cenjavХөмсөг: Гоё хүмүүс
Сэтгүүлч: Э. Зоригт

Явдал  мөр хийгээд эрүүл амьдрах нууц
Өчигдөр хүйтэн, өнөөдөр дулаахан. Энэ өвлийн араншин нэг л биш. Хавар арай эрт айлчлаад байгаа ч юм шиг. Замын цас хайлж, залуус хөтлөлцөн алхална. Завгүй Улаанбаатар өвлийг үргээх ч шиг. Нэг тийм урин мэдрэмж угтана, бүрхэнэ. Өвлийн цэв хүйтэн жавар хотын завгүй амьдралаас цэрвэх мэт. Яг ийм дулаахан өвлийн нэгэн өдөр би “Гоё хүмүүс” булангийнхаа дараагийн зочин Х.Цэнжав эгчтэй дэлгэцийн цаанаас ярилцахаар хүлээж сууна. Энд өвөл болж байгаа. Харин тэнд зун болж байгаа.
Тэрбээр Монгол ардын эмчилгээг дэлхийд сурталчилан яваа нэгэн. Учир нь тэрбээр тэртээ 1990 оны үеэс Польш улсад өөрийн гэсэн ардын эмчилгээний эмнэлгийг нээж саяхныг хүртэл тэндээ ажиллаж амьдарсан. Харин хэдхэн сарын өмнөөс Австрали улсад суурьшиж, Монгол ардын уламжлалт эмнэлгийг Европын өөр нэгэн оронд нээх мөрөөдөлдөө хөтлөгдөн дэлхийг хөндлөн гулд туулж яваа бүсгүй юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг уншигч танд хүргэж байна.

Одоогийн аж амьдралыг тань асуухаас урьтаж таны ардын эмчилгээтэй хэрхэн холбогдох болсон талаар ярилцлагаа эхэлбэл болох уу?
Бололгүй яах вэ. Гэхдээ үүний тулд би Польш явсан талаараа эхлээд ярих хэрэгтэй болох байх. Миний гадагшаа явсан түүх бусдын л адил даа.

Ардчилал гарч нийгэм солигдох мөчид монголчуудад гарч ирсэн олон боломжийн нэг нь дуртай улс руугаа явах байлаа. Манай аав Польш улс дахь Монголын элчин сайдын яаманд ажилладаг байсан юм. Тэгээд л би тийшээ явахаар болсон юм. Ер нь Польш улсад миний амьдралын ихэнх хэсэг буюу хийж бүтээдэг ид залуу нас минь өнгөрчээ. Анх Варшав хотын Азийн музейд ажилладаг байв. Тэнд ажиллаж байхдаа ардын уламжлалт эмчилгээ сонирхсон Америк гаралтай Польшийн иргэнтэй танилцсан нь намайг насны хоолтой минь залгуулсан гэж боддог. Тэр хүн надаас азийн уламжлалт эмчилгээ болон Монгол ардын анагаах ухааны эмч нартай холбоо тогтоож өгөхийг хүссэн юм. Тэр хүсэлтийн дагуу би Хятад, Өвөр Монгол, Монгол, Төвд гээд олон орноор аялсан. Тэгээд Монголдоо ирээд Ардын эмнэлгийн хүрээлэнгийн эмч нараас Польшид очиж ажиллах сонирхолтой эмч нар байна уу гэхэд итгэсэн хүн цөөхөн. Арга ч үгүй биз манай нийгэм эдийн засгийн байдал (1991-1992 оны үед) ороо бусгаа тийм үед эмч нарт нь 600 ам.доллар, орчуулагчид нь 500 ам.доллар өгнө гэхэд хэтэрхий үнэмшилгүй сонсогдсон гэж манай эмч нарын зарим нь одоо хэлдэг юм. Тийм их мөнгө гэж байдаг юм уу гээд л. \инээв\
Ингээд хэдэн эмч нар Польш авч явахаар болсон. Тэгээд цаашаагаа Хятад, Өвөр Монгол руу явж Монгол уламжлалт эм, арга ухаан, тунгийн талаар судалж зөндөө аялсан. Учир нь тэр үед манайд уламжлалт эмчилгээ гэж бараг байхгүй Барууны буюу орчин үеийн Анагаахын шинжлэх ухааныг илүү “шүтсэн” байлаа шүү дээ.

Тэр хүн танд яагаад ардын эмнэлэг нээх санал тавьсан юм бэ. Та энэ талын эмч байсан юм уу?
Би уг нь Багшийн их сургуулийг зургийн багшаар төгссөн хүн. Зураач гэсэн үг.\инээв\ Ардын эмчилгээтэй холбогдсон түүх нь их сонин. Би багадаа их хэцүү өвчин тусч анагаахаар яваад эдгэхгүй гэж байхад эмээ минь намайг маарамба дээр дагуулж очдог байлаа. Эмээгийнхээ гараас хөтлөөд л тэр маарамба дээр очино. Эмээ минь намайг мөн ч уйгагүй дагуулж явдагсан. Тэрний хүчинд би эдгэж өнөөдөр ингээд чамтай ярилцаад сууж байна. Тэр цагаас хойш миний толгойд ардын эмчилгээг дээдлэх, шүтэх нэг тийм зүйл бий болж билээ. Тийм ч болохоор тэрүү багаасаа л ардын эмчилгээний эмнэлэг байгуулж олон хүнд тус болно доо гэж мөрөөддөг байлаа. Гэхдээ томроод цагийн аясаар энэ мөрөөдөл минь бараг замхарч байтал хаа байсан харийн орны иргэн ардын эмнэлэгтэй болох санал тавьсан. Тэр нь бүр Польш иргэншилтэй Америк хүн байсан нь их сонин. Тэгэхээр хүний мөрөөдөлд хил хязгаар байдаггүй гэж үнэн. Хувь зохиол гэдэг өөрөө их сонин зүйл.

Та чинь тэгвэл хувь заяаны эрхээр Монголд мартагдах шахсан тэр өв соёлыг харийн оронд экспорт хийсэн хүн байх нь. Польшид 26 жил энэ салбартаа л ажилласан гэхээр арай урт биш үү. Хүн чинь нэг зүйлээ удаан хийхээр залхдаг шүү дээ.
Мэдлэг гэдэг шавхагдашгүй. Гол нь чи өөрийн сонирхсон зүйлээ л барьж авах хэрэгтэй. Тэгж чадвал юун уйдаж залхах. Тухайлбал, би өөрийн гэсэн эмнэлэгттэй боллоо. Тэгээд тэнд ажиллаж байгаа олон эмч нарыг хараад өөрийн эрхгүй сонирхож, бүр гүнд нь орох хэрэгтэй юм байна гэж бодоод илүү шинжлэх ухаанчаар судалж эхэлсэн. Ингээд Өвөр Монгол ойрхон ойрхон явж нэртэй нэртэй оточ, маарамба нартай уулзаж мөн ч их зүйл сурч мэдсэн. Мэдэх тусам Монголынхоо анагаах ухааны салбарыг биширч байлаа. Тэгээд бүр илүү мэдэх хүсэлдээ хөтлөгдөн босоо Монгол бичиг бие даан сурсан юм. Учир нь манай ар Монголд криллээр бичсэн нэг ч ардын эмчилгээний ном байдаггүй байлаа. Ихэнх ном нь Өвөр Монголд уйгаржин Монголоор бичигдсэн байдаг байсан. Тэгсээр яваандаа судас барьж сурсан. Ер нь ардын эмчилгээний хамгийн чухал зүйлийн нэг нь судас барих байдаг шүү дээ. Зөвхөн судасны чимээг нь сонсоод л тухайн өвчтөний бүх өвчнийг мэдээд зогсохгүй таарсан эмчилгээг хийнэ гэдэг өөрөө гайхалтай төдийгүй тухайн эмчээс маш их чадвар шаарддаг. Ардын эмчилгээний гол нууцын нэг нь эмч өвчтөн хоёрын ойлголцол болон итгэлцэл дээр тогтдог. Адаглаад тухайн маарамба өвчтөндөө ямар тан залж байгаагаа ойлгуулах, ардын эмчилгээний нарийн нууцыг тайлбарлахаас эхлээд өвчтөнийхөө бие болон сэтгэлийг зэрэг засах хэрэгтэй. Мөн бодлыг нь ч гэсэн зөв мэдээллээр засаж ардын эмчилгээний мөн чанарыг тайлбарлаж өгөх нь чухал. Ингэж гэмээнэ итгэл үүсдэг. Гэхдээ хүн бүр адилгүй л дээ.

Ардын эмчилгээ ойлгуулах гэлээ. Гэхдээ ойлгуулахад бэрх байж магадгүй санагддаг. Учир нь ардын эмчилгээ өөрийн гэсэн онцлогтой. Тэр нь ямар нэгэн стандарт гэж байдаггүй, эмчийн мэдрэмж, туршлагатай эмчилгээний үр дүн их хамааралтай байдаг юм шиг санагддаг. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
Монгол эм болон эмчилгээнд стандарт ч гэх юм уу нэг тийм тогтсон дүрэм журам орц найрлага гэж байхгүй нь үнэн. Учир нь, тухайн оточ, маарамба эмчилгээ хийхдээ өвчтөнийхөө биеийн байдал өвчний нөхцөл зэргээс шалтгаалаад танг тааруулж өгөх учиртай. Эс тэгвээс өвчин эдгэх нь бэрх. Ингээд харахаар Монгол ардын эмчилгээ нь нэг талаар мэдрэмж нөгөө талаар маш их чадвар шаардсан зүйл. Үүнийг сурахын тулд хүнээс их хөдөлмөр, хичээл зүтгэл шаарддаг. Тиймээс ардын эмч нар оточ маарамба хүн чин сэтгэлтэй, бусдын төлөө өөрийгөө зольж чаддаг, хичээл зүтгэлтэй, төрөл бүрийн чадварыг нэг дор цогцлоосон хүн байх шаардлагатай байдаг. Тухайлбал, чи үйлчилгээ үзүүлж байгаа хүндээ хийж байгаагаа бүрэн ойлгуулахын тулд тус орны хэлийг мэдэхээс гадна тухайн зүйлийг яаж тайлбарлавал тухайн үндэстэнд илүү ойр буух вэ гэдгийг хүртэл мэддэг байх учиртай. Тухайлбал, би Польш хүмүүст бүгдийг нь тайлбарлаж өгдөг байсан. Тэгээд эмчлүүлэгчийн сэтгэлийг юун түрүүнд засна, хамгийн чухал нь тухайн хүний итгэлийг алдахгүйгээр үр дүнтэй эмчилгээ үзүүлэх, түүнээс биш үр дүнгүй ухуулга гэдэг бол хамгийн муухай, хүнийг хулхидсан хэрэг болно. Тиймээс эхлэхээс дуусах хүртэлх тэр бүх зүйл нь үнэн бас үр дүнтэй байж чадвал хэн ч ойлгоно шүү дээ.

Танай эмнэлгээр ихэвчлэн ямар улсын хүмүүс үйлчлүүлдэг байсан вэ?
Манай эмнэлэгт Украйн, Америк, Германаас маш олон хүмүүс ирдэг. Амнаас ам дамжаад сонссон хүмүүс дэлхийн хаанаас ч хамаагүй зориод л ирэх нь бий. Ер нь ямар үндэстэн байх нь хамаагүй. Хүн бол хүн. Хамгийн чухал нь үр дүн байдаг. Хар хүмүүс ч ирэх нь бий. Ер нь ихэнхдээ арга барагдсан эцсийн найдвар хайсан хүмүүс ирдэг. Би бүр анагаах ухааны эмчилгээгээр яваад насгүй болчихлоо гээд ирэх хүн зөндөө.

cenjav1

Хүн ер нь эцсийн найдварыг уламжлалаас, бурханаас эсвэл урд нь огт итгэдэггүй байсан тэр зүйлсээс хайдаг юм шиг санагддаг. Манай монгол хүмүүс ч гэсэн аргаа барахаар л ардын эмчилгээгээр нэг яваад үзвэл яах вэ гэдэг. Тэгэхээр дэлхий дахин ч гэсэн ийм байх нь тийм үү?
Зөвхөн манай монголчууд ч гэлтгүй дэлхий нийтээрээ л тийм байдаг. Эцсийн найдвараа тээж ирж байгаа тэдгээр хүмүүст л бид үйлчилгээ үзүүлдэг л дээ. Тэгэхээр иргэдэд энэ талын ойлголтыг сайн ойлгуулахгүй бол аливаа өвчнийг эдгэрэх ямар ч найдваргүй болсон хойно нь ирэхээр зарим тохиолдолд эмчилгээ авахаасаа өнгөрсөн байх нь бий.

Шинжлэх ухаан, технологийн хүчийг хавсраад хавсраад ардын эмчийн судас барих тэр чадварыг гүйцэхгүй байгааг би их гайхдаг. Аргаа барсан, орчин үеийн анагаахын ухаанаар эмчлэгдэхгүй гэсэн өвчтөнг ардын ухаанаар эмчлээд байдаг тэр нууц нь юу байдаг юм бол оо?

Ардын эмчилгээний гол нууц нь тухайн өвчний шалтгааныг уг сууриар нь эмчилдэг. Шалтаг бус шалтгааныг нь олж эмчилдэг гэх юм уу даа. Гэхдээ хүн бүрийн бие харилцан адилгүй тул шалтгааныг олоход бэрх. Нэг хүн нэг зүйлээс харшилдаг байлаа гэхэд өөр нэг хүн тухайн зүйлээс харшлахгүй байх жишээтэй. Үүний цаад шалтгаан нь юу байна гээд хайна. Ингээд үзэхээр хүнд өвдөх хэд хэдэн ерөнхий шалтгаан байдаг. Ийм болохоор ардын эмчилгээнд салбарлал байдаггүй. Анагаахын шинжлэх ухаанд бол бөөр мэддэг хүн бол бөөрөө л үздэг шүү дээ. Харин манай уламжлалт анагаах ухаанд тийм салбарлал байхгүй. Учир нь хүний эрхтэн тогтолцоо гэдэг нь өөрөө нэгээс нөгөөд нөлөөж байдаг. Нэг газраа доголдлоо гэхэд нэг өөр хэсэгт давхар өвдөх ч гэдэг юм уу. Гэтэл тухайн газар юунаас болоод өвдөж байгааг нь мэдэхгүй мөртлөө тэр хэсгийг л эмчлээд байвал үр дүн муугаас гадна түр зуур л аргалах төдий байх нь элбэг. Харин ардын эмчилгээ нь нэг талаар тухайн хэсгийн өвчнийг намдаахаас гадна уг ухархай нь хаа байна түүнийг нь хэрхэн эмчлэх вэ гэдэгт анхаарч өвчний голомтыг нь устгадаг. Тийм болохоор ардын эмч нарт ямар нэг салбарлал байхгүй. Судас барих замаар өвчний цаад шалтгааныг нь оношилдог. Ийм хэмжээний чадвартай хүнийг л ардын эмч, оточ маарамба гэж үнэлдэг. Зарим талаар үйлчлүүлэгчид маань ирээд бөөр нь өвдөөд байхад арай өөр газар нь эмчилгээ хийгээд унахаар гайхаад байдаг. Манай ардын сайхан үгэнд ... “Сэжгээр өвдөж, Сүжгээр эдгэдэг” гэдэг дээ. Үүнийг өдгөө барууны анагаах ухаан ч хүлээн зөвшөөрчихөөд байна. Хүний сэтгэлийг засаж байж тухайн эм болон эмчилгээ илүү үр дүнд хүрдэг гэдгийг, тэгвэл энэ ухааныг манай ард түмэн эрт дээр үеэсээ мэддэг байж. Тэгэхээр бид энэ уламжлалаа л сэргээх хэрэгтэй юм. Ер нь хүний итгэл гэдэг их хүчтэй. Тэр итгэл дээр тулгуурласан сайн эмчилгээ үр дүнгээ өгөхдөө илүү байдаг.

Өвчин үүсэх цаад шалтгааны талаар та сая дурдсан. Тэгвэл тэр өвчлөх цаад шалтгаан нь ихэнхдээ юу байдаг вэ?

Өвдөхөөсөө өмнө өөрийгөө хэрхэн хамгаалах талаар манай ардын арга ухаанд бэлхнээ заагаад өгчихсөн байгаа. Хүн ер нь заавал өвдөж, эм тан ууж, бариа засал хийлгэх шаардлага байхгүй шүү дээ. Үүний тулд манай ард түмэн эртнээс нааш үр хүүхдүүддээ заадаг байсан тэр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх арга бол “Явдал мөрөө засах” юм. Явдал мөр гэдэг нь хүний амьдралдаа өдөр бүр дагаж мөрдөх зөв хэм хэмжээ гэж ойлгож болно. Адаглаад зөв хооллох, байгаль дэлхийгээ хайрлах, уур амьсгалдаа тохируулж хувцаслахаас эхэлнэ шүү дээ. Энэ бүгдээс гадна сэтгэлийн явдал мөр гэж бас бий. Тухайлбал, хүнд атаархах, элдэв агуурсад хэт шунах, уур уцаартай байх зэргийг сэтгэлийн явдал мөрд хорьдог. Бид бүгд л мэднэ. Эцэг эх маань хүний юманд битгий шуна, бусдад битгий атаарх гээд л хүмүүжүүлдэг шүү дээ. Энэ бүгд чинь л өөрөө одоогоор бол эрүүл амьдрах хэв маяг юм. Гэхдээ хамгийн чухал нь биеийн хийгээд сэтгэлийн явдал мөр хоёулаа цэвэр байж гэмээнэ хүн эрүүл, аз жаргалтай сайхан амьдарна. Манай эцэг өвгөдөөс уламжилж ирсэн тэр арга ухаанд сэтгэл гэдэг бол бүх зүйлийн үндэс гэж заасан байдаг нь цаанаа учиртай. Үүгээрээ л бидэнд эрүүл саруул амьдрах арга ухааныг заагаад байсан байгаа юм. Ер нь тэгээд бид аливаа зүйлийн агуулгыг өөрчлөхгүйгээр тухайн цаг үедээ тааруулаад ойлгуулах л хэрэгтэй. Өнөөдөр ардын эмчилгээ зөв гэдгийг Монгол хүнд хэлж байгаа шигээ Америк хүнд тайлбарлаад байвал ойлгохгүй. Тэр чинь шал өөр соёлтой, шал өөр төлөвшилтэй огт өөр үндэстэн. Тэгэхээр тэр хүнд ойлгуулахын тулд тэр соёлд нь тааруулж л ярих хэрэгтэй. Харин манай ард түмний хувьд ингэж тайлбарлуулаад байхааргүй эрүүл байх ухааныг ер нь мэддэг шүү дээ. Aрдын ухаанд зааснаар халуунд биеийг халаах зүйл эдэлж хэрэглэж болохгүй, хүйтэнд биеийг хөргөх зүйлээс хол байхыг заасан байдаг. Адаглаад хар халуунд байгаад байвал наршина, хүйтэнд хүйтэн нойтон гүйгээд байвал илүү дутуу хүйтний өвчтэй болно гээд л бид мэддэг шүү дээ. Aрдын ухаанд хүн өвчлөх цаад шалтгааны нэгэнд нь дотоод шар хөдлөхтэй холбоотой гэж заасан байдаг. Адаглаад их атаач, жөтөөч, будсын зүйлд хэт шунаж, өөрийн юмыг үл тоодог хүний элэг, цөс илүү өвчлөмтгэй байдаг гэдэг. Ардын ухаанд аливаа өвчний шалтгааныг хий, шар, бадганатай холбож үздэг. Энэ нь энгийнээр дээр дурдсан таны амьдралын болоод сэтгэлийн явдал мөрөөс үүсч буй л зүйлс юм.

Тэгвэл явдал мөрөө зассанаар орчин үеийн анагаах ухаанд эмчлэгдэхгүй гэдэг өвчинг эдгээж болох уу. Тухайлбал, танд эдгэхгүй гэсэн өвчнийг эдгээж байсан туршлага бий юу?
Эмчлэгдэх болон эс эмчлэгдэхийн хувьд тухайн өвчтөний өөрийн түр ойлголт юм. Манайд ирээд огт эмчлэгдэхгүй гэсэн өвчтэй олон хүмүүс ирээд эдгэрээд явсан тохиолдол цөөнгүй. Гэхдээ анагаах ч бай ард ч бай нэг адилхан зүйл байдаг нь тухайн өвчнийг хэт хүндрүүлчихээд ирвэл аврагдах магадлал тэр хэмжээгээр бага л гэсэн үг. Тиймээс аливаа өвчнийг эрт үед нь оношлуулаад тохирсон эмчилгээ хийлгэж чадвал эдгэх магадлалтай өвчин санасныг бодвол олон. Тухайлбал, арьс өнгөний өвчлөлүүдийн ихэнх нь эдгэрдэг. Харшил ч гэдэг юм уу. Гэтэл зарим харшлыг анагаахын шинжлэх ухаанд эдгэрэх боломжгүй гэж үзэх нь бий. Харин ардын ухаанд эмчлэх боломжтой бөгөөд бага залуудаа эмчлүүлбэл эдгэх магадлал нь бүр өндөр гэж үздэг. Тухайлбал, манайд 5 настайдаа ирж байсан арьс өнгөний өвчтэй хүү өдгөө сайхан том залуу болчихоод тухайн өвчин нь дахиагүй байх жишээтэй. Гэтэл тухайн өвчинг анагаахын шинжлэх ухааны талаасаа бол вирусын гаралтай эдгэх боломжгүй гэсэн оноштой байдаг ч юм уу. Ийм жишээ олон бий. Мөн эмчилгээ хийсний дараа тухайн хүн явдал мөрөө засах хэрэгтэй байдаг. Үүнийг бид гам барих гэж нэрлэдэг. Ер нь ямар ч өвчин дахих магадлалтай байдаг. Тэгвэл дахиулахгүй байх арга нь гам барих буюу эдгэснээсээ хойш явдал мөрөө засах юм.

Ингээд харахаар манай уламжлалт анагаах ухаан нь зарим талаараа зөв амьдрах хэв маяг ч юм шиг санагддаг. Өдгөө дэлхий нийтээрээ яриад байдаг тэр зөв амьдрах хэв маягийг манай өвөг дээдэс эрт дээр үеэс мэддэг байсан гэвэл та санал нийлэх үү?
Тэгэлгүй яах вэ. Өнөөдөр дэлхий нийтээрээ байгальд ээлтэй байх талаар ярьж байна. Гэтэл манай монголчууд эрт үеэсээ л байгалиа хайрлах сэтгэлгээтэй байсан. Энэ нь ч ардын эмчилгээтэй салшгүй холбоотой. Адаглаад ардын эмчилгээний ном сударт дурдсанчлан 370 гаруй өвчнийг эм, домын аргаар эдгээдэг бол бусад өвчнийг бурхан сахиусын тусламжтайгаар эдгээнэ гэсэн байдаг. Үүнийгээ тайлбарлахдаа байгаль дэлхийг хүншүүлж ойлгуулах нь бий. Тухайлбал, мод битгий хугал лусын хорлол болно, ус гол битгий бохирдуул уул хангай хилэгнэнэ гэдэг ч юм уу. Ер нь байгаль дэлхий гэдэг чинь өөрөө амьтай шүү дээ. Энэ орчлон ертөнц сав шим гэдэг чинь яг л хүний эд эрхтэн шиг өөр хоорондоо ямар нэгэн сэжмээр шүтэлцээтэй байдаг гэдэгт би итгэдэг. Тэр шүтэн барилдлагыг хүн өөрийн санамсартай болон санамсаргүй байдлаар алдагдуулахаар гор нь тухайн хүний бие дээр гараад байх шиг байгаа юм. Адаглаад бидний сайн мэдэхээр анагаах ухаан, ардын эмчилгээний аль алинаар нь яваад эдгээгүй өвчтэй хүн шашин номоор яваад эдгэчих нь байдаг даа. Өө би лусын хорлол болчихсон байсан юм байна гээд инээгээд эв эрүүл яваа хүнийг та бид бишгүй мэддэг. Тэгэхээр аливаа өвчтөнг анагаахын тулд ардын болон анагаахын ухаан хийгээд бурхан шашин гээд энэ бүхнийг тодорхой хэмжээгээр хослуулах хэрэгтэй болов уу. Эдгээр нь эцсийн дүндээ тухайн өвчний цаад шалтгааныг мэдэх арга ухаанууд л юм. Үнэхээр эмээр эдгэхгүй өвчинг ад домоор эдгээж чадвал түүнийг үгүйсгэх хэрэггүй. Учир нь эцсийн дүндээ нэг хүний алтан амь аварч, эрүүл саруул болгож нэг ч гэсэн гэр бүл элэг бүтэн байгаа нь л чухал биз дээ. Гэхдээ аль нэг тал руу нь хэт туйлширч болохгүй гэж би хувьдаа боддог. Aрдын эмч, хүний өвчин хийгээд хүнтэй ярих чадвартай байх шаардлагатай. Ингээд ирэхээр нэг ирсэн хүн дахин дахин ирээд л байдаг. Товчхондоо бол үйлчилгээгээ сайн үзүүлж байна гэсэн үг юм уу даа.

Өвчтөнтэй ярихаас гадна өвчинтэй ярих гэлээ. Үүнийг тайлбарлаж өгч болох уу?
Аливаа хүний бие өөрөө өөрийгөө бүрэн илэрхийлдэг. Харин тэр шинж тэмдгийг л эмч хүн олж харах хэрэгтэй. Нүд, хэлний өнгө, үнэр гээд бүх зүйл л тухайн өвчний шалтгааныг хэлж өгдөг. Энгийн жишээ гэхэд витамин В их уусан хүнээс үнэртдэг үнэр хүртэл өөр болчихсон байдаг шүү дээ. Тэрэнтэй адилхан сахарын өвчтэй ч юм уу ямар нэг өвчтэй хүнд өвчний үнэр гэж байдаг. Учир нь хүний бие гэдэг чинь өөрөө маш том бүтэц, анатомын үйлдвэр эсвэл лаборатори ч гэх юм уу тийм зүйл шүү дээ. Тэгэхээр хүний биед орсон бодис, ялгаруулж байгаа үнэр өнгө гээд бүх зүйл нь өвчтөний биеийн байдлыг шууд ба шууд бус утгаар илэрхийлж байдаг. Гэхдээ сүүлийн үед хүмүүс биеийн тосноос эхлээд үнэртэй ус энээ тэрээ гээд өөрийн гэсэн үнэрээ дарах зүйл их хэрэглэдэг болчихсон учраас үнэрээр оношлох нь жаахан төвөгтэй. Гэхдээ яг адилхан үнэртэй ус хэрэглэж байгаа хоёр хүнээс хоёр шал өөр үнэр үнэртэх тохиолдол байдаг. Үүний шалтгаан нь тухайн хүний бие ямар үнэр ялгаруулаад тэр нь тухайн үнэртэй устай урвалд орсноор ямар үнэр ялгарч байгаа гээд нарийвчлаад байвал цаашаа улам л нарийн болоод явчихдаг. Тэгэхээр энэ бүгдийг л тайлах чадварыг ардын эмчээс шаарддаг. Ер нь хүн гэдэг чинь амьтны нэг төрөл зүйл гэдэг утгаараа нэг нэгэндээ үнэрээр татагдах тохиолдол бий. Бас таалагдахгүй үнэртэй хүмүүс ч байдаг. Тухайлбал, эрүүл хүн өвчтэй хүний дэргэд ирэхээрээ нэг л эвгүйцэх, үнэр нь таалагдахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ оточ маарамба биш юм болохоороо юу болохгүй байгааг нь мэдэхгүй ямар ч л байсан таалагдахгүй байна гэж өөрөө өөртөө оношлоод тухайн хүнээс холдоод явдаг шүү дээ. Харин ардын эмч хүний ажил нь тэр цаад шалтгааныг нь тодорхойлох юм.

Тэгвэл ийм эмчийг та яаж олж авдаг вэ?
Хүний сэтгэл л хамгийн чухал гэж боддог. Яах вэ чадваруудыг бол хүн сураад авч болно. Гэхдээ тухайн зүйлдээ үнэн сэтгэлээсээ хандаж байгаа эсэх мөн хүний төлөө чин сэтгэлээсээ ажиллаж чадах эсэх нь л хамгийн чухал болов уу. Ер нь сэтгэл зөвтэй хүнийг хэлж байгаа үг, хийж байгаа жижигхээн үйлдлээс нь л харж болох байх. Юу ярьж байна, юу хэрэглэж байгаагаас нь хараад л мэдэж болно. Дээрээс нь өөртөө итгэлтэй байгаа эсэх нь чухал. Өөртөө итгэлтэй байгаа хүн бол тухайн зүйлээ мэдчихсэн, судалчихсан байгаа гэсэн үг. Хүн ер нь мэдэхгүй, итгэлгүй байгаа зүйлээсээ л айдаг, халгадаг байх. Зарим ардын эмч нар бусдад ардын эмчилгээ хийдэг мөртлөө өөрөө өвдөхөөрөө орчин үеийн анагаахын эм уугаад яваад байх нь байдаг. Тэр чинь одоо өөрийн хийж байгаа зүйлдээ итгэлгүй л байна гэсэн үг шүү дээ. Тийм хүн яаж бусдад үйлчлээд байгааг би ойлгодоггүй.

Тэгвэл та хэр сайн эмч вэ?
Би өөрийгөө сайн эмч гэж хэлж чадахгүй. Гэхдээ хүн аливаа хийж байгаа зүйлээ мэддэг байх хэрэгтэй. Тэгж байж саяын миний хэлдгээр бусдад чанартай үйлчилгээ үзүүлж чадна. Тэр утгаараа би Цэнд гээд эмчээр судас барихыг заалгасан. Энэ эмчид би үнэхээр баярладаг. Надад ардын эмчилгээний цаад филсофийг ойлгуулсан хүн байгаа юм. Цэнд гуай үнэхээр мундаг, хүний төлөө хүн. Гэхдээ хүн маш олон зүйлийг мэддэг хэрнээ өөрөө өөртөө тусалж чаддаггүй нь харамсалтай.
Тэр хүн хэдий олон хүн эмчилсэн ч, зөндөө олон хүнд буян болсон ч өнөөдөр өөрийг нь хүнд байдалтай байхад туслах хүн алга л байна. Тэгэхээр би сайн эмч биш. Багшдаа тусалж чадахгүй байна. Хүний амьдрал гэдэг ийм хатуу. Чи хичнээн мундаг байлаа гээд өөртөө тусалж чаддаггүй тийм хэцүү. Гэтэл би багшдаа тусалж чадахгүй байгаа нь бүр харамсалтай. Тэгэхээр би сайн эмч биш.
Тэр ярилцлагаа завсарлахыг надаас хүссэн юм. Би ч түүний хүслийг хүндэтгэн цонх руу очлоо. Гадаа бүрий болжээ. Унтах дургүй хот гэрлээ асааж, өдөржин ажиллаж ядарсан хүмүүс гэрийн зүг яарна. Түргэн алхах хүмүүс, түгжрэл үүсгэх машинууд, зам дагасан гэрлийн шонгууд, энэ удаагийн өвлийн олон араншин гээд хот эрээн мяраан, өнгө будгаар эрээлжилнэ. Харин дэлхийн нөгөө захад буюу Х.Цэнжав эгчийн амьдарч буй Австралид зуны өдөр ид дундаа орж байгаа.
Ярилцагч маань тайвширсан бололтой интернетээр над руу дуудлага хийж байна. Би өвлөөс тэр зунаас хөндийрөн дахиад бид ярилцлагандаа орлоо. Гэхдээ би энэ удаа түүнтэй багшийнх нь талаар ярилцахыг хүссэнгүй.

Та их сайхан эмэгтэй юм. Энэ нууцаасаа хуваалцахгүй юу?
Баярлалаа. Эмэгтэй хүн чинь сайхан гэж хэлүүлэх дуртай байдаг шүү дээ. \инээв\ Үнэхээр та намайг залуу, сайхан гэж байгаа бол хэрвээ түүнд нь ямар нэг нууц байгаа гэж үзвэл би их л өөртөө итгэлтэй хүн. Ирээдүйдээ итгэлтэй байдаг, аливаа зүйлийг үргэлж болох бүтэх талаас нь хардаг гэж хэлж болох юм. Дээрээс нь манай удамд тэр дундаа аавын талд урт насалдаг гень буюу удамшлын сан байдаг гэж боддог. Тухайлбал, манай хөгшин ээж 104 насалсан. Дээрээс нь хүнд хөдөлгөөн их чухал. Би багадаа балетын сургуульд сурдаг байсан юм. Тэгээд ер нь дасгал хөдөлгөөн хийх зуршилтай болсон. Одоо бол цанаар гулгана, газрын теннис тоглоно. За тэгээд эмэгтэй хүн болсон хойно үрчлээний эсрэг тос, энээ тэрээ хэрэглэнэ. Сайн гэсэн зүйлсийг туршиж үзнэ. Хамгийн гол нь хэтрүүлэхгүй л байх хэрэгтэй гэж боддог.

cenjav4

Таны хувьд хүн байна гэдэг тэр дундаа эмэгтэй хүн байна гэдэг ямар байхыг хэлэх вэ?
Ямар хэцүү асуулт вэ. Энэ асуултын хариуг эрэгтэй хүмүүс л сайн өгөх байх даа. Яах вэ миний хувьд гэвэл эмэгтэй хүн зан ааш дөлгөөн, юмыг хэтрүүлдэггүй, олон нийтийн газар биеэ зөв авч явдаг, чадвараасаа илүү айлгүй биш, юм юмандаа л алтан голч байж чаддаг байхыг хэлэх байх. Нүүрээ будсан ч өөртөө тохируулчихдаг байх гэх юм уу. Ер нь аливаа зүйлийг огт хэрэглэдэггүй байх эсвэл хэт их хэрэглэх нь тийм ч таатай биш гэж боддог.

Та гадаадад 30 орчим жил ажиллаж амьдарчээ. Одоо эх орондоо ирээд ардын эмчилгээний салбарыг хөгжүүлэх талаар бодож байна уу?
Энэ талаар би одоо шууд тэгнэ ингэнэ гээд хэлчихэж чадахгүй байна. Учир нь одоо Австралид ирээд шинэ зорилго тавиад өөр зүйл хийхийн төлөө ажиллаж байна. Гэхдээ хүн заавал эх орондоо байж эх орныхоо төлөө юм хийнэ гэдэг нь өрөөсгөл байх. Учир нь би дэлхийн хаана ч байсан Монгол ардын эмчилгээний салбарыг л хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж явна шүү дээ.

Та эх оронч байх гэдгийг юу гэж боддог вэ?
Би Монгол хүн гэдгээрээ үргэлж бахархдаг. Дээрээс нь хаана ч явсан би Монголоо төлөөлж байгаа нүүр царай гэж өөрийгөө боддог. Тийм ч учраас Монголынхоо нэр хүндийг хугалахгүй байхыг өөрийнхөө эрх ашгаас дээгүүрт тавихыг хичээж явдаг даа. Чамайг хүний нутагт нэрээр чинь биш эх орноор чинь л дуудна шүү дээ. Монгол хүн л гэнэ. Хэрвээ чи муу зүйл хийвэл монголчууд, монгол хүн л гэж ярина уу гэхээс Монголоос ирсэн Цэнжав гэдэг хүн гэхгүй. Миний бодлоор эх оронч байна гэдэг бол туг бариад дайнд явахдаа биш харин хаана ч явсан биеэ зөв авч явахыг хэлнэ гэж бодож байна. Ер нь их жижигхэн зүйлээс эх оронч сэтгэлгээ эхэлнэ дээ.

Австралид амьдрах хэр байна?
Сиднейд ирээд удаагүй байна. Өнгөрсөн тавдугаар сард ирж компани байгуулсан. 10 дугаар сараас энд албан ёсоор амьдарч байгаа. Гуравхан сарын хугацаанд сүртэй амжилттай байгаа гэж хэлж чадахгүй ч өөрийн ахуйн хэрэгцээний зардлаа нөхөж чадаж байна. Польш улсад өөрийн гэсэн бизнестэй. Тэнд байгаа ажил маань илүү амжилттай байгаа. Миний энд ирэх болсон шалтгаан дулаахан байх. \инээв\
Энд дөнгөж ирээд жаахан самгардсан. Огт мэдэхгүй орон, ёс заншил гээд сурах зүйл их. Харин эдгээрт манай Польш найзууд надад их туслaсан. Ер нь хүний нутагт хүмүүс бие биенээ дэмжихгүй бол хол явахгүй. Нэг сонин зүйл хэлэхэд Сиднейд байгаа Польшууд надад их ирж тусалж байсан. Би гайхаад асуутал Варшавт манай эмнэлгээр эмчлүүлж байсан хүмүүсийн ах дүү найз нөхөд намайг энд ирснийг дам дамаа сонсоод ирж туслaсан юм билээ. Бас бараг 10 гаруй жилийн өмнө манай эмнэлгээр эмчлүүлж байсан үйлчлүүлэгч маань ирээд бие өвдөөд байна гээд эмчлүүлсэн. Өөрийнхөө ууж хэрэглэх гээд авч ирсэн эмээ өгчихсөн. Тэр ч эдгээд явсан. Энд ирээд нэг ч гэсэн хүнд тус болсондоо баяртай байгаа.

 

cenjav3

Австралид ардын эмнэлэг хэзээ нээх вэ?
Би одоогоор энд бариа засал, зүүн эмчилгээний үйл ажиллагаа явуулдаг байсан хуучин бизнес худалдаж авчихаад явж байна. Цаашдаа уламжлалт ардын эмчилгээний эмнэлэг байгуулна гэдэг зорилттой ажиллаж байна л даа. Гэхдээ нэг асуудал байна. Тэр нь энд хилээр янз бүрийн ургамал оруулж ирэхэд хорио цээрийн асуудал их гардаг. Ардын эмчилгээ, тан гэх мэтийг ойлгодог хүн энд маш цөөхөн учраас хилээр ургамал оруулж ирэх нь нэлээн бэрхшээлтэй юм билээ. Гэхдээ учир нь олдох байх.

Амьдрал хийгээд амжилтын талаар та юу гэж боддог вэ?

Миний амьдрал төдийгөөс өдий хүртэл бусдын дэмжлэг, туслалцаагүйгээр яваагүй. Хайртай дотны хүмүүс, аав ээжийн итгэл, сэтгэл, дэмгүйгээр би өнөөдрийн Цэнжав гэх хүнийг бүрэлдэж бий болгож чадахгүй байсан гэж боддог. Дээрээс нь ардын эмчилгээний эмнэлэг харийн оронд нээхэд хамтран зүтгэсэн эмч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Бадамрагчаа, Мядагмаа, Отгон гээд Польшид байгаа эмч нартаа талархаж явдгаа хэлье. Энэ утгаараа амжилт гэдэг бол миний амьдралын үнэ цэнэтэй хүмүүсийн бүрдэл гэж хэлж болох л юм.

Та Польш дахь эмнэлгээ яасан бэ?
Хүү маань одоо 30 гарсан том залуу болсон. Надтай надгүй эмнэлгээ аваад явж чадна. Харин миний хувьд энд шинэ зүйл сурах, өөр зүйл эхлүүлэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн ирсэн. Тийм ч учраас эмчлэх эрх авахаар сурч байгаа. Сургуулиа төгсөөд эмнэлэг байгуулах ажилдаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна. Ер нь Европчууд эргээд байгальдаа ойрхон байх, эрүүл амьдралын хэв маягт суралцахыг их уриалдаг тэр зүг рүү тэмүүлдэг болчихсон байна. Тэр утгаараа Монгол ардын эмчилгээ энд нутагшихад хялбар гэж харж байгаа. Гэхдээ одоогоор нэг ч тийм эмнэлэг алга. Харин хятадын уламжлалт эм, эмнэлгүүд их бий. Их дээд сургуульд нь ч ийм мэргэжил олгодог юм билээ.

Та дээр дурдсан даа. Зөвхөн ардын эмчилгээ эсвэл анагаахын шинжлэх ухаан гэж хэт нэг талыг нь барьж болохгүй. Харин хооронд нь хольж, илүү үр дүнд хүрэх талаар. Үүнийг та хэр боломжтой гэж хардаг вэ?
Мэдээж боломжтой. Гэхдээ үүний тулд эмчийн чадвар хамгаас чухал. Тэгэх тэгэхдээ энэ боломж монгол эмч нарт илүү байгаа гэж боддог. Учир нь Европ эмч нар ардын эмчилгээг орчин үеийн анагаах ухаантай хольж сурахад их хэцүү. Адаглаад наад захын ном нь англи хэл дээр байхгүй. Төвд юм уу хуучин монгол бичгээр л байдаг. Дээрээс нь манай уламжлал, ёс заншлыг Европчууд мэдэхгүй. Тийм болохоор ардын эмчилгээ тэдэнд хол. Харин бидэнд их ойрхон шүү дээ. Өдөр тутмын амьдрал, дээр дурдсан хүмүүжлийн арга барилаас эхлээд. Тэгэхээр ийм боломж манай монгол эмч нарт байгаа гэж хардаг. Тэгж чадвал бид дэлхийн анагаах ухааны салбарт өөрийн гэсэн том байр сууриа олж чадах байх. Польшид ажилладаг ардын анагаах ухааны эмч нар ч гэсэн өмнө нь орчин үеийн анагаах ухааны сургуульд сураад төгссөн хүмүүс байдаг. Тэд илүү амжилттай ажилладаг юм шиг санагддаг. Тэгэхээр монгол хүний л чадах зүйлсийн нэгэнд ардын эмчилгээг орчин үеийн анагаах ухаантай хоршуулж чадах тэр чадвар орж байгаа байх.

Энэ мэтийг ярилцсаар бидний ярилцлагаа өндөрлөсөн юм. Учир нь тэр дараагийн төлөвлөгөөт ажилдаа явахгүй бол болохгүй болжээ. Би ч гэсэн харилгүй бол болохгүй нь. Энд хэдийнэ харанхуй болж, хүмүүс бүгд гэрийн зүг яарна. Харин тэнд үд хэвийж нар бууж байгаа. Ярилцагчаас маань ардын эмчилгээний чиглэлээр тусламж авахыг хүсвэл түүний фэйсбүүк хаягаар /Cynka Hun/ холбогдоорой.