20170502 002

Сэтгүүлч М. Ариунгоо 

Хөмсөг: Гоё хүмүүс

“Манай ертөнцөд их хүмүүс зуурдхан оршихдоо үүрдийг бүтээж, бага хүмүүс тэдний гэгээнд амьдрана” хэмээн нэгэн хүн хэлжээ.Ямар ч цаг үед нийгмийн харагдах байдал өөрчлөгдөвч доторх агуулга нь өөрчлөгддөггүй шиг байна.

Өнөөдрийн зочноор:

Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага Жайкад, Өмнөд Австрали Улсын ‘Families SA Гэр бүл, Олон нийтийн хөгжлийн хэлтэс болон Reconciliaiton SA зэрэг байгууллагуудад 1998 оноос хойш ажилласаар ирсэн.Тэрээр Австрали улсын Флиндэрсийн Их Сургуулийн Нийгмийн ажлын магистр хамгаалсан. Мөн Австрали улсад “ART PSYCHOTHERAPY” –урлагийн сэтгэл засалч мэргэжлээр баклавр зэрэг хамгаалж байгаа. Монгол улсын анхны мэргэжлийн урлагийн сэтгэл засалчдын багийг бүрдүүлж, сургаж, чиглүүлэн ажиллаж байгаа сайхан сэтгэлт эмэгтэй Бэрцэцэг орж байна.
Монгол улс, 19:30 минутаас БЗД-н 26-р хорооны ХӨГЖИЛТЭЙ НОМЫН САН-д ярилцлага эхлэв.

- Сайн байна уу? Их ажлынхаа хажуугаар яриа өгөх болсон танд баярлалаа.
- Сайн, сайн. Сайн байна уу. Зүгээр дээ.

Та зөвшөөрч байвал яриандаа орцгооё.Таны үндсэн мэргэжил ямар мэргэжил вэ?

- За тэгье. Би анх Орхон Гадаад хэлний дээд сургуулийн япон хэл, англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Ажлынхаа гарааг 1998 онд Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагад хүүхэд, гэр бүлтэй ажиллаж эхэлсэн юм. Тухайн үе зах зээлийн шилжилтийн үе байсан учраас гэр оронгүй хүүхдүүд, эмзэг бүлгийн иргэдтэй ажиллаж эхэлсэн юм.Хүүхэд байхын мөрөөдөл өнчин хүүхдүүдэд туслах, ядуу, сул дорой хүмүүст туслах юмсан гэсэн мөрөөдөлтэй байсан болхоор ажлынхаа гарааг эхэлж байсан даа. Түүнээс хойш хүүхдүүд тэдний гэр бүлүүд, орон нутгийн хөгжилд үрүү чиглэсэн олон төрлийн нийгмийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллаж эхэлсэн юм. БЗД-н 26-р хороонд хүүхэд, гэр бүлүүд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, хөгжихөд зориулсан Хөгжилтэй номын сан байгуулах санаачилга гаргасан, таны охины мөрөөдөл байсан гэсэн, санаачилах болсон шалтгаан нь юу вэ?

Манай нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл маш их гарсар байна. Нэгэнт хэрэг явдал болоод өнгөрсний дараа, хүүхэд түлэгдсэний дараа, амь насаа алдсаны дараа, амиа егүүтгэсний дараа гэх мэт аливаа асуудал болоод өнгөрсний дараа хүмүүс ОДОО ЯАХ ВЭ? хэмээн зовинож, эрүүл мэнд, бие сэтгэл, эдийн засгийн хувьд ч маш их энерги, мөнгө төсөв зарцуулдаг. Миний бодлоор хэрэг гарахаас урьдчилан сэргийлэгдэх хүүхэд, гэр бүлүүд маань хамтдаа хөгжих, бие биенээсээ суралцах, хөршөө мэдэх, бие биендээ туслах боломжтой, тэдний гэрийн хамгийн ойр, хүүхэд, гэр бүлд ээлтэй, үнэ төлбөргүй, аюулгүй, сонирхолтой орчин л байх ёстой гэж үздэг.
Ийнхүү орчин бүрдснээр гэрийнхээ ойр хүүхдүүд, ээж, аав, эмээ өвөөтэйгөө, найз нөхөдтэйгөө, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон бусад ганцаардаж байгаа хүмүүс, жирэмсэн эхчүүд, хүүхдээ харж байгаа ээжүүд мөн шинийг санаачилагч, эрэлхийлэгч залуучууд мөн адил хамтдаа цагийг өнгөрүүлэх, сонирхлоо нэгтгэх орчин бүрдэж байна гэсэн үг юм.

20170502 003

Ийнхүү хүний хөгжилд чиглэсэн орчин бүрдээд ирхээр иргэд аливаа эрсдлээс ч урьдчилан сэргийлэх маш амархан болно. Тэгэхээр хүн хөгжих хамгийн энгийн зүйл бол орчин байгаа юм. Миний охин хүүхдүүдэд туслах, англи хэл заах сонирхол, мөрөөдлөө надад хэлж, түүнийг нь хэрэгжүүлэхэд хүчин зүтгэнэ хэмээн амласан байсан юм.
Ийнхүү охиндооо амласан амлалт, эх орондоо амласан амлалт хоёр маань яг таарсан юм. Тийм учраас сүүлийн 4 жилийн хугацаанд 2 нялх маамуутай болоод гэртээ байх зуураа Монгол улсынахаа хөгжилд жаахан ч гэсэн хувь нэмрийг оруулхаар зорилгоо болгосон юм.
Гэхдээ мэдээж бүх зүйл дардан замаар явахгүй, саад бэрхшээл тулгарч л таараа энэ бүхэнд үргэлж сайхан сэтгэлтэй олон хүмүүс таарч хамтран ажиллаж, хүчээ нэгтгэсний үр дүнд БЗД-ийн 26-р хорооныхоо байранд Хүүхэд, гэр бүлд ээлтэй “Хөгжилтэй номын сан”-г байгуулсан юм.

Хөгжилтэй номын сангийн үйл ажиллагаа, бүтээн байгуулагдсан талаар дэлгэрэнгүй хуваалцана уу?

- Одоогоос 4 жилийн өмнө миний охин Австрали улсаас Монголдоо ирэхээсээ өмнө монголдоо очоод хүүхдүүдэд өөрийнхөө сурсан англи хэлийг заадаг клубтэй болох мөн гоё, хөгжилтэй номын сантай болох мөрөөдлөө надад хэлсэн юм. Түүнд амласан амлалтаа хэрэгжүүлхээр сэтгэл шулуудсан юм. Мөн түүгээр дамжуулаад монгол улсынхаа олон мянган хүүхдүүд, гэр бүлүүдэд ч сайхан орчин бүрдэх юм байна гэж бодоод энэ маань мөн миний Австрали улс руу сурахаар явсан зорилтготой маань ч нийцсэн юм.  Энэхүү сайхан мөрөөдөл, зорилгоо биелүүлэхэд БЗД-ийн 26-р хорооны Засаг дарга асан Б.Нарангаваа эгч маш их тусалж, санаачилгийг маань дэмжсэн юм. Мөн энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд JCI Ikh khuree салбарын залуучууд санаачилгийг дэмжиж ажил хэрэг болгосон юм. Номын сангийн нээлтийг 2016 оны 9 сарын 8нд хийсэн. Үүнээс хойш үйл ажиллагааг нь иргэдэд таниулах гэж нэлээд их хүчин чармайлт гаргаж ажилласаар л байна. Үйл ажиллагааны хувьд “Хүүхдийн англи хэлний ярианы клуб” мягмар, бямба гарагт, “Үлгэрийн цаг” пүрэв гарагт, “Драмын клуб” бямба гарагт гээд тус тус хуваарилчихсан. Миний охин Мичидмаа болон Австрали улсын иргэн Лорен Брүүкс нар “Хүүхдийн англи хэлний ярианы клуб”-ыг хэл сурах сонирхолтой, англи хэлээр хичээллэж байгаа хүүхдүүдэд зориулж зохион байгуулдаг. Хүүхдийн зохиолчдын “Эвт үзэг”бүлгийнхэн маань долоо хоногоор ээлжлэн ирж үлгэр уншиж өгч мөн амьдралынхаа арвин туршлагийг хүүхдүүдтэй ирж хуваалцдаг. Драмын клубыг манай хорооны иргэн мөн сайн дураараа ирж зохион байгуулдаг.

Цаашдын үйл ажиллагаа нь хэрхэн өргөжих вэ?

- Миний охин Мичидмаа/ 10 настай/ бид хоёр энэхүү хөөрхөн номын санг байгууллж, үйл ажиллагааг нь жигдрүүлхээр 4 жил гаруй сайн дураараа хамтран ажиллаж байна.
Саяхан 3 сард бид “Гэр бүлийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулсан. Ингэхдээ хүний эрхийн төлөө ажиллдаг Яам, Тамгийн газар, дүүрэг, хороодын удирдлагууд, ОУБ-ын төлөөлөл, Австрали улсын Элчин сайдын яамны төлөөлөлийг “Хөгжилтэй номын сан”-д урьсан. Үүнд: Хүн амын хөгжил, Нийгмийн хамгаалалын яам, Боловсролын Яамны Соёлын асуудлыг хариуцаж ажиллаж байгаа хүмүүс, , Хүүхэд Хамгаалал, Хүүхдийн Оролцоо Хариуцсан байгууллагын хүмүүс, дүүргийн Хүүхдийн Хөгжлийг Хариуцсан хүмүүс, Хүүхдийн Эрхийг Хамгаалах Австрали улсын байгууллага, SAVE THE CHILDREN – Хүүхэд Хамгаалалынбайгууллага зэргээс хүмүүс урин хүүхдэд ээлтэй орчин хэрэгтэй байна, бид ийм ажлыг эхлүүлээд охинтойгоо мөн сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар байгуулчихлаа. Цашид ийм төрлийн хөгжлийн төвүүдийг олноор байгуулагдвал зүгээр байна гэсэн санааг илэрхийлсэн юм.

20170502 005

Цаашид иргэд, төр хоёрын оролцоо 50/ 50 хувьтай байж хамтран үйл ажиллагаа явуулдаг байвал иргэдийн оролцоо жинхэнэ утгаараа хөгжинө дөө гэж бодож явдаг. Харин төр аливаа үлй ажиллагааг зохион байгуулахад хаалга байнга нээлттэй биү байдаг учраас жирийн иргэд бид өөрсдөө чөлөөтэй орж гарах, үйл ажиллагаа явуулах эрх, боломж нь бага байдаг юм.
Хорооны ажилчид сэргэлэн байвал над мэтийн зүгээр сууж чаддаггүй нөхдүүдийн хүчээр маш олон сайхан ажлуудыг амжуулах боломж байгаа гэсэн үг юм. Саяхан энэ номын санд Австрали улсын Мельбурни их сургуулийн номын санчийг сайн дураараа ажиллуулахаар болсон юм. Ингэснээр манай монголын номын санчид маань энэ хүнээс бас суралцах сайхан боломж бүрдээд байгаа. Мөн түүнээс гадна энэ орон нутагт амьдарч байгаа залуучууд ч гэсэн заавал хотын төв рүү номын санд суухаар явахгүйгээр эндээ хөгжих бүрэн боломж бүрдээд байгаа юм.

Таны яриаг соносож байхад хүүхэд хүмүүжүүлэх ухааны талаар бас асуух хэрэгтэй юм байна. Ялангуяа олон улсын байгууллагуудад удаан хугацаагаар ажиллаж байхдаа суралцсан мэдлэгээсээ ярьж өгнө үү?

- Хүн бүхэн л өөрийн гэсэн хүүхдээ хүмүүжүүлэх аргатай байдаг шүү дээ. Миний хувьд бол би хүүхэддээ ярьж заахаас илүү шууд хамтран ажилладаг, үлгэрлэдэг гэх юмуу даа. Эхэндээ хүүхдүүдтэй ажиллахад маш их цаг, хүчин зүтгэл их шаарддаг харин тэдэнд зааж сургасны дараа сайхан амрах боломж гардаг. Өөрөө хэлбэл суурийг нь сайн тавиад өгвөл өөрсдөө цаашаа сайхан хөгжөөд явдаг.

- Ихэнх орнууд хүүхдийг нэгдүгээрт тавьдаг. Өмч бус хүнийг нэгдүгээрт тавьдаг гэсэн үг. Хүүхдүүдээс, хүмүүсээс өмчийг хамгаалах биш аливаа эрх мэдэл, өмч хөрөнгөтэй хэрхэн харилцаж сурах, өөрийн үнэ цэнэ, бусад хүний үнэ цэнийг ойлгож хүндлэж сургах хэрэгтэй гэж зөвлөдөг, тэгж хүмүүжүүлдэг юм байна аа гэж бодсон. Тэгэхээр хүүхдүүд нь “Хүн бол нийгмийн баялаг, хүн өөрөө маш үнэ цэнэтэй” гэдэг ухааныг ухамсарлаж өсдөг юм байна. Тийм учраас тухайн улс орон хүүхдийн амьд явах эрх, хайрлуулах эрх гээд бүх хэрэгцээг нь хангах, эрхийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавьж ажилладаг. Үүнтэй холбоотой нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгч гээд хүүхэд, иргэдтэй тулж ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг маш сайн хангаж, зөвлөгөө өгч ажилладаг. Жишээ нь “Би гэр бүлийн хүчирхийлэлтэй өрх айлд очихоор ажлаасаа гарлаа гэж бодъё. Ингэхдээ би өрөөнөөсөө гарахдаа тухайн гэр бүлийн асуудлыг судласан байх, түүндээрээ үндэслээд одоо очоод би юу хийх, ямар арга хэмжээ авах вэ, мөн тохиолдож болох эрсдлүүдийг тооцож маш нарийн ажлын төлөвлөгөөгөө гаргасан байх ёстой. Энгийн нэг алхам гэхэд өрөөнийхөө ажилтандаа … цагт, ... газарт …айлд уулзалт хийхээр явж байна. Гарахдаа машиныхаа түлхүүрийг аль хармаандаа хийх үү? Нөгөө айлдаа очоод машинаа тавихдаа хаана яаж тавих уу?” гэх мэтчилэн өөрийн аюулгүй байдлыг байнга тооцоолж байх хэрэгтэй байдаг. Тухайн байгууллага ажилтныхаа эрүүл мэндийг нэгдүгээрт тавьдаг. Жишээ нь ажлын ширээний өндөр нам, сандалны тохиргоо тухайн ажилтны нурууны өндөр намд тохирсон байх гэх мэтээр ажиллах орчинг маш сайн бүрдүүлэх, сэтгэл ханамж өгөхөөс халамж, хамгаалал эхэлдэг. Мөн асуудлыг болсоны дараа бус урьдчилан сэргийлэх ажлуудын талаар авах арга хэмжээг маш их зааж, зөвлөдөг. Ийм бодлогууд нь их таалагддаг.

- Монгол улс, монгол хүмүүс, энгийн нэг гэр бүлийн гишүүд эдгээр улс, байгууллагуудын туршлага, зөвлөмжөөс хэрэгжүүлж болох олон зүйлсийг өөрсдийн онцлогт тохируулан суралцаж хаанаас нь яаж эхлэх хэрэгтэй гэж харж байна вэ? Бид олон улсын бодлого, зөвлөмжүүдийг өөрсдийн онцлогт тохируулан суралцаж, хэрэгжүүлбэл, энгийн нэг гэр бүл, эцэг эх хаанаас нь эхлүүлбэл бодитой тусах вэ?

- Хүмүүс нийгмийн хандлага, хүвь хүний үнэ цэнэ, нийгмийн хувьд нэгдүгээрт тавьж ажиллах үнэ цэнэ юу вэ? гэдгийг ойлгох, хүүхдүүддээ ойлгуулах, аливаа зүйлд шүүлтүүртэй хандах, монгол сэтгэлгээ, бидний дараа үлдэх хүмүүст юуг үлдээх үү гэдэг зүйлийг чухалчилаж харах, энэ ойлголтыг гэр бүл болон хүүхдүүддээ ухамсарлуулж байх нь эхний алхам бөгөөд суурь бодлого болох болов уу гэж бодож байна.

- Манай залуучууд, залуу гэр бүл, залуу ээж аавууд сургуулиа төгсөөд ажилана. Албан ажлын хажуугаар гэр бүлтэй болох, гэр бүлээ авч явах, сайн дурын олон ажил хийх, хоббигоо хөгжүүлэх, өөртөө цаг гаргах хэрэгтэй гэх мэтчилэнгээр тэнцвэртэй байдлыг хадгалах гэдэг зүйл нэн тэргүүн тулгамдаад байна. Энэ тал дээр ямар бодолтой байна. Юу гэж зөвлөж хэлмээр байна вэ? Бид хэрхэн яаж тэнцвэртэй байдлыг авч явах ёстой юм болоо?

- Энэ тухайд хүмүүс их асууж байсан юм. Монголд ирсэнээсээ хойш за бараг 4 жил гаруй хугацаанд сайн дурын ажил хийлээ.

- Нэгдүгээрт би 40 нас хүрж байна. Амьдралын ухаан хуримтлагдсан байна. Дүү нартаа хандаж хэлэх зүйл их байдаг. Жишээ нь манай арван жилийн хүүхдүүд маш их ачаалалтай сурч байна. Хичээл, шалгалт-шалгалт-шалгалт гээд л бөөн стресс хуримтлагдчихна.За ингээд л улсын шалгалтаа арай гэж өгч дуусаад л үргэлжүүлээд л их сургуульд элсэх шалгалтын стресст орж эхэлнэ дээ.Үүний дараа аав ээжийн шахалтаар зарим нь их сургуульд зорилгоо ч ойлгохгүй их сургуульд ордог.Дурлаж орсон ч хүн байна. Дургүй орсон ч хүн байна. Сэтгэл зүйн хувьд тухайн хүүхэд маань бэлтгэлгүй байж байгаад их сургуульд орчихдог. Төсөөллөөс өөр байвал сэтгэл зүйн цочирдолд орно. Ялангуяа дургүй орсон хүүхэд цочирол, манаралаасаа гараагүй явж байгаад хоёр, гуравдугаар курст орчихдог. Тэгж ингэж он жилүүд дүүргэж явж байгаад эхнэр, нөхөр, аав ээжүүд болчихно. Эсвэл дуртай ч юм шиг, дургүй ч юм шиг сурч явсаар төгсөөд чанаргүй боловсон хүчин болж нийгэмд гардаг. Алсын хараа, зорилго, гэр бүл төлөвлөлт хийж амждаггүй эсвэл, анзаарч бодолгүй улаан гал руу орчихдог.

20170502 006

- Тэр тусмаа ийм байдлаар гэр бүл болсон залуучууд. Бие биенээ хайрлаж, энхрийлж байгаад хүүхэдтэй болдог. Дахиад л цочирдол. Хүүхэд гэдэг чинь ийм байдаг юм уу? Ээжээ ааваа туслаарай гэдэг. Нэг юм шийдэгдээд, дасан зохицоод явж байтал мөнгө олох асуудал тулгардаг. Үүнээс бухимдал стресс хураагдаж, хоорондоо маргах, жижиг асуудал нь том хагарлыг үүсгэх, хөндийрөх, салах, хүүхэд өнчирөх гээд л асуудал ар араасаа ундардаг.

- Тиймээс бид багаас нь төвөгшөөхгүй төлөвлөөд, санаандаа багтах мөрөөдөл, түүнд хүрэх алсаа хараад явчихвал сэтгэл зүйн цохилтонд бага орох юм болов уу даа.
- Жишээ нь оюутан байхдаа хичээл хийх гэдэг агуулгаас гадна маш олон зүйлийг сурч мэдэх цаг байдаг. Тэр цагаа ашиглаад хийж үзмээр чиглэлээрээ сайн дурын ажлаа хийчихдэг байхаас авахуулаад ачаалал даах чадварыг өөртөө суулгачихвал сайн. Дараа нь ажил дээр гараад ажлаа хиймээр, мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт бэлдмээр, сайн дурын ажлаа хиймээр, хайр дурлалтайгаа учирмаар, эсвэл гэр бүлээ тэжээмээр ч гэдэг юм уу. Ингээд л бүх зүйлийг зэрэг хийнэ гэж байхгүй шүү дээ. Тийм учраас аливаа зүйлийг цаг цагт нь хийгээд, цагаа зөв ашиглаж сурах бас их чухал юм.
- Залуу ээжүүдийн хувьд. Нөхөр намайг тэжээх ёстой гэдэг. Ингээд нөхрүүдээсээ авах ажилдаа ордог. Хөөрхий нөхөр нь ч гэсэн хүн л юм чинь бухимдана шүү дээ. Одоогоор хүүхэдтэйгээ байгаа ч гэсэн. Хэсэг хугацаа, хэдэн жилийн дараа ажил хийж л таараа. Тиймээс тухайн цагийг хүүхдээ салхилуулангаа бохь зажилаад юм яриад зогсохоор бүгдээрээ хамтраад юу хийх вэ? яах вэ? хамтдаа нэг юм хийе, сурья, хөгжье гэсэн уриалга гаргах, өөртөө мөн өрөөлд хэрэгтэй нэг ч гэсэн мэдлэг, туршлага, чадвар эзэмшүүлчих сэтгэл, зориг бий болгох хэрэгтэй байна.

- Нөхөр ч эхнэр ч хамтдаа адилхан хөдөлмөрлөж, нэгнээ дэмжих, стресс бухимдлаас хол байлгах арга юу байна вэ? гэдгийг эрэлхийлэх зориг хатуужил хэрэгтэй гэж харж байна.
- Би бол тэгдэг. Охиноо гэдсэнд байхаас нь авахуулаад л гэдсэнд бойжиж буй үртэйгээ ярилцаж, тэмдэглэл хөтлөхөөс эхлээд хийж болох, чадах зүйлсээ оролдож ирсэн болохоор зориг хүсэл байвал болдог гэдгийг мэдэрсэн, ойлгосон болохоор л ингэж хэлж байгаа юм шүү. Миний том охин, удаах охин бүгд адил. Тэгээд уншиж, бичиж сурхаар нь өөрсдөд нь өөрсдийнх нь тухай гэдсэнд байх үеэс ухаан орох үе хүртэлх тэмдэглэлийг нь уншуулж, бэлэг болгон өгсөн. Үүнээс харахад хүүхэдтэйгээ балчир байхаас нь ойрхон харилцаж, сургамжлах гэсэн үзэл санаагаа ойлгуулж, өөрийн биеэрээ харуулчихсан байхад өсвөр нас, бие хүн болох үе, бие даасан хүн болох гээд амьдралын өөрчлөлт болгонд та хэлж үглэхгүй байсан ч үгнээс чинь хол зөрж явахгүй л болов уу.

“Үүнээс харахад аливаа асуудлыг жижиг байхаас нь ажлаад хэвшчихвэл дараагийн тулгарах асуудал гэж байхгүй болчихно.”

Манай монгол хүмүүс өөрсдөө их алсын хараатай хүмүүс шүү дээ.Тэгэхээр таныг ийм сайхан төлөвшүүлж өгсөн эцэг эхийн тухай асуумаар байна.Танд юу гэж захиж, зөвлөдөг вэ?

- Тиймээ. Дээр үеийн хүмүүсийг ажиглаад байхад хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэхдээ их алсын хараатай ханддаг байсан юм байна даа гэж боддог. Үйлдлээрээ дагуулж чиглүүлж өгдөг байсан юм. Би Хөвсгөл аймгийн малчин айлын хүүхэд. Арван зургаа, долоон нас хүртлээ хөдөө мал дээр өссөн. Миний амьдралын замд нөлөөлсөн зүйл гэвэл миний аав ээж их хөдөлмөрч, найрсаг, хүнд тусархуу хүмүүс. Харамсалтай нь намайг долоон настай байхад аав маань бурхан болчихсон. Ээж хорин есөн настай найман өнчин хүүхэдтэй үлдсэн. Тэрнээс хойш надад болон миний гэр бүлд хүндрэл бэрхшээлүүд маш их гарч байсан. Тэр үед ээж маань хэлэх гэсэн зүйлээ бидэнд үйлдлээрээ харуулдаг байлаа. Энэ бол юу ч биш. Бид нар бүгдийг нь даваад гарах ёстой. Хэцүү байх тусам бид их зүйл сурч, мэдэж сайн сайхан зүйл бодож өөдөө тэмүүлэх ёстой гэж хэлдэг байсан юм. Сурсан зүйлийг хэн ч булаагаад авахгүй гээд л.. Ээж минь бидэнд үлгэрлэж хамтдаа хийж, сургаж ирсэн. Тиймээс ээжийн минь энэ сургааль, арга барил миний мэргэжил, амьдралд нөлөөлсөн. Өнчин хүүхдүүдэд тусалъя, хүмүүсийн сайн сайхны төлөө, нийгмийн эрүүл харилцааны төлөө зүтгэе хэмээн би ч мөн үлгэрлэж харуулах ёстой юм байна гэж ойлгож ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үр хүүхдүүдтэйгээ нэг зорилго тавьж, хамт хийж ирсэн юм.

Ээж тань хүүхдүүддээ ямар үг захиж хэлдэг вэ?

- Ээж маань чадал муутай хүмүүст их тусалж бай. Хүн ерөөсөө залхуурах хэрэггүй. Байнга хөдөлмөрлөж бай. Хэрвээ чадал нь байдаг юм бол унтахгүйгээр ч байсан хөдөлмөрлөж сур гэж үргэлж хэлдэг юм. Хүүхэд байсан учраас заримдаа надад “хэзээ би нэг сайхан айлын хүүхдүүдтэй адил байнга тоглож наадах юм бол? Хэзээ би нэг сайхан унтах юм бол?” гэж бодогддог байсан л даа. /инээв/ Өглөө гурван цагт босно. Ажил эхэлнэ. Бүх юм хувиартай тэр тэр энийг хийнэ гэх мэтээр цэрэг мэт л байдаг байсан даа. Хөдөөний амьдрал чинь хотын хүмүүстэй харьцуулахад хамаагүй их ажилтай байдаг. Магадгүй одооны ажлаас маань ч илүү их ачаалалтай байсан байх. Яаж тэр их ажлыг давж гарсан юм бүү мэд. Гэхдээ хамтдаа хийдэг байсан учраас яанаа гэж бодох завгүй даваад гарчихсан шүү дээ. /инээв/ Одоо эргээд харахад хамгийн хөдөлмөрч, ажилсаг, хамгийн мундаг нь ээж л байдаг байсан шүү дээ. Ингэхээр гол нь хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх, цаг гаргах, хүүхэддээ амалсан амлалтаа заавал хэрэгжүүлэх нь чухал юм даа.

- Тэгэхээр эргээд таны цаашдын зорилго, ажлын үйл явц руу оръё. Та Монгол улсдаа анхны “АRT THERAPY” буюу урлагийн сэтгэл засалч мэргэжилтнүүдийг бэлтгэхэд их хувь нэмэр оруулж байгаа гэж сонссон. Энэ тухай илүү дэлгэрэнгүй ярьж болох уу?

Миний бие Монгол улсдаа 18 жилийн хугацаанд хүнтэй ажилласан туршлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл нийгмийн хөгжилд чиглэж ажиллаж байгаа юм. Ингээд 5 жилийн өмнө Австрали улсад сурч байхдаа Урлагаар дамжуулан сэтгэл засал хийх мэргэжлийг маш их сонирхсон юм. Учир нь тэнд ажиллаж байхад энэ мэргэжлийн үнэ цэнийг илүү ойлгож тэндхийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байлаа. Ингээд Австрали улсад нийгмийн ажлаар магистраа хамгаалж дуусаад үргэлжүүлээд энэ мэргэжлээр сурхаар шийдсэн юм. Ингээд л ганцаараа сурч байснаас бас хэдэн Монгол хүмүүстээ боломж олгоё, өөрийнхөө оронд энэхүү мэргэлжийг хөгжүүлье гээд хамтран сурч эхэлсэн юм.

Хүний сэтгэл зүй гэдэг тоглоом биш учраас эхнээс энэ мэргэжлийг маш зөв суурьтай эхлүүлнэ гэж боддог. Тийм учраас хүний сэтгэлийн шаналал, зовлон, асуудлыг хэн нэгэн дуртай хүн өөрийгөө ‘Art therapist’ гээд тунхаглаж болохгүй. Учир нь энэхүү мэргэжил маань өөрийн гэсэн онол, арга зүй, техник, ёс зүйн кодтой байдаг. Үүнийг мэдэхгүйгээр, тухайн мэргэжлийг эзэмшилгүйгээр хүмүүсийн сэтгэл зүйтэй шууд ажиллана гэхэд хэцүү. Эргээд өөрөө сэтгэл зүйн хүнд асуудалд орох өндөр эрсдэлтэй.

Хүний сэтгэл зүйг засахын тулд нэг удаа, хоёр удаагийн уулзалт, зөвлөгөө хангалтгүй, тодорхой хугацааны турш системтэйгээр уулзалт хийж тухайн хүний бүтээлч сэтгэхүйг илүүтэй ажлуулж, өөрөөр нь асуудлыг олон талаас нь харах, шийдвэрлэх боломж олгодог юм. Үүнийг хэрэгжүүлэхэд олон онолуудын нэгдэл бөгөөд олон хүмүүст хүрж болох далайц ихтэй аргачлал юм. Тэгэхээр урлагийн сэтгэл заслын мэргэжил нь хүнд туслах чин сэтгэлтэй, сэтгэл зүйн хувьд төлөвшчихсөн хүн л ийшээ ханцуй шумлан орж уйгагүй хийх хэрэгтэй салбар юм л даа.
Манай өнөөгийн нийгэмд хувь хүнээс авхулаад гэр бүлүүд, албан байгууллагуудын дунд маш их уур, бухимдал, стресстэй байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл биднийг эргэн тойронд стресс их байгаа гэсэн үг. Тийм учраас зөвхөн сэтгэлзүйн зөвөлгөө аваад л яваад байж болохгүй болоод байгаа юм.Энэ уур бухимдал маань хүний бие, оюун ухааныг өвчлүүлж байгаа юм. Тийм учраас олон эрдэмтэд хүн өөрөө бүтээлч байх явцдаа асуудлаа өөрөөр харах, гарцуудаа мөн олдог.Ингэхдээ мэргэжлийн хүнээр удирдуулж илүү үр дүнд хүрнэ гэж үзсэн. Тийм учраас зөвлөгөө өгөөд явдаг системээс илүү маш сайн үр дүнтэй интервенц хийх ёстой болоод байгаа юм.

Сэтгэл зүйчид, сэтгэл засалч, нийгмийн ажилчид маань хамтарч ажиллах тал дээр дутагдалтай байдаг.Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

Миний хувьд нэгдэж ажиллахгүй байна гээд шууд дүгнэж чадахгүй байна. Ажиллаж байгааг би мэдэхгүй байж болно. Надад баримт нотолгоо байж ярих ёстой байх л даа.Тэгэхээр бид аль болох нэгдээд баг болоод бие биенийхээ чадахгүй орон зайг нөхөөд явах ёстой боловуу гэж боддог. 

Урлагийн сэтгэл заслын холбоог байгуулсан гэж байна.Мөн энэ чиглэлээр хамтдаа судлаж буй багтай гэж байсан.

Тиймээ. Манай багт нийгмийн ажил, сэтгэлзүйч мэргэжилтэй туршлагатай боловсон хүчнүүд байдаг. Бид ярилцаж байгаад Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргжлийн Холбоог байгуулсан байгаа. Урлагийн сэтгэл заслын мэргэжил хоёр чиглэлээр явагддаг. Нэг нь урлагийн боловсролыг олгох чиглэлээр олон нийтэд зориулсан үйл ажиллагаа байна. Нөгөөтөх нь илүү зорилтот бүлэгт чиглэсэн тодорхой зорилготой, системтэй үйл ажиллагаа юм. Үүнийг маш сайн, туршлагатай урлагийн сэтгэл засалчид удирдан зохион байгуулдаг.

Арт терапигийн нэг онцлог бол арт терапист зөвлөгөө өгөхөөс илүүтэйгээр хүний өрийн бүтээлч сэтгэлгээг их хөгжүүлдэг. Тухайн хүний онцлог, нөөц боломжийг оношилж мэдсэний үндсэн дээр өөрт нь тохирсон аргачлалын дагуу баримал, хайчилбар, драмын жүжиг, шүлэг, захиа бичих замаар бүтээлч сэтгэхүйгээ ашиглан бүтээл хийх явцдаа асуудлаа өөр талаас нь олж харах, шийдвэрлэх шийдлээ өөрөө олдог онцлогтой юм. Маш нарийн системийн дагуу нэг хүнтэй 5-8 удаагийн уулзалт хийх, сэтгэл ханамжтай болох хүртэлх заслын үйл ажиллагаатай байдаг. Тэгэхээр маш их хөдөлмөр зарцуулагдаж байж үр дүнд хүрэх салбар учир хүн бүр би арт терапист гээд явах нь үнэ цэнэгүй болгох аюултай. Англи, Австрали, Америк, Канадад хөгжсөн арт терапи бол бүгд өөрсдийн гэсэн ёс зүйн кодтой, баримтлах зарчимтай, аргачлал, онолуудтай, арт терапист сертификаттай байх, мэргэжлийн зэрэг цолтой байх зэрэг шаардлага, шалгуурууд тавьсан байдаг. Манайд ч мөн адил хөгжих ёсиой гэж үзэж байгаа. Одоогоор бол монгол улсад мэргэшиж байгаа мэргэжилтнүүд цөөхөн байгаа. Тэгэхээр эхнээсээ зорилгоо тодорхойлоод цэгцтэй явчихвал баг бүрдүүлэх, хамтрах асуудал бол амархан байхаа гэж үзэж байна.

Ажлын амжилтуудаас тань харахад та харилцааны ур чадварыг бүрэн эзэмшсэн хүн гэж бодож байна. Хүмүүстэй харилцахдаа баримталдаг зарчим ч юм уу, өөрийн ёс зүй гэвэл?

- Би өөрийнхөө давуу талыг хүмүүстэй нээлттэй ярьж чаддаг.Би хүмүүсийг нас, хүйс, ажил мэргэжил, зэрэг зиндаа гэж харьцахаасаа илүү хүн гэдэг үүднээсээ авч үзэж харилцдаг. Хүн өөрөө зөв байх юм бол түүнээс гарч байгаа үг, үйлдэл яг л харагддаг. Би өөрийнхөө чаддаг юмыг хүнд өгөх дуртай. Холбон зуучлах, хүмүүсийг хооронд нь танилцуулах албыг оюутан байхаасаа эхлээд нийгмийн ажилтан байхдаа ч хийж ирсэн шүү дээ. Миний мэргэжлийн онцлог л байх. Мэргэжлийн нийгмийн ажилтанд маш олон ур чадваруудыг шаарддаг. Иргэдтэй ажиллахаас гадна бодлогын түвшинд ч ажиллана. Хууль боловсруулах, олон нийтэд нөлөөлөх гээд л олон чадвар шаарддаг учраас миний гэхээс илүү мэргэжлийн маань онцлог байх аа. Дээрээс нь хувь хүний маань хүмүүжил, төлөвшил, сэтгэл, хүсэл, мөрөөдөл нэмэгдэхээрээ сайн үр дүнд хүрдэг юм болов уу даа.

Та өдөрт хэдэн цаг ажиллаж байна вэ?

20170502 007

- За манайх гэдэг айл чинь 3 хөөрхөн охинтой. Том охин Мичидмаа 10 настай, Удаах нь Маралмаа 3 настай, бага нь Одмаа 1 нас 4 сартай.
Хүүхдүүд маань нялх байхад босон суун юмаа хийдэг байлаа. Одоо бол өглөө 7 цаг, заримдаа 6 цагт босно. Босоод ажлаа төлөвлөх, е-майлээ шалгах, хариу захидлуудаа бичих зэргээр эхэлнэ дээ. 8, 9 цагт холбоо барих хүмүүстэйгээ харилцаж мэдээлэл солилцоно. Яг төвлөрөөд 10 цагаас хойш хүмүүстэй уулзах, гадуур явах, эсвэл сууж ажиллана. Ингэж эхлээд орой 7, 8 цаг гэж гэртээ орж ирнэ. Гэртээ ирээд ээж хүн чинь ажлаа яриад, хийгээд суухгүй. Ээж, гэргий хүнийхээ үүргийг гүйцэтгэнэ. Гэрийн ажлаа дуусаад хүүхдүүдтэйгээ тоглоно, үлгэр уншиж өгнө, хичээлийг нь хийлцэнэ, гэр бүлд болсон сонин соргог зүйлээ ярина. Ажил ихтэй үед үргэлжлүүлээд ажлаа хийгээд сууна. Тухайн өдрөө хийхгүй бол болохгүй зүйл байвал нойр хамаарахгүй яс хийж дуусгаад л амрана эсвэл үргэлжлүүлээд өөр ажил руугаа шилжинэ. Хэдэн ч хоног нойргүй байсан хийх юмаа хийж дуусгадаг. Гэхдээ энэ их муу. Ер нь суувал орой хоёр хүртэл суугаад өглөө эрт босч үргэлжлүүлэх нь зүгээр гэж боддог. Иймэрхүү байдлаар л ажилладаг даа. /инээв/ Бас нэг зүйл хэлэхэд намайг сайхан сэтгэлтэй хүмүүс их хүрээлдэг учраас ажил үйлс минь бүтэмжтэй сайхан байдаг байх аа гэж боддог шүү. 

Та цаашдынхаа амжилт алсын харааны тухай дурдана уу?

- Алсын хараан дээрээ үндэслээд хүсэл, мөрөөдөл, зорилгоо тодорхойлж хэрэгжүүлнэ шүү дээ. Би хувь хүнийхээ хувьд ямар мөрөөдөлтэй байна, мэргэжлийнхээ хувьд ямар зорилготой байна, эхнэр, ээж хүнийхээ хувьд ямар зорилго, хүсэлтэй байна гээд энэ бүгдийгээ биелүүлж, хэрэгжүүлж чадвал миний амжилт шүү. Хөгжилтэй номын санг байгуулах бол миний охины мөрөөдөл байсан. Би охиныхоо мөрөөдлийг биелүүлж өгөх юмсан гэж бодсон, амалсан. Тэгээд охинтойгоо хамтдаа гурван жил зүтгээд өнөөдөр өөрийнхөө хороон дээр хөгжилтэй номын сангаа байгуулчихаад байж байгаа юм. Эн э бол бид хоёрын эзмшлийн гэх юмуу хувийн номын сан биш шүү дээ.Энэ маант Монгол улсын маань олон хүүхдүүд, тэдний гэр бүлүүдэд зориулсан үнэ төлбөргүй, гэрийнх нь хамгийн ойр тэдэнд ээлтэй орчин юм л даа. Үүнийг бий болгосондоо их баярлаж явдаг. Цаашид хороо нь улам илүү өнгөлөөд аваад явчихвал бид хоёрын санаа амрах гээд байгаа юм. Чөлөөт цаг, зав гарвал энэ хөөрхөн номын сандаа ирээд сайн дурын ажлаа хийх дуртай даа бид хоёр.
Одоо оюутан, сурагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд хүмүүсийг сайн дураараа ирж ажилладаг хэвшлийг суулгамаар байгаа юм. Хэдий бид байгуулсан байлаа ч энэ бол минийх биш харин та бүхнийх учраас өөрсдөө ирж ажиллуулж хамтдаа хөгжих боломжийг олж хараасай гэсэн үндсэн дээр хүмүүсийг уриалаад байгаа юм.

- Бидний мөрөөдөл бол хөгжилтэй номын сангаа жишиг болгоод дүүрэг, хороо болгон дээр иргэд, ахмад настан, хүүхэд багачууд, өсвөр насныханд зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлж болохуйц, өөрийгөө хөгжүүлж болохуйц хөгжилтэй номын сангийн маань үйл ажиллагаа дэлгэрээд яваасай гэж хүсэж байна.

- Хоёрдугаарт жаран нас хүртэл гэрийн ажлаа хийнэ, эдийн засгийн хуримтлал, эргэлт, орлогоо нэмэгдүүлэх тал дээр сурсан мэдсэнээ ашиглаад мөнгө болгоё, өөрийн баяр баясгалантай, аз жаргалтай амьдралаа төлөвшүүлэх хэрэгтэй байна. Жаран наснаас хойш бол сайн дурын ажлаа үргэлжлүүлээд хийх болно.

Залуучуудын хувьд 30 нас хүртлээ суръя, ажиллая, өөрийгөө хөгжүүлье гэхээр бас нийгмийн хандлага нь ч юм уу хүмүүс оройтлоо, хөгширчихлөө гэж үглэхгээд байдаг. Хүний насны үечлэлд хөгжих, төлөвших, бүтээх, байгуулах онцлогууд гэж байдаг байх.Энэ талаар дээр санаа бодлоо хуваалцана уу?

20170502 004

- Тийм. Нийгмийн тогтсон хандлага хүмүүст их дарамт учруулдаг. Оюутнууд нэг жил өнжөөд юугаар сурахаа сайн таньж мэдчихээд дараа жил нь суръя гэхээр өөр бусад хүмүүсээс шүүмжлэл, ялгаварласан үзэл бодол ирдэг учир ичсэндээ, хавчигдсандаа аргаггүй эрхэнд сургуульд ордог. Ажлаа хийгээд хөгжих дэвшихээ зорилго болгоод явж байгаа хүнийг хүүхэдтэй болохгүй, гэр бүлээ зохиохгүй гэх мэтээр бас л дарамт шахалт үзүүлдэг. Хүнд таалагдахын тулд өөрийнхөө амьдралыг хүчээр төлөвлөж, өөртөө стресс, асуудал үүсгээд байгаа юм шиг санагдаад байдаг. Тиймээс өөрийнхөө үзэл бодол, зорьсондоо тууштай байж амьдралаа төлөвлөдөг байх хэрэгтэй. Түүнийг нь ойлгодог аав, ээж, найз нөхөд нь байх, дэмжиж өгөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр хамгийн ойр нь аав ээж учраас цаг гаргаад ярилцаж, төлөвлөх юм бол хүүхэд илүү алсын хараатай явах юм аа.

- Миний амьдралын туршлагаас харахад оюутан байх цагтаа сурч мэдэх зүйлээ сурч мэдээд, төгсөөд ажлын байрандаа сайн боловсон хүчин болоод төлөвшчих хэрэгтэй, ажиллах оргил насандаа маш сайн ажиллах хэрэгтэй, оюутан байхдаа тэр ажлынхаа туршлагыг хуримтлуулах ёстой юм байна. Тиймээс ажилчин болохдоо ажлаа дээд зэргээр сайн хийж амжилт гаргах ёстой. Ингээд гадагшаа явж гадны орны туршлагыг мэдэхийн тулд сайн ажилсан ажлынхаа амжилт, сайхан зүйл бүтээсэн сайн үйлсийн ажлынхаа үр дүн хоёрыг нэгтгээд тэтгэлэгт хамрагдах, эсвэл олон улсын байгууллагад ажиллах ч байна уу аль нь ч байсан бүгд бүтэх боломжтой болно. Хамгийн гол нь өрсөлдөх чадвартай болох хэрэгтэй. Ингээд олон зүйлийг мэдээд эх орондоо хүрч ирээд ажиллаж, амьдрахад залуухан л байна шүү дээ. Гэтэл нэг ажилд орчихоод хэт их төвлөрөөд, удаан ажиллах гээд, өдөр өнгөрүүлээд, цалин аваад суугаад байдаг юм шиг санагддаг.

- Нийгэм маш тогтворгүй байна. Хүмүүсийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна. Мөн олон манай засгийн газар олон улсад монгол улс баян орон гээд заралчихсан. Тэгэхээр олон улсын байгууллагуудын хөгжлийн төсөл татан буугдаад, ажилчидаа цомхотгочихож байгаа юм. Тэр байгууллагуудад ажиллаж байсан олон монгол хүмүүс ажилгүй болоод одоо яах уу? юу хийх үү? гэдэг асуудалтай тулгарч байгаа юм. Тэгээд гадуур ажлын зар хайгаад үзэхээр найз нөхөд, танилаараа оруулчихдаг ч юм уу эсвэл эзэн нь тодорхой худлаа зар байдаг ч юм уу. Ийм зүйлээс болж хүмүүс бухимдана, итгэх итгэлгүй, урам зориггүй болж байна шүү. Гадагшаа яваад сурч, ажиллаад ирчихсэн хүмүүс монголд ирээд ажиллах орон зай алга байна. Нэг бол хэт өндөр боловсролтой, эсвэл нас нь хэтэрчихсэн манайд тохирохгүй гэдэг. Бухимдах нь бухимдаж, буцах нь буцаж, үлдэх нь үлдэж байгааг би сайн мэдэж байгаа. Ингээд эцсийн дүндээ бид юунд хүрч байна вэ гэхээр. Чаддаг, мэддэг зүйлээрээ өрх гэрээ авч явья, өрхийн орлогоо нэмэгдүүлье, зориглоод оръё, тэмцье гэсэн сонголтондоо хүрч байгаа юм. Эндээ л юм аа хийнэ, миний эх орон шүү дээ. Би бол ийм л шийдвэр гаргасан. Надад мөрөөдөл байна. Би монгол хүмүүсийн төлөө юм хиймээр байна.

Ингээд бодохоор ажилтай л байвал болоо гээд нэг байгуллагад орчихож бас болохгүй байгаа юм. Өдөрт 8, 9 цаг ажиллана, амралтын өдөр ажиллана, дэрээс нь урвагар, уцаартай, ууртай, стресстэй болж эрүүл мэндээрээ хохирч болмооргүй санагдаад байгаа юм. Тийм учраас өөрийнхөө чаддаг зйүлээрээ, дуртай зүйлээрээ, өрхийнхөө орлогоо нэмэгдүүлэх ажил руугаа шургуу орох хэрэгтэй юм байна гэж харж байгаа ш дээ/ инээв/. Иймээс ажиллах цаг уян хатан байж хүн аз жаргалтай ажлаа хийнэ гэж бодож байна даа.

Ийнхүү бидний ярилцлага өндөрлөж байна. Та уншигч олондоо хандаж хийморийг нь сэргээх урмын үгээ үлдээнэ үү.

- Дээр үед нэгэн нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн уриа байдаг байсан. Миний бодлоор бол монгол хүмүүс амьд байхдаа бие биенийгээ хайрлацгаая, бусдынхаа төлөө нэг хүн ч гэсэн нэг гэлтгүй дусал нэмэр болцгооё гэсэн үзэлтэй хүмүүс юм. Монгол улсынхаа төлөө олон зүйл хийх гэж оролдож байгаа маш олон мундаг хүмүүс байгаа. Та бүхэн ганцаараа зүтгээгүй шүү. Таны ажлыг, хүсэл зоригийг дэмжих сайхан сэтгэлтэй хүн заавал гарч ирдэг юм шүү, таны хийж байгаа зүйлийг хэн нэгэн харж л байгаа, хувь заяа тань таныг ивээх болтугай, бид одоо дөрвөлжин байшинд амьдарч байгаа ч гэлээ бөөрөнхий гэрт бүгдээрээ бие биенийхээ төлөө амьдарч байснаа байнга санаж яваарай цалигсан халуун сэтгэл, өөдрөг бодлоор дүүрэн байх болтугай гэж хэлье.

Баярлалаа. Баяртай.