• uaP
Нэвтрэх / Бүртгүүлэх
  • Mongolian-As
  • lado1
  • lado2
  • lado3

Г. Галбадрах

 

Galbadrakh

Топ зарууд

Тодотгосон зарууд

Г.Галбадрах-н бичлэгүүд

Онцлох зарууд

bugdЭнэ 4 сарын 1 ний өдөр Сан-Франициско хотын Emeryville -н Fuor Piont by Sheraton  зочид буудалд Сан-Францискогийн Монгол Оюутнуудын Холбоо буюу MSNOA байгууллагаас "Надад хэлэх үг байна" нэртэй илтгэлийн уралдааныг 2 дахь удаагаа зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд дээрх оюутны байгууллага 5 сар орчим хугацаанд бэлтгэж, АНУ-д суралцаж байгаа монгол оюутнуудад зар сурталчилгаа хүргэн, зохион байгуулалт сайтай явуулахаар зэхэж бэлтгэсэн нь илт мэдрэгдэж байв. Эхний шатанд ирүүлсэн илтгэлүүдээс 9 илтгэлийг шалгаруулан, 2 дахь шатанд уншуулан олон нийтийн анхааралд хүргэлээ.
Энд хэлэлцэгдсэн илтгэлүүдийн агуулгыг товч дурдвал:

1. Ц.Болд-Эрдэнэ  Rockford, Illinois Rock Valley College Major; Accounting

"СЭТГЭЛГЭЭНИЙ ТУРААЛ"
"Тухайн улс орны хөгжил дэвшил өндөр байшин, үнэтэй машинаас бус залуу хүний боловсрол, ёс суртахуунаас шууд хамаардаг" гэсэн ишлэлээр илтгэлээ эхэлсэн тэрээр  илтгэлдээ:

-Өнөөгийн Монголд тулгараад буй том жижиг асуудлууд
-Нийгмийн хүний хөгжил, залуусын сэтгэлгээ
-Сэтгэлгээний тураалаас гарах гарц, арга замууд 
-Сонголт, боломж
-Шийдвэр гэсэн агуулгаар асуудлыг хөндөж тавилаа.  

Монголчууд бид ихэвчлэн өөрсдийн нүдэнд ил харагдаж, гарт баригдах том асуудлуудад анхаарлаа хандуулж хөрөнгө мөнгө зарцуулдаг бол, жижиг мэт харагдах том асуудлууд олон байгааг олж хардаггүй. Ард иргэд тэр дундаа Монголын хойч ирээдүй болсон хүүхэд залуусын маань ёс суртахуун, хүн чанар , Монголоо гэх аминч үзэл, хөдөлмөрч зан чанар алдагдсан нь бид бүхнийг үнэгүйдүүлж байна. Монгол улс маань хөгжин дэвшихийн хэрээр залуусын сэтгэлгээ өөрчлөгдөн, ёс суртахууны доройтол, сэтгэлгээний тураалд орж байна.
Хүний хөгжил сангаас 2012 оны 1-р сарын байдлаар 82, 9 тэрбум төгрөгийг 2,6 сая иргэдэд олгосон байна. Үүнээс үүдэлтэй архидан согтууралт, залхуурал, хүлээлт, хандлагууд нь Монголын залуусыг сэтгэлгээний тураал оюуны түгжрэлд оруулж байгаа нэгэн шалтгаан болох тухай дурдаад, залуусыг хүсэл мөрөөдөл, сонирхлынх нь дагуу нэгтгэн нийгэмд хандах хандлагыг нь өөрчлөх санал дэвшүүллээ. Үүний тулд оюутан залуусын хүсэл мөрөөдлийг шударгаар сонсох, хэрэгжүүлэх, бусдад түгээх гүүр болсон" хэлж ярьдаг бус, хийж бүтээдэг" Төрийн Бус
Байгууллагыг \ТББ\ бий болгох нь хэрэгтэй гэж тэрээр үзэж байгаа аж. 
"Оюунлаг толгойгоор өөрсдийгөө тэжээе, харин Оюутолгойгоо эх орныхоо бүтээн байгуулалт, ирээдүй болсон залуусынхаа боловсролд зориулья" гэж  илтгэлээ төгсгөхдөө тэрээр "БУСДЫН ГАРТ ИРЭЭДҮЙГЭЭ БҮҮ ДААТГА" хэмээн залуустаа уриалав.

2. Э.Энхмаа  Oakland, California  San-Francisco State University \SFSU\  Major: Paralegal

"МЭРГЭЖИЛ"
Тэрээр өөрийнхөө илтгэлийн гол санааг" төсөл" гэж нэрлээд , 3 гол хөтөлбөр санал болголоо.
-МЭРГЭЖИЛТНИЙ ӨДӨР
Хичээлийн нэг жил бүрт улс даяар сургууль бүр нэг өдрийг сонгон "Танин мэдэхүйн өдөр" буюу "Мэргэжилтний өдөр" болгон зохион байгуулах. Монголын ЕБС-ийн 7-11 -р ангийн сурагчдад "мэргэжил сонгоход" нь туслах энэ өдөрт , сурагчдын санал хүсэлтээр төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс уригдан ирж сурагчидтай уулзаж, өөрийн мэргэжлээ сурталчлан зөвлөлгөө өгөх аж. Энэ үйл ажиллагааг сайтар сурталчлан, бэлтгэж явуулах нь өнөөгийн Монголын залууст ирээдүйн ажил, мэргэжлээ зөв сонгоход сайнаар нөлөөлөх болно гэж тэрээр үзэж байна.

-БОЛОВСРОЛЫН САР
Хичээлийн жилийн бүтэн нэг сарыг "Боловсролын сар" болгон улс даяар идэвхтэй үйл ажиллагааг явуулах. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн тусламжтайгаар мэргэжил, танин мэдэхүйн чиглэлтэй хөтөлбрүүдийг явуулахдаа оюутан залуусын сонирхож болох маш олон асуудлуудыг тэдэнд ойлгуулах боломжтой. Жишээ нь: Монгол Улсад байдаггүй ямар мэргэжлүүд байгаа болон дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Их, Дээд Сургуулиудын тухай, одоогоор Монголд ямар мэргэжлүүд эрэлт хэрэгцээтэй байгаа, "хэрвээ би авилгалтай тэмцэхийг хүсч
байгаа бол хаана, ямар мэргэжлээр сурч болох", "Монголд тагнуулч байдаг болов уу?", од гариг судлаач, сэтгэл зүйч, гүн ухаантан гэж ямар хүмүүс болох тухай сонирхолтой хэлбрээр сурталчилж болох боломж бий.
-НЭМЭЛТ АНГИ
Сурагчдыг байнгын идэвхтэй байлгах зорилгоор  ирээдүйн талаар, мэргэжил, мэргэжлийн болон Их Дээд сургуулиудын талаар 7 хоног бүр сургалт явуулах хэрэгтэй гэж тэрээр санал болгож байна. Энэ сургалт нь 7 хоног бүрийн нэг өдөр явагдах ба тусгай хөтөлбрийн дагуу дүнгүй байхаас гадна номын сан, Их Дээд сургуулиуд дээр ч хийгдэж болох аж. Түүнчлэн Их Дээд сургуулиудад хэрхэн элсэх тухай, элсэлтийн шалгалтуудад бэлтгэхэд ч туслах боломжтой аж. 
Тэрээр илтгэлдээ хавсралт болгон Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 11-р сарын 16 ны өдөр баталсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" 326-р тогтоолыг ч бидэнд үзүүллээ.  Харин энэхүү төслийнхөө үр дүнг сурагчид болон эцэг эхчүүд ирээдүйнхээ талаар өөдрөг төсөөлөлтэй болж, ажил мэргэжлээ зөв сонгон ирээдүйн нийгэмд хэрэгтэй хүн болж чадсанаар илрэнэ гэж үзэж байгаа аж. Харин энэ ажилд Төрийн оролцоо дэмжлэг зайлшгүй хэрэгтэй аж.

3. Л.Болор  Chicago, Illinois  Roosevelt University  Major: Political Sciense \International Pelations

"ГЭР БҮЛ, БОЛОВСРОЛ ба НИЙГЭМ"
" Гэр бүл гэж юу вэ?  Гэр бүл  нийгэмд ямар үүрэгтэй вэ?" гэсэн асуултаар илтгэлээ эхэлсэн тэрээр өдгөө нийгэм даяар нийтлэг болсон хэрнээ ил гаргаж тавихгүй байгаа гэр бүлтэй холбоотой олон асуудлыг хөндөж гаргасан юм. Гэр бүл салалтад гадаадад ажиллахаар олон монголчуд гарч байгаа үзэгдэл нөлөөлж байгаа тухай ч дурдана билээ. Гэр бүл бол Монголын нийгмийн нэгэн суурь бүтэц болохоор нийгэмтэй заавал харилцан хамааралтай. Гэтэл аль дээр батлагдсан "Гэр бүлийн хууль" өдгөө шаардлага хангахүй байгаа тухай ч баримттайгаар
ярилаа. Нэгэнт гэр бүл нь нийгмийн нэгэн бичил хэсэг нь болохоор үүний зохицуулалтад нийгэм ч өөрөө тодорхой үүрэг хариуцлага хүлээх учиртай.
Өнөөгийн Монголын залууст гэр бүлийн талаарх мэдлэг боловсрол дутмаг байгаа тухай дурдаад, тэдэнд "Гэр бүлийн боловсрол"-ын талаар сургалт явуулах шаардлагатай байна гэж санал болгов. Мөн залуусын боловсрол мэдлэг нь гэр бүл бат бөх байхад сайнаар нөлөөлөх болно гэдгийг ч нотлон ярьсан юм. Өнөөгийн нөхцөлд залуус "гэр бүл" гэдэг ойлголт болон хариуцлагын талаар сайн биш төсөөлөлтэй байгаа нь,  нийгмийн тогтвортой байдал болон улс орны хөгжилд муугаар нөлөөлж болзошгүй гэсэн эмзэглэл нь шинэ санаа байлаа.

4. Л.Номингэрэл  Concord, California  Diablo Valley College  Major: Environmental Engineering

3rd place Nomingerel

"ШИНЭ ГЭР"
Өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод гамшигийн хэмжээнд хүрээд байгаа утаатай холбоотой асуудлыг хөндөж, энэ илтгэлээр дэвшүүлж байгаа гол санаагаа "төсөл" гэж нэрлэлээ. Улаанбаатар хотын нийт хүн амын 65 хувь нь гэр хороололд амьдардаг. Хөдөөнөөс хот руу нүүх нүүдлийн уршгаар тэдэнд тулгарч байгаа хамгийн гол асуудал нь цахилгаан хангамж юм. Амьдралын ядуу байдал болон хэт замбараагүй төвлөрлийн уршгаар зуухандаа янз бүрийн түлш хэрэглэснээс утаа ихсэн, агаарын бохирдол байх хэмжээнээсээ хэт давж, өвчлөл 
түүний дотор хорт хавдраар өвчлөх өвчлөл ихсэж байгаа тухай тодорхой баримтууд дээр түшиглэн нотолсон юм.
Энэ утааг багасгах болон айл гэрүүдийн дулаан хангамжийг шийдэх нэгэн боломж нь "Нарны цахилгаан үүсгүүр" байж болох юм гэдгийг дурдаад үүнийгээ маш сайн тооцоон дээр төслийн хэмжээнд танилцуулав. Энэхүү "Нарны цахилгаан үүсгүүр" нь хэрэглэх цахилгааны байдлаасаа хамааран панель нь хэд хэд ч байж болох аж. Зөвхөн гэрэл гаргахаас эхлээд хөргөгч ажиллуулахад шаардлагатай үүсгүүрүүдийг санал болгон танилцуулав. Мэдээж үүнийг худалдан авах боломж нь айл гэр бүрт харилцан адилгүй байгаа ч Засгийн Газраас утааг багасгахад
зориулан зарцуулж байгаа хөрөнгө оруулалтын зарим хэсгийг үүнд чиглүүлснээр үнийг хямдруулах боломжтойг дурдсан.
Дээрх цахилгаан үүсгүүр нь -нарны энергээр цахилгаан авах, -цахилгаан халаагуур, -цахилгаан зуух гэсэн боломжийг бүрдүүлдэг аж. Монгол гэр дулаанаа ихэвчлэн шалнаасаа алддаг. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдлын 50 хувийг эзэлдэг гэр хорооллын утаа, 40 хувь багасна гэж тэрээр нотолж байна.

5.В.Янжинлхам  Walnut Creek, Califronia  LSI Berkeley

Oroltsogchid

"ОЙГ НӨХӨН СЭРГЭЭХ"
Орхон аймгийн ойн сангийн нийт талбай нь 2010 оны ойн менежментийн төлөвлөгөөгөөр 20968 га ба нийт талбайн 93,1 хувь нь буюу 19529 га нь цэвэр ойн талбай, 6,9 хувь буюу 1439 га нь ойн бус талбайд хамаарагдаж цаашид ойжуулах, нөхөн сэргээх боломжтойд тооцогддог. Сүүлийн 5 жилийн хугацаанд хүний буруутай үйл ажиллагаа, хууль бус мод бэлтгэх явдалд ойн сангийн 10 гаруй га талбай өртөн 180 шоо метр ойн нөөц хомсодсон байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумтай ойролцоо байгаа уулууд нүцгэрч хожуул болон үлджээ.Эрдэнэт хотын хойд зүгт байрлах
Баян-Өндөр уулын модтой хэсгийн 72 хувь модгүй болж, Говил тосгон багуудын ар хэсэгт байрлах Арбулаг орчмын ойн бүс талбайгаас 46 хувь нь модгүй болсон байна. Энэ нь хот орчмын талбайгаас илүү их мод хууль бусаар огтолсноос төдий хэмжээний талбай модгүй, хожуул болон үлдэх шалтгаан болжээ.
Ойн талбайд хожуул үлдсэнээр дараах бэрхшээл болон сөрөг үр дагаврыг үүсгэдэг.
-Хэдийгээр хожуул ч гэсэн хөрсний шимийг ашигласаар байдаг
-Шигүү хожуултай газарт нөхөн сэргээлт хийх боломж муу
-Хожуултай талбайд нөхөн сэргээлтийн суваг шуудуу татах, газар ухах зорилгоор техник ажиллах боломжгүй
-Хожуулыг гар аргаар зайлуулах боломжгүй
Тэрээр энэхүү төсөлдөө:  1. Өмнө нь модтой байгаад одоо модгүй болсон талбайг цэвэрлэх. Үүний тулд хожуулыг зориулалтын техникээр сугалж цэвэрлэн, түүнд гарсан зардлыг сугалсан хожуулаа модны үйлдвэрийн түүхий эд болгон борлуулан нөхөх. 2. Хожуулаас нь цэвэрлэсэн талбайд шинээр нөхөн сэргээлт хийн мод тарих  зорилгыг шингээжээ. Сугалсан хожуул нь ширхэггүй байдгаас үйлдвэрийн маш сайн түүхий эд болно гэж нэмж хэлсэн юм.  Энэхүү төслийн үндэслэл болон төсөв тооцоо, хэрэгжүүлэх тодорхой боломж болон сонголт нь хүмүүсийн
сонирхлыг нилээд татаж байв. Хэрэв энэ төөсөл нь амжилттай хэрэгжвэл зөвхөн Орхон аймаг гэлтгүй Монгол улсын сүйдсэн ойн сав газарт үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэтийн төлөв бийг тэрээр дурдсан.

6. Г.Түвшинболд  Rockford, Illinois  Rock Valley College Major: Media Productions

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ХУРДАЦ ба ЗӨВ ГАРЦ"
Бид хэдийгээр гадаадад сурч амьдарч байгаа ч Монголоо гэсэн сэтгэл үргэлж бидний сэтгэлд уяатай байдаг. Тийм ч учраас энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь "Монголчууд" гэсэн нэрэн дор үгээ хэлэх оюутан залуусыг нэгтгэж чадаж байгаа болов уу гэж би бодлоо. Тэрээр илтгэлээ ийнхүү эхэлсэн юм. Тэрээр энэ илтгэлдээ:
-Монгол Улсын боловсролын тогтолцоо
-Монгол Улсын залуучуудын оролцоо
-Залуучуудын эв нэгдэл ба бодлого гэсэн чиглэлүүдийг сонгожээ. Өнөөдөр Монголд 164,8 мянган оюутнууд суралцаж байгаагийн 35,8 хувь нь нийгмийн ухааны чиглэлээр, 17,1 хувь нь техник технологийн чиглэлээр суралцаж байна. Нийт 146 Их Дээд Сургууль Коллеж байдгаас төрийн өмчийн 42, хувийн хэвшлийн 99, гадаадын хөрөнгө оруулалттай 5 сургууль байдаг аж.

Гаднаа хэдий улс орноо гэж ярих боловч үнэндээ улс орноо гэх чин сэтгэл бидэнд үгүйлэгдэж байна. Бид Арабууд шиг хийх юмгүй хагартлаа баяжсан улс биш. Улс оронд минь ядуурал их байна. Энд сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Өнөөгийн Монголын нийгэмд залуус бидний дуу хоолой, байр суурь дутагдаж байна. Өнөөгийн Монгол дахь боловсролын тогтолцоо төр засагтай шууд хамааралтай. Миний бодлоор боловсролын салбар нь алсын хараатай, зөв бодлого явуулж байж гэмээ нь улс орноо цааш авч явах ирээдүйн боловсролтой , ухаалаг боловсон
хүчин бэлтгэгдэнэ. Монголд тулгарч байгаа, шийдэх хэрэгтэйн асуудлыг орчин үеийн техник технологитой, дэлхийн төвшинд үнэлэгдэх боловсон хүчинтэй байж шийднэ гэж үзэж байна.
Ямар ч мэдээллийг монгол хэлээр олж чаддаг цахим ертөнцийг бий болгоход гадаадад суралцаж байгаа залуус бидний оролцоо ч чухал юм. Одоогийн энэ цаг үеийг Монголын 2 дахь бүтээн байгуулалт гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Энд монгол хүн бүрийн ялангуяа залуусын оролцоо нэн чухал.Монголд ч гадаадад ч гайхалтай сэтгэж , ажиллаж байгаа залуучууд олон байдаг. Гэхдээ тэд сурч мэдсэнээ зөвхөн өөрсдийнхөө тусын тулд биш, бусадтайгаа хамтарч нэгдэж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд зориулбал залуус бид ихийг бүтээж чадах билээ. Өнөөдөр
нэг гадаад хүний дор 10 монгол залуу ажиллаж байгаа бол, 10 гадаад хүнийг нэг монгол хүн удирдаж ажиллах цаг ойрхон байна. Бид эх орныхоо эзэд нь гэдгээ харуулах цаг болжээ.

7.  Б.Мөнх-Оргил  Chicago, Illinois  Wilbur Wright College  Major: Architecturel\Urban planning

"ХОТ ТӨЛӨВЛӨЛТ"
Одоогийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд  тулгамдаж буй асуудлууд:
-Агаарын бохирдол
-Хөрсний бохирдол
-Усны бохирдол бас хомсдол
-Авто замын түгжрэл
-Сан техникийн гол сүлжээнүүд муудсан
-Дулааны ЦС-ууд салхин дээрээ төлөвлөгдсөн байдал
-Барилга байгууламжуудын эмх замбараагүй байдал
-Хот тойрсон гэр хорооллууд, хүн амын даац хэтрэлт
-Хотын өнгө үзэмж муудсан
-Нийтийн тээвэр
-Ирээдүйд хотыг тэлэхэд геополитикийн хувьд хүндрэлтэй байдал
-Мөн түүнчлэн Улаанбаатарын араас  Дархан, Эрдэнэт хотууд явж байна. Эдгээрээс хамгийн эмзэг асуудал нь Улаанбаатарын утаа. Үүний уршгаар нийслэлийн иргэдийн дундаж наслалт 10-12 хувиар буурсан. Өдөрт нэг хүн дунджаар 5-8 хайрцаг тамхи татсантай тэнцэх хэмжээний утааг залгиж байна. Шинээр төрж буй хүүхдүүдийн ихэнх нь уушигны өвчтэй, амьсгалах эрхтэний гажигтай төрж байна. 

2nd place- Munkhorgil

Улаанбаатар хотын түүх: Тухайн үед Халхад Төвдөөр дамжуулан бодлогоо хэрэгжүүлж байсан Манжийн төр Монголчуудад уламжлагдаж ирсэн төвөөс улс орноо удирдах арга барилыг нь устгах, гармапагийн \энергийн төв\ нөлөөнөөс холдуулах гэсэн далд бодлогоор  1639 онд Хархорум хотоос 20 орчим км зайд орших Шанхийн хийдээр эхлүүлэн улмаар 200 гаруй жилийн туршид зүүн зүгт 20 гаруй удаа зөөсөөр өнөөгийн төрхөө олсон түүхтэй. 
Тэрээр Улаанбаатарт удахгүй нүүрлэж болох усны хомсдолд гол  анхаарлаа хандуулан, одоо хэрэгжүүлэх гэж буй 100 000 айлын орон сууц хөтөлбөр бүх асуудлыг шийдэж чадах уу? гэдэг талаас нь гүнзгийрүүлэн судалжээ. Тэр ч бүү дотоодын хэрэгцээнд гадаргын усны ашиглах хувийг нэмэгдүүлэхийн тулд  нэн даруй уул уурхайн компаниудаас усны төлбрийг 1 литр бензинтэй дүйцэх хэмжээгээр бодож тоолуулаараа тооцон авах шаардлагатай гэсэн нь их л содон сонсогдож байв. 
Тэрээр шинээр хот барих газраа Өвөрхангай аймгийн Орхоны хөндий хэмээн сонгож энэ сонголтоо олон үндэслэлээр тайлбарлав. Газарзүйн хувьд Орхоны хөндий нь Монгол орны төв хэсэгт, далайн төвшнөөс дээш дунджаар 3000 м-ийн өндөрт өргөгдсөн Хангайн нурууны өвөр, үржил шим сайтай нутагт оршино. Хангайн нуруунаас эх авсан Улиастай, Билүүт, Хятруун, Улаан, Хөнөг, Хамар, Могойт, Мойлт зэрэг олон гол, горхи нууруудтай. Бусад мужуудыг бодвол агаарын чийгшил сайн, жилдээ 350 мм орчим хур тунадас буудаг. Баруун хойд, хойд зүгээс зонхилох
4,2-5,2 м\с салхины хурдтай, нугын болон уул, хээрийн хүрэн хөрс тархсан. Түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газруудтай, хангай, тал, говь хосолсон  өвөрмөц тогтоцтой.
Эртний түүх, дурсгалт газруудыг хадгалж хамгаалах, Хар хорум хотыг дотоод болон гадаадын жуулчдад зориулж Эртний Их Гүрний нийслэл хэлбэрт нь сэргээн босгох саналыг тодорхой судалгаа болон үндэслэл дээр тулгуурлан гаргав.  Хотыг нар, салхины эрчим хүчээр хангах үйлдвэр барихад маш их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Иймээс 1893 онд Чикаго хотод болсон Колумбийн Америк тивийг нээсэнд зориулсан  "World sColumbian Exposition"-оос санаа авч " The Createst Mongolian Empire Exposition" зохион байгуулж олсон хөрөнгөө шинэ хотын хөгжилд зарцуулах саналыг ч
тавьсан юм.

8. Б.Марал  Walnut Creek, California  Major: Biotehnology\Nanotehnology

"ЗАМ ДАГАЖ ХӨГЖИЛ ИРНЭ"
Тэрээр өнгөрсөн зун Монголд байхдаа Хөвсгөл рүү 3 хоног явж хүрсэн тухайгаа хуучлаад, зам зуур зам барихад оролцож байгаа хятадуудыг хараад "Яагаад монголчууд бид өөрсдөө замаа барьж болдоггүй юм бол?" хэмээн эргэцүүлсэн тухайгаа дурдсан. Улаанбаатар хотод замын түгжрэл бол энгийн асуудал болсон байна. 2007 онд 95,547 автомашин тоолуулж байсан бол 2009 онд 135,160 болж 41,4 хувиар ихэсчээ. Автомашин ихэснээс үүдэлтэй түгжрэлийн нэгэн шалтгаан нь автомашины зогсоол юм. Зогсоолын хязгаар болон хянаж тооцдог тогтолцоо байхгүйн улмаас
хүмүүс машинаа нэг газарт хэдэн цагаар ч хамаагүй тавьж орхино. 
Дэлхийн хэмжээнд 100 000 тээврийн хэрэгслэлийн 44,8 нь осолд бүртгэгдэж дунджаар 7 хүн амь үрэгддэг гэсэн судалгаа байдаг бол Монголд 100 000 тээврийн хэрэгслэлийн 319 нь осолд бүртгэгдэж, дунджаар 14 хүн амь насаа алддаг гэсэн харьцуулсан судалгааг танилцууллаа. Мөн тэрээр Монгол Улсад зам барихад болон засахад 2009 онд 94,7 тэрбум төгрөг, 2010 онд 109,2 тэрбум төгрөг, 2011 онд 166, 1 тэрбум төгрөг зарцуулжээ. "Энэ мөнгө хаачсан юм бол?" гэсэн асуултыг ч хөндөн тавьсан юм.
Илтгэлдээ санал болгосон гол санаа нь нийслэл хотод байнгын ашигладаг автомашины зогсоолыг хугацаатай бас төлбөртэй болгон, олсон орлогыг ЗЦГ-т автозамаа сайжруулахад зориулах боломжийг олгох тухай санал байлаа.  Энэ саналаа баталгаажуулан АНУ-д энэ зорилгоор ашигладаг хэд хэдэн prking meter буюу зогсоолын төлбрийг авч хянадаг төхөөрөмжийг санал болгов. Түүнчлэн замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, замын цагдааг хурд хэмжигчээр хангах, сурагчид болон залууст замын хөдөлгөөний дүрмийг сурталчлан таниулах санааг ч дурдаж
байлаа.

9.Т.Баттүшиг  San-Francisco, California  Major: Software Engineering

"ТЕХНОЛОГИ ба ЗАСАГЛАЛ"
800 жилийн тэртээ дэлхийн хэмжээнд шуудангийн буухиа сүлжээг бий болгон мөрдүүлж байсан Монголд өнөөдөр 10 хүнд 1 албан хаагч  ноогдож байхад, хожим нээгдэж өнөөдөр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа АНУ-д 117 хүнд 1 албан хаагч ноогдож байгаа гэнэ. Монголд баттай оршиж өнөөгийн хөгжилд саад болж буй Төрийн нүсэр механизм болон үйл ажиллагааных нь хүнд суртал дарамтыг арилгаж болох зарим нэгэн асуудалд тэрээр анхаарлаа хандуулжээ.  Сайн засаглалын 3 тулгуур нь  ТӨРИЙН БОДЛОГО, ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТ, ЗАСАГЛАЛЫН МЕНЕЖМЕНТ байдаг
аж. Тэрээр 2005 оноос хойш Монголд хэрэгжиж байгаа олон цахим хөтөлбрүүдийн талаар судалгаан дээр тулгуурлан тайлбарласан юм.  Гэсэн атлаа Солонгост ажиллах хүч болж явахын тулд Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн гадаа хэд хоногоор дугаарлаж байсан тохиолдол болон 21 000 төгрөгөө авахын тулд иргэд сар бүр хэрхэн дугаарлаж байгаа жишээг харамсан өгүүлэв

Түүний авсан нэгэн жишээ хөгжилтэй хэрнээ сонирхолтой байлаа:
-Жирэмсэн эх "тэтгэмж олгож өгнө үү? гэсэн өргөдөл бичээд хороон дарга дээрээ очиж цохуулна
-Дараа нь хэсгийн эмнэлэг дээр очиж "энэ эмэгтэй жирэмсэн нь үнэн" гэсэн тодорхойлолт авна
-Канонтой газар олж иргэний үнэмлэхээ канондуулна
-Зурагчин орж халамжийн дэвтэрт наалгах 2 хувь зургаа авахуулна
-Дээрх бүрдүүлсэн материалуудаа дүүргийнхээ халамжийн төв дээр аваачиж өгөхөд шаардлага хангаж байвал "оршин суудаг нь үнэн" гэсэн тодорхойлолтыг хорооныхоо засаг даргаас авчрахыг шаардана
-Уг тодорхойлолтоо хорооноос очиж авна
-Дараа нь аль нэгэн банкин дээр очиж тэтгэмжийн дэвтрийн хураамжийн мөнгийг төлнө
-Бичиг баримтуудаа авч дахин халамжийн төв дээр ирэх ба тэтгэмжийн дэвтэр нь 14 хоногийн дараа гарна.
-14 хоногийн дараа дараа халамжийн төв дээрээ ирэхэд дэвтэр нь хэвлэгдэж гарсан байвал банк руу очно. Дэвтэр нь гараагүй байвал хэд хоногийн дараа халамжийн төв дээрээ дахин ирнэ.
-Банкин дээр ирэхэд хэрэв санхүүжилт орж ирсэн байвал мөнгөө авна, санхүүжилт ирээгүй байвал хэд хоног хүлээгээд банкин дээрээ дахиж ирнэ.
Товчхондоо түүний илтгэлийн гол санаа нь дээрх хүнд суртал, чирэгдүүлэлтийн тогтолцоог халж Цахим Шуудан болон үйлчилгээг нэвтрүүлэх санаа юм. Монголд байхдаа Баянзүрх дүүргийн ТГ-т ажиллаж байсныхаа хувьд тэрээр энэ талаарх санаагаа өөрийн сурч мэдсэн бүхэнтэйгээ сайн холбосон байсан нь илүү сонирхолтой байлаа. Түүний боловсруулсан "Шийдвэр дэмжих системийн ерөнхий загвар" нь Төрийн байгууллагаас иргэдийн гаргаж буй санал хүсэлтэд хэрхэн шуурхай, ажил хэрэгчээр хандах загвар байлаа. Төрийн байгууллагын дотоод
удирдлагын систем нь өөрийн гэсэн стандарттай болох  шаардлагатайг тэрээр онцлон дурдаж байв.
                                                Энэхүү арга хэмжээний эргэн тойронд
Oluulaa

...Өнгөрсөн жил Лос-Анжелосийн Монгол Оюутны Холбоо анхлан санаачилж хийж байсан энэ арга хэмжээг уламжлал болгох зорилгоор Сан-Францискогийн Монгол Оюутны холбоо маш сайн бэлтгэж зохион байгууллаа.  Энэ арга хэмжээг ингэж зохион байгуулахад санаачлага гарган зүтгэсэн Д.Жанцанхорол, Д.Жанцанноров, О.Эрдэнсүх, В.Янжинлхам, М.Цацрал, Э.Намуун болон MSNOA байгууллагын гишүүдэд талархал илэрхийлье. Four Point s зочид буудлын доод танхимд болсон энэ арга хэмжээ "Монгол Улсын Төрийн Дуулал"-ыг дуулснаар эхэлж, морин хуурч Балдандорж сэтгэлийн болон өрөө тасалгааны "жавар үргээж" үргэлжлүүлсэннь монголчууд хаана ч явсан Монголоороо бахархаж байдгийн нэгэн илрэл байв. Энэ ажлыг дэмжиж ирсэн байсан Биэ-Ариа хавийн Монголчуудын Холбооны удирдлага болох Хишигбаяр, Лувсанжамбаа, Цэрэндорж\Замдаан\ нарын хойч үедээ өвлүүлж үлдээсэн сайхан өв гэж бодогдож, тэдэнд талархаж байлаа.

-Энэ удаагийн арга хэмжээний шүүгчээр Ш.Баатар  \Эрдэмтэн судлаач\, М.Сувдмаа \Майкрософт, мэдээллийн технологич\, Ц.Уранчимэг \Беркелейн ИС-ийн багш\ Б.Мөнхбаатар \Сан-Франциско, оюутны төлөөлөл\, Г.Галбадрах  \Вашингтон ДС\ нар ажиллав. Шүүгч нарт урьдчилан санал болгосны дагуу:
-Илтгэл тавьсан хугацаа
-Илтгэх чадвар, санаагаа гаргасан байдал
-Мэдээлэл ашиглалт болон баримтжуулсан байдал
-Амьдралд хэрэгжих боломж
-Шинэлэг санаа зэрэг нилээд хэдэн асуудлаар шүүн цэгнэв.  Илтгэлийг 10-15 минутад багтаахаар тооцож, илтгэл бүрийн дараа шүүгчид илтгэгчээс асуулт асуун, өөрсдийн санал болдоо илэрхийлж байсан нь илүү ажил хэрэгч, үр дүнтэй байх боломжийг бүрдүүлсэн юм. Илтгэлүүдийн эцэст шүүгчид дүнгээ гаргаж, өөрсдийн санал зөвлөмжөө хэллээ.  2,3-р  байранд орох оюутнуудын санал тэнцсэн болохоор шүүгчид нууцаар санал хурааж эдгээр байрны эздийг тодруулав.

1-р байрт  В.Янжинлхамын "Ой нөхөн сэргээх" илтгэл шалгарч Монгол Улсаас Сан-Франисцко хотод суугаа Ерөнхий Консулын Газрын шагналыг хүртлээ.
2-р байрт Б.Мөнх-Оргилын "Хот төлөвлөлт" илтгэл шалгарч Сан-Франциско дахь Монгол Оюутны Холбооны шагналыг хүртлээ
3-р байрт Л.Номингэрэлийн "Шинэ гэр" илтгэл шалгарч ивээн тэтгэгчийн шагналыг хүртлээ.
...Оюүтнуудын энэ арга хэмжээг саяхан нээгдсэн Монгол Улсаас Сан-Франциско хотод суугаа Монгол Улсын Ерөнхий Консул Н. Анхбаяр дэмжиж нээлтэнд оролцон үг хэлсэн төдийгүй эхний 3 байр эзэлсэн оюутнуудын шагналыг гардуулсан юм. Н.Анхбаяр оюутнуудад хандаж хэлсэн үгэндээ "оюутнуудын олон үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллахаа илэрхийлээд, АНУ-д суралцаж байгаа монгол оюурнуудын бүртгэлийг хийх нь цаашид АНУ-д суралцах оюутнуудын мэргэжлийн чиг хандлагыг тодорхойлон төрийн бодлогод тусгах, сургууль төгсөгчдийг  ажил
олгогчидтой холбох гүүр болоход тун чухал болох"-ыг онцлон тэмдэглэв.
...2 дахь удаагаа болж байгаа энэ арга хэмжээнд Оакланд, Конкорд, Чикаго хотуудаас оюутнууд ирж оролцсноос гадна:
-Монгол Улсаас Сан-Франциско хотод суугаа Ерөнхий Консулын Газар
-Биэ-Ариа хавийн Монголчуудын Холбоо
-Замдаан  \www.zamdaan.com\
-Prodee University
-Лос-Анжелос хотын Монгол Оюутны Холбоо
-О.Бадамцэцэг
-Оакланд дахь Монгол хоол баар
-"Хоёулаа хүү" компани
-CMN studio
-MGL studio

-Orloo.com
-KoKo group  зэрэг байгууллагууд ивээн тэтгэжээ. 

shuugchid talarhal

Илтгэлийн уралдаан болохын өмнөх өдөр бусад хотуудаас ирж оролцож байгаа оюутнууддаа Сан-Франциско  хотыг танилцуулах аялал зохион байгуулж, орой нь танилцах арга хэмжээ зохиосон нь АНУ-д суралцаж байгаа монгол оюутнуудыг бие биетэйгээ танилцан, дотно сэтгэлээр нөхөрлөх сайхан эхлэлийг тавьсан. Оюутнууд энэ арга хэмжээндээ сэтгэл хангалуун байсан шүү. Харин жил бүр уламжлал болгон явуулах энэ арга хэмжээний дараа жилийнх нь Денвер болон Чикаго хотын аль нэгэнд болох тухай яриа ч гарсан. Лав л надтай уулзаж ярилцсан Чикагогийн оюутнууд энэ асуудлыг саяхан Чикаго хотод байгуулагдсан Монгол Оюутны Холбооныхонтой уулзаж "санал болгоно" гэж  амалж байв.
...Мэдээж энэ арга хэмжээ сайхан болсон ч цаашид анхаарах зүйлүүд бишгүй байлаа.  АНУ-д суралцаж байгаа монгол оюутнууд идэвхи санаачлагатай оролцож байсан ч монголоороо бичиж, ярихад  алдаатай зүйлүүд зөндөө байв. Хэдийгээр гадаад оронд  өөр хэлээр суралцаж байгаа ч энэ бол орхиж боломгүй асуудал. Тэр тусмаа илтгэл болон нийтэд үзүүлж тайлбарлах бичлэгийн зүйлүүдийнхээ алдаа мадгийг сайтар хянаж, засч монголоороо алдаа мадаггүй бичиж байх нь дараа дараагийн арга хэмжээг зохион байгуулахад анхаарах нэгэн чухал асуудал.
Энэ талаар эрдэмтэн судлаач Ш.Баатар дүгнэн хэлэхдээ анхааруулна билээ. Мөн ярих чадварын хувьд ч эртнээс анхаарч илтгэх дасгал хийж байх нь хэрэгтэй мэт. "Би их сандарч байлаа" гэж оюутнууд тайлбарлаж байсан л даа. Гэхдээ Монгол орны ирээдүйн мэргэжилтнүүдийн хувьд өөрийн санаа бодлоо зөв илэрхийлэн бусдад ойлгуулах, бусдын санаа бодлыг ойлгож сурах нь эрдэм мэдлэг, ур чадварын нэгэн хэсэг нь гэдгийг мартаж боломгүй. 

...Илтгэлийн хувьд заавал хэрэгжүүлэх учиртай "төсөл" биш, гадаадад суралцаж байгаа монгол оюутнуудын Монгол орныхоо хөгжил болон монгол залуусын сэтгэлгээний өөрчлөлтөд хэрэг болохуйц үгээ хэлж байгаа болохоор заавал өөчилж шүүмжлэх хэрэггүй мэт. Тийм болоод ч энэ арга хэмжээгээ "НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА" гэж нэрлэсэн буйз. Харин энэ үгсийг анхааран сонсож, дэмжиж, олон нийтэд зөв сайнаар хүргэж байх нь бас л хэрэгтэй мэт. Мэдээж энэ талаар  Монгол Улсын Ерөнхийлэгчийн дэргэдэх  "Иргэний Танхим", Монгол Улсын Засгийн Газрын дэргэдэх "Гадаадад байгаа Монголчуудтай харилцах алба", "Зөгийн үүр" нэртэй байгууллагууд анхаарлаа хандуулах биз ээ. Уг нь тэд ийм л санаачлагыг дэмжих гэж, ийм л дуу хоолойг сонсох гэж байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа байх. "НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА" илтгэлээс Монголд хэрэгжүүлж болох маш олон сайхан төслүүдийн санааг бид олж харж мэдэрч байлаа.

1st day


                                                          Миний БОДОЛ
Өнгөрсөн жил Лос-Анжелос хотод зохион байгуулагдсан анхны арга хэмжээнд тэдний хүсэлтээр очиж оролцсон юм. Энэ он гарсаар Сан-Францискогийн Монгол Оюутны Холбооноос "ирж оролцооч" гэсэн санал тавихад ямар ч эргэлзээгүйгээр зөвшөөрсөн. Учир нь энэ залуус бидний ирээдүй, бас итгэл найдвар. Монгол орны минь ирээдүйн эзэд, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн залуусын түүчээ. Өнөөгийн Монголын Төрийн алдаа болон олон нийтийг бухимдуулж байгаа олон асуудлуудыг багш нар, эмч нар ажил хаяснаар шийдэж чадахгүй. Харин өөрчлөлтийг энэ залуус л хийж чадна. Харин бид тэднийг дэмжих л хэрэгтэй байгаа юм. Мөн энэ жилийн эхээр Бостонд очихдоо Харвардад. MIT-д суралцаж байгаа монгол оюутнуудтай ч хэрэг болгон уулзаж ярилцсан. Ийм залуустай уулзаж ярилцахад үнэхээр сайхан байдаг юм. Тэднээс маш их ирээдүй, итгэл найдвар мэдрэгдэж байдаг юм.

in sf

Энэ арга хэмжээний дараа миний өрөөнд бараг 20 гаруй оюутнууд цугларч бид чин сэтгэлийн халуун дулаан яриа өрнүүллээ, Бидний яриа АНУ-д суралцаж байгаа монгол оюутнуудын нэгдэл болон тэдэнд хэрэгтэй  "Мэдээллийн нэгдсэн сан"г хэрхэн байгуулж, үр дүнтэй ажиллуулах вэ? гэдэг дээр төвлөрсөн. Оюутнуудтай холбоотой ямар нэгэн санаачлагыг оюутнуудын оролцоогүйгээр хэн нэгэн хийж чадахгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд би сайн ойлгосон. Харин энэ удаад оюутнууд өөрсдөө энэ санаачлагыг хэрэгжүүлэхээр шийдсэн нь намайг баярлууллаа. 
Мэдээж миний хувьд өөрийн чадах боломжоороо тэднийг дэмжинэ гэдгээ амалсан.  Тэгэхээр бас нэгэн санаачлага хэрэгжиж эхлэх байх аа гэж найдаж байна. 
2 жилийн өмнө өөрийн анд нөхдийн хамтад АНУ-д Монголоос хэрэгжүүлж байгаа "Оюутан солилцооны хөтөлбөр" буюу олны хэлж заншснаар "J-1 визний оюутнууд"-ын тухай асуудлуудыг хөндөн "Монгол оюутнууд Америкт" нэвтрүүлгийг хийж байхдаа, сүүлийн 2 жилд Лос-Анжелос, Сан-Франциско хотуудад "Нададн хэлэх үг байна" уулзалтад оролцож байхдаа Монгол орны хөгжлийн ирээдүйн өөдрөг сайхныг сэтгэл зүрхнийхээ гүнд мэдэрч баярлаж байлаа. Бид хичнээн мунгинаж байвч өндөр хөгжилтэй олон оронд Монголын ирээдүй үеийнхэн хөгжин боловсорч байна.
Тэд дэлхийн дайд сэтгэж дэлхийн хэмжээнд амжилт гаргаж байна. Гэхдээ тэдний сэтгэл зүрхэнд  ямагт "Монгол" гэдэг зовинол оршиж байдаг юм. Үүгээрээ л монголчууд бид аугаа юм шүү. Залуус минь та нартаа чин сэтгэлээсээ талархаж, итгэлийнхээ чанадаас амжилт хүсье. 

ТА НАР ҮНЭХЭЭР МУНДАГ ШҮҮ. МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ТА НАРЫН ГАРТ БАЙГАА.
                                          Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.                                                                                            2012-04-08