20160523 010


1. Б.Хандмаа Дорнод аймгийн Чулуун хороот сумын "Хүүхдийн цэцэрлэг"т ажиллаж байгаад Америкт ирсэн бүсгүй. Америкт ирээд сургуульд суралцаж, дараа нь бас л "Хүүхдийн цэцэрлэг"т ажилласан. Тэр үеэсээ л ажиллаж байсан Дорнодын Чулуунхороотын "Хүүхдийн цэцэрлэг"ээ ядаж Америкийнх шиг болгодоггүй юм гэхэд жаахан ч атугай сайжруулах юм сан гэсэн бодол сэтгэлээс нь гараагүй. Надтай уулзаж энэ тухай ярилцаж байсан болохоор "Ерөөсөө Америкийн хүүхдийн цэцэрлэгээс санаа авч Монголын нөхцөл байдал таацуулсан төсөл хэрэгжүүлэхээр оролдоцгооё" гэж санаа нэгдсэн юм. Б.Хандмаа бид хоёрын ярилцсан "Би хүүхдүүдийн дунд байхдаа жаргалтай байдаг" нэртэй ярилцлагыг доорхи линкээс уншиж болно.

 "Би хүүхдүүдийн дунд байхдаа жаргалтай байдаг"  \ярилцлага-04\  Б.Хандмаа
http://www.orloo.info/writers/galbadrah/11622-bi-huuhduudiin-dund-baihdaa-jargaltai-baidag

2. Б.Хандмаа 2014 онд өөрийн нутаг болох Дорнод аймгийн Чулуун хороот сумандаа очихдоо, ажиллаж байсан  "Хүүхдийн цэцэрлэг"  нь ямар хүнд хэцүү нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгааг мэдэрсэн сэтгэл зүрхний шаналалдаа, санаачлах төслийнхээ эхлэл болгон барилгын засварыг нь хийх санхүүжилтийг босгохоор зориг гаргажээ. Хүүхдийн цэцэрлэгийн барилгын одоогийн байдлын талаар фото зураг аван, видео бичлэг хийн баталгаажуулж, уг  засварт шаардлагатай материалуудын үнийг нь "хил гарч"  судалсан гэдэг. Товчхондоо бол:
-1974 онд баригдан ашиглалтад орсон 100 хүүхдийн ортой, 925 м\к талбайтай, тоосгон ханатай, төмөр бетон хучилттай, хавтгай дээвэртэй, модон хаалга цонхтой энэ барилга баригдсанаасаа хойш нэг ч удаа засварт ороогүй гэдэг. Хуучирч муудсан барилгын дээврээс нь дусаал гоожиж, цахилгааны ил монтажний улмаас гал гарах магадлалтай, модон хаалга цонх нь илжирч муудсан энэ барилгад одоо хэр нь "Хүүхдийн цэцэрлэг" үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж.

-Уг барилгыг засч сайжруулахад нийтдээ 68 802 287 төгрөг шаардагдаж байгаагаас:
а\Материалын зардалд 14 238 012 төгрөг
б\Хэрэгслэл худалдан авах зардалд 37 357 700 төгрөг
в\Тээврийн зардалд 262 404 төгрөг
г\Ажиллах хүчний зардалд 15 944 171 төгрөг зарцуулахаар тооцож байгаа юм байна.

Монгол дахь Эдийн засгийн хямрал хийгээд "Хийх дургүй хүнд шалтаг нь олдоно" хэллэгээр "Хүүхдийн цэцэрлэг"-ийн санхүүжилтад санаа тавих байгууллага олдохгүй байгаагаас Б.Хандмаа ийнхүү санаачилга гаргасан хэрэг.  Эдгээртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллүүдтэй доорхи линкээр орж танилцаж болно.

3. "Саалиа бэлдэхээр саваа бэлд" гэдэг хэллэгээр энэ барилгын засварыг хийж дууссаны дараа, уг цэцэрлэгт ажиллах 2 багшийг АНУ-д авчирч Виржина муж дахь "Хүүхдийн цэцэрлэгт" 6 сар дадлагажуулагчаар ажиллуулан энэ хугацаанд, "сургалтын хөтөлбөр" өө шинэчлэн боловсруулж, хүүхдүүдэд зааж сургах хийгээд эцэг эхчүүд болон орон нутгийн хамтаын ажиллагааны загварыг бий болгох юм. Мөн "Хүүхдийн цэцэрлэг"-ийн дотоод тохижилт, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом болон шаардлагатай бусад зүйлүүдийг Америкаас бэлтгэн авч очно. Ингэснээр Дорнодын Чулуунхороотын "Хүүхдийн цэцэрлэг"-ийг хөдөө орон нутаг дахь "Загвар цэцэрлэг" болгох төсөл хэрэгжиж эхэлнэ гэсэн үг. Энэ төсөл амжилттай болох хэрээр "хөдөөгийн" тодотголтой олон "Хүүхдийн цэцэрлэг"үүдэд ийм боломж олдох магадлал нь өндөр болно.

4. Сүүлийн жилүүдэд гадаадад болон Монголдоо ажиллаж амьдарч буй олон монголчууд Монгол эх орныхоо хөгжил дэвшилд санаа тавьж санал санаачлага гаргаж байгаагийн нэг нь Б.Хандмаагийн энэ санаачлага. Заавал Төрөөс хамаарахгүйгээр хувь хүний санаачлага, түүнийг дэмжсэн олон хүмүүсийн эв нэгдэл, хамтын ажиллагаа бодитой сайн үр дүнд хүрч болохыг нотлох гээд байгаа хэрэг. Бидний санаачлан хэрэгжүүлж буй "Яагаад?" \"Хөгжлийн замаар"\ цуврал нэвтрүүлгүүд ч энэ төсөлтэй холбогдож буй болохоор бид дэмжиж байгаа. "Өнөөдөр хэн нэгэнд тусалсан тус тань маргааш өөрт тань буян болон эргэж ирдэг" хэмээн хүмүүс сайн үйлсийг дэмжихдээ баяртай байдаг юм. Тэгээд ч энэ бол Монголын хөдөөгийн жирийн сумын хүүхдүүдэд буян болон очно.

ТА ЭНЭ ТӨСЛИЙГ ЗААВАЛ ДЭМЖЭЭРЭЙ. ТАНЫ СЭТГЭЛЭЭСЭЭ ӨГСӨН НЭГ ТӨГРӨГ Ч ХӨДӨӨГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛАХАД НЭМЭР БОЛНО. https://www.gofundme.com/24zxcbg

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
www.galbadrah.com                                       2016-05-22