулиа мэддэг байх хэрэгтэй, гэрээний нөхцлүүдээ мэддэг байх хэрэгтэй. Олон улсын тавцан, европын холбооны улсад монгол улсын компаниуд ямар заалт, гэрээгээр үйл ажиллагаа нь явагдах уу гэдгээс авахуулаад бодож, төлөвлөдөг байх хэрэгтэй юм.
- Таны бодлоор монгол улс татварын системээр татвар ногдуулах байдлаар эдийн засгийг сайжруулах боломж бий юу?
- Энэ асуултыг асуусанд баярлалаа. Монгол улсад маань татвар гэдэг асуудал ямар ч системчлэлд ороогүй байгаа. Татвар гэдэг нь тогтолцоо юм. Тогтолцоо дотроо татвар нь макро эдийн засагтаа ч орно, микро эдийн засагтаа ч орно. Тухайн улсын хөгжил, иргэдийн ногдол гэдгийг татвар гэдэг зүйлээрээ тодорхойлсон байх хэрэгтэй. Үндсэн хуулиндаа заасан байдаг. Татвар төлөх нь иргэн хүний үүрэг юм. Гэхдээ монгол улсын татварын систем монгол хүний давуу тал, онцлогт хэрхэн тохирсон, эдийн засгийг тогтвортой бус байдлаар яаж шунаж, мэхлэж, илүү их гувчуур авч төр засаг маань хөгжих вэ гэдэг асуулт гарч ирнэ. Гэхдээ 2012 онд анх хөгжлийн төсвийг маш сайн хэрэгжүүлж эдийн засгийн өсөлттэй явж байсан. Гэтэл эргээд харахад таван жилийн дотор гадаад улсад хөрөнгийн зах зээл, валютын банкинд маш их өртэй болсон. Бид ийм байдалд ортлоо татварын системийг зөв ашиглаж чадсангүй, эдийн засгийн системийг зөв ашиглаж чадсангүй, хувь хүмүүсээ ч дэмжиж туслаж чадсангүй. Гэхдээ энэ татварын системийг монголын хувь хүн болон гурван сая хүнтэй улсад мэргэжлийн баг бүрдүүлсэн байхад маш хурдан хэрэгжүүлж нөхцөл байдлыг сайжруулах боломжтой юм.

- Монгол улс татварын системээр эдийн засгийн төсвөө сайжруулах боломжтой юу? Нийгмийн халамж, нийгмийн даатгалаас татвар авч байгаа нь зөв үү? Ямар үр дүнд хүргэх бол?
- Мэдээж байгаа. Хувь хүний албан орлогын татвар, нэмүү өртөгийн албан татварт 10%-ын дахин нэмэгдэл авна гэж заасан тогтоомжийн тухайд авч үзвэл энэ нь маш буруу. Дэлхийн улс орнууд дээр жишээ аваад үзвэл Грек улс 2011 онд эдийн засгийн уналтанд орсон. Дэлхийн татварын системийн тогтолцоог Хятад улс Герман улсаас л авсан. Япончууд, Солонгосчууд, Оросууд, Америкчууд ч гэсэн Герман улсаас авсан. Үндсэн татварын системийн эх бол Герман улс юм. Монгол улсад энэ тогтолцоог хөгжүүлэхийн тулд боловсон хүчнээ сайн бэлтгэсэн байхад маш хурдан хөгжинө. Монгол улсад бүх юм дэс дараатай, системчлэлтэй, явах салбар бол татварын салбар юм. Үүний тулд нэн тэргүүнд монголд нарийвчилсан боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй. Хоёрдугаарт бидний боловсролын систем буюу их сургуулийнхаа системийг шинэчлэх хэрэгтэй. Гуравдугаарт. Хувь хүний албан татвар гэсэн ойлголт бий. Энэ бол зөвхөн хувь хүн иргэдэд нөлөөлөх татвар болохоос биш нэмүү өртөгийн албан татвараас хамаарах зүйл биш. Нэмүү өртөгийн албан татвар гэдэг нь дунд бөгөөд жижиг аж ахуйн нэгжид тогтвортой, богино хугацаанд үр дүнтэй ажиллах болон ашгийг нь тодорхой хэмжээгээр, тодорхой цаг хугацааны хүрээтэйгээр нэмэгдүүлэхийн тулд нэмүү өртөгийн албан татварыг гаргаж ирсэн юм. Гэтэл монгол улсад эдийн засаг дампуураад байгаагийн шалтгаан нь нэмүү өртөгийн албан татварыг хонжвортой байдлаар тусгаж авч байгаад л хамаг учир байгаа юм. Хуулийн этгээд бус хувь хүн маань үүнд ямар ч хонжворын нүдээр хандаж болохгүй. Далд эдийн засаг болон түүний хэрэгжүүлж буй хүмүүсийн хармаанд тодорхой хэмжээний мөнгө орж ирж байгаа нэг үйлдэл энэ юм. Яагаад хэрэгжээд байна вэ гэхээр. Энэ бол мэдлэггүй хүмүүсийг мэдлэгтэй, зөв юм хийж байгааг харуулж байгаа мэт боловч цаанаа бол маш том луйвар явж байгаа юм. Энэ нэмүү өртөгийн албан татвар гэдэг нь дунд бөгөөд жижиг аж ахуйн нэгжүүд улсаасаа эргэн төлөлт олгож буцааж авдаг юм. Үүний тулд нэмүү өртөгийн албан татвар гэдэг тайлан гаргах ёстой. Түүнчлэн хувь хүн ч мөн адил аж ахуйн нэгжтэйгээ тэнцвэртэй байдал үүсгэх хэрэгтэй. Дахиад л жинлүүр гэдэг зарчмаар явагдах ёстой болно. Хүн болгон эрх тэгш байх ёстой хэмээх ойлголтын адил герман улс тэнцвэрийг маш сайн баримталдаг улс юм. Яагаад заавал, хуулийн этгээд бус, хувь хүн нь хуулийн этгээдээс илүү бөгөөд дутуу байлгахын тулд нэгдүгээрт, хувь хүний албан орлогын татварын тайлангаа гаргах хэрэгтэй. Жишээ нь герман улсад долоон шатлалтай байдаг. Энэ шатлал маань монгол улсад байдаггүй. Хэрэгждэггүй. Эдгээр шатлалууд нь:

- 1.Хувь хүний албан татвар- газар тариалан болон газар тариалангаас олж байгаа ашгаас ногдуулж буйг хэлнэ.
- 2.Тодорхой байр, суурьтай дуучид, өмгөөлөгч, эмч нар, өөрийн гэсэн статустай хүмүүс хамаарагдана.
- 3.Аж ахуйн нэгжүүд
- 4.Ажилчин буюу төрийн албан хаагчид
- 5.Хөрөнгийн бирж болон зах зээлийн үнэт цаасны гүйлгээнүүд
- 6.Үл хөдлөх хөрөнгө
- 7.Тэтгэвэр болон бусад орлоготой хүмүүс орно.
- Эдгээр шатлалыг шатлаж байж, тодорхой хэмжээнд авцалдаа нь бүрдээд бодлогууд нь гарч ирдэг юм. Хувь хүний орлогын албан татвар болон нэмүү өртөгийн албан татварт хуулийнхаа болон эдийн засгийн тогтолцоогоо мөнхүү компанийнхаа төсвийг зөв тодорхойлж байж ямар данс тооцоогоор нэмүү өртөгийн албан татвараа тодорхойлох вэ гэдгийг маш сайн мэдэж тооцоолох хэрэгтэй болно. Монголчууд бид хамгийн түрүүнд сурах ёстой зүйл бол адаглаад бид нар зөв падаанаа бичиж суръя. Хоёрдугаарт, нэмүү өртөгийн албан татварын тайланг аж ахуйн нэгж болон дунд аж ахуйн нэгжүүдийг тооцоолж тайлан болгон гаргая. Ингээд маш олон хүмүүс нийгмийн хариуцлагаа үүрэх хэрэгтэй болж байгаа юм. Нийгмийн хариуцлагаа биелүүлээд, нийгмийн даатгал, эрсдлийн даатгалаа төлөх хэрэгтэй. Нэмүү өртөгийн албан татвар нь буцаад жижиг буюу өсөж байгаа аж ахуйн үйл ажиллагаа болох “СТАРТ АП” бизнесийг өсөж дэвшихэд нь тусладаг болохоос биш хувь хүний азтан тодруулж, тоо тодруулж авдаг механизм бол биш. Энэ бол кодлочихсон систем. Жижиг бөгөөд дунд аж ахуйн байгууллагууд нь нэмүү өртөгийн албан татвараа улсаас авахгүй болохоор яаж дэвшиж, хөгжих үү? Бор зүрхээрээ л явна. Магадгүй ажилчинаа хална. Ажилчин халахаар бид нар яах уу? монгол улс маань илүү их ажилгүйдэлд орно. Ийм үр дагавартай байдаг. Энэ бол зүгээр л эдийн засгийн циркл. /тойрог юм./ Энэ бол зөвхөн микро эдийн засгийн хүрээнд яригдаж байгаа хэрэг. Эдгээр ойлголтууд бол зөвхөн үндсэн ойлголт нь гэж бодох хэрэгтэй юм шүү.

- Бид энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэхийн тулд ямар алхмаас эхлэх хэрэгтэй вэ?
- Боловсон хүчнээ багаас нь бэлтгэхдээ эх хэлийг нь сайн сургах хэрэгтэй. Нэгдүгээрт, эх хэлээ сайн сурч дараа нь гадаад хэлийг сурах хэрэгтэй. Хоёрдугаарт, боловсон хүчин бэлтгэхийн тулд багш нарынхаа боловсрол, мэдлэгт маш их анхаарах хэрэгтэй. Багш нар гадаадад тодорхой мэргэжлийн чиглэлээр мэргэшлийн сургуульд сурсан байх шаардлагатай байх нь зөв. Ийм байвал бусад улс орнуудтай адилхан хөгжиж дэвшинэ. Гуравдугаарт, боловсрол гэдэг үүднээс нийгмийн харилцаа болон нийгмийн ухагдахуун юм. ”Бид нар юмыг үзүүрээр нь авах биш, ёзоороор нь авах хэрэгтэй”. Хүн бүр хоёр юмуу гурван гадаад хэл сурах шаардлагатай. Мэдээж төрөлх хэл шигээ эзэмшсэн байх хэрэгтэй. Ийм түвшинд очсон байгаа цагт дэлхийн хүмүүстэй өрсөлдөж чадна. Өрсөлдөх чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, гадаадад амьдарч байгаа боловсон хүчнээ монгол улс руугаа татах явдал юм. Үүнийг хийхийн тулд нөхцөл байдлыг нь үнэхээр гаргаж өгдөггүй. Өөрсдөө сэнтийдээ суух дуртай. Өөр бусдыг ч суулгах дургүй. Ер нь гадаадад ажиллаж байгаа мундаг боловсон хүчиндээ дургүйхэн л байдаг шүү дээ. Гэхдээ цаг гэдэг хугацаатай. Тийм учраас гадаадад бэлтгэгдэж байгаа боловсон хүчнээ монгол улсынхаа газар шороон дээр буулгахын тулд залуучууд бид нар хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Гучин наснаас доош, гучин наснаас дээш үеийн хүмүүс л юм хийх хэрэгтэй. Тэгж байж хойч үеийн залуучууд маань, монгол улсынхаа төлөө зүтгэж чадах байх даа. Чадна гэж бодож байна.

bilguun


- Хүн үзэгдэх байдлаараа болон далд байдлаараа хоёр өөр мөн чанартай. Тэгвэл гадаад, дотоод мөн чанар нь ялгаатай хүмүүс бий. Таны хувьд та гаднаа ч, дотроо ч нэг хүнээрээ байж чаддаг уу?
- Чаддаг. Дотор сэтгэлдээ ч, гаднах төрхөөрөө ч нэг хүн байж чаддаг учраас л би зорьсондоо хүрч байгаа, надад хожим ирэх хариуцлагыг ч би тодорхойлж чадаж байгаа юм. Дотор сэтгэлдээ ч, гаднах төрхөөрөө ч нэг байхад хэцүү хүнд бэрхшээл ирсэн ч даваад гарч чадна шүү дээ. Хүнд өгч байгаа зовлонгоо эхлээд өөрөө үүрээд сурчихсан байх хэрэгтэй гэж боддог. /Хариуцлага хүлээж, биелүүлж сурчихаад, хүнд хариуцлага тооцоо гэсэн утгатай юм./
- Та баян байх, боловсролтой байх тал дээр ямар үзэл бодолтой вэ, цаана нь хариуцлага гэдэг зүйл байдаг юм шиг санагдах юм...
- Хүн бүр өөрөөр тодорхойлно. Миний бодлоор боловсрол бол мэдлэг биш. Боловсрол бол оршихуйд хамтдаа оршин тогтнож байгаа зүйлийн харилцан зохицол, түүний мөн чанарыг ойлгох, танин мэдэх, бүтээх, бүтээлцэх гээд энэ бүгдийн цогц ухааныг хэлнэ. Баян гэдэг бол элэг бүтэн өссөн нь маш их баян зүйл. Гэр бүл, найз нөхөд, миний хань, надтай уулзаж буй хүмүүс, миний өрсөлдөгч, хамтран зүтгэлтэнгүүд бүгд миний хувьд миний баялаг. Би магтаалд дургүй, шүүмжлэлд дуртай. Намайг хамгийн их шүүмжилдэг хүн бол миний ээж, эмээ, өвөө гурав юм. Шүүмжлэгчтэй байнаа гэдэг маш их аз бас буян юм болов уу даа.

- Тэгвэл Герман улс бага балчир байхаас нь эхлэн ард иргэддээ иргэн хүний хариуцлага гэдгийг юу гэж ойлгуулж, сургадаг вэ?
- Герман хүн, нэгдүгээрт, цаг барьдаг байх ёстой. Тэр дундаа цагийг бүр секундээр нь барьдаг хүмүүс байдаг. Хоёрдугаарт нь чи өөрөө хөдөлмөрлөхгүй бол чиний төлөө өөр хэн ч хөдөлмөрлөхгүй гэж заадаг. Мөн хүүхдүүдийг бага байхаас нь л бие даах чадварт сургадаг. Өөрийнхөө бодол санааг илэрхийлэх, бие даасан байх мөн чанарыг эзэмшүүлдэг. Герман хүмүүс хүнээс туслалцаа авах маш дургүй. Өөрөө хийж сурах, хийж чадах нь их чухал байдаг. Гэхдээ монгол философи, герман философи хоорондоо их ойролцоо мэт санагддаг шүү. Энэ нь монголын “эзэн хичээвэл заяа хичээнэ“ гэдэг утгатай адил юм. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэх мэтчилэн. Адил утгатай зүйр цэцэн үг бий шүү.
- Та монгол эмэгтэй хүний мөн чанарынхаа хувьд герман хүмүүст хэр сайн нөлөөлж чаддаг вэ? Таны герман хүмүүсээс ялгагдаж харагддаг мөн чанар нь юу вэ?
- Миний эргэн тойронд байгаа бүх хүмүүс мундаг. Төрийн байгууллагад ажиллана гэдэг өөрөө маш их чадвар шаарддаг зүйл. Дэг журам, эмх цэгцийг шаарддаг. Миний албан тушаал бол Сангийн Сайдын, Сангийн Яамны Татварын Хэлтэст татварын зөвлөх хийдэг. Сангийн яамны татварын хэлтэс нийт 96 татварын зөвлөхтэй байдаг. Мөн германд эцэг эхийн овгоор нэрлэдэг учир би өөрийнхөө нэрээр бус эцэг эхийнхээ нэрээр овоглож яваа болохоор маш их өндөр хариуцлагатай байх хэрэгтэй болдог. Тийм учраас миний хүрээлэлд байгаа хүмүүс бол бүгд хошуучлагчид, мундаг хүмүүс байдаг. Яагаад гэвэл герман улс салбар салбарын хүмүүсийг заавал ч үгүй өөрсдийнхөө дараа үеийг бэлтгэдэг. Бэлтгэхдээ дандаа хошуучлагч, тэргүүлэгч хүмүүсийг сонгож ажилд авдаг. Би заримдаа “Та нар унтдаггүй юм уу?” гэж хэлдэг. Тэд өглөөний 06:30 гэхэд ажлын байрандаа ирчихсэн ажлаа хийж байдаг. Угтаа бол ажил 8:00 цагаас эхэлж 19:00цагт тардаг юм. Тэгэхэд сайн дураараа 6:30 гэж ирээд ажлаа хийнэ. Ажил тарах цагт үлдээд шөнийн 12:00 цаг хүртэл улсынхаа ажлыг хийдэг. Хүмүүс нь ингэж ажиллаж байгаа юм чинь улс энэ зэрэгтээ хөгжихгүй яах юм бэ? Үнэхээр гайхалтай. Би заримдаа монгол хүмүүс маань хэзээ ийм болох болдоо гэж үнэхээр боддог. Герман улс бол эдийн засгийн тэргүүлэгч орон. Иргэн бүр хүүхэд бүр боловсрол эзэмших ёстой гэдэг үүднээсээ боловсролын салбарт бага сургууль, дунд сургууль, их сургууль бүгд үнэ төлбөргүй байдаг.

bilguun1
- Дайны үеийн герман улс, германчууд ялагдах дургүй, тэмцэгч хүмүүс мөн гэж бодсон бодол маань саяны тайлбараар нотлогдож байна гэж би үзье. Гэхдээ нэг тодруулах зүйл байна. Герман улсын төр, ард иргэдийн хооронд маш гүн бат итгэлцэл байдаг юм уу гэж харж байна. Мэдээж өөрийн ажлын карьер хүсэл мөрөөдлийнхөө төлөө ажиллаж байгаа гэхдээ илүү цаг ажиллаж байна гэдэг өөрөөсөө илүү улсынхаа төлөө амь бие, оюун ухаан, хүч чадлаа дайчилж байгаа юм биш үү?
- Би танд нэг ялгааг хэлж өгье. Би герман улсын нэг номерын татварын хувийн компанид ажиллаж байсан. Одоо төрийн байгууллагад ажиллаж байна. Мэдээж тэдгээр байгууллагад ажилд орно, хэр хэмжээнд нь ажиллаж амжилт олно гэдэг бол маш бэрх даваанууд. Гэхдээ би өөрийгөө хэзээ ч би чадсан гэж хэлж чадахгүй. Учир нь надаас олон маш мундаг, үнэхээр гайхалтай чадвартай хүмүүс олон байдаг. Би өөрийгөө хөдөлмөрч, дайчин гэж хэлнэ. Тэгээд хувийн байгууллага ч бай улсын байгууллага ч бай ажлыг бол яс хийнэ. Герман хүний бүр нэг гайхмаар зан чанар нь юмыг тултал хийдэг, хаанаас нь гардаг юм бэ гэж гайхмаар хурд хүч, чадвартай. Бүр цэцэрлэгт байхаас нь эхлээд шаргуу, эрэмгий, зоригтой, хөдөлмөрч занг суулгачихдаг байх гэж боддог. Үнэхээр цуцашгүй хүмүүс. Юмыг бол яс, тултал хийдэг. Тэгээд тэрийгээ тултал нь хийж чадахгүй бол өөрөө депресст орчихдог. Төгс хийгээд явж чадвал өөрт нь маш гоё таашаал болж тайвширдаг. Бас нэг онцлог нь их сургууль, арван жилд байхаас нь эхлээд мундаг сурдаг хүүхдүүдээ профессор багш нартаа дамжуулж хэлдэг. Профессор багш нар сурлага сайтай хүүхдүүдээ өөрсдөө сонгож аваад шууд цааш нь хөгжүүлнэ. Практик талаас нь ажлын байранд албан тушаал оноогоод өгчихнө. Тэгээд давхар өөрсдөө удирдаад төлөвшүүлээд явчихдаг. Ер нь бол бүх юм маш уялдаа холбоотой явагддаг. Дараа үеэ бэлтгэнэ гэх ойлголт герман улсад маш том тогтолцоо болтлоо хөгжсөн зүйл юм. Оюутан байж төрийн албанд туслахаар орно гэдэг нэр төрийн хэрэг шүү дээ. Энэ бол герман хүмүүсийн хувьд ч маш сайхан боломж, тэр хүн ч мундаг байна гэсэн үг. Профессор багш нар нь мундаг оюутнуудаа шигшээд шигшээд авчихдаг.

- Ялангуяа залуу хүмүүс нь ингэж их ажилладаг гэж байна. Тэгэхээр энэ хүмүүст ажлын бус таашаал гэдэг ойлголт ер нь байна уу? ажлын бус таашаалыг хаанаас авдаг юм бэ?
- Ажил нь таашаал. Мэдэж сурч байгаагийнхаа хэрээр л таашаал авна. Оюуны ажил хийж байгаа нь тухайн хүндээ таашаал болчихдог. Миний хувьд гэвэл би долоо хоногт 3-4 удаа гүйж байж дүүрчихсэн тархиа амраадаг. Тэгэхгүй бол миний тархи байнгын ажиллаж байдаг. Сүүлдээ унтаж чадахгүй болно. Гэхдээ тэр хүмүүс юугаараа ялгаатай вэ гэхээр хийж байгаа ажил нь хобби, хобби нь ажил болчихсон байдагт гол асуудал байгаа юм. Бүр өөрөө дурлаж, зориг гаргаж ирээд ажилладаг юм. Хувийнхаа цагаар бол хуулийн ном уншаад л сууж байдаг.

bilguun2
- Монгол улстай бол харьцуулшгүй зүйл юм байна?
- Ммм бид чинь их цөөхөн шүү дээ. Тэгээд цөөхөн хэдийгээ нийгмийн давхаргад хувааж төрөлжүүлэхэд үнэхээр хэцүү. Бид хөдөлмөрлөвөл маш хурдан дэвшинэ. Монгол хүн бол ийм хүн юмаа гээд тодорхойлоход хүртэл хэцүү шүү дээ. Нэг тийм гарт баригдахгүй, аяганд тогтохгүй хальж асгарчих гээд байгаа мэлтийсэн цагаан сүү шиг мөн чанартай хүмүүс юм. Ганц л том дутагдал байна. Тэр нь маш залхуу. Шууд хэлчихье, уучлаарай. Үнэхээр залхуу.
- Зүгээр дээ, бид чинь шүүмжлүүлсээр байгаад шүүмж их даадаг болж байгаа. Нэг зүйл асууя. Та 20 жил германд амьдарсан гэхэд таны монгол хэл маш цэвэр бөгөөд гайхалтай үгийн баялагтай байна. Ганц ч удаа болов гацаж, ээрч мууралгүй, гадаад үг хэрэглэхгүй ярьж байна.
- Миний өвөө, эмээ маань намайг монгол хэлээ сайн сурах хэрэгтэй гэж багаас минь захиж сургасан. Монголд Орос Монголын Хамтарсан 3-р сургуульд дөрвөн жил сурчихаад дөрөвдүгээр ангиа төгсөх жилээ Герман улсад 10 настай ирсэн. Хүний хувьд бол төлөвшөөгүй, хүүхэд нас. Мэдлэг бол маш нимгэн байгаа шүү дээ. Гэхдээ тэр үед би монгол хэлээ сайн сурсан, дээрээс нь орос хэлийг маш сайн эзэмшсэн байсан. Би орос монголын хамтарсан 3-р сургуульд богинохон хугацаанд ч гэлээ сурч байсандаа маш их баярладаг. Манай багш нар бол ёстой хэлийг сургах шиг болсон. Орос хүний мөн чанарыг тэндээс мэдсэн байдаг. Үүнийг бол би их буян гэж боддог. Ингээд герман улсад ирээд герман хэлийг тултал нь сурсан даа. Ер нь бол манай гэр бүлийн философи гэж зүйл бий. Тэр нь хүмүүжил. Би хоёр улсын иргэн. Гэхдээ өвөө маань үргэлж хэлдэг байсан. Чи монгол хүн байж монгол хэлээрээ монгол хүнтэйгээ сайхан хөөрөлдчихдөг байх хэрэгтэй. Хөдөө очоод чи айлд орохдоо “за сайн байна уу?” гэж хэлж орохгүй биз дээ? Тиймээс “сайхан зусаж байна уу?”, “сайхан хаваржиж байна уу?”, “зуншлага сайхан уу?” гэж мэндлэж бай гээд бүр багаас минь тархинд кодлогдтол хэлж сургасан. Монгол хүмүүс ах захтай байх хэрэгтэй гэдгээс эхлээд л зааж эхэлсэн дээ. Хэлээ мартана гэдэг соёлоо мартана, соёлоо мартана гэдэг чи гэрээ мартанаа гэсэн үг юм шүү гэж захина. Монгол хэлийг а-я хүртэл сайхан бичиж, уншиж сурах хэрэгтэй, орос хэлийг ч мөн адил, герман хэлийг ч мөн адил гэдэг. Дээрээс нь англи хэл сурах хэрэгтэй. Англи хэлгүй бол зах зээлийн түвшинд чи хэн ч биш болно, герман хэлээр герман хүн шиг, орос хэлээр орос хүн шиг, монгол хэлээр монгол хүн шиг ярьж сурах хэрэгтэй гэж захидаг юм. Тэгэхээр надад багаас минь өгсөн нэг хүмүүжил бол “аливаа юмыг хийвэл тултал нь хий” гэсэн үзэл юм даа. Монгол улсын соёл, ардын аж амьдралын тухай маш их ойлгуулж сургаж ирсэн. Тэр дундаа монгол хүнд “жудаг” хэмээх чухал зүйл байна. Энэ жудаг гэдэг зүйлийг маш сайн баримтлах хэрэгтэй гэж боддог.

- Ойрын хэдэн жилдээ монгол улсын эмэгтэй хүмүүс их хүчирхэг, дайчин өндөр боловсролтой болж байна. Ялангуяа манлайлагч тал дээр их цойлж байгаа харагддаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
- Миний хувьд бол би герман ч хүн, монгол ч хүн. Миний аав зүүн герман хүн. Ээж минь монгол хүн. Тиймээс өөрийн харьцуулсан бодлоо хэлбэл, Монгол эмэгтэй хүн гэдэг талаас нь авч үзвэл. Эрт дээр үед хаад ноёд маань дайнд явна. Ар гэрээ сахиж үлддэг, хамгаалж үлддэг гэдэг утгаараа монгол эмэгтэй хүмүүс бүх зүйлийг хийдэг. Маш олон зүйлийг амжуулдаг, аливаа зүйлд их тэнцвэртэй хандаж, хүний эвийг их олж харилцдаг, уян хатан чанартай, нийтэч хүмүүс. Харин одоо бол энэ мөн чанар нь нийгмийн харилцаанд маш чухал зүйлд тооцогдох болсон. Ер нь амжилтанд хүрсэн хүмүүсийн нэг нийтлэг чанар байдаг. Энэ бол хүнтэй харилцах харилцаа юм. Юм багаасаа эхэлдэг. Харин үүнд хоёр чухал зүйл байдаг. Нэгдүгээрт. Хүмүүжил. Хоёрдугаарт харилцаа юм. Харилцааны соёл, нийгмийн соёл, хотын соёл гэж байдаг. Манай монголчууд тэр дундаа хотын соёлд суралцах хэрэгтэй гэж боддог.
- Монгол эмэгтэй хүн, Герман эмэгтэй хүн хоёрын адил тал болон ялгаатай талуудын тухай бодлоо хуваалцана уу.
- Хоёулаа мэргэн цэцэн ухаантай. Хоёулаа дайчин. Би одоо өөрийнхөө хүрээлэлд байгаа хүмүүсээс ажигласан зүйлээрээ тодорхойлж байгааг ойлгох хэрэгтэй шүү. Миний салбар бол оюуны салбар. Оюуны салбар дахь хүмүүс буюу монгол улсын маань, герман улсын маань хуульч эмэгтэйчүүд ялгаагүй мэргэн цэцэн ухаантай. Германд зөвлөх байна уу, бодлого хариуцдаг хүн байна уу гэдэгт үл хамааран маш олон мэргэжлүүдийн түвшинд аваад үзвэл гүйцэтгэгч байх, дарга байх нь ялгаа биш. Учир нь наад зах нь татварын нягтлан бодогч гэхэд л шинжлэх ухаан. Шинжлэх ухаанд суралцаж байгаа хүн бүр мэргэн цэцэн ухаантай байгаа. Яагаад гэвэл эдийн засгийн тогтолцоо, огтлолцоог үзэж байгаа болохоор ухаан шаардаж байнаа гэж ойлгох хэрэгтэй. Мөн мэргэжлээ мэдэрч ажиллана гэдэг бол маш том давуу тал. Монгол эмэгтэй хүн ч, герман эмэгтэй хүн ч адил билгүүн ухаантай. Хүмүүн гэдэг биенээс гарч байгаа мэргэн цэцэн ухаан бол дэлхий нийтэд ялгаагүй оршиж байдаг. Энэ даяарчлалын нийгэмд тэр тусмаа хүчтэй өрсөлдөөн байх нь ойлгомжтой зүйл. Үүний хүчинд тухайн улс, хот, муж, дүүрэг хөгжинө, бусдаас ялгарна. Ялгаатай тал нь монгол эмэгтэй хүмүүст маань дийлэнхид нь мэтгэлцээний мөн чанар байдаггүй. Өөрийгөө илэрхийлэх, зөв бөгөөд тодорхой, оновчтой, өөрийнхөө бодол санааг илэрхийлж, хамгаалах тал дээр дутмаг санагддаг. Харин эсрэгээрээ герман эмэгтэй хүн, охид, бүсгүйчүүд, хүүхдүүд нь мэтгэлцээний мөн чанар дээр илүү. Заримдаа бүр эрэгтэйчүүдээсээ илүү байдаг. Энэ бол мэдээж боловсролын системтэй холбоотой байх. Үүн дээр үндэслэн логик ухаан, логик гаргалгааны чадварт монгол эмэгтэйчүүд маань герман эмэгтэй хүмүүсээс суралцах хэрэгтэй болов уу гэж бодож байна.

- “Мэтгэлцээний харилцаа” гэдэг зүйлийг ойлгомжтой тайлбарлаж өгнө үү. Таныхаар бол өөрийгөө илэрхийлэх, үзэл бодлоо хамгаалах чадвар, аливаа зүйлд логиктой хандах чадварыг л хэлээд байна уу?
- Байгалийн хуулиндаа бол эмэгтэйчүүд маань эрэгтэйчүүдээсээ илүү зориг багатай шүү дээ. Хамааралтай байдаг. Гэтэл Герман эмэгтэйчүүд маш их зоригтой, бие даасан хүмүүс. Өөрийн гаргаж байгаа шийдвэр, хийсэн алхам бүртээ маш өндөр хариуцлага хүлээх чадвартай, маш их зоригтой ханддаг. Хуульч хүний логик бол үнэхээр мэргэн цэцэн ухаан, логик гаргалгаа сайтай байх ёстой байдаг. Гэхдээ логик сайтай байлаа гэхэд зориггүй бол тэр бүх мэдлэг усанд хаясан чулуу шиг л болно. Хамгийн энгийн жишээ “Эмэгтэй хүн захирал дээрээ очоод би цалингаа нэмүүлмээр байна” гээд хэлчихдэг байх хэрэгтэй. Эрчүүд бол байгалиасаа зоригтой байдаг. “Би цалингаа нэмүүлмээр байна. Яагаад гэвэл ….гээд шалтгааныг гаргаж чаддаг.” Харин эмэгтэй хүмүүс бол маш уужуу сэтгэлээр ханддаг учир чимээгүй өнгөрөөх зүйл бишгүй их болчихдог. Ялангуяа эмэгтэй хүн оюуны болон бизнесийн салбарт хүчтэй байх хэрэгтэй. “ХҮЧТЭЙ” гэдгийг би тодорхойлохдоо бодит хүч чадал бус сэтгэл зүйн тогтвортой төлөвшил, сэтгэлийн хатын хэр хэмжээг л хэлээд байгаа юм. Тиймээс л хүн зоригтой байх хэрэгтэй.
- Герман эмэгтэй хүмүүс хүчтэй. Тэгвэл хүмүүжлийн хувьд тэд аливаа зүйлд “ТЭНЦВЭРТЭЙ” хандаж чаддаг уу? Магадгүй та аливаа зүйлийг тэнцвэртэй байлгаж чаддаг уу?
- Энэ нийгэмд эмэгтэй хүн гэдэг утгаараа “та нийгмийн хариуцлагаа хүлээж, айл гэрийн эзэгтэй байж, үр хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлэх хэрэгтэй.” Ийм үүргээ гүйцэтгээд явж буй эмэгтэйчүүд ч бий. Мөн гэр бүл бус ажлын карьераа илүүд үзэн амьдарч яваа эмэгтэйчүүд ч бий.
- Монгол хүмүүс бол аливаа зүйлийг тэнцвэртэй авч явах, бүгдийг амжуулдаг байх хэрэгтэй гэж зааж сургадаг. Тэр утгаараа би асуусан юм. Гэхдээ өөр бололтой?
- Тэгэхээр үүн дээр тулгуурлан хэлбэл, Герман хүмүүс маш мундаг, хурдтай, эрэмгий дайчин, зоригтой, ухаалаг боловч дутагдал бас бий. Тэр нь монгол эмэгтэй хүмүүст байдаг аливаад уян хатан ханддаг, эмэгтэй хүний уян найланхай ялдам зан төрх юм. Германд зарим эмэгтэйчүүд ялангуяа өндөр албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүд өөрсдийгөө бараг л эмэгтэй хүн гэдгээ мартчихсан байх тохиолдол байдаг.

- Нийгмийн харилцааны хувьд “Амжилттай хүмүүсийн нэг онцлог бол харилцааны соёл” гэж та хэлсэн үүнийг тайлбарлана уу.
- Үүнийг ярихын тулд дахиад л өнөөх соёлын ялгаа гарна. Герман улсад бол жишээ нь надаас залуу хэрнээ надаас илүү ажлын туршлагатай бол би тэр хүнийг та гэж дуудна. Яагаад гэвэл тэр хүн надаас илүү ажлын туршлагатай. Хэрвээ надтай харилцаж байгаа хүн надаас боловсрол багатай, насаар дүү байсан ч би тэр хүнийг та гэж дуудна. Хүнтэй харилцахдаа нас, албан тушаал, боловсрол, амьжиргааны түвшингээс хамааран ялгаатай харилцах гэдэг ойлголт нь хоёр талтай юм. Нэгдүгээрт. Их зантай буюу биеэ тоосон байдал гаргаж буй хүн нь өөрөө боловсрол муутай байгаагийн шинж. Ямар ч хүнтэй эрх тэгш харилцах хэрэгтэй. Хоёрдугаарт. Тухайн хүн их зан гаргаж, аль нэг давуу талыг гаргаж харилцахад хүргэсэн хүн нь асар хурдтай дэвшиж байгаа нийгэмд өөрийгөө тодорхойлж, илэрхийлж чадахгүй байгаа буюу өөрөө өөрийгөө үнэлж, хүндэтгэж, үнэ цэнэтэй байлгаж чадахгүй байгаа буюу харилцааны соёлыг сайн эзэмшиж чадаагүй байгаагийн шинж юм. Ядаж л чадахгүй байсан ч би чадна, чадах ёстой гэсэн зориг байх хэрэгтэй.
- Харилцааны соёл гэдэг нь “чи хийх хэрэгтэй, чи чадах хэрэгтэй. Харин хийвэл хийсэн шиг хийж, а-я хүртэл буюу эцсийг нь үзэж дуусгадаг байх хэрэгтэй.” гэсэн үзэл санаан дээр оршиж байдаг.
- Барууны соёл ч тэр азийн соёл ч тэр алинд нь ч нэвтэрсэн эцсийн эцэстээ би монгол хүн, монгол хүний сэтгэлгээг гээгдүүлэхгүйгээр энэ бүгдийг мэдэж болдог гэдэг ойлголтын нэгэн үлгэрлэл бол Та.
- Мхм, хүний суурь хүмүүжил маш чухал. Миний өвөө, эмээ ёс журамтай, уламжлалт соёлоо дээдэлдэг гайхалтай хүмүүс. Энэ хүмүүжил бол надад өгсөн тэдний минь хамгийн том бэлэг. Үлгэр жишээч эмэгтэй хүн байх гэдэг ухагдахууныг эмээ, ээж хоёроосоо суралцсан гэж хэлнэ. Үлгэр дуурайлал болсон эмэгтэй хүн гэдэг бол . . . “Эр хүний хийморь өөдөө явбал тэр айл гэрийн хийморь өөдтэй явна. Тэр гэрийн эр хүн хийморь өөдөө бол тэр гэрийн гал өөдөө харсан байна.” хэмээх мундаг философи байна. Үүнийг сахин хамгаалж яваа эмэгтэй хүнийг би бодохдоо үнэхээр үлгэр жишээ бүсгүй хүн мөн гэж хэлнэ. Тэгэхээр “Бидний төрсөн заяа, амьдын гавъяа, бидний өмч, хувь тавилан юм.” Монгол улсдаа ч байсан, харийн нутагт ч байсан энэ философийг байнга санаж явах хэрэгтэй гэж боддог юм шүү. Монгол хүмүүжил гэдэг бол дэлхийн аль ч орноос ялгагдана. Үнэхээр гайхалтай философитой орон гэж боддог.
Сайхан уран цэцэн үг байна. Эр хүний доторхи сэтгэлийн тэнхээ, эм хүний доторхи уужуу ухааныг хамтдаа суугаад магтан сайшаах сэтгэл бялхам сайхан байна.

- Танд монгол улсдаа ирж тогтмол суурьшин амьдрах энэ мэргэжлээрээ ажиллах бодол байгаа юу?
- Эмэгтэй хүн нөхрөө л дагадаг учир би монголдоо очиж суурьшин амьдрах байхдаа. Мэдээж монгол улсдаа амьдрах, ажиллах сонирхол, хүсэл эрмэлзэл байгаа шүү дээ.
- Таны цаашдын зорилгод юу багтаж байна вэ? Учир нь та монгол улсынхаа хойч үеийг бэлтгэх тал дээр их анхаарал хандуулж байгаа санагдлаа.
- Мхм, би хүүхдүүд бэлдээд эхэлчихсэн байгаа. Бас ном бичиж байгаа тэр нь “Монгол охин баруун германд” гэсэн нэртэй ном. Энэ нь Монголоос гадагшаа гарахад шаардлагатай бүх бичиг баримт, эмнэлгийн даатгал, оршин суух тэтгэмж, орон байрны хангамж, герман улсад хэдэн сургууль байдаг. Яаж тэдгээр сургуулиуд руу хүсэлт явуулдаг гээд бүх зүйлийг хамруулсан, лавлах шиг жижигхэн ном болно. Жижигхэн ч гэсэн доторх нь үнэхээр чанартай мэдээллээр дүүрэн байх юм. Мөн номынхоо лекцийг явуулна гэж бодож байгаа. Энэ нь монгол хүүхдүүдийг бэлтгэх ажилтай маань ч холбоотой юм. Герман хүүхдүүдийг яаж бэлддэг гэж бодно. Хажууд нь монгол хүүхдүүд бол “Гончигсумлай минь” гэнэ дээ. /инээв./ Профессор, докторууд нь сонгож авсан оюутнуудтайгаа оюун ухаан, үзэл бодлоороо үеийн юм шиг харилцдаг юм шүү.
- За бидний ярилцлага өндөрлөх болж байна. Өөрийн туулсан билгүүн, мэдлэг, цаашдын зорилгоо хуваалцсан танд баярлалаа. Хатагтай Солонгын Билгүүн та уншигч олондоо урмын үгээ сонордуулна уу.
- За. /инээв./
“Өөрийнхөө мөн чанарыг олохын төлөө биш,
Бусдыг амар амгалан байлгахын тулд
Өөрийн ур ухааныг хөглүүлэх сухай ”
Миний монголын залуучууд та бүхэндээ амжилт хүсье.
- Ямар сайхан зүйр үг бэ? С.Билгүүн та бидний үйл ажиллагааг дэмжин, албан ажлаа хойшлуулан байж цаг гарган ярилцлага өгсөнд, биднийг хүндэтгэсэн танд маш их талархаж байна.
- Зүгээрээ. /Инээв./ Сэтгэл байхад бусад бүх зүйл аяндаа болно доо. За баяртай.
- Баярлалаа. Баяртай.
Ийнхүү бидний ярилцлага төгсөв.Түүний хэлэх дуртай, баримталдаг үгээр нийтлэлийнхээ үүдийг хаая гэж бодож байна.

“Чи мөрөөдлөө өдөр бүр бодох аваас мөрөөдөл нь дэргэд чинь байдгийг анзаарах болно.”

Хийморийн цог золбоо нь өөдөө,
Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой уншигч олондоо
Амжилт хүсье.