20170403 001


Хүний амьдралын мартагдашгүй, давтагдашгүй үе бол хүүхэд нас. Ертөнцийн зүй тогтол хийгээд хүний амьдралын утга учрыг мэдэх гэж хичээсэн цаг үеүд хүний санаанаас огт гардаггүй, гэгээн сайхан дурсамж болон үлддэг. "Анхны" тодотголтой бүх зүйл хамгийн сайхан. Анх уйлсан, анх инээсэн, анх удаа мөлхсөн, дараа нь юм түшиж боссон, бие дааж алхсан мөч болгон нь энэ амьдралд хөлөө олох гэж тэмүүлж зүтгэсэн зүтгэл. Өөрт нь тэгтлээ тод санагддаггүй ч, эцэг эхэд нь хамгийн баяр баясгалантай аз жаргалтай тэр мөчүүд эргэж хэзээ ч олдохгүй. Өөрийнх нь ой ухаанд бүрэлдэж буй төсөөлөл болгоноо тоглоомоор илэрхийлнэ. Хэрвээ анхаараад ажих ахул хүүхдийн тань тоглоомд түүний бүхэл бүтэн ертөнцийн төсөөлөл багтаж байдаг. Газарт хэвтээ чулууг морь, тэмээ, авдар, данх, аяга гэж төсөөлөх төсөөллийн гайхамшиг дээр хүүхдүүд өөрсдөө хөгжиж байдаг. Бие бялдар нь оюун санаатайгаа хамтад өдрөөс өдөрт хөгжиж байдаг хүүхдүүдийг томчууд бид тэгтлээ ойлгож мэдэрч амждаггүй. Яг хүүхэд насандаа л тэд өөрсдийн дотоод ертөнцөө бүтээж байдаг. Бидний гэнэн балчир хэмээн төсөөлж байдгаас огт өөр гайхамшигийг тэд дотоод сэтгэлдээ бүтээж байдаг.

...Үйл урлаж байсан ээжийнхээ үйлийн хайчийг нь авах гэж хүү нь булаалджээ. "Болохгүй" гэж зандраад хайчийг нь булааж авсан боловч санасандаа хүрэх гэж эхэр татан орилох хүүгээ өрөвдөөд авах гээд байсан хайчийг нь өгч орхиж. Хэсэг чимээгүй байсан хүү нь гэнэт аймшигтайгаар орилоход нь тэвдсэн ээж нь очиж автал, хүү нь мөнөөх үйлийн хайчаар  нэг нүдээ сох хатгасан байж. Өрөөсөн нүд нь хараагүй болсон хүүгээ тэврээд уйлж байхдаа ээж нь "Яах ч гэж үйлийн хайчыг хүүдээ өгөв дөө, уйллаа уйллаа гээд нүдээ сохортол уйлав гэж үү" хэмээн харамсан өгүүлсэн гэдэг.

...Одоо цаг үе их л өөр болжээ. Өнөөгийн хүүхдүүд үйлийн хайч биш, гар утсыг нь булаалдан үйлцгаах болж. Санасандаа хүрч гар утсыг нь авсан хүүхдүүд нь өөрсдийн хүссэн зүйлээ хэнээр ч заалгахгүй өөрөө учрыг нь олоод үзчих нь гайхалтай. Тэр үйлдэлд нь эцэг эхчүүд ч баяртай, бас хэрдээ бардамнал өхөөрдлийг хослуулна. Мэдээллийн цунами шиг хар шуурганд бид өөрсдөө төөрөх хэрнээ бас хүүхдээ хөтлөөд л төөрцгөөнө. Мэдээж гар утас таблетууд хүүхдийн нүдийг нь сохлохгүй ч оюун ухааныг нь сохолж байгааг бид ч анзаарахгүй. Гар утас дахь мэдээллийн хар шуургууд хүмүүс бидний амьд харилцааг үгүй болгож бидний үнэ цэнэтэй асар их цагийг хулгайлж байгаатай адил хүүхдийн тань хүүхэд насыг ч хулгайлж байна. Тэд хэзээ ч гадаа гарч чулуугаар тоглохгуй. Тэд хэзээ ч нүцгэн хөлөө өргөсөнд хатгуулахгүй, азтай мэт боловч гунигтай.

...Мэдээллийн сошиал ертөнцөд бид хүүхдүүдээрээ их гайхуулж, тэдэнд хайртайгаа өөрсдөд нь биш, бусдад илэрхийлэн зарлана.  Нүүдэлчин монголчуудын уламжилж ирсэн нялх хүүхдийн хорио цээрийг ч үл тоон, дөнгөж төрсөн хүүхдийнхээ зургийг авч бусдад түгээнэ. Хүүхдийнхээ ухаантайг, авьяастайг, царайлагийг сурталчлан гайхуулна. Оюун санаа нь дөнгөж бүрэлдэж, хүн болон төлөвших гэж ядаж буй бүх хүүхдүүд магтаалын үгэнд живцгээж, энэ ертөнцийн хүмүүсийг мөн чанараар нь бус, царайлаг ба царайлаг бусаар нь ангилж сурч байна. Бас мөнгөтэй ба мөнгөгүй, баян ба ядуу гэсэн ангиллын хэмжүүрээр амьдралын үнэ цэнийг хэмждэг болгож байна. Үргэлж магтаал, өхөөрдөлд умбаж өссөн тэд, амьдралын нугачаанд ухааруулах хатуу үгийг сонсож чадах болов уу?  өөрийг тань үгүй болсон хойно амьдралын жаргал зовлонг тэнцүүлэн үүрч даах болов уу?

...Бид "Бяцхан мисс"-ийн тэмцээн зохиож, үндэсний бөхийн хүүхдүүдийн барилдаанд  "Дархан аварга" цол олгож, элдэв цол өргөмжлөлөөр тэднийг хучиж, Валентины баяраар найз охинд нь зориулан шоколад хайлж, тэдэнтэй зэрэгцэн суугаад хайр, секс холилдсон Солонгос сериалууд үзэцгээж, хайрын тухай, амьдралын зовлон жаргалын тухай насанд хүрэгчдэд зориулсан дууг дуулахыг нь сонсон магтаж бишрэн уярцгаана. Бид тэднийг хүүхэд насыг нь алгасуулан томчууд болгохыг ямар их яаран хүснэ вэ? Ургаж төлжиж гүйцээгүй нялх уруулыг нь, хумсыг нь будаж, ухаарч төлөвшөөгүй оюун санаанд нь өөрсдийн сэтгэлийн хирээ халдаана. Хүүхэд насандаа хэтийдсэн яриаг нь хөөргөн онгиргож, бусдад гаргаж буй увайгүй араншинг нь дэвэргэн ухаантайд тооцон муйхарлана. Бид өөрсдөө тэднээр зүгээр л тоглоцгоож байна.  Хүүхдүүд "Од" болон өвчлөхөөс илүүтэй, хүн болон төлөвших учиртайг бид мартжээ.

Хүүхэд нас хүний амьдралын хамгийн гайхамшигтай үе. Хувь заяа нь онож төрсөн энэ амьдралыг өөрөө л таних гэж хичээх үйлдэл болгон нь дэндүү хөөрхөн. Өдөр хоногоор өсч төлжиж буй бие нь, ухаарч дуурайж буй оюун санаа болгон нь өөрийн цаг хугацаатай. Цаг хугацаа болгон нь өөрийн давтамжтай. Бид тэдэнд сайн хүн болон төлөвшихөд нь туслах үүрэгтэйгээс биш, цагаас нь өмнө тэднийг "Од" болгох шаардлагагүй. Тэдэнд хүүхдийн дуу, шүлэг зохион өгч ном бүтээх хэрэгтэй байна. Тэдэнд зориулан кино жүжиг, танин мэдэхүйн зөндөө олон хөтөлбөрүүдийг бий болгох хэрэгтэй байна. Тэдэнд зориулсан тоглоомын талбай, спортын танхимууд, урлагийн тайзуудыг байгуулах хэрэгтэй байна. Гэхдээ томчууд биднийхээс огт өөрөөр шүү дээ. Тэднийг магтах үед нь магтаж, зэмлэх үед зэмлэж байх хэрэгтэй байна. Байгалын сайхнаар дагуулан аялж ургамал амьтдын бүтэц, хувь заяа хийгээд тэднийг хайрлахад сургах хэрэгтэй байна. Ахмад хүмүүсийг хүндэлж, тэдний үгийг сонсож, тэдэнд жаахан ч атугай туслахад сургах хэрэгтэй байна. Юу юунаас илүү монгол хүн болж төрсөн хувь заяандаа талархаж эх орон газар нутгаа чин сэтгэлээсээ хайрлахад сургах хэрэгтэй байна. Зүгээр л сайн хүн болгон төлөвшүүлэхэд л авьяас чадвар нь аяндаа хөгжөөд, дэлгэрээд явчихдаг юм шүү дээ. Хичнээн хөөрхөн байгаад ухаангүй тэнэг болон хувирах юм бол танд тус болно гэж үү? Хүүхэд мөртлөө, та бидний хүсэлтээр аль хэдийн "насанд хүрсэн" хүүхдүүдтэй байх сайхан гэж үү?

Хүмүүс бид хүүхдүүдэд "хүүхэд нас"-ыг нь үлдээе, түүнийг нь бүү хулгайл л даа. 3 настай хүүхэд 10 настай хүүхэд, 20 настай залуу, 30 настай идэр үе, 40 настай ид үе, 50 настай ухаажсан хүн болгон өөр хоорондоо огт өөр. Зүгээр л тэдний үзэж өнгөрүүлсэн, туулж давсан болгон нь амьдралын туршлага болон тогтдог. Тийм болохоор л "Ах нь сургаж, дүү нь сонсдог" учиртай юм шүү дээ. Нэмэгдэж буй нэг нас болгон маш их цаг хугацааны шалгуурыг давж ухаарлыг авчирч байдаг. "Цагийн юм цагтаа л байдаг" гэдэг шиг онгиргон сагсуу залуу нас, хожим ухаарлын насанд уруул дээр үл ялиг инээмсэглэлийг тодруулж байдаг. Эргээд харахад бүх л зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдгийг л ойлгодог юм. Хүүхэд нас ч ав адилхан. Тэд эрхэлж тоглож, өөрийнхөөрөө энэ ертөнцийг таньж байг. Гэхдээ өдөр болгон аав ээжийгээ, ах эгчийгээ харж дуурайж байдгийг л мартаж боломгүй. Хүүхдээ сайн хүн болгон төлөвшүүлэхийн тулд та өөрөө л сайн хүн байхаас өөр арга үгүй. Хүүхдүүд тань алдартан суутан болох албагүй, харин сайн хүн болж төлөвших учиртай. Тэр нь хүүхэд насанд л төлөвшдөг юм даа. Тэд өөрсдийн насандаа дурлацгааж, хайрын тухай чин сэтгэлээсээ дуулж, шүлэглэж байг. Наснаасаа эрт зовлон, шаналал бүү амсаг. Хүний амьдралын давтамж болгон өөрийн өнгө төрхтэй, бас өөрийн жаргал зовлонтой, гэхдээ л сайхан шүү дээ. Эргэж олдохгүй хүүхэд насаа гэж.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
www.galbadrakh.com                               2017-04-01