unnamed 2

Хөмсөг: Гоё хүмүүс

Сэтгүүлч: Э. Зоригт

Цас хайлаад зам харлачихаж, цаг наашлаад урь орчихож. Бууз идэж, суүтэй цай ууж, шүлэг бичиж, Стивийн тухай уншиж гэртээ бүгсээр цонхоор нэг хартал гадаа гэнэт хавар болчихож. Тэмдэглэлийн дэвтэр, гоё хүмүүс, ярилцлага, гадаах ертөнц надаас жаахан холдчихжээ.

 -Сайн уу?

-Сайн. Сайн байна уу.

-Танилцъя намайг Зоригт гэдэг.

- Таатай байна намайг харин Батболд овогтой Энхтуяа гэдэг.

“Гоё хүмүүс” буландаа салхи оруулалгүй зөндөө удсан миний ярилцлага ийнхүү эхэлсэн юм. Тэрбээр Ли Кун Яао-ийн адисласан Сингапур улсад тэртээ 13 жилийн өмнө очсон нэгэн. 12 насандаа аав, ээж, төрсөн нутгаа орхиод хилийн дээс алхаж, Сингапурын дунд, ахлах сургуулийг онц төгсөж, тус улсын тэргүүний сургууль болох Nanyang Technological University сургуулийг амжилттай дүүргэсэн юм. Харин одоо Энхтуяа Sift Analytics Group компанид Data Analytics Consultant гэх мэргэжл

ээр тун амжилттай ажиллаж байгаа юм. Өндөр технологид суурилсан энэ салбар манайд бараг хөгжөөгүй гэж болно. Мөн түүний үндсэн мэргэжил нь ч гэсэн монголд төдийгүй дэлхийд ч тун ховор бас нэр хүндтэй. Тэр нь Actuarial Science буюу Эрсдэлийн үнэлгээний математик болон стастистик шинжээч юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

20170317 006

Чамайг хүчирхэг эмэгтэй гэж тодорхойлж болох уу?

-Эмэгтэй хүн бүр л хүчирхэг гэж бодож байна. Тэр дундаа Монгол эмэгтэйчүүд их хүчирхэг. Гэхдээ хүчирхэг гэдгийг тухайн хүн юу гэж харж байгаагаас их зүйл шалтгаалах байх. Та намайг яагаад хүчирхэг эмэгтэй юу гэж асуусан юм бэ?

-Яах вэ та чинь хүний нутагт өөрийн гэсэн карьертай, ажилтай, өндөр боловсрол эзэмшсэн нийт Монгол залуусын хүсдэг тэр амьдралаар л амьдарч байна шүү дээ. Ингэхэд чи хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Сингапурт улсын сургууль төгссөн бол арай өндөр цалин авдаг. Тухайлбал, Улсын ямар сургууль төгссөнөөс хамаараад эхлэх цалингийн хэмжээ гэж улсаас нь тогтоочихсон. Тэр нь сурлагаас хамаардаг. Тэр шаардлагын дагуу л би цалингаа авч байгаа. Одоогоор Сингапур компанид ажиллаж байна. Миний хувьд ихэвчлэн төсөл дээр ажилладаг, дунджаар 3 сарын хугацаатай төслүүд байдаг. Монгол төгрөгөөр улсын сургууль төгссөн ихэнх оюутан 7 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний цалин авч эхэлдэг. Гэхдээ энэ бол зөвхөн дундаж цалин. Үүнээс их бас бага цалин байгаа. Мөн ажилласан төслийнхөө дагуу нэмэгдэл авдаг.

-Цалин чинь чиний сарын хэрэгцээг хангадаг уу?

-Мэдээж хүрэлцдэг. Гэхдээ миний ихэнх зардал байрны түрээсэнд гарчихдаг юм. Энд хувийн болон улсын байр гэж байдаг. Улсын байр надад таалагдаагүй. Миний ажлаас хол дээрээс нь тийм ч тав тухтай биш. Мөн би дасгал хийх гэхээр заавал өөр газар очих шаардлагатай болдог. Би Сингапурт 10 гаруй жил байх хугацаандаа бараг бүх газруудаар нь амьдарч үзсэн. Харин одоогийн байгаа газартаа би илүү тухтай байгаа. Энд усан бассейн, фитнесс заал, гольфийн талбай гээд миний хэрэгцээг хангасан бүхэн байдаг. Тэгэхээр миний хамгийн том зардал байрны түрээсэнд гардаг. Харин бусад зардлаа би хэмнэдэг. Тухайлбал, би бүтэн сайн өдөр бүр дараа долоо хоногт идэх хоолоо бэлдэж тавьдаг. Метрогоор явдаг. Ийм болохоор миний зардал намайг тав тухтай байхад л зориулагддаг. Гэхдээ бусдынхаас арай өндөр байдаг байх. Манай найзууд бас зардлын талаар ярьдаг л даа. Байрны сарын төлбөр нь 300 сингапур доллар байдаг гэх ч юм уу. Сарын хэрэглээгээ 800-1000 долларт багтаадаг хүмүүс ч бий. Тэгэхээр тухайн хүний амьдралын юунаас таашаал авдгаас их зүйл шалтгаалах байх. Би хэдий бусдынхаас арай өндөр зарлага гаргаж байгаа ч түүндээ сэтгэл хангалуун байгаа нь хамгийн чухал.

Эхний асуултаа бага зэрэг өөрчлөөд асуувал чиний бодлоор хүчирхэг эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Хүчирхэг гэдгийг эд материал талаас нь харвал энд Сингапур эмэгтэйчүүд их хүчирхэг байдаг. Эрэгтэйчүүдээсээ илүү боловсролтой, илүү цалинтай. Тийм болоод ч тэрүү нөхрүүддээ жаахан онгироо. Гэхдээ миний бодлоор эмэгтэй хүн нийгэмд хичнээн том байр суурьтай байлаа ч хайртай дотны хүмүүстээ бол энгийн байх ёстой гэж боддог. Эр нөхөр, үр хүүхэддээ хамгийн энгийн, хамгийн зөөлнөөрөө л байх хэрэгтэй болов уу. Ингэж хослуулж чадсан хүнийг л би хүчирхэг эмэгтэй гэж хэлж чадах байх.

Сайхан тодорхойлолт байна. Тэгвэл амжилт гэдгийг юу гэж боддог вэ. Чи амжилттай яваа эмэгтэй мөн үү?

-Би өөрийгөө амжилттай гэхгүй. Миний явсан замналаар зөндөө олон Сингапур хүмүүс явсан. Тэр утгаар нь бодвол Сингапур хүн бүр л амжилттай байгаа. Яах вэ би Монгол хүн Сингапурт байгаа учраас л тэгж харагдаад байгаа байх. Амжилт гэдгийг ер нь хүн бүр өөртөө л тодорхойлдог байх. Тухайлбал, сайхан хүнтэй ханилаад, үр хүүхэддээ сайн ээж, эр нөхөртөө сайн хань байж ар гэрээ авч явдаг эмэгтэйг амжилтгүй гэх үү. Үгүй шүү дээ. Тэр эмэгтэй үнэхээр үүндээ дуртай үүнийгээ амжилт гэж боддог байж болно. Тэгэхээр тэр хүн амжилт гэдгийг юу гэж харж байгаагаас л хамаг зүйл шалтгаалах байх.

Гэхдээ Монгол хүн Сингапурт, сингапур хүмүүстэй өрсөлдөж, өдий хэмжээний амжилт гаргана гэдэг бас ч тийм амар хэрэг биш байх гэж бодож байна.

 Тэр ч тийм шүү. Сингапур улс чинь их хүнийхээ төлөө улс л даа. Тус улс өдгөө 7 сая хүн амтай. Түүнийх нь ердөө тал нь сингапур хүн байдаг. Бусад нь гаднынхан. Тийм болохоор ч тэрүү Засгийн газраас нь яг л Сингапур хүнээ л илүү дэмждэг. Иргэд нь ч их ухамсартай үнэхээр хичээл зүтгэлтэй ард түмэн. Тэр утгаараа Монгол охин улсын сургуульд орно гэдэг маш том шалгуур. Энд улсын сургуульд орох гэж хүүхэд бүр хүсдэг. Маш өндөр босготой. Би Сингапурт ирэхдээ дөнгөж зургаадугаар ангийн сурагч байлаа. Сингапурын улсын сургуульд орно гэдэг зорилготой англи хэлээр бараг байхгүй жаахан охин. Хэлний бэлтгэлд сууна гэдэг захиа гартаа атгачихсан хэл мэдэхгүй хүүхэд л байлаа шүү дээ. Ямар сайндаа эндэхийн гааль дээр бүтэн 2,3 цаг болсон. Ийм жаахан хүүхэд яах гэж байгаа юм бэ гээд гаалийн ажилчид их л гайхаж байсан юмдаг. Тухайн үедээ их л зоригтой байсан юм шиг байна лээ. Тэгээд ирээд гуравхан сарын хугацаанд шалгалтандаа бэлдэх хэрэгтэй болсон. Тухайн үед сургуульд орохоор бэлдэж байсан монгол хүүхдүүдээс би л улсын сургуульд орж чадсан. Тэгээд л дандаа улсын дунд сургууль, ахлах сургууль, их сургуульд сурч төгссөн. Ер нь энд улсын сургууль, ажилд орно гэдэг хамгийн том босготой, хамгийн нэр хүндтэй нь байдаг. Мэдээж цалин сайтай. Улсын гэх тодотголтой сургуульд сурч, ажилд орсон бол Сингапур хүмүүсийн амьдрал баталгаажижиж байгаа нь энэ.

Ер нь Сингапур хүмүүсийн мөрөөдөл юу байдаг юм бол оо?

Сингапур хүмүүсийн том мөрөөдөл нь өөрийн гэсэн байр, машинтай, country club-тай болно.Үүнйгээ гурван С гэж нэрлэдэг. Учир нь энд машины өртөг их өндөр. Хүн бүр машин унаад байвал юу болох вэ гэдгийг төр нь бодолцож үзээд машины өөрийн өртөг болох жолоодох эрх нь маш үнэтэй байдаг юм. Тухайлбал, 10 жил машин барих эрх худалдаж авна гэвэл Сингапур доллараар 100 саятай байх ёстой. Монгол төгрөгөөр бол бүр замбараагүй их тоо гарна.

Гэхдээ миний сонссоноор Сингапурт хувийн байшинтай болох нь амиа хорлож байгаатай адил гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Энд хэрвээ байр худалдаж авна гэвэл энэ бол санхүүгийн амиа хорлолт гэж ярьдаг нь үнэн. Дэлхийд хамгийн үнэтэй улсын байр зардаг орон бол Сингапур. Тэгэхээр хувийн байр нь ямар үнэтэй байх нь ойлгомжтой. Энд иргэдийн цалингийн тодорхой хувь нь тэтгэврийн даатгалын сан юм уу ямар нэгэн урт хугацаатай санхүүжилтын хэрэгсэл руу шууд орчихдог. Энэ шууд хөрөнгө оруулалт нь тэдний хөгшрөөд хэрэглэх мөнгө юм. Ер нь бол ирээдүйн баталгаа нь гэсэн үг. Гэтэл хүмүүс энэ мөнгөнөөсөө байр худалдаад авчихдаг. Ганц бие хүн бол байрны төлбөр нь бүр их. Гэр бүл бол арай хямд. Энэ нь улсын бодлого. Учир нь Сингапурт хүн амын өсөлт бага. Тиймээс төрөлтийг дэмжсэн төрийн бодлого гэх юм уу даа. Тэгэхээр чи хэрвээ энд байр авбал байрныхаа төлбөрийг үхэн үхтлээ төлнө. Сингапурт тэтгэврийн нас нь 65. Тэгээд тэтгэвэрт гарсан ч төлнө гээд боддоо. Сингапур хүмүүсийн зарим нь мөн гадны хүмүүс хэчнээн өндөр цалинтай байсан ч үл хөдлөх худалдаж авдаггүй .

Тэгвэл Сингапур хүмүүс хэр аз жаргалтай вэ?

Үгүй гэж хариулна. Тэд яг л робот шиг байна. Ажил гэр, ажил гэр маршруттай. Ажилсаг боловсролтой мэдлэгтэй хэрнээ робот шиг хүмүүс. Ажил гэр, ажил гэр гээд л. Би энийг л хийх ёстой гэсэн бодолтой. Шинэ зүйл сэтгэдэггүй. Магадгүй энэ нь үндэстний онцлог шинж эсвэл нийтлэг хүмүүсийн төрх байх. Уг нь хүн аливаа зүйлийг хослуулах л ёстой гэж боддог. Мундаг боловсролтой мэдлэгтэй дуулгавартай хүн бол сайн боловсон хүчин болохоос сайн бизнесмен биш. Хэзээ ч хүний үгэнд ордог хүнээс бизнес хийх чанар гарахгүй. Сэргэлэн байхыг мэдлэгтэй хослуулах л ёстой байх. Насаараа робот шиг сэтгэлгээгээ хайрцаглачихсан байх нь хэцүү.

Тэгвэл чи хэр аз жаргалтай байна вэ?

Би аз жаргалтай байна. Гэхдээ би энд маш удсан учраас өөр тийшээ явна гэж боддог. Энд тийм ч таатай амьдрах боломж бага. Хүмүүс нь орой гэрлэдэг, хүүхдүүд нь эндэгдэлтэй төрдөг. Тэгээд яагаад өөрийгөө аз жаргалтай гэж хэлсэн юм бэ?

Аз жаргалтай байна гэдэг учир нь би ажилдаа үнэхээр хайртай. Өдөр бүр өөр зүйл мэдэж, танилцаж байгаа болохоор миний ажил гоё. Хүн ер нь өөрийнхөө хүссэн зүйлийг хийвэл түүнээсээ аз жаргал мэдэрдэг байх. Монголд ажилгүйдэл их байна л даа. Залуучууд сургуулиа төгсөөд ихэнх нь ажилгүй байдаг. Ажилд орсон ч цалин маш бага. Амьдралаа арай гэж л залгуулж байна. Энэ талаар чи юу гэж боддог вэ?
Энд ч ялгаагүй маш их өрсөлдөөнтэй. Манай нэг найз 100 гаруй компанид ажилд орох өргөдөл өгөхөд ганц хоёрхон л хариу өгсөн. Ер нь ажилд орно гэдэг хувь хүний хичээл зүтгэлээс их шалтгаалдаг гэж боддог. Тухайлбал, энд эхлээд ярилцлага өгнө үүнийхээ дараа хэд хэдэн шалгалтад орно. Учир нь, тэдгээр шалгалтаар тухайн боловсон хүчин яг манайд тохирсон хүн мөн үү үгүй юу гэдгийг тодорхойлдог. Тэр бүү хэл ажлын ярилцлагын үеэр өгсөн эсвэл анкет дээр бичсэн чадваруудыг тус бүрт нь заавал шалгадаг. Жишээ нь надаас ажлын ярилцлага авч буй компанийн ажилтан программ хангамжийн чадварын шалгалт авч байсан. Яагаад гэвэл би түүнийг чадна гээд хэлсэн учраас батлах хэрэгтэй. Ер нь бол 4-5 шатыг давах шаардлагатай байдаг. Тэр бүрт өөрийгөө баталж чадвал чи ажилтай гэсэн үг. Гэхдээ чамд өөрийн гэсэн харизма хэрэгтэй.

Харизма хэрэгтэй гэлээ. Үнэхээр тийм шүү. Энэ талаар жаахан ярилцах уу?

-Өөрийнхөө хамгийн сайн мэддэг зүйлийг бусдын нүд рүү харж байгаад чин сэтгэлээсээ хэлэх хамгийн сайнаараа хийхийг л хэлэх байх. Аливаа зүйлийг хамгийн сайнаараа тэгэхдээ яг өөрийнхөө бүрэн дүүрэн хийж байгаа тэр чадвар тийм илэрхийлэмжийг л харизма гэдэг гэж би хувьдаа ойлгодог. Яах вэ албан ёсны тайлбарыг интернетээс хайгаад олж болно. Тэр бол хүн бүрт нээлттэй гэхдээ энэ ойлголтыг өөриймшүүлэх нь чухал болов уу. Адаглаад хүмүүс намайг хаанаас ирсэн бэ гэхээр Би Монголоос ирсэн гэж өөртөө итгэлтэй хэлдэг. Мөн Монголынхоо нэрийг хугалахгүй байхыг хичээдэг. Энэ ч үүднээс миний харизмагийн нэг хэсэг нь Монгол гэдгээр явдаг байх. Миний ажиллаж байсан ихэнх төслийн багийнхан надад ам сайтай байдаг бөгөөд тэд “Монгол охин” л гэж ярих жишээтэй. Дээрээс нь харизма нь хүнийг зорилгодоо хүрэх түлхэц ч байж мэднэ.

 

Зорилго . . .

Зорилгын талаар асуулт асуух гэж байсан уу?

Тийм л дээ. Гэхдээ яг яаж асуухаа мэдсэнгүй.

Ярилцлагад асуултгүй хариулт гэж байдаг уу?

Байж болно шүү дээ. Заавал ийм тийм гэсэн дүрэмд баригдах нь утгагүй байх. Чи ер нь зорилгын талаарх асуултгүй асуултад өрийнхөөрөө хариулчих уу?

Зорилго гэдэг хүн бүрийн тавьдаг зүйл биш юм шиг санагддаг. Зорилго бол мөрөөдөл байж болно. Магадгүй зарим нь зорилго тавьдаг ч түүнийгээ хөдөлмөрлөж бодит болгодоггүй. Тэгэхээр хүн бүр зоридоггүй юм шиг санагддаг. Түүнийг чаддаг хүмүүс цөөхөн. Чадна гэсэн хүмүүс нь зорьдог байх .

Зорилго хөдөлмөр хоёрыг нэгтгэдэг тэр хүч нь юу байдаг вэ?

-Зоригтой л байх ёстой. Эрсдэл юм бүрт бий. Гадуур алхаж байхад ч эрсдэл бий. Тиймээс эрсдлийг зөв тооцоолж түүнээсээ урьдчилан сэргийлэх мөн тэр эрсдлийг давах зоригтой байх ёстой. Хийвэл бүү ай, Айвал бүү хий. Эрсдэлийг тодорхойлох ёстой. Гэхдээ түүнээсээ айлгүй даваад гарах зоригтой байх ёстой. Яг энэ зарчмаар чи зорилгоо зөв тодорхойлоод түүнд хүрэхэд гарах эрсдэлийг бас тооцоолох хэрэгтэй. Гэхдээ эрсдэл байна гээд айлгүй даваад гарах зоригтой хүчтэй байх нь чухал болов уу.

Чиний хувьд гаргасан хамгийн том зориг чинь юу байсан бэ?

-Би ер нь аливаа зүйлсийг өөрөө шийддэг. Хэдий ээж аавтайгаа зөвлөдөг ч би өөртөө илүү итгэдэг. Учир нь би өөрт хамааралтай тухайн нөхцөл байдлыг өөрөө л илүү сайн мэднэ. Надаас өөр хэн ч надаас илүү сайн мэдэхгүй шүү дээ. Тухайлбал, би дунд сургуулиа төгсөөд бизнесийн сургуульд орсон. Бизнесийн сургуульд орохын тулд тэр жилд төгссөн бүх хүүхдүүдийн 10 хувийн шилдгүүдийн дунд их сургуулийн 1-р ангийн дүн харгалзан үзэж шийдвэрлэдэг. Тэгээд тэр сургуулийнхаа хамгийн хэцүү мэргэжлийн ангийг сонгож байлаа. Аав, ээж хоёр маань эсэргүүцэж байсан ч тэр л ангиа сонгосон. Тэр нь Actuarial Science гэдэг мэргэжил юм. Энэ ангид ороод өөрийгөө тухайн үед аймаар голж эхэлсэн. Тэр хүртэл би ангидаа шилдэг нь байлаа. Гэтэл тэнд тийм биш гэдгээ мэдэрсэн. Улам илүү хичээсэн. Ер нь бол өнөөгийн би гэдэг бол миний зоригтой хийсэн сонголтуудын нийлбэр гэж бодож байна. Ажиглаад байхад жижиг алхмууд нийлж байж л эргээд харахад тэр нь том болдог байх. Түүнээс биш нэг том зүйлийг шууд хийчихнэ гэж байхгүй. Тиймээс хаана хүрэхээ мэдэж байвал түүндээ хүрэх жижиг алхмуудыг л хийх ёстой гэж боддог. Тэр бүртээ л би өөрийгөө олдог байх. Биелэх боломжтой зорилго бүрийнхээ төлөө алхам хийхдээ түүндээ хүрэхдээ би өөрийгөө олдог ч гэх юм уу. Гэхдээ би чинь их залуухан хүн шүү дээ. Тэгэхээр би өөрийгөө олсон гэж шууд хэлчихэж чадахгүй.

Чи хэр их ганцаарддаг вэ?

Энд дөнгөж ирчихээд эхний нэг хоёр жил их ганцаарддаг байсан. Харин одоо бол гайгүй шүү. Нэгдүгээрт би энд дассан.Хоёрдугаарт, дуртай ажлаа хийж өдөр бүр өөр зүйл мэдэж, танилцаж байгаа болохоор ганцаардах зав гарахгүй байна даа.

Тэгвэл ганцаараа байх дуртай юу?

-Дуртай. Гэхдээ тийм боломж үнэхээр бага байна сүүлийн үед. Би заримдаа асуудалтай тулгарахаараа зузаан ном авчихаад түүнийгээ ганцаараа хоёр гурван өдөр уншаад дуусгах дуртай. Утсаа ч авахгүй ш дээ.

Хүн бүрийн сонирхдог хэдэн асуулт тавья. Эхнийх нь Сингапур улсад тэтгэлэгээр суралцах боломжтой юу?

-Сингапур улсаас тэтгэлэг авах хэцүү. Гадаадын хүнд өгдөг тэтгэлэг байхгүй. Иргэдийнхээ төлөө байдаг улс, иргэд нь ч улсынхаа төлөө байдаг. Тэр утгаараа үнэхээр мундаг сурдаг хүүхдүүдээ төр засаг нь үнэхээр дэмждэг. Иргэд нь ч гэсэн хичээнгүйлэн сурдаг. Бүр хэт их гэж хэлж болохоор хэмжээний хичээж сурдаг. Гэхдээ зарим нэг боломж гэж бий. Тухайлбал, энд гурван жилийн бондтой ажлын гэрээ гэж байдаг. Энэ гэрээг хийж чадвал сургалтын төлбөрийн 70 хувийг даадаг гэх юмуу даа. Гэхдээ Сингапурт Монголын Засгийн газраас тэтгэлэг аваад их дээд сургуульд сурж болно шүү дээ. Миний хувьд дээр дурдсан ажлын байрны гэрээ байгуулаад их сургуулийнхаа тэтгэлэгийн 70 хувийг нь улсаас аваад сурсан.

unnamed 3

Сингапур улсын юу нь чамд таалагддаг вэ?

Нийгмийн дэд бүтэц нь маш сайн. Одоо ч улам сайжирч байна. Жил болгон Сингапурын улстөрчид энэ жил юу хийх вэ гэдэг төлөвлөгөө гаргадаг. Түүнийгээ жил бүрийн 2 дугаар сард танилцуулдаг. Хэдэн төгрөгийн ямар төсвийг хэрхэн зарцуулах вэ гэдэг төлөвлөгөөг иргэддээ өгдөг. Бүх зүйлс нь илэн далангүй бүх зүйл нь их нээлттэй байдаг нь их сайхан санагддаг. Гэтэл Монголд тийм биш. Наад захын дэд бүтэц нь шийдэгдээгүй. Тухайлбал, би одоо ч гэсэн Монголд очоод гэрээсээ бэлтгэлийн байр руугаа явах гэвэл тодорхой бэрхшээлүүдтэй тулгардаг. Маршлын гүүрний тэндээс нийтийн тээвэрт суугаад бэлтгэлийн байр руу явах гэхээр автобус ч байхгүй. Иймэрхүү зүйл энд харин байхгүй. Автобус, метрогоор яваад л оччихдог. Миний хувьд хувийн машин гэхээсээ илүү нийтийн тээврийг илүүд үздэг л дээ. Гэтэл тэр нь байхгүй болохоор хүмүүс машин унахаас өөр аргагүй болно. Дээрээс нь төрийн зарим үйлчилгээ нь ил тод биш. Төр засаг нь яг юу хийгээд байгаа нь бүрхэг нэг тиймэрхүү юм шиг санагддаг. Харин энд бүх зүйлээ гэр бүлийнхээ гишүүдтэй ярьж байгаа юм шиг л ярилцдаг. Нэг нэгийгээ сонсдог ойлгодог нь гоё.

Чиний ажлын талаар жаахан ярилцах уу. Тэр тусмаа дата анализ буюу өндөр хөгжилтэй орнуудад хөгжиж байгаа энэ салбарын талаар манай уншигчдад тайлбарлахгүй юу?

-Компаниуд мэдээллийн их сантай байдаг. Гэхдээ тэр нь тоо юм уу бичгэн өгөгдөл л байдаг. Харин би тэдгээр өгөгдлийг уншиж, тусгай программ ашиглан графикууд хийдэг. Тухайн график нь өнөөх өгөгдлүүдийг боловсруулж захиалагч талын хүссэн мэдээлэл гаргаж өгөхөд тусалдаг. Гаднын томоохон компаниудын удирдлагуудын хүсдэг зүйл нь зүгээр нэг өгөгдөл харах биш харин тэр өгөгдөлд тулгуурласан илүү амьд тоо харахыг хүсдэг. Тухайлбал, манай компанийн орлогын хэдэн хувь нь ямар үйлчлүүлэгчээс ирдэг, хамгийн том зарлага юунаас болж байна зэргийг мэдэх дуртай байдаг. Энэ дүн шинжилгээнд тулгуурлан ирээдүйн үйл ажиллагаагаа төлөвлөдөг. Мөн энэ талаар зөвлөгөө авахыг хүсдэг. Тухайлбал, үүрэн телефоны компани байлаа гэж бодоход тус компанийн үйлчлүүлэгч гэрээгээ цуцлаад өөр тийшээ явчихдаг. Яг үүнтэй адилхан одоо байгаа үйлчлүүлэгч ирээдүйд аль нь тус операторыг солих талаар анализ хийж болно. Үүнийхээ дараа тухайн үйлчилүүлэгчиддээ алдахгүйн тулд арга хэмжээ авч эхэлдэг. Мөн худалдааны компаниуд ирээдүйд ямар кодтой хичнээн бараа зарах анализ хийлгүүлдэг. Энэ одоо байгаа бизнес боломжид тулгуурласан ирээдүйг таамаглах анализ юм. Энэ нь дата анализын бас нэг охин салбар гэх юм уу даа. Товчхондоо бол би компанийн мэдээллийн их сан түүнд хадгалагдаж байгаа өгөгдлийг ашиглан захиалагчийн хүссэн мэдээллийг гаргаж өгч үүсч болзошгүй эрсдлийг тодорхойлж, түүнээс гарах арга замыг олж өгдөг гэж хэлж болно. Тэр утгаараа би IT хэлтэстэй хамтран ажилладаг. Том компани чинь маш олон сервертэй байдаг. Гэтэл тэр бүгдийг нь би мэдэх хэцүү. Тийм болохоор тухайн компанийн админуудтай илүү хамтран ажиллах шаардлагатай болдог нь. Ер нь тооны цаадах учрыг олдог гэж болно.

unnamed

Энэ салбарыг Монголд хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

Дата анализийн салбарыг хөгжүүлэхийн тулд зөвхөн мэргэжилтэн байгаад хангалтгүй. Надад программ хангамжууд байхгүй бол би юу ч хийж чадахгүй. Дээрээс нь их хэмжээний дата байх ёстой. Тиймээс улс нь л дэмжих ёстой байдаг. Гэхдээ хөгжүүлж чадвал боломж их бий. Би монголд өөрийн компани нээлээ гэхэд зөвхөн Монголдоо биш гадагшаа хөрш зэргэлдээ орнуудад дүн шинжилгээ, зөвлөх үйлчилгээ хийж өгч болно. Интернетийн хөгжил бидэнд хил хязгаар гэдэг ойлголтыг давахад тусалж байна шүү дээ. Дээрээс нь манай орны хувьд өндөр хөгжилтэй хоёр том зах зээлтэй зэрэгцэн оршиж байгаа нь маш том боломж.

unnamed 1

Тэгвэл Сингапур энэ салбараа яаж дэмждэг вэ?

Тус улсын Засгийн газраас Сингапурт үүссэн сингапур компаниудаа их дэмждэг. Дэмжихдээ хаа хамаагүй компанийг дэмжихгүй. Өөрийн гэсэн шаардлага, шалгууртай байдаг. Тухайлбал, Сингапур иргэд нийт ажилчдын тэдээс доошгүй хувийг бүрдүүлдэг, 50 наснаас дээш настай ажилчид мөн тодорхой хувийг эзлэх ёстой гэх мэт шалгуур тавиад түүнийг нь хангасан компаниудын тухайн төслийн 80 гаруй хувийг хөнгөлж өгөхөөр заасан байх жишээтэй. Гэхдээ тэр төсөл нь бүх зүйлээ дижитал болгоод IOT салбараа хөгжүүлсэн төслүүд байна гэдэг ч юм уу. Тухайлбал, яг ийм шаардлагыг хангасан 500 мянган долларын төслийн 80 хувийг нь улс даана гээд боддоо. Иймэрхүү тогтолцоог Монголд гаргаад ирвэл энэ салбар хөгжих бүрэн боломжтой.

Хөгжил гэж юу вэ?

-Би шууд л боловсрол гэж хариулна. Сингапур улс газар нутгийн хувьд жижиг, газрын доорх баялаг байхгүй. Усаа хүртэл гаднаас худалдаж авдаг орон шүү дээ. Тийм болохоор л улсынхаа иргэдийг хөгжүүлэх ганц арга нь боловсрол. Иргэд нь боловсорч байж л өрсөлдөх чадвартай болдог. Эндэхийн 10 жилийн боловсролын систем нь үнэхээр сайн. Сайн боловсролтой байхын тулд маш сайн багштай байх хэрэгтэй. Боловсролгүй байж улс хөгжихгүй. Боловсон хүчин боловсролгүй бол компани хөгжихгүй, цаашлаад улс хөгжихгүй. Товчхондоо мэдлэг бол хүч бас хөгжил болчихоод байна ш дээ.

Манай бүрэн дунд боловсролын хичээлүүд хэт академик байдаг гэж шүүмжилдэг. Чи санал нийлэх үү?

Сингапурын академик хичээлүүд бүр их. Тоо томъёо үнэхээр их гэсэн үг. Сургуульд сурч байгаа хүүхдийн нэг өдөр гэхэд л маш завгүй. Өглөө эрт босоод хичээлдээ ирээд өдөр нэг цаг хүртэл үргэлжилнэ. Тэгээд 2 цагаас хүүхдүүд өөрсдийн сонирхлоороо нэгдээд клуб болдог. Мэтгэлцэх дуртай нь мэтгэлцдэг, шүлэг бичдэг нь шүлэг бичдэг гэх ч юм уу. Тэгээд гэртээ хариад л дахиад л хичээлээ хийдэг. Ерөөсөө их сургуулиа төгстөл ийм л зарчмаар өдөр шөнөгүй хичээлээ хийдэг. Төр нь хамгийн шилдгийг нь дэмждэг. Ингэж байж л энэ улс өдгөө Азийн бар болтлоо хөгжсөн. Гэхдээ академик хичээл орохдоо миний бодлоор илүү мэргэшүүлдэг нэлээн гүнзгий мэргэшүүлдэг гэж би боддог. Тийм ч учраас сурагчдаас Кэмбриджийн шалгалтыг дунд, ахлах ангиа төгсөхөд нь заавал авдаг.

Манай Монголчууд нэгнээ их харамладаг. Гадаад хүнтэй суусан Монгол бүсгүйчүүдээ бүр ч их харамладаг. Тэр тусмаа чам шиг амжилттай нэгийг бүр их харамлах байх. Чи юу гэж бодож байна вэ?

Яг үнэнийг хэлэхэд би өнөөдрийг хүртэл Сингапур ч юм уу гадаад хүнтэй үерхэж ойр дотно байж үзээгүй. Сингапур хүмүүс ер нь нэлээн хүйтэн хүмүүс. Сайхан Монгол залуутай сууна гэж боддог. Гэхдээ ойрын 10 орчим жил миний дэргэд монгол хүн үнэндээ байсангүй. Би ойрын хэдэн жил ганц ч монгол хүнтэй таараагүй гээд боддоо. Тухайн үедээ олон монголчуудтай таардаг байсан. Элчин сайдын яамнаас мэдээлсэнээр бол Сингапурт байнга оршин суудаг хүний тоо 130-140 хооронд байгаа гэсэн.

Монгол залуустаа чи юу гэж хэлэх вэ?

-Би монгол залуусаа ном сайн уншаасай гэж хүсч байна. Ном унших хэрээр хүний сэтгэлгээ задарч өргөн цар хүрээтэй харах боломжийг олгодог гэж боддог. Мөн боломжоо ашиглаасай зөвхөн Монгол дотроо битгий сэтгээсэй гэж хүсч байна.

Түүнтэй хийсэн ярилцлага энэ хүрээд өндөрлөв. Гадаа модод гөлөглөж, нар ээж, залуус хөтлөлцөн зугаалж байна. Гэнэт ирсэн хавар гэнэтийн бэлэг дүүрнээр намайг бас таныг хүлээж байна. Монголд хэдийнэ хавар иржээ.

 

Э. Зоригт