tahia...Монголчууд их ухаантай ард түмэн. Энэ л өдөр ах дүү амраг саднаараа цуглан цусан хэлхээгээ зангидан, хэрхэн ухаажиж, хэрхэн төлөвшиж, хэрхэн аж төрж буйг нь шинждэг. Тавилан заяат энэ хорвоогоос хэн нь одож, төөрөг заяаг нь үргэлжлүүлэн хэн нь морилон ирснийг мэдүүлнэ. Гар зөрүүлэн золгохдоо нүдийг нь ажиж сэтгэлийг нь дэнсэлнэ, үг яриаг нь сонсож ухааныг нь сонжино, үйлдлийг нь тандаж хувь заяаг нь шинжинэ. Жилдээ ганцхан энэ л өдөр өөрийгөө ямар удмаас тасарч ямар хүн болж буйгаа жиших боломж олддог. Өөрийгөө МОНГОЛ хүн гэдгээ мэдэрч, цусан дундаа лугших их омогшилоо чимээлдэг.
ИРЖ БУЙ АЛТАН УНЖЛАГАТ ХЭМЭЭХ ТАХИА ЖИЛДЭЭ:
Атаа хорсол бүхнийг сэтгэлээсээ үлдэн хөөж
Амар амгалан тайвшралыг бусдад түгээн тусалюу


Уур омог муу бухимдлыг зүрхнээсээ гаргалгүй тэвчиж
Уучилж ойлгох ухаанаар бусдыг энэрэн хайрлаюу
Өнгө мөнгө бүхэн зуурдын хар сүүдэр гэдгийг ухаарч
Үнэн сэтгэл үүрдийн гэрэл гэгээ гэдгийг бусдад учирлаюу
Өөрөө чи энэ амьдралын эзэн гэдэгтээ бардам итгэж
Өрөөл бусдад чадах зүйлээрээ дэм болон тусалюу
Хичнээн мундаг байх гэж мөрөөдөн ганцаар зүтгэвч
Хүн олны дэм, урамгүйгээр хэн ч биш гэдгээ зөвшөөрюу
Эзэн нь хичээвэл заяа нь түшдэг энэ л амьдралд
Эв эеэ хичээн хамтдаа хөгжин дэвших буюу монголчуудаа
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ. Ирж буй жилээс их мөнгө биш, эрдэм ухаан, эрхэм сэтгэл, их эвлэрлийг олж аваарай.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2017-02-27 Вашингтон ДС хот