jjj2Манайх зурагтгүй л дээ. Тэгээд зурагтгүй хүн чинь зурагтын бараа харахаараа цэнхэр дэлгэцээр юу ч гарч байсан хамаагүй шимтэн үзээд эхэлдэг юм байна. Ямар сайн даа л Засгийн газрын хуралдаан үзээд суугаад байх вэ дээ. Айлын авгайн хийж өгсөн сүүтэй цайг шимэнгээ анх удаагаа л УИХ-ын гишүүдийн ярьж байгааг сэтгэл гарган, чих тавин сонсож үзэв.

Тэнд, тэд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих талаар л яриад байна. Ер нь Монголчууд байнга ярьдаг хэдэн топ сэдэвтэй. Үе үеийн Засгийн газар ярьж л байдаг. Гэхдээ хийсэн ажил, бодитой үр дүн мэдрэгддэггүй салбар байдаг нь жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/. Өө тэрийгээ л яриад байна гэж бодлоо. Гэхдээ л зурагтгүй байгаа хүн чинь зурагт үзэх сэтгэлдээ хөтлөгдөөд дахиад нэг аяга цай гуйж уунгаа тэдний яриаг сонсоод л байв. Уг нь манай орны хувьд үйлдвэрлэлийн тулгуур болох түүхий эд нь хангалттай байдаг. Ард иргэд нь үйлдвэрлэгч болохыг зорьдог. Төр, засаг нь ч жил болгон ЖДҮ-ийг дэмжих нэрээр нэлээд төгрөг зарцуулдаг. Тухайлбал, 2009-2016 оны хугацаанд нийт 745,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон гэнэ.

Энэ талаар өнөөх Засгийн газрын хурлын үеэр ярьж байсан юм. Бас л чамгүй мөнгө. Мань мэтийн хувьд бол бүүр төсөөлөх ч үгүй тоо. Мань мэтийн хувьд хичнээн ч зурагт авах юм бүү мэд. Тэгсэн энэ тооны араас миний олон зурагттай болох мөрөөдөлтэй залгуулаад нэг тийм муухай тоо чихний хажуугаар нисээд өнгөрдөг юм даа. Тэр нь өнөөх 745,5 тэрбум төгрөг чинь нийт ЖДҮ эрхлэгчдийн ердөө 4.9 хувьд нь очсон байна гэнэ. Тэгээд үүнийг нь бодохоор энэ их мөнгийг хэдэн нөхөд л хуваагаад авчихдаг аж. Яах вэ тэгээд банкиар дамжуулаад тэр нь эрсдэлээ тооцож, зээлийн босго даваагүйг нь шууд “жийдэгтэй” холбоотой гэх. Үүний учир нь өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ЖДҮ эрхлэгчдийн 80 орчим хувийг 1-9 ажилтантай бичил бизнес эрхлэгч байдаг аж. Тэр нь ер нь бол над шиг зурагтгүй залуус нэгдээд нэг зүйл хийдэг. Түүндээ зээл авах гэхээр барьцаа хөрөнгөгүй гээд банкнаас хөөгдөөд гардаг хэсгүүд гэж ойлгож болох юм. Гэхдээ банкны босго давж чадахгүй байгаа нөхдүүдийг зөвтгөөд байж болохгүй. Нөгөө талдаа тэрбум тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг салбарын хөгжилд бус хэдхэн хүнд хувиарлаад байх нь шог биз дээ.

Тэгэхээр энэ талаар өмнө нь бичиж байсан нэг жижигхээн нийтлэлээ сэргээн засварлаад та бүгдэд хүргэе.

ЗАХ ЗЭЭЛДЭЭ ЗОРИУЛ БУЮУ “ЗӨВ ЮМ АА ХИЙ Л ДЭЭ”

jjj1Үйлдвэржих талаар нүүдэлчин монголчууд хомсхон мэдлэгтэй. Социалист нийгмийн үед арьс ширний, гутлын, хивсний, хүнсний гээд олон үйлдвэр байсан. Одоо алга гээд шогшрох эмээ өвөө нар олон. Хараагүй зүйлсээ харсан мэт ярих мань мэт шиг залуус ч бас бий. Гэтэл тухайн нийгэмд үйлдвэржилтийг хөгжүүлдэг хамгийн гол хүчин зүйл болох эрэлтэд тулгуурласан маркетинг гэж огт байгаагүй гэж хэлж болох байх. Дэлгүүрийн лангуун дээр нэг л төрлийн бараа. Нийтээрээ тэр л зүйлийг өмсдөг байсан үе. Тийм болохоор тэнд өрсөлдөгч гэж байгаагүй. Яг л энэ сэтгэлгээгээр өнөөгийн ЖДҮ эрхлэгчид хандаад байх шиг. Төрөөс тэрбум тэрбумаар нь зээл өгөөд байгаа юм байна. Тэгэхээр би ЖДҮ эрхэлбэл хөнгөлөлттэй зээл авч болох нь. Тэгээд тэр мөнгөөрөө бизнес хийж баяжаад утааны улирал эхлэхээр гэр бүлээрээ гадагшаа аялах мөрөөдөлтэй хүмүүс ЖДҮ хийнэ гээд ханцуй шамлаад орчихож байна. Тэгж орохдоо ямар ч зах зээлийн судалгаагүй, хэнд зориулж юу хийхээ мэдэхгүй хэн нэгнийг дуурайх нь олон. Арай дөнгүүр халаасандаа хэдэн төгрөгтэй нь Солонгосоос ажлын бээлийний үйлдвэр оруулаад ирдэг.

Тэгээд миний бээлийг хэн ч авахгүй байна гээд уурлах нь жаахан хачин. Угаасаа хэнд зориулсан нь тодорхойгүй юм чинь хэн авах вэ дээ. ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа /одоо хаана байгаа юм бүү мэд энэ хүн/ “Бидний олж харснаар дэмжигч, дэмжүүлэгч этгээдийн хооронд ямар ч уялдаа холбоо алга. Төрөөс 30 тэрбумыг ЖДҮ–ийг хөгжүүлэхэд зарцуулна. Иргэд ямар нэгэн үйлдвэрийн төсөл бичээд ир гэдэг. Гэтэл тэр төсөл бичээд ирсэн нөхөр нь өөрөө төслөө бичээгүй. Мөн үйлдвэрлэлийн талаар ямар ч мэдлэггүй байдаг. ЖДҮ гэхээр хэдэн хүүхэн нийлж суугаад гараараа юм нэхэх гэж ойлгоод байдаг. Энэ нь бидний түүх, сэтгэлгээтэй холбоотой. Тиймээс энэ сэтгэлгээг халах хэрэгтэй. Тэгэхгүй бол ЖДҮ хөгжихгүй” гэв.

ТОМОО ДАГАЖ ЖИЖИГ НЬ ХӨГЖДӨГ

Гадны орны туpшлагаас хуваалцъя л даа. Тухайлбал, үйлдвэрлэл өндөр хөгжсөн Японы туршлагаас харахад тус улсын төр нь үндэсний томоохон үйлдвэрлэгч болох “Тоёото” корпорацийг ихэд дэмждэг аж. Гэхдээ тухайн үйлдвэрийг нийт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ 20-30 хувийг импортоор авах болон өөрсдөө үйлдвэрлэхийг хориглодог байна. Харин дотоодын ЖДҮ-ээс авах учиртай. Харин дотоодын ямар үйлдвэрлэгчээс 20-30 хувийн бүтээгдэхүүнийг авах нь “Тоёото” компанийн эрх. Энэ зарчим манайд алга. Тиймээс Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэрэг уул уурхайн томоохон үйлдвэрүүдэд яагаад энэ зарчмыг мөрдүүлж болохгүй гэж. Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав “Гадаадын томоохон үйлдвэрлэгчид бүгдийг өөрсдөө хийдэггүй. Тухайлбал, "Hyundai" корпораци өөрсдөө бүх үйлдвэрлэлээ хийдэггүй. Бусад жижиг компаниудад эрэг боолт, эд анги зэргээ захиалан хийлгэдэг. Энэ тогтолцоог л бид нэвтрүүлэх хэрэгтэй байна” гээд нэг их сүрхий ярьж байсныг би бас л зурагтаар харж байсан юмдаг. Олон ч жил өнгөрч дээ.

Гэтэл өдгөө харахаар өнөөгийн төр ЖДҮ-ийг дэмжих нэрээр томоохон үйлдвэрлэгчдээ шахаад байгаа юм биш биз. “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл “Үйлдвэрлэгчдээ том жижиг, манайх танайх гээд ялгаад байдаг. Угаасаа том үйлдвэрлэлийг дагаж ЖДҮ хөгждөг. Харин ЖДҮ-ийг дагаж өрхийн үйлдвэрлэл хөгждөг. Хичнээн зээл өгөөд өгөөд энэ үйл явц байхгүй бол ЖДҮ хөгжихгүй. Гол нь тогтолцоо нь зөв байх хэрэгтэй. Гэтэл томоохон үйлдвэрлэгчдийг тоохгүй, ялгаварлан гадуурхаж байгаад гомдолтой байна” гэсэн юм.

Түүний үгийг зөв гээд дөрвөн мөчөө өргөөд дэмжиж байна. Тэр дундаас тогтолцоо гэдгийг нь сайн ойлгох ёстой юм шиг байгаа юм. Тэгвэл тэр тогтолцоо нь яг ямар байдаг юм бол оо.

ЖДҮ ЖИЖИГ АСУУДАЛ БИШ

jjjАНУ, Герман, Япон зэрэг орны эдийн засгийн 50-иас доошгүй хувийг ЖДҮ бүрдүүлдэг байна. Тухайлбал, АНУ-д шинээр бий болж буй гурван ажлын байрны хоёр нь ЖДҮ-ээс бий болдог гэсэн судалгаа байдаг аж. Харин Японы нийт ажиллагсдын 80 хувь нь тус салбарт ажилладаг байна. Япон улс төрийн бодлогоор энэ салбараа дэмждэг. Яг л монголчууд шиг хөнгөлөлттэй зээл олгодог аж. Бүр 1948 онд анх Жижиг, дунд бизнесийг удирдах газар гэгчийг байгуулж энэ төрлийн зээл олгож эхэлжээ.
Гэхдээ зээл олгоход учир бий. Төсөл бариад ирсэн болгонд зээл олгодоггүй. Эхлээд иргэдийнхээ энэ төрлийн мэдлэгийг сайжруулахад ихээхэн анхаардаг. Тухайлбал, томоохон хотуудад ЖДҮ эрхэлдэг бизнесмэнийг дэмжих 330 гаруй төв байдаг аж. Эдгээр төв нь таныг бүх төрлийн мэдээллээр хангана. Яг ийм тогтолцоо Европын холбооны улсуудад 40 гаруй жилийн өмнө бий болсон юм билээ.

Тэд одоо энэ тогтолцоогоо мэдээллийн технологийн хөгжилд тулгуурлаад http://een.ec.europa.eu/about/about ийм цахим хуудас нээгээд түүнийгээ European Enterprise Network гээд нэрлэчихсэн байна. Энэ дотор Европын холбооны улсуудын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын мэдээлэл /17/ буюу зах зээлийн судалгаа. Энгийнээр бол та юу хийвэл ашигтай байж болох талаарх зах зээлийн багтаамжийн судалгаа бүхий мэдээлэл энд байна. Мөн Европын Холбоо, ЖДҮ эрхлэгчдийг холбосон 600 гаруй агентлаг, байгууллагуудын мэдээлэл, сургалт хичээл гээд жижиг дунд бизнестэй холбоотой бүх мэдээллийг үнэгүй авч болно. ЖДҮ эрхлэдэг хэн ч бай тус цахим хуудаснаас зах зээл, компанийг хөгжүүлэх боломж, шинэ арга технологи, ажилтнуудынхаа мэргэжлийг дээшлүүлэх хичээл, Европын холбооны өөр улсад ЖДБ эрхлэхэд гарч болох эрсдлийн тооцоолол зэргийг хурдан хугацаанд олох боломжтой.
Гол нь эндээс ЖДҮ-ийг дэмждэг Европын Сангийн талаарх бүхмэдээлэл, холбогдох хүмүүсийн мэдээлэл зэргийг шууд олж болох юм билээ. Харин манайд энэ төрлийн ийм боловсронгуй цахим хуудас битгий хэл ийм нэгдмэл төвч бараг байхгүй гэхэд хилсдэхгүй.

Ингээд үнэн зөв мэдээлэлтэй болсон иргэдэд мэдээж өндөр шаардлага тавина. Адаглаад өөрөө бизнес санаагаа олж, төслөө бичсэн байх хэрэгтэй. Цаашлаад ойрын болон хэтийн бизнес төлөвлөгөө, зах зээлийн судалгаа хийсэн байхыг шаарддаг байна. Ингээд ирэхээр ЖДҮ гэдгийг хэдэн хүүхэн нийлж суугаад гараараа юм нэхэх гэж ойлгодог сэтгэлгээ халагдах учиртай.

Төрөөс тавьсан олон төрлийн шаардлагыг тухайн бизнесмэн хангаж чадвал татварын бодлогоор дэмжиж өгдөг байна. Үйлдвэрлэл явуулж эхэлсэн жижиг, дунд бизнес эрхлэгч дээр дурдсан томоохон корпорациас зарласан тендерт өрсөлддөг. Энэ манайхны хүсээд байдаг ЖДҮ эрхлэгч дотоодын зах зээлд өрсөлдөх боломжийг бий болгодог байна. Харин үндэсний томоохон үйлдвэрлэгч нь дэлхийн зах зээлд гарч өрсөлддөг. Ийм л зарчмаар, ийм л тогтолцоогоор өндөр хөгжилтэй орнууд эдийн засгаа тэтэгдэг байна. Тиймээс монголчууд амаа чилтэл ярьдаг ЖДҮ-ийг хөгжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, үндэсний брэндийг бий болгох, дэлхийн зах зээлд өрсөлдөх гээд олон асуудлыг бэлэн гадны туршлагад тулгуурлаад, өөрийн оронд нутагшуулж шийдэж яагаад болохгүй гэж.

Сэтгүүлч Э. Зоригт