20170727 001


Сэтгүүлч М. Ариунгоо
Хөмсөг: Гоё хүмүүс

Ажлын долоо хоног дуусаж байгаа болохоор ч тэрүү хөнгөн гуниг өвөртөлсөн нарлаг сайхан өдөр байлаа. Яагаад вэ? гэвэл өдөр бүр нэг хэмнэлтэй өнгөрөхөд хүмүүс дургүй байдаг. Өдөр хоног өнөөдөр бас маргааш үргэлжилсээр л. Тиймээс л надад хөнгөн гуниг төрсөн юм. Гэвч энэ өдрийн нарлаг сайхныг би мэдэрч чадсан. Сэтгэл онгойж, уужирсан юм.

Юу вэ? гэвэл гадаадад сурч, ажиллаж байгаа монголчуудтайгаа холбогдож, алдаа оноо, амжилт бүтээлийн тухай ярилцана гэдэг хамгийн сайхан. Яагаад гэж үү? амьдралыг туулж, туучиж яваа хүний яриа сонсоход нэг их, дээд сургууль дүүргэх хэмжээний мэдлэг, ухаарал олж авдаг учраас юм шүү дээ.
Ингээд манай энэ удаагийн хүндэт зочноор МУИС-г Олон Улсын Сэтгүүл зүй мэргэжлээр төгссөн. Одоогоор Япон улсын Нийгмийн халамжийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхимд сэтгэл судлаач мэргэжлээр сурч байгаа судлаач оюутан Мөнхжаргалын Бүжиллхам оролцож байна.
Монгол улс бямба гараг 21:30-с Японы Токио хотын оройны 22:30 минут болж байхад ярилцлага маань эхэлсэн билээ.

- Та сайхан зуншиж байна уу?
- Сайхан сайхан.
- Ийнхүү мэргэжил нэгт бүсгүйтэй яриа өрнөж эхлэв ээ. . .

- Юун түрүүнд Японд суралцах болсон шийдвэр, анхны алхмаас яриагаа эхлэх үү?

- Би арван жилийн бага дунд ангид байх үеэсээ л Япон гэдэг оронд ядаж очиж, аялж үзэх юмсан гэж боддог байсан. Энд ирэхийг хүссэн маань маш инээдтэй шалтгаантай. Япон хүмүүс ч надаас яагаад энд ирэхээр сонгосон бэ гэж их асуудаг. Тухайн үед гардаг байсан “Нэгэн дээвэр дор”, “Дурлах нас” гээд кинонууд их нөлөөлсөн. Яг Япон явах боломж гарна гэж бодоогүй, зүгээр хэлийг нь ч болов суръя гэж бодоод их сургуульд ороод хэл бага багаар үзэж эхэлсэн. А үсгээс нь эхлээд ханзгүй үг өгүүлбэр уншиж сурах гээд л. Энэ эрмэлзэл маань аавын нүдэнд өртсөн байх. Тэгээд төгсөх курст орох жил аав надад их сургуулиа төгсөхдөө ийм дүнтэй бай гэсэн болзол тавьсан. Үүндээ хүрч чадвал эхний ээлжинд Япон явуулж өгье гэж бид хоёрын дунд хэн ч мэдээгүй аман тангараг тавигдсан даа.

- Төгсөх хүртэл их хүлээлттэй байсан байх. Японд анх буухад төрсөн сэтгэгдэлээсээ хуваалцаач?

Би өмнө нь гадаадад сурч байгаа хүн бол ерөөсөөө гайхамшиг, туйлын мундаг гэж бодож өөрөө бол нэг өдөр тэдний нэг болно гэж бодоогүй явсан. Харин бодит байдал дээр энэ тийм боломжгүй, би чадахааргүй гайхамшигтай зүйл байгаагүй юм байна гэж боддог болсон. Мэдээж амархан зүйл нэгхэн ч болов байхгүй л дээ.
Аав маань надад Монголоос нисэхийн урьд шөнө хүртэл хэлж байсан. Тэнд очоод амьдрал тийм амархан биш шүү, чи шүдээ зуугаад л тэсэх хэрэгтэй болно гэж. Би харин тийм сайхан газар явах гэж байхад бүх юм сайхан байна. Ямар ч асуудалгүй би зүгээр болгоод өгнө гэж бодож байлаа. Анх ирээд бүх юм шинэ сонин, барилга байгууламж, хүмүүс нь хүртэл өөр хачин сайхан санагдаад би хэсэг энд байгаадаа итгэж чаддаггүй байсан шүү. Харин яваа яваандаа ёстой шүдээ зууж тэсэх, наашаа харж инээж цаашаа харж уйлах юм маш их гарч ирдэг юм билээ.

- Та сэтгүүл зүйгээр монгол улсын их сургуулийг төгссөн гэсэн сэтгүүлч мэргэжлээрээ монголд ажилласан уу?

Тийм ээ. 2014 онд Монгол Улсын Их Сургуулийн нийгмийн ухааны их сургуулийг Олон Улсын Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Оюутан байх хугацаандаа “Үндэсний шуудан” өдөр тутмын сонинд сэтгүүлчээр ажиллаж анхны ажлын гараагаа эхэлж байсан. Дараа нь “Orloo.info” сайтад Япон улсад ирэх хүртлээ ажиллаж байлаа. Харин хэдхэн жилийн өмнө би хүнээс ярилцлага аваад бичиж суудаг байсан бол өөрөө хүний асуултанд хариулаад сууж байна гэдэг их сонин юм байна.

- Шинэхэн ажилтанд сурах зүйл их байдаг. Та дутагдалтай талаа хүлээн зөвшөөрч чаддаг уу? /Хувь хүн талаасаа болон мэргэжлийнхээ хүрээнд/

- Оюутан дадлага хийх хугацаанд, дөнгөж төгссөн шинэ мэргэжлийн хүчин мэдээнд явах, ярилцлага бичихээс бидний ажил эхэлдэг. Мэдээ бичнэ гэдэг бодит байгааг 5w1Н гэсэн асуултанд хариулах ёстой гэж заалгасан онолынхоо дагуу биччихнэ. Хэрвээ эдийн засаг, улс төрийн чиглэлээр судалгааны нийтлэл бич гэвэл хэрхэн яаж бичихээ мэдэхгүй, тулгамдах, шантрах үе олон тохионо. Эндээс л бичих чадвар, мэдлэгийн түвшин, илэрхийлэх өнцөг ялгардаг байх. Гэхдээ л олон жил ажиллаж байгаа хүмүүс дунд орохоор гологддог. Тийм дутагдлыг бол хүлээн зөвшөөрөлгүй яахав ээ.

Хүний зан араншинг 1. Бусад хүмүүс болон би өөрөө мэддэг. 2. Бусад хүмүүс мэддэг хэрнээ би өөрөө мэддэггүй. 3. Би өөрөө мэдээд, бусад нь мэддэггүй 4. Бусад ч мэддэггүй, өөрөө ч мэддэггүй зан ааш гэх Жохарын 4 цонхны онол бий. Хувь хүнийхээ хувьд хэрвээ ямар нэг дутагдлыг би өөрөө ч мэддэг, бусад нь ч мэддэг бол би шударга хүлээн зөвшөөрөхийг хичээдэг. Өөрөө ч мэдэхгүй зан ааш бусдад анзаарагдсан бол хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Энэ нь эргээд хүн өөртөө хайртай байдагтай нь холбоотой байх. Сэтгэл судлалын үүднээс авч үзвэл ерөөсөө хүн нийгмийн амьтан болохоороо өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хүсэл агуулж байдаг. Үүнтэй уялдаад өөрийгөө хайрлах сэтгэл ч бас байж л байдаг. Хамгийн гол нь тэдгээрийн тогтвортой байвал нь л дутагдлаа хүлээн зөвшөөрч чадах уу үгүй юу гэдгийг шийдэхэд нөлөөлдөг болов уу...

- Япон дахь сэтгүүл зүйн салбарын тухайд сэтгүүлчид нь мэдээг хүргэхдээ эерэг эсхүл сөрөг гээд аль талаа давамгай баримталж бичдэг болоо? Та ажиглаж байсан бол хуваалцана уу.

20170727 002

- Японд телевизэд ажилдаг таньдаг нэг сэтгүүлч эгч бий. Тэр хүний ажилладаг арга барилыг ажигласнаар бол харах өнцөг маш олон хувилбартай, олон талаас нь харуулж нийтлэл нэвтрүүлгээ бэлддэг шиг санагдсан. Жишээ нь нэг гэмт хэрэг гарлаа гэж бодоход яагаад ийм хэрэг үүсэв, үүнийг гэмт хэрэгтний, хохирогчийн болон тэдний ар гэрийнхний талаас гээд олон хүний сэтгэл зүйн, нөхцөл байдлын шалтгааныг хөндөж нэг талын байр суурь илэрхийлэхгүй байх гэж бичдэг байх. Тэгэхээр нийгмийн хандлагад эерэгээр хүрээд байх шиг. Хувь хүний сэтгэл зүйд сөрөг бус ийм нөхцөлд хэрхэн сэргийлэх вэ? гэдэг сэрэмж талдаа очдог ч юм шиг. Хэрвээ сэтгүүлч буруу мэдээ хүргэвэл телевизээр эсвэл сонингоор заавал уучлал гуйж залруулдаг. Сэтгүүлчид нь маш их хариуцлагатай байдаг мөн нийгэм нь ч тийм байхыг шаарддаг байх. Бидэнд ч бас сэтгүүлчийн ёс зүйн зарчим гээд зааж байсан боловч манайд яагаад ийм байдаггүй нь нийгмийн өөрийнх нь хариуцлага тооцох систем, хүмүүсийн ухамсартай л холбоотой гэж бодож байна

- Сэтгүүл зүйн салбарт монополь тогтчихоор л шударга байж чадахаа болчихдог гэж сонсож байсан. Манай орон бол монополь тогтчихсон байгаа. Үүнийг татан буулгахын тулд сэтгүүлчид өөрсдөө л тэмцэх хэрэгтэй байх аа?

- Тийм. Намайг оюутан байхад олон ургалч үзэл хичнээн чухал болохыг багш нар үргэлж сануулдаг байсан. Тэгэхээр монополь тогтноо гэдэг сэтгүүлч хүн өөрийн харсан өнцгөө чөлөөтэй илэрхийлэх боломж багасаж, мэдээнд олон ургалч үзэл байхгүй болно л гэсэн үг. Үүнийг өөрчлөх тал дээр манай сэтгүүлчид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлээд эхэлсэн байна лээ. Миний хувьд сэтгүүлч хүн шударга байх ёстой, үнэнийг илтгэх ёстой гэж заалгачихаад өөрөөр ажиллаад байдагтай эвлэрч чадахгүй учраас ирээдүйд юмс зөв голидролдоо орох хүртэл энэ салбарт ажиллахгүй гэж боддог маань ч үүнтэй холбоотой байж магадгүй. Гэхдээ бодоод үзвэл их хэцүү зүйл л дээ. Амьдралаа залгуулж байгаа ажил нь дарга цэргийн тогтолцоотой. Сайн гаргасан санаа, өөр өнцгөөс харж бичсэн материалаа хэвлэн нийтэллэх гэхээр болохгүй, ингэж бич гэж зааварлаад байвал, үгүй гэж тэмцье гэхээр эргээд эдийн засгийн чөлөөт бус байдлаараа л боогддог байх даа. Дахиад сэтгэл зүйн үүднээс тайлбарлаж үзвэл Масловын онолоор хүн нийт 5 хэрэгцээтэй байдгийн эхнийх өлсөхгүй цангахгүй даарахгүй байх гэх мэт нь аюулгүй байдал. Гэтэл сэтгүүлчид редакц удирдлагын зүгээс эдийн засгийн дарамт үзүүлэхээр хүн тав дах хэрэгцээ болох ёс суртахуунлаг байх түвшиндээ хүрч чадахгүй. Тиймээс л хэвлэн нийтлэх эрхийг зөрчиж байгаа хуулийн төслүүдтэй сэтгүүлчид өөрсдийн чадахаараа л тэмцэх хэрэгтэй болов уу. Одоо нэг үеэ бодвол хүн бүхэн ухаалаг утас интэрнет фейсбүүк ашигладаг болсон учраас олон нийтийн сүлжээгээр ч бас тэмцлээ илэрхийлж, үзэл бодлоо хэлэх боломжтой гэж бодож байна.

- Та сэтгэл судлалын мэргэжлээр сурч байгаа гэсэн. Ямар сургуульд сурч байгаа вэ?

20170727 008

- Токио хотын “Tokyo social walfare university” буюу “Токио нийгэм халамжийн их сургууль”-н ерөнхий сэтгэл судлал мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалж байгаа.

- Японд сэтгэл судлалын мэргэжлээр сурах болсон шалтгаан нь юу вэ?

- Би арван жилийн сурагч байхдаа л маш олон юманд зэрэг сонирхолтой байсан. National Geographic үзээд биологич болохыг хүсдэг байлаа. Монгол хэлний багшийгаа харах бүртээ багш болно гэж хүсдэг байлаа. Газар зүйн хичээл үзээд дэлхийг тойрч аялахыг мөрөөддөг. Юм бүрийг таниж мэдэх хүсэлтэй байсан. Харин ахлах ангид ороод эхлээд нь өөрийгөө тэгээд бусад хүмүүсийг танин мэдэх хүсэлдээ хөтлөгдөөд сэтгэл судлаач болно гэж шийдсэн. Харин одоо энэ хүслийнхээ дагуу танигдаж дуусашгүй шинжлэх ухаанд орчихоод бүр илүүг мэдэж, ойлгохын тулд шуналтсаар байна.

-Монголын их сургууль, Японы их сургууль хоорондын сургалтын систем хэр хол ялгаатай бол?

- Манай сургууль бол нийгмийн халамжийн их сургууль гэдэг утгаараа халамжийн салбар, сэтгэцийн эрүүл мэнд, зөвлөгөө талдаа илүү түлхүү хичээлүүд ордог. Япон улс ямар ч салбарт сэтгэл зүйчтэй. Сургууль, албан байгууллагын сэтгэл зүйч гээд хангалттай орон тоотой ажилладаг юм билээ. Сэтгэл зүйчид зориулсан онол практик хосолсон арга зүйн гарын авлага маш их хэвлэгддэг. Монгол улсын хувьд мэргэжилтэн бэлтгэх тал дээр шинжлэх ухааны хөгжлийн түүхийг хэт их авч үзээд одоо асуудал нь юу юм бэ гэдгийг тэр бүр ойшоож заадаггүй юм шиг санагдсан. Би Монголд өөр мэргэжлээр төгссөн мөртлөө ингэж хэлэх нь буруу байж болох юм. Хэрвээ миний анзаарсан зөв бол үүний оронд түүхээс илүү практик чадвар эзэмшүүлэх зэрэгт анхаарвал зүгээр санагддаг.

- Төгсөөд мэргэжлийнхээ дагуу ажиллах боломжийн талаар
Харамсалтай сэтгэл судлалаар төгссөн гадаад оюутан японд мэргэжлээрээ ажиллах боломж бага байдаг юм билээ. Япон оюутнууд ч өөрсдөө шууд ажиллах нөхцөл бага гэж дуулсан. Манайхтай харьцуулахад өргөн хүрээнд ажлын байртай боловч мэргэжлийн өндөр түвшин шаардагдах учраас тэгдэх байх. Гадаад оюутнуудад виз олгодог 1. Олон улсын харилцаа, 2. Эдийн засгийн, 3. Хүмүүнлэгийн гэсэн гурван том салбар байдаг. Гэтэл үүнд нийгмийн халамжийн салбар ордоггүй байх нь. Магадгүй тийм учраас энд сурч ажиллах зорилготой хүмүүс ихэвчлэн олон улс эдийн засаг зэрэг мэргэжил эзэмшихээр сурч байх шиг байна. Эсвэл өндөр технологи, байгалийн шинжлэх ухаан гэх мэт.

- Та өөрийн сургуулийн багш нарын ажилдаа хандах хандлагын тухай ярьж өгнө үү.

20170727 004

- Нийгмийн халамжийн их сургуулийн хувьд дийлэнх багш нар нь сэтгэл судлал, нийгмийн халамжийн чиглэлээрээ халуун цэг дээр ажилладаг хүмүүс их байдаг. Тийм учраас практик мэдлэгүүдийг маш сайн өгдөг. Нөгөөтэйгүүр оюутнуудаа маш сайн шахдаг. Хаана ч оюутан хүн бол өөрө ирэлхийлж өөрийгөө дайчилж сурах ёстой. Харин түүнд нь тавьж байгаа багш нарын шаардлага өндөр гэж хэлж болох юм. Жишээ нь хийж байгаа бие даалтыг нь илүү чанартай байлгахын тулд маш өндөр шаардлага тавьдаг. Шаардлагад үнэхээр нийцэж байгаа тохиолдолд л материалыг нь хүлээж авдаг. Үнэхээр шаардлагад тэнцэхгүй байгаа тохиолдолд хичнээн ч удаа засвар хийлгэж авдаг багш нар олон бий. Монгол улсын их сургуулиудын хувьд оюутныхаа чадварыг хөгжүүлэх тал дээр бага ажилладаг юм шиг санагддаг. Мэдээж Монгол улсад мундаг чадвартай багш нар олон байгаа. Гэхдээ манай Монгол сургалтын бааз багатай санагддаг. Жишээ нь нэг шинжлэх ухааны ойлголт байлаа гэж бодвол түүнийг Монгол хэл дээр юу гэж хөрвүүлж буулгах, нэгдсэн ямар ойлголтоор тэмдэглэх зэрэг сурах бичиг, толь бичгийн зориулалттай материал олддоггүй. Сэтгүүл зүйн статистик аргачлал гэхэд л Монгол хэл дээр ямар ч сурах бичиг байхгүй.

- Даалгавар гүйцэтгэлийн хувьд маш сайн хийдэг гэлээ. Оюутнуудын сурах үйл явцад хандах хандлагын тухайд ярина уу?

- Бие даалт гүйцэтгэлийн хувьд бол эх бэлтгэлд бүх шаардлагатай мэдээллийг тодорхой хэлээд өгчихдөг, гүйцэтгэлийн шалгуур нөхцөлүүдээ тодорхойлчихдог. Энэ талаараа манай багш нараас өөр, илүү хатуу чанга. Японд ч их сургууль төгссөн хүмүүс манайхтай харьцуулахад бага. Аль аль улсын хүн амын хэмжээнд шүү дээ. Харин багш нар болон сургуулийн боловсролын чансаа хатуу чанга байдагт гол учир нь байгаа болов уу. Үнэхээр хүслээрээ сурч байгаа хүмүүс бол их өөр чадвартай байдаг. Нөгөө талаас япон хүмүүсийн уул мөн чанар аливаа зүйлд хариуцлагатай хатуу чанд хандах ёстой гэсэн хүмүүжлээр төлөвшчихсөн байдаг учраас л хүсэх эс хүсэх хамаарахгүй хийж байгаа зүйлийн гүйцэтгэл сайн байдаг байх.

- Багш нар нь мэргэжлийнхээ хувьд асуудлын халуун цэг дээр ажилладаг хүмүүс байдаг гэж байсан. Оюутнууддаа эмчилгээний арга техникүүд заадаг болов уу?

- Клиник сэтгэл судлал болон зөвлөгөөний арга зүйн хичээлүүд заавал судлах ёстой хичээлийн жагсаалтанд байдаг. Гэхдээ хичнээн бэлтгэгдчихсэн сэтгэл зүйч байсан ч яахаа мэдэхгүй тулгамддаг үе олон гардаг гэж багш нар заадаг. Тиймээс сэтгэл зүйчид өөрсдөө зөвлөгөө авдаг “Supervisor”тай байна. Тийм учраас зүгээр хичээл сонсоод эмчилгээний сэтгэл зүйч болно гэж ойлгож болохгүй. Мөн эмч, сэтгэл зүйчид зориулсан зөвлөгөө, эмчилгээний арга техникийн маш зузаан гарын авлага хангалттай байдаг юм байна лээ. Хичээл дээр ийм арга техник бий гэж зааж өгдөг боловч авч үзэж байгаа жишээ гэхэд зохиомол байна. Яагаад гэвэл багш хүн оюутандаа хичнээн мэдлэг олгож байгаа ч эргээд өөрийн үйлчлүүлэгчийнхээ хувь хүний нууцад хамгаална. Үндсэндээ бол өөрөө л гарч ажиллаж үзэхгүйгээр ямар хүнд, ямар сэтгэл зүйн эмчилгээ хийх вэ гэдэгт 100 хувь зөв гээд тогтсон ойлголт гаргахад бас хүнд байдаг юм билээ.

- Монгол дах сэтгэл судлалын талаар юу гэж боддог вэ?

20170727 003

Би одоохондоо мэргэжлийн судлаач хэмжээнд очоогүй байна. Гэхдээ миний анзаарч байгаагаар эхлээд нийт масс сэтгэл зүйч гэж хэн бэ, яагаад бид тэдэнд хандах ёстой вэ, тэр бидэнд яаж туслаж чадах вэ гэдэг зөв ойлголттой болох хэрэгтэй. Сэтгэл зүйч гэхээр өөдөөс харж суугаад за миний талаар ярь, намайг одоо унш гэсэн тоглоом шоглоом шиг буруу ойлголтоос салах хэрэгтэй. Сэтгэл зүйч гэдэг бол далдыг хардаг нэгэн эсвэл илбэчин хүн биш. Судалгаа, шинжилгээний аргаар таныг танин мэдэх, танд туслах гэж байгаа мэргэжил гэдгийг ойлгох хэрэгтэй. Дээрээс нь мэргэжилтнүүдийн хүрээнд илүү олон ном, сурах бичгүүд гараасай гэж боддог доо.
Нөгөө талаас маш олон сэтгэл зүйн төвүүд нээгдэж үйл ажиллагаа явуулдаг болсон гэж дуулсан. Энэ бас сайн хэрэг шүү

- Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Тиймээс та хувь хүн талаасаа өөрийгөө сонирхуулна уу.

- За.

- Танд амьдралд баримталдаг өөрийн гэсэн зарчим байдаг уу?

- Манай өвөө бидэнд хэлдэг байсан сургаал юм даа. Юу вэ гэвэл худлаа хэлж болохгүй, хулгай хийж болохгүй, хүн шиг л байгаарай гэж. Хулгай хийнэ гэдэг нь ганцхан эд зүйл хулгайлах биш. Жишээ нь хүнтэй уулзъя гэж хүний цагийг авчихаад өөрөө хоцрох юм уу, болзоогоо цуцлах ч юм уу. Энэ нь тэр хүний цагийг хулгайлж байна гэсэн үг шүү дээ. Хүнд итгэл түрүүлчихээд итгэлийг нь алдвал сэтгэлийг нь хулгайлж байна аа гэсэн үг. Хүнийг айхтар их уурлууллаа гэвэл эрүүл эсийг нь хулгайлж байна гэсэн үг. Гэх мэтчилэн хулгай гэдгийг их өргөн утгаар авч үзэх хэрэгтэй юм л даа. Тэгэхээр ямартай ч худлаа хэлж болохгүй, хулгай хийж болохгүй. Хүн заавал үнэхээр ухаантай, маш их мөнгөтэй, мундаг мэдлэгтэй байх албагүй зүгээр хүн шиг л байх хэрэгтэй. Сэтгэлтэй байх хэрэгтэй. Үүнийг л баримтлах гэж хичээж байна.

- Таны хэлэх дуртай үг?

- “Маажи?” буюу Үнэн үү?, Яагаад? Гэсэн хоёр үг л байна даа. Тийм учраас бүх юмыг яагаад гэдгийг мэдэхийг хүссэн их хүслийнхээ жолоогоор л одоо хүний сэтгэл зүй гэдэг ямар учиртайг ойлгох гэж сурч байна даа.

- Уншигч олондоо сэтгэлийн үгээ хэлнэ үү

- Хүнд сониуч зан нь байхгүй болчихоороо л амьдрал нэгэн хэвийн болчихдог байх. “Нас бол ерөөсөө тоо, хүүхэд шиг яагаад гэж асуухаа больчихоороо л хүн хөгширчихдөг байхгүй юу” гэдэг л үнэн юм даа. Тийм болохоор ямар нэг зүйлийг шинээр сонирхож үз, сонирхлоо битгий хая.

- Японд ирж сурахыг хүсч байгаа оюутан, залууст хандаж хэлэхэд японы амьдрал хөгжилтэй амьдрал бол биш, амьдрах ухаан, хөдөлмөрлөх ухаанд суралцах жинхэнэ талбар бол мөн. Эцэг эхийнхээ мөнгөөр ирээд сурч байгаа хүмүүст хөгжилдөж цэнгэх цаг байх л байх. Өөрөө зардлаа олно гэдэг бол амархан биш, бас хүсэх зүйл ч биш. ЕБС-гээ төгсөөд ирэх хүсэлтэй байгаа бол I, II-р курсдээ хичээлээ сайн хийгээд, тэтгэлэгээр ирэхийг бодоорой. Япон улсын нийгэм бол аюулгүй маш тайван орон. Гэхдээ бүх юм аа өөрөө болгоно, эсвэл эцэг эх маань болгочихно гэж бодож байгаа бол тэгэж эрхэлж, эсвэл андуурч болохгүй. Мэдээж сайн тал олон бий. Маш их тэвчээртэй, хүлээцтэй болж сурна.

- Англи хэл сайн сур, Япон хэлээ ч үзэх хэрэгтэй. Мөн хүнээс муу үг сайн сонсож сур. Хэрэгтэйг нь аваад, хэрэггүйгээ хаядаг бай. Яагаад гэвэл чи буруугүй байсан ч чи энэ нийгмийн,доторх аль нэг бүлгийн гишүүн гэдгээрээ бурууг үүрэх хэрэгтэй болдог. Ингэж байж л бие хүн болж төлөвшихийн байна аа гэж бодсон.

- Хамгийн сүүлд нь хэлэхэд хүн гэдэг их сонин. Эв эрүүл хүн яагаадгэдэг нь мэдэгдэхгүй нэг л өдөр сэтгэл зүйн эмгэгтэй болдог. Тэр нь эдгэх боломжтой эсвэл огт эдгэхгүй, даамжирсаар байх тохиолдол ч олон. Маргааш өглөө сэрэхэд л таны амьдрал утгагүй болчихсон мэт санагдах магадлалтай. Заримдаа тархи, мэдрэл, сэтгэл маань бидний бодсоноос тэс өөр байдаг. Тийм болохоор өнөөдөр байгаадаа талархах, өнөөдөр дэргэд тань байгаа хүмүүсээ хайрлах, маргааш хүрэх гэж зорьж байгаа зүйлдээ үнэнч байгаарай.

- Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа

- Баярлалаа.

Та бүхэнд ярилцлага маань таалагдав уу? Та юуг ойлгож авсан бэ?

Миний хувьд гэвэл үү! Би хүнээс шүүмж сонсож, сурахыг хичээдэг. Яагаад гэвэл нөгөө л эцэг эхийн эрх танхи хүмүүжил, нэг их сургууль төгсчихсөнөө гойд сайнд боддог бодлын маань хүч, шүүмж сонсож чадахгүй, бухимдалд хүргэдэг болсон хэрэг шүү дээ. Үүнээс болж би өөрөө л шаналдаг. Тийм болохоор сул талтайгаа эрчимтэй тэмцсээр байх болно. Бас нэг л өдөр муухайгаар хэлүүлсэн ч хээв нэг инээгээд алхаж сурах юмсан гэсэн бодол надад төрлөө.