tamjid1

Хөмсөг: Гоё хүмүүс
Сэтгүүлч: Э. Зоригт

Нэр нь үл мэдэгдэх дүнхийсэн бор уул чив чимээгүй дүнсийнэ. Модгүй, чулуугүй, амьд амьтангүй мөлгөр бор уул эзэнгүй мэт аль эсвэл өөрөө энэ газрын эзэн мэт газраас тэнгэр өөд тэмүүлжээ. Харин энэ уулыг амь оруулдаг нэгэн хүү бий. Түүнийг Ж.Тамжид гэнэ. Төв аймгийн Зуун мод сумын 4-р арван жилийн бага ангийн сурагч тэрбээр өглөө эртээ гэгч нь гэрээсээ гарна. Ээжийнхээ хайрсан боорцгийг халаасалж аваад, цүнхээ үүрээд сургуулийн зүг алхана. Нартай уралдан алхаж, боорцгоо мэрсээр өнөөх нэргүй уулын бэлд ирээд хэзээний таньдаг хүнтэйгээ таарсан мэт уултай мэндэлнэ. Уул хариу үл хэлэх ч хүү түүнтэй яриад л өөрөө өөртөө гаргасан нарийхан жимийг даган алхаад л байна. Том болоод ямар хүн болох, өчигдөр сургууль дээр юу болсон, гэрийн даалгавраа хийсэн хийгээгүй гээд л нэр нь үл мэдэгдэх бор хайрхантай яриад мацаад л.
Орой дээр нь гарч орчныг тольдчихоод уулын уруу тэнхээ мэдэн гүйчихнэ. Тамжид хүүгийн замд яг ийм хоёр уул таарах бөгөөд тэр хоёулантай нь танилтайгаа таарч байгаа мэт мэндэлнэ. Гэрээс сургууль хүртэлх замын хань болох хоёр бор уултай ярьж алхсаар бүтэн цаг орчмын дараа сая нэг юм сургуулийн бараа харна.


Өвлийн хүйтэн, зуны халуун, хаврын хахир, намрын налгар гээд бүхий л өдрүүдэд тэр уултайгаа ярьсаар, алхсаар... Нэр нь үл мэдэгдэх хоёр уултай тэр нэг л мэдэхэд бүтэн 10 жил ярьж, нэг л жимээр нөгөө л янзаараа алхсаар дунд сургуулиа төгсчээ. Мөрөөдлөөсөө эхлээд анхны хайр, алдаа оноо гээд бүх нууцаа л тэр нэргүй уулсад шивнэсээр. Уул түүний хамгийн сайн сонсогч, итгэж болох анд нөхөр, хүслээ шивнэдэг шүтээн нь байв. Уултай ярьдаг хүү харин одоо 30 хүрсэн том залуу болсон бөгөөд олон олон уулс, олон олон даваа нугачааг даван өөрийн гэсэн амьдралын түүхийг бүтээж явна.
Америкт их сургуулиа дүүргэсэн, төрийн албан хаагч, морь уях хоббитой, алхах дуртай энгийн нэгэн. Яг л миний үеийн залуусын ихэнх нь хүсдэг тийм л энгийн мөртлөө гоё амьдралыг цогцлоосон залуу. Монголын мянга мянган залуусын энгийн нэгэн төлөөлөл тэрбээр МУИС-ын Хуулийн ангийг улаан дипломтой төгсөж, MCS компаниас ажлын гараагаа эхэлж, АНУ-ын Калифорниагийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан гээд боддоо. Ж.Тамжид өдгөө төрийн албанд ажиллаж байгаа бөгөөд Америкийн Potomac law хуулийн фирмд гэрээт хуульч хийдэг аж. Ингээд түүнтэй хийсэн энгийн нэгэн ярилцлагыг хүргэе.

-Гоё хүний эрэл хайгуул хийдэг хүн л дээ би. Тэгээд энэ удаа чамтай ярилцмаар санагдаад зориод ирлээ. Ярилцлага өгнө биз дээ?

-Чиний ярилцлагад чинь дандаа гадаадад амьдардаг, өөрийн гэсэн хийсэн бүтээсэн түүхтэй ёстой л “Гоё хүмүүс” ордог биз дээ. Над шиг нүдний шилтэй, царай муутай, хийж бүтээсэн юмгүй хүнтэй ярилцлага хийхээр гоё болох уу.
-Чи тэгээд гоё хүн биш юм уу?
-Биш л гэж бодож байна.
-Тэгвэл чиний хувьд гоё хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй, бусдад үлгэр дуурайлал болохуйц гоё хүмүүс байдаг шүү дээ. Яг л чиний ярилцлагуудыг баатрууд шиг хүмүүс. Чи ер нь тэр гоё хүмүүсээ яаж сонгодог юм бэ?
-Нэг тийм гоё гэж бодоод л сонгодог. Чамайг ч гэсэн гоё гэж бодоод л сонгосон юм.
-За тэгвэл би юу ярих билээ.
-Юу ч байсан яах вэ. Нүдний шил яагаад зүүдэг болсон талаар чинь ярих уу?
-Өө энийг би хар багаасаа зүүж байна. Бүтэн 18 жил зүүсэн. Цаашдаа ч зүүх байх. 70 насална гэвэл дахиад 40 жил шил зүүх нь дээ. /инээв/ Зүүх болсон шалтгаан гэвэл би багадаа сонин их уншдаг байсан юм. Аав маань өдөр тутмын 4 сонин захиална. Тэгээд л тэр болгоныг алгасалгүй уншина. Тэгж уншсаар байгаад хараа муудчихсан юм.
-Сонин их уншсандаа харамсдаг уу?
-Яагаад?
-Хараа чинь муудчихсан болохоор л. -Үгүй үгүй. Хараа муудсан ч гэсэн би сонин уншсаар л байна. Одоо ч уншдаг. Учир нь би тэндээс нийгмийн эрээн бараан, өнгө будгийг олж хардаг юм. Тухайлбал, би сонин уншсаны хүчинд нийгэмд болж буй тэгш бус байдлын эсрэг тэмцэх юмсан гэдэг хүсэлтэй болж улмаар хуульч мэргэжилтэй болно гэж шийдсэн. Хүүхдүүд дунд сургуулиа төгсөхдөө ямар мэргэжилтэй болохоо мэдэхгүй сууж байхад би аль хэдийнэ хуульч болно гээд хатуу шийдчихсэн элсэлтийн шалгалтандаа аль эртнээс бэлдээд эхэлчихсэн байж байлаа. Үүний учир нь өнөөх сонин. Хэдий миний нүдний хараа муудсан ч арай өөр харааг сонин надад нээж өгсөн гэж би боддог.
-Хүүхэд насаа чи өгүүлбэрээр биш үгээр илэрхийлж чадах уу?
-Төв аймаг, Зуун мод, хоёр уул, 45 минут, хайрсан боорцог, сонин, гурилтай шөл, гэрийн даалгавар, мөрөөдөл, өөртэйгөө ярих, сүх, мод, ус. Нэг иймэрхүү л байх шив дээ. Аан тийм бас эмээ, авдар, чихэр гэж нэмбэл яг болох юм байна.

tamjid2

-Багадаа тийм их өөртэйгөө ярьдаг байсан хэрэг үү?
-Их багыг нь хэмжиж мэдэхгүй ч өөртэйгээ бол ярьдаг байсаан. Нэгдүгээр ангидаа би ангийнхаа хамгийн муу сурлагатай, огт уншиж чаддаггүй хүүхэд байлаа. Багш ч их загнадаг. Ангийн сурлагаас хойш татлаа гээд. Тэгээд ээж маань намайг уншуулж сургах гэж олон хоногийн нойроо хугасалсан. Би ч өөрийгөө уншиж чадахгүй байгаад гайхна. Хичээгээд байгаа мөртлөө уншиж чадахгүй. Би сургуульдаа явахдаа хоёр уул давдаг байсан юм. Тэр үед өөрийгөө яагаад уншиж чадахгүй байгааг гайхна, өөрөөсөө асууна тэгсээр нэг мэдэхэд л өөртэйгээ ярьчихсан явж байдаг байлаа. Тэгээд хоёрдугаар ангидаа сургуулийн түргэн уншлагын аварга болж байсан юм.

-Одоо өөртэйгээ хэр их ярьж байна вэ?
-Ярилгүй яах вэ. Ганцаараа байхдаа бол ярина шүү. Ажлаа тарж гэртээ хариад л өнөөдрийн ажлын үр дүн, маргааш юу хийх гээд л. Өөртэйгээ ярих чинь гоё ш дээ.

-Ихэнхдээ юуны талаар ярих уу?

-Одоогоор бол сайн ханьтай учирч хүүхэдтэй болох талаар л ярьж байна даа. Гэхдээ ярих гэхээр учиргүй би ингэнэ тэгнэ гээд чанга чанга яриад байхгүй. Ер нь өөртэйгөө ярьж байгаа ярианы ихэнх нь чимээгүй, гадагшаа биш дотогшоо чиглэсэн байдаг. Тийм болохоор ихэнхдээ өөр рүүгээ өнгийсэн зүйлсийн талаар ярьдаг гэж бодож байна.

-Сайн хань гэснээс анхны хайрынхаа талаараа дурсаач?
-Ийм тийм байсан гэхээсээ илүү миний хамгийн хайртай 7 жил тэр хүнтэй хамт өнгөрсөн. Гэхдээ амьдрал гэдэг их сонин юм аа. Надад хайр байхад байр, машин гээд эд материалын хувьд юу ч байгаагүй. Харин байр, машинтай болчихоод эргээд харахад хайр алга.

-Чи гомддог уу?
-Юунд анхны хайраа бүтээгүйд үү. Эсвэл түүнд гомддог уу гэж үү. Үгүй. Харин Монгол Улсын Засгийн газарт аймаар гомддог.

-Яагаад?
-Ярих юм бол их урт түүх.

-Хүмүүс түүх сонсох дуртай байдаг шүү дээ.
-Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийг онц төгсөөд сургуульдаа багшлах ажлын санал хүлээж авсан юм. Тэр үед надад 180 мянган төгрөгийн цалин өгөөд дээрээс нь магистрын төлбөрийг даах болзолтойгоор ийм санал тавьсан. Би тэр үед дээр дурдсан анхны хайртайгаа цуг амьдардаг байлаа. Түүндээ энэ саналыг хэлтэл “Ийм бага цалин бид хоёрт хүрэхгүй” гэв. Би ч тэгж бодож байсан тул энэ саналаас татгалзсан. Гэхдээ энэ татгалзал намайг MCS компанид оруулсан юм. Ажил хайж олон газар ярилцлагад орж байлаа. Тэгж яваад MCS-д ажлын ярилцлага өгөөд тэнцчихсэн. Учир нь, би сургуулиас ажлын санал ирсэн түүнээс яагаад татгалзсан гээд бүх үнэнээ л ярилцлагын үеэр ярьчихсан юм. Тэгээд л тэнцчихсэн. Тэгэхэд надад англи хэл, ажлын туршлага гээд юу ч байгаагүй. Харин надтай өрсөлдөж байсан залуусын ихэнх нь мундаг боловсролтой, гадаадад дотоодод сурчихсан шилдэг боловсон хүчнүүд байлаа. Гэтэл тэр дундаас намайг сонгоод авсан. Учрыг нь лавлахад “Чиний зорилго юу вэ” гэдэг асуултад тэдгээр залуусын ихэнх нь “Би дэлхийг эсвэл Монголыг за бүр багадаа MCS-ийг өөрчилмөөр байна” гэж байсан бол би болохоор үнэнээ л хэлчихсэн. Харин тэр том компани миний үнэнээ хэлснийг үнэлсэн. Ингээд энэ их айлаас ажлын гараагаа эхлээд олон зүйлийг мэдэж авсандаа баярладаг. Гэхдээ тэр дундаас би өөрийгөө юу ч мэдэхгүй юм байна гэдгээ мэдэж авсан нь хамгийн том давуу тал гэж боддог. Ингээд гадагшаа явж сурахаар төлөвлөж, Монголын Засгийн газрын тэтгэлэг хүртэл авахаар болсон. Тэгээд Техасын Далласын их сургуульд сурах урилга аваад Засгийн газрын тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд хэлтэл тэндээ очоод сургуулийнхаа нэр, дансны дугаараа явуулчих тэгээд л ямар нэг асуудалгүй гэсэн юм. Би ч итгээд явсан. Ээж, аав минь хүү нь бор зүрхээрээ яваад улсын тэтгэлэг авсан гээд хөл нь газар хүрэхгүй бөөн баяр. Тэндээ очоод тэтгэлэгтэй юм чинь гээд миний халаасанд 1000 ам.доллар хийж өгөөд нэг хацрыг минь үнсээд нөгөө хацрыг нь ирэхээр нь үнсье гээд үдлээ. Би ээжийнхээ бэлдэж өгсөн замын жаахан хүнсээ цаасан хайрцганд хийж скотчоор бариул гаргаад анх удаа хилийн дээс давж буй нь тэр.

Тэгсэн тэнд очоод бүтэн 7 хонолоо хариу байдаггүй. Арга ядаад ээжийгээ очоод уулзуултал “Таны хүүгийн тэтгэлэг цуцлагдсан байна” гэдэг хариу өгсөн. Цуцлагдсан шалтгаан нь миний урдуур өөр хүүхэд орчихсон байсан. Тэгээд би тэнд 700-хан ам.доллартай юу ч мэдэхгүй монгол залуу “хог дээр үсэрч” байгаа нь тэр. Хамгийн хөгжилтэй нь сургуулийн зүгээс надад хоолны карт өгсөн юм л даа. Тэр картаар үнэгүй хоол иддэг юм байх даа гэж бодоод баахан хоол идчихсэн чинь үгүй байсан. Тэгсэн 7 хоногийн 500 ам.долларын төлбөр гарчихсан байдаг байгаа. Нөгөө 700 ам.доллараасаа 500 нь төлөөд 200-хан ам.доллартай үлдсэн. Тэгээд тэнд байдаг садангийн эгч дээрээ очоод өөрийгөө тэжээхийн тулд харуудын хорооллын архины мухлагт худалдагч хийж билээ.

-Харуудын хороолол чинь Ази хүмүүсийн очиж болохгүй газрын нэг байдаг биз дээ. Тэнд хэр удаан ажилласан юм бэ?

tamjid3

 

-Жил орчим ажилласан. Тэнд харааж, нулимуулж, буугаар сүрдүүлүүлж, зодуулж ч байлаа. Гэхдээ л мөнгө олохын тулд хэл усгүй залуу тэвчихээс өөр арга байхгүй шүү дээ. Тэгээд жаахан хэл сураад супермаркетын шал угаахаас эхлээд Starbucks кофе шопд бартендер, томоохон сүлжээ дэлгүүрийн менежер хүртэл хийсэн. Бүтэн гурван жил ингэж ажиллаад ер нь яаж ийж байгаад сурах нь зөв юм байна гэж бодоод Виржиниа мужийн Калифорниагийн их сургуульд хуулийн чиглэлээр магистр сурахаар шалгалт өгөөд тэнцсэн. Гэхдээ тус сургууль нь үнэхээр өндөр төлбөртэй сайн сургууль учраас нөгөө садангийн эгчийгээ гуйж байгаад банкнаас зээл авахуулж байж сургуульдаа сурч байлаа. Ажиллана, сурна, өрөө төлнө гээд их хөглөсөн. Гэхдээ л сургуулиа амжилттай төгсөөд Potomac law хуулийн фирмд ажиллах санал авсан. Тэнд би дөрвөн цаг ажиллаад 750 ам.доллар авдаг байлаа. Тэгээд цалингаараа өрөө төлж, өөртөө бас чамгүй хуримтлал үүсгэсэн. АНУ-аар хөндлөн гулд машинтайгаа бүтэн хоёр сар аялсан. Ер нь амьдрал сайхан болж эхэлсэн гэх юм уу даа.

-Тэгээд тэндээ яагаад үлдээгүй юм бэ?
-Би бүтэн 6 жил хүний нутагт ажиллаж, амьдрахдаа эх орноо үнэндээ маш бага санасан. Дээрээс нь иргэнээ хулхиддаг төртэй газар дахиад очихгүй гэж өөртөө битүүхэн амалчихаад байлаа. Ер нь ч ирнэ гэж бодоогүй байсан. Гэтэл би аялж явахдаа нэг зүйлийг ойлгосон. Тэр нь хүний нутагт хичнээн сайхан боловсрол эзэмшээд, мөнгөтэй боллоо гэхэд би хэзээ ч нутагтаа байгаа юм шиг аархаж чадахгүй юм билээ. Хүний л юм бол хүний л юм байдаг гэдгийг тэгэхэд ухаарсан. Тэр тусмаа Ази хүн АНУ-д “том” байж чадахгүй эсвэл болохгүй. Харин би эх орондоо ёстой тааваараа аархахдаа аархаж, томрохдоо томорч чадна. Нөгөө талдаа би чинь монгол хүн бас ч үгүй маш том сургуулийг онц сайн төгссөн хуульч хүн шүү дээ. Тэгэхээр эх орондоо мэдсэн сурснаа гаргаж, өөрийгөө зориулах хэрэгтэй гэж шийдсэн. Өмнө нь хэтэрхий завгүй, юм ч бодох сөхөөгүй байсан болохоор тэр бүгдийг анзаараагүй байсан биз. Тэгээд л би эх орондоо ирсэн. Ирээд ердөө 3-хан сар болж байна.

tamjid

-Одоо хаана ажиллаж байгаа вэ?
-Төрийн албанд ажиллаж байна. Хэдий цалин бага, ачаалал их ч би дахиад иргэнээ хулхиддаг төртэй байхыг хүсэхгүй байгаа учраас энэ салбарт нь орж ажиллаж үзэх, чадвал өөрийнхөө хэмжээнд төрийн хүнд суртлыг бууруулах гэж хичээн ажиллаж байна. Ядаж би өөрийн хийж байгаа ажлаа олон улсын хэмжээнд, түргэн шуурхай хийгээд хүн олонд тусалчихвал л болоо биз дээ. Хүн бүр л тийм байвал аливаа зүйлийг өөрчлөх амархан гэдгийг би ойлгосон. Түүнээс биш төр болохгүй байна гээд зүгээр шүүмжлээд суугаад байж болохгүй. Тэр дундаа залуу хүн. Болохгүй бүтэхгүй байгаа зүйл рүү дайраад л орох хэрэгтэй. Тэгж байж л болохгүй зүйлс зөв болно гэж боддог.

-Чи хуульч хүн. Өнөөдөр манайд зөндөө л хууль гарч байна. Гэтэл хөрсөндөө буухгүй хэрэгжихгүй байна. Үүний талаар санал бодлоо хуваалцахгүй юу?
-Нэг сонин зүйл хэлэхэд хууль багатай оронд хэрэг бага гардаг. Харин хууль ихтэй улсад хэрэг төвөг илүү их гардаг гэсэн тоо байдаг л даа. Тэгэхээр хууль гаргалаа гээд бүх зүйл сайхан болчихгүй. Харин тэр хуулийг гаргаж байгаа этгээд болон хуулийг хэрэгжүүлэгч талууд бүгд л хууль дээдэлдэг буюу хүн хүнээ дээдэлдэг байхад л гол учир байгаа болов уу гэж бодож байна.

-Чи нэг л өндөлзөөд байх чинь жаахан яараад байгаа юм уу?
-Би амралтын өдрүүдээр Төв аймаг руугаа явдаг юмаа. Тэндээ хэдэн адуутай. Дээрээс нь бүх нууцаа ярьдаг байсан хоёр уулаа эргэдэг. Орой дээр нь гараад гараа алдлаад хамаг чангаараа орилохоор сэтгэл сэргээд л ирнэ дээ. Тэгээд л тэдэн рүүгээ яараад байна. Ингээд ярилцлагаа дуусгаж болох уу.
Ингээд бидний ярилцлага завсарласан юм. Ж.Тамжид өвлийн хүйтэн, зуны халуун, хаврын хахир, намрын налгар гээд бүхий л өдрүүдэд тэр уултайгаа ярьсаар, алхсаар уул руугаа яарсаар... Мөрөөдлөөсөө эхлээд анхны хайр, алдаа оноо гээд бүх нууцаа шивнэсэн нэргүй уулсаа эргэхээр тэр яарчээ.