batka

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэтэй уг агентлагийн үйл ажиллагаа болон цаашлаад Нийслэлийн хэтийн хөгжлийн чиг хандлага, хийх ажлын талаар цөөн хором ярилцсан юм.
- Нийслэл гэдэг их айлд Үйлдвэрлэл, Инновацийн газар байгуулагдсан гэж сонсоод би хувьдаа их баярласан. Учир нь, өмнө нь Нийслэлд инновацийн “үнэр” ч байгаагүй. Тэгэхээр танай байгууллага хэрхэн байгуулагдсан талаар ярилцлагаа эхлэх үү?
- Өмнө нь нийслэлд Эдийн засгийн хөгжлийн газар гэж байсан нь татан буугдаж, Хотын дарга С.Батболд болон түүний баг Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн газар гэж шинэчлэн байгуулсан. Энэ нь тохиолдлын биш, бодож төлөвлөж, Засгийн газартай зөвшилцөж гаргасан шийдвэр юм. Улаанбатар хот бол манай орны аж үйлдвэр, шинжлэх ухаан, санхүү, дэд бүтцийн хамгийн том зангилаа болсон газар. Энд мэдлэг технологийг бий болгогч шинжлэх ухааны хүрээлэн, их сургуулиуд, эрдэмтэд, зохион бүтээгчдийн ихэнх нь байна. Нөгөө талаас технологид суурилсан үйлдвэрүүд, тэдгээрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авч хэрэглэдэг зах зээлийн дийлэнх нь энд байна. Мөн хүн амын тэн хагас нь амьдардаг нийслэл хотод маань зайлшгүй орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэж шийдвэрлэхээс өөр аргагүй маш олон асуудлууд тулгарч байна. Тиймээс нийслэлийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг бид мэдлэгт түшиглэн шийдэхээр ажиллана.


Нийслэлийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрийн тэргүүлэх зорилтод Үйлдвэрлэл, Инновацийг цогцоор нь хөгжүүлнэ гэж заасан ба түүний хүрээнд хэрэгжүүлэх ажлууд нь бүгд цаанаа өөрийн гэсэн бодлоготой байсан. Дээрээс нь тус агентлаг нь нийгмийн хэрэгцээ шаардлагаас урган гарсан гэж хэлж болно. Ер нь бусад улсын нийслэл, томоохон хотуудын хөгжлийн бодлого нь мэдлэг, инновацид суурилдаг болоод удаж байна.

- Инновацийн талаар монголчууд ярьдаг болоод 10 орчим жил, энэ талын хуультай болоод 5 жил болсон байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл энэ талаарх ойлголт жигдрээгүй, инноваци гэдгээ олон янзаар тайлбарласаар л байгаа. Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн газрын даргын хувьд та Инноваци гэдгийг энгийнээр тайлбарлахгүй юу?
- Инноваци гэдэг үгийн гарал үүслийг авч үзвэл “in nova” буюу шинээр сэдэх, санаачлах гэсэн утгатай латин үг юм. Одоо хэрэглэгдэж байгаа дээрх үгийн утга нэлээдгүй өргөн хүрээг хамарна. 19-р зууны дундуур ялангуяа Германы соёл судлаачдын бүтээлүүдэд “инноваци” хэмээх ойлголт анх орж ирсэн.
20-р зууны эхээр Австрийн эрдэмтэн Й.Шумпетер, Оросын эрдэмтэн Н.Кондратьев нар “эдийн засгийн хөгжилд шинэчлэл, өөрчлөлт оруулах замаар хямралыг даван туулах хэрэгсэл” гэсэн утгаар ашигласан нь үндсэн утгаа одоо хир нь алдаагүй л байгаа. Орчин үед Инноваци нь товчоор томъёолбол ямар нэгэн бүтээлч санаанаас бодит мэдлэгийг бий болгох, түүнийгээ үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэгдэх, өрсөлдөх чадвар бүхий шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ, шинэ арга зүй, менежмент болгох үйл ажиллагаа гэж ойлгож болно.
“Манай газрын хувьд шинэ мэдлэг үүсэхээс эхлээд тухайн мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд орох хүртэлх цогц үйл ажиллагаа буюу инновацийн тогтолцоог бий болгохоор ажиллаж байна”.
Ингэж байж л сая өнөөх яриад байдаг мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгож чадна шүү дээ. Гэхдээ инноваци энгийн жижиг зүйлээс эхэлдэг. Мөн дотроо маш олон төрөлтэй. Бүтээгдэхүүний, үйлчилгээний, технологийн, нийгмийн инноваци гээд салбарлаж байна. Нөгөө талд мэдлэгийг амьдралд хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах гол ач холбогдол нь илүү нэмүү өртөг, үр ашиг, бүтээмж, нийгмийн үнэ цэнэ бий болгодогт оршдог гэж товчхон хэлж болно.

-Тэгвэл инновацийг аль ч салбарт хэрэгжүүлэх боломжтой гэсэн үг үү?
- Тэгэлгүй яах вэ. Жишээ нь, бизнесийн байгууллагууд инновацийг амжилттай хэрэгжүүлж, дэвшилтэт технологийг нэвтрүүлж ашигласнаар бүтээгдэхүүний чанараа сайжруулж бүтээмжээ дээшлүүлж чадна. Ингэснээр хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангах, шинэ зах зээл бий болгох, зардал хэмнэх, аль болох бага эрчим хүч ашиглаж, байгаль орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зэрэг үр дүнд хүрч болох юм. Энэ утгаараа инноваци нь хувь хүн, өрх гэр, албан байгууллагын түвшинд төдийгүй улс үндэстэн, бүс нутаг, дэлхийн хөгжлийн суурь гэж хэлж болохуйц өргөн цар хүрээ бүхий ач холбогдолтой. Тухайлбал, Солонгост Нийгмийн инновацийг хэрэгжүүлснээр улс орноо хөгжүүлсэн “Сэмол Ундон” гэж хөдөлгөөн байдаг. Нийгмийн инновациар ажлын байр бий болгож, өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэж болно. Ингээд харахаар ер нь дэлхий биднийг инновацилаг байхыг шаардаж байна.
Өнөөдөр Нийслэлд Төрийн захиргааны 33 агентлаг байна. Мөн орон нутгийн өмчит харъяа байгууллага 40 орчим аж ахуйн нэгж байгууллага бий. Эдгээрт бүгдэд нь инноваци хэрэгтэй. Ямар нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ гэхэд тэр төсөл хөтөлбөр нь мэдлэгт суурилсан, судалгаа хөгжүүлэлттэй, асуудлыг шийдэж байгаа шийдэл нь шинэлэг, бүтээмж үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглсэн байх шаардлага тулгарч байна. Тэгэхээр энэ агентлаг нь бусад агентлагуудынхаа хувьд инновацийн талаар манлайлагч нь болсон тийм агентлаг байна гэдэгт би итгэлтэй байгаа.

batka1

- Ер нь яагаад Нийслэл үйлдвэрлэл, инновацийг хамтад нь авч үзсэн юм бол?
- Аливаа орны хөгжлийн зүрх нь үйлдвэрлэл байдаг. Бид өндөр, үр ашигтай технологид суурилсан үйлдвэрлэлийг тодорхой хэмжээнд хөгжүүлж байж сая урагшилна. Тэгвэл үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөгөө тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, нэмүү өртөг шингэсэн экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг бий болгодог тэр хүчин зүйл нь инноваци юм. Дээр дурдсанчлан бизнесийн байгууллага технологийн инновацийг үйлдвэрлэлд нутагшуулж чадвал бүтээгдэхүүний чанар сайжирч, илүү өрсөлдөх чадвартай болдог ч юм уу. Ингээд харахаар бид үйлдвэрлэлийг хөгжүүлдэг дэлхийн хэмжээнд гаргадаг хүчин зүйл бол инноваци буюу шинэ мэдлэгийг нэвтрүүлэх, нутагшуулах. Тэгэхээр үйлдвэрлэл, инноваци гэдэг хоёр ойлголтыг салгаж болохгүй. Тийм ч учраас Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлнэ гэж заасан байгаа. Энэ бол бидний барьж буй гол чиглэл.

-Үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлнэ гэдэг гоё сонсогдож байна л даа гэхдээ ярихаас илүү хийх нь чухал тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Бид ч бас ярихаас илүү хийх хэрэгтэй гэдэгтэй санал нэгтэй байна. Юуны өмнө бид Эмээлт, Налайх, Багануурын аж үйлдвэрлэлийн паркын төслүүдийг бодитой ажил болгоно. Олон улсын туршлагаас харахад аливаа том хотууд дэргэдээ аж үйлдвэрийн парктай байдаг. Түүндээ түшиглэн хөгждөг ийм тогтолцоотой. Улаанбаатар хот ч гэсэн ялгаагүй энэ зарчмаар явна гэдэг чигээ гаргачихсан байгаа. Өмнөх Засгийн үед аж үйлдвэрлэлийн паркуудын ажил эхлээд одоогоор зогсонги байдалтай болчихсон байна. Манай агентлагийн харъяанд эдгээр аж үйлдвэрлэлийн паркууд болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв харъяалагдаад байна. Үйлдвэрлэл, Инновацийн газар нь харъяа байгууллагуудаа удирдлага, бодлогоор хангаж ажиллана гэсэн үг. Ингээд харахаар бид нийслэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үндсэн хоёр чиглэлээр ажиллаж байна. Эхнийх нь том үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрлэлийн паркуудаа хөдөлгөх хэрэгтэй. Хөдөлгөхийн тулд кластерийн зарчмаар төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлана. Учир нь, манай газрын үндсэн чиглэлийн нэгэнд төр хувийн хэвшлийн түншлэл багтсан байгаа. Мэдээж тухайн паркуудад технологийн инновацид суурилсан үйлдвэрлэлийг хамгийн түрүүн дэмжиж хөгжүүлнэ. Ийм цогц байж сая үйлдвэрлэл, технологийн паркууд маань хөгжих юм. Ингэж чадвал тэнд шинээр суурьшлын бүс үүсч, хүмүүсийн ажиллах, амьдрах таатай орчин бүрдэнэ. Тэгээд ирэхээр энэ хотын төвлөрөл саарч, хот маань зохион байгуулалтад орж эхлэх юм. Тийм болохоор аж үйлдвэрлэлийн паркуудаа хөдөлгөх нь бидний хамгийн чухал хийх зүйлсүүдийн нэг. Дээрээс нь эдгээр төслүүд нь хөдөлчихсөн ямар нэг байдлаар бүтээн байгуулалт хийчихсэн төслүүд учраас хэрэгжих боломж өндөр.

-Монголд инновацийг хөгжүүлэх боломж хэр байна вэ?

-Манай улсын төр, засаг сүүлийн үед энэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулж байна. Энэ удаагийн УИХ ч Инновацийн тал дээр чанга дуугарч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулсан инновацийг дэмжин хөгжүүлэх лобби бүлэг байгуулагдсан ба Байнгын хорооноос гарсан ажлын хэсэг Төрөөс ШУТ-ийн талаар баримтлах бодлого, Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ бүхэнд Нийслэл өөрийн гэсэн оролцоотой явж байгаа. Манай улсын хувьд инновацийн түвшин доогуур байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг хойш татаж буй нэг гол үзүүлэлт. Бид цаашид энэ чиглэлд их зүйл хийх шаардлагатай. Үндэсний эрдэмтэд, бизнесийн хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ШУА, түүний харьяа байгууллагуудад хангалттай төсөв хуваарилах замаар технологийн мэдээллийн сантай болгох, бусад улсын эрдэмтэдтэй болон бизнесийн салбартай хамтран ажиллах боломжийг хангах явдал чухал байна. Энэ тал дээр бусад улсын олон сайхан туршлага байгааг шууд аваад ашигласан ч болно шүү дээ. Тиймээс ч Засаг Даргын мөрийн хөтөлбөр Олон улсын туршлага, ноу хауг франчайзаар нутагшуулах гэсэн байгаа. Энэ бүгдийн цаад нь санаа нь бол шинжлэх ухааны үүргийг өндөржүүлэх, хөрсөнд нь буулгах, инноваци гэхээр л эрдэмтдийн ярих сэдэв биш болгомоор байна. Үүний тулд сурталчилгаа, мэдээлэлжүүлэх, сэдэлжүүлэх ажлыг ч бид өргөжүүлэх болно.

-Өнөөдөр аль улс инновацийг хамгийн үр дүнтэй хөгжүүлж чадаж байна вэ?
-Инновацийн хөгжилд ач холбогдол өгч, төрийн бодлогоор дэмжсэнээр улс орноо хөгжлийн өндөр түвшинд хүргэсэн, улмаар иргэдийнхээ амьдралын түвшинг эрс дээшлүүлж чадсан улс олон бий. Өмнөд Солонгос, Нидерланд, Канад, Англи, АНУ, Швед, Франц, Япон, Герман, Израйль, Австрали улс инновацийн хөгжлөөр дэлхийд эхний аравт орж байна. Өмнөд Солонгос улсын хувьд, технологийн инновацид ач холбогдол өгч чадсанаар эдийн засгаа хөгжлийн өндөр түвшинд хүргэсэн. Тус улс 1960-аад оны үед дэлхийн хамгийн ядуу буурай орны нэг байсан бол технологи дамжуулалтыг төрийн бодлогоор дэмжиж, гадаадаас оруулж ирсэн технологийг өөрчлөн шинэчлэх замаар дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж чадсан. Төр нь иргэддээ жинхэнэ утгаараа үйлчилдэг байх явдал шударга өрсөлдөөнийг бий болгоод зогсохгүй инновацийг хөгжүүлэх гол хүчин зүйл болдог гэдгийг олон улсын туршлага харуулдаг.

-Та төрийн байгууллагад ажилладаг залуу хүн. Мөн Үйлдвэрлэл, Инноваци гэх шинэ бас шинэлэг айлын эзэн. Тэгэхээр та төрийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулж болно гэж бодож байна вэ?
-Олон улсын судалгаанаас харахад манай эдийн засгийн хямрал болон хөгжлийн удаашралыг засаглалын хямралаас үүдэлтэй гэж үздэг. Улстөрийн хувьд бол сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн өөрчлөлт гээд том том зүйл яриад байж болох л юм. Гэхдээ энгийн буюу хамгийн түрүүнд хийж болох зүйлсийн нэг бол институци хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах гэж бодож байна. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах. Бүр энгийнээр бол төрийн байгууллагууд өөр хоорондоо уялдаа холбоогоо сайжруулж, нэг нэгийгээ дэмждэг нэг айлын хүүхдүүд шиг л нэг амьтай байж чадвал сая ажил урагшилна.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа

Сэтгүүлч: Э. Зоригт