20170503 006
Хөмсөг: Гоё хүмүүс

Сэтгүүлч: Э. Зоригт

Сэтгүүлч, зохиолч Б.Номинчимэдтэй яриа өрнүүлэв. Тэрбээр сүүлийн жилүүдэд ном хэвлэлийн салбарт хийж бүтээсэн зүйлтэй, гэр бүлийн хүнтэйгээ хамтарч дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын олон сайхан ном цувралаар гаргасан. Саяхан “Аугаа эрин” хэмээх түүхэн роман бичиж, хэвлүүлсэн нь уншигч, мэргэжилтнүүдийн таашаал, анхаарлыг ихэд татаж байна. Мөн Америкт амьдарч, ажиллаж буй монголчуудтайгаа хэдэн жил болсон. Түүний зэрэгцээ сэтгүүлчийн хувиар Монголын нийгмийн олон асуудлаар санал бодлоо тодорхой илэрхийлж ирсэн билээ. 

 

ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР САЙН НОМЫН ЖАГСААЛТ ГАРГАНА ГЭВЭЛ ЖИНХЭНЭ ХОГИЙН ТАНТАН БОЛНО

- Сайн байна уу? Тантай юуны өмнө номын тухай ярилцая гэж бодлоо. Танд энэ талаар хэлэх зүйл нэлээн бий байх аа.

- Номын тухай ойлголт нь их өргөн хүрээ хамардаг учир ярих зүйл бишгүй олон. Тэгэхээр чухам юуг нь онцлон ярилцах вэ?

- Таны хувьд өнөөдөр номын талаар нийгэмд хүргэх хамгийн чухал санаа, сэдэв нь юу байгаа вэ? Түүнээс эхэлье.

- Чухалгүй сэдэв ч гэж юу байхав. Гэхдээ одоо цаг хугацааны хувьд их алдаж буй нэг асуудал бий. Энэ нь Монголын хүүхэд багачууд, өсвөр болон идэр залуу үеийнхний уншваас зохих номын жагсаалт юм. Өдий болтол манай үндэстэн ийм жагсаалтгүй явж байгаа.

- Ямар ч жагсаалт байдаггүй гэж үү? “Залуу лектор” төвөөс “Залуу хүний заавал унших 100 номын жагсаалт” гэж гаргасан. Бас “Заавал унших уран зохиолын 10 ном”, “Залуусын унших 50 ном” гэх мэт нэг бус нэлээд хэдэн жагсаалт бий шүү дээ. Бас Уран зохиолын хичээлээс гадуур унших номын жагсаалт ч гэж бий.

- Янз бүрийн жагсаалтууд бий. Гэхдээ Монгол үндэстний хэмжээнд төрийн бодлогоор гаргасан жагсаалт харамсалтай нь байхгүй. 

- Энэ жагсаалтыг заавал төр гаргах ёстой гэж үү? Бусад нь яагаад болохгүй гэж...

- Тийм, заавал төр гаргах ёстой юм. Яагаад гэвэл арав хорин жилийн дараа Монгол Улс, монгол үндэстнийхээ хамаг ачааг үүрч явах хүүхэд залуусынхаа оюун санааг хэрхэн бүтээх вэ, хүн төрөлхтний болон үндэстнийхээ ямар сайн шинж төлвүүдийг, ямар нандин чанар, үнэт зүйлсийг түлхүү суулгаж, шингээж, юуг нь баяжуулж, бэхжүүлж өгөх шаардлагатай байна вэ, ямар монгол хүн "бүтээх" вэ гэсэн гол үндсэн чиг, бодлогоо юуны өмнө гаргах шаардлага бий. Тэгээд энэ бодлогодоо тулгуурлан нас насны ангилалд тохируулан жагсаалт гаргах нь төрийн хийх ёстой чухал ажлуудын нэг гарцаагүй мөн. Харамсалтай нь дээр чиний дурдсан жагсаалтуудад ийм бодлого огтхон ч харагддаггүй, бараг тохиолдлын шинж байдалтай. Бид хүүхэд багачуудынхаа оюун тархинд тохиолдлын мэдээлэл суулгаж өгөх нь өнөө эс мэдэгдэх ч хожмоо маш их сөрөг үр нөлөөтэй.
Ингэхэд хүн бүтээнэ гэдэг нь хүнийг төлөвшүүлэх л асуудал юм. Түүнээс биш ганц мэдлэгжүүлэх тухайд биш. Хүнийг төлөвшүүлдэг хамгийн чухал нөлөөтэй хичээл бол уран зохиол. Гэтэл уран зохиолыг уншихгүйгээр хоосон онол, эсвэл тухай нь яриад өнгөрвөл Уран зохиолын хичээл гэж байхын шаардлага үгүй. Чухам уншуулахын тулд л тийм жагсаалт хэрэгтэй байгаа юм.

- Тэгвэл Боловсролын яам гаргах уу?20170503 002

- Боловсролын яам гаргадаг нь ч өрөөсгөл юм. Үндэсний оюуны элитүүдээсээ гадна ШУА-ийн хэл, уран зохиол, түүх, соёлын мэргэжилтэн, судлаачдаа оруулсан, ямар нэгэн эрх ашгийн зөрчлөөс ангид комисс, баг байгуулж байж хийхгүй бол хэн нэг даргын тушаал, тогтоолоор гаргах боломжгүй.

- Уншигчдаас санал асуулга явуулах замаар гаргасан жагсаалт болон Олон нийтийн байгууллагуудын гаргасан жагсаалтууд тэгэхээр шаардлага хангахгүй байх нь ээ.

- Огтхон ч, бүр огтхон ч хангахгүй. Унших номын жагсаалт гаргахын зорилго, шалтгааны тухай би өмнө хэлснээ дахиад тодруулая. Нэгд: - ирээдүй хойч үе болсон хүүхэд залуустаа энэ сайн муугаар дүүрсэн үй их номын далай дотор зүг чиг, луужин болгох, хоёрт: - энэ хүүхэд залуусынхаа уншлагын түвшингээр нь дамжуулж оюун сэтгэлгээний түвшинг дээшлүүлэх, гуравт: - (гол нь энэ юм) өөрийн үндэстнийхээ язгуур соёл, үүх түүх, өв уламжлалтай танилцуулж, ирээдүйн монгол хүнээ бүтээх явдал. Монгол хүнээ шүү.

Тэгэхээр уншигч олноос санал асуух замаар дээрх дэвшүүлж буй зорилгод нийцэх ямар нэгэн жагсаалт гаргах боломжгүй, харин гүйлгээтэй номын жагсаалт л гаргах боломжтой юм. Ингэхэд гүйлгээтэй ном, унших ёстой ном хоёр чинь таг өөр хоёр ойлголт шүү дээ. Олон нийтийн саналаар массын түвшний уншдаг номууд л шалгардаг. Ялангуяа өнөөдрийнх шиг оюун санаа, ёс зүйн уналт задрал нүүрэлчихсэн цаг үед бүр доод түвшний номууд ч олноор орж ирэх магадлалтай. Гэтэл бид хожим улс орноо авч явах хүүхэд багачуудынхаа оюун тархинд арай түлхүү түвшний ном уншуулж, түүнээ системжүүлж, алсын бодлоготойгоор хандах учиртай.
Бас ийм жагсаалтыг аль нэг хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд, хувь зохиогч, Олон нийтийн болон ТББ-ууд ч хийх боломжгүй юм. Учир нь ямар нэгэн хэмжээгээр ашиг сонирхлын зөрчил гээч юм заавал хавчуулагдчихдаг, хэвлэлийн газар нь өөрийн эрхэлдэг номыг түлхүү оруулахыг хичээнэ, лоббидно. Хэдэн зохиолчид өөрсдийнхөө болсон болоогүй номыг аугаа бүтээл хэмээн зүтгэнэ. Номын дэлгүүр гүйлгээтэй номоо нэр дэвшүүлнэ. Жинхэнэ холион бантан, хог новшийн цуглуулга гэгч тэр болно. Үндэстний сонголтын түвшинд байх боломж маш хомс.

- Бусад улс орнуудад ийм туршлага хэр вэ?

20170503 004

- Дэлхийг хөгжлөөрөө тэргүүлж буй улс орнуудад маш арвин туршлага байна. Тэр бүгдийг тоочвол цаг их орох учир би зөвхөн тоон үзүүлэлт л хэлье. АНУ гэхэд ахлах сургууль төгсөх хүртлээ заавал унших ёстой номын жагсаалтад 237 ном орсон. Хятадад 50 боть ном бий. 50 гарчиг зохиол биш боть шүү. Франц, Герман, Япон гээд бүгдэд нь бий. ОХУ л гэхэд Путин ерөнхийлөгч хэдэн жилийн өмнө зарлиг гаргаад Оросын өсвөр үе, залуусын унших номыг нь хуульчлаад өгчихсөн. Тэнд 770 орчим гарчиг зохиол орсоны 70 орчим хувь нь үндэстнийх нь уран зохиол орсон. Бидний нэг хэсэг дагаж намирсан Кембрижийн хөтөлбөрийн уншваас зохих номын саналын жагсаалтад 2000 гаруй гарчиг зохиол орсны мөн 70 гаруй хувь нь Христийн шашны агуулгатай зохиол бий. Гэх мэтчилэн. Унгар улс гэхэд 1990 онд бидэнтэй л адил соц нийгэм задарч, бөөн бужигнаан болоход хамгийн түрүүнд хүүхэд багачуудынхаа унших номд онцгой анхаарч, ЕБС-ынхаа уран зохиолын хичээлийг хөтөлбөрийг хэдэн жилийн турш судалж байж боловсруулан гаргасан байдаг. Бараг л үндэсний хөгжлийн хөтөлбөр гаргах лугаа адил нухацтай судалсан байгаа юм.

Гэтэл харамсалтай нь бид л энэ талаар чихэн дүлий, нүдэн балай явж ирэв. Ярьдаг юм нь ердөө л эдийн засаг, санхүү, уул уурхай, их мөнгө, хөрөнгө оруулалт. Ингэхэд оюуны хөрөнгө оруулалтын тухай огт ярьдаггүй нь манай төр засаг нүдээ таг аньчихаад гүйж яваатай адил.

- Энэ жагсаалтад зөвхөн уран зохиол орж байна уу?

- Үгүй, шашин, гүн ухаан, соёл, урлаг, угсаатны зүй гээд танин мэдэхүйн олон салбарыг хамруулдаг ч ихэнх нь утга зохиол байна. Гэхдээ үндэстний утга зохиол нь зонхилох талдаа. Оросуудын гаргасан жагсаалтад гэхэд л ахлах сургуулиа төгсөхдөө христ, лал, буддын болон ведийн шашны гол тулгуур судруудтай заавал танилцуулж байна. Энэ нь шашинд туйлширч хандахгүй, тухайн шашинтай оронд очоод шашин, соёлын зөрчил үүсгэхгүй байхаас эхлээд хүүхэд залуус аливааг олон талаас нь хардаг, явцуурч туйлширдаггүй болох, эрүүл зөв сонголт хийхэд нь туслах гэх мэт олон чухал ач холбогдолтой. Мөн 10-р ангийн хүүхдэд Достоевскийн “Ах дүү Кармазовынхон” зохиолыг уншуулж байна. Зарим хүн гайхаж магадгүй, 20 хүрээгүй хүүхэд энэ аварга зохиолыг уншиж, ухаж ойлгож чадна гэж үү хэмээн. Ойлгох хүүхэд ч бий. Бүрэн ойлгохгүй ч юутай ч ийм аугаа бүтээл байдаг гэдэгтэй хүүхдүүдээ ямар нэгэн хэмжээгээр танилцуулаад авах нь огтын тас харанхуй байлгаснаас нэн чухал, хожмоо үр дүнгээ өгнө.

Мао даргын нэг айхтар үгийг манайхан олонтаа ишилдэг дээ. “Ард түмэн гэдэг бол юу ч бичиж болдог цагаан цаас юм” гээд. Үнэхээр юу ч бичиж болдог юм бол тэнд яагаад сайн зүйлсийг түлхүү бичиж, саарыг нь багасгаж болохгүй гэж. Төр засаг хамгийн эхэнд боловсролын тогтолцоогоороо дамжуулан энэ үйл хэргийг хэрэгжүүлдэг. Боловсрол гэдгийг зөвхөн мэдлэг, чадвар гэж үзэх учиргүй, хүмүүжил, төлөвшил, соёл гэгээрэл гэдэг зүйл нь энэхүү боловсрол дотор багтаж явдаг. Боловсрол гэдэг маань боловсрох гэсэн утга. Тэгэхээр “Боловсролтой хүн” гэдэг нь зөвхөн мэдлэгтэй, чадвартай хүн гэсэн үг биш, төлөвшил, хандлага, итгэл үнэмшил, соёл ч орно. Суурь боловсрол нь энэ бүхний хандлага чиглэлийг зөв тогтоож өгөх учиртай. Харамсалтай нь бид боловсролынхоо агуулгыг зөвхөн мэдлэг гэсэн явцуу хүрээнд харж, үйлдэж ирсний гор, гайг өнөөдөр хангалттай амсаж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд төрөөс зайлшгүй хийх ёстой ажлын нэг нь хүүхэд залуучуудын унших номын жагсаалт юм. Номын тухайд хамгийн түрүүнд санаа зовинож буй асуудал маань энэ л байна даа.

- Та өөрөө гэр бүл, найз нөхөдтэйгээ хамтран нэлээн олон хүүхдийн ном гаргасан. Та бүхний гаргасан тэдгээр номоос энэхүү жагсаалтад хэр тусна гэж бодож байна вэ?

- Бид нийтдээ 500 гаруй гарчиг зохиолыг Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын дээжис ЭРДЭНЭСИЙН САН нэрийн дор сүүлийн 7-8 жилийн хугацаанд олны хүртээл болгожээ. Тэдгээр дотор роман 50 гаруй, туужийн хэмжээний зохиол 60 гаруй, өгүүллэг, домог, үлгэрүүд нь 350 гаруй байна. Бүгд л хүн төрөлхтөн үр хүүхэддээ зориулж бүтээсэн оюуны үнэт өв сан буюу дэлхийн хүүхдийн сонгодог зохиолууд юм. Тэдгээр 500 гаруй гарчиг зохиолуудыг бүгдээрээ энэхүү жагсаалтад орох учиртай гэх нь утгагүй, юутай ч монголын хүүхэд бүрд уншуулчихмаар нэн чухал хэрэгтэй 40 орчим зохиол бий. Хэрвээ тийм жагсаалт гаргадаг баг байгуулагдвал бид тэдгээр зохиолуудаа л санал болгоно доо.

20170503 005

- Та монгол хүүхэд бүхэнд уншуулчихмаар зохиолууд гэлээ. Ямар шалгуураар тэр вэ?

- Зөв, маш чухал асуудлыг хөндлөө. Өнөөдрийн монголчуудад хамгийн дутагдаж буй зан суртхууны болон оюун санааны шинж чанарууд юу вэ? Энэ бол нэг нэгнээ ойлгож, хүндэлж, хүлээцтэй хандах, амьдралын алив үзэгдлийг эерүүгээр харж, зөрчлийг эвээр зохицуулах, монгол хүн монгол хүнээ хайрлах явдал юм. Бас зарчимтай, үнэт зүйлтэй, амьдралд идэвхтэй байж, гэрэл гэгээнд тэмүүлэх тэмүүлэл их чухал. Чухам иймээс л ёс суртхууны танин мэдэхүйн агуулгатай, гэрэл гэгээ, сайн санаа нэвт гэрэлтсэн тийм зохиолуудыг хүүхэд багачууддаа түлхүү уншуулах хэрэгтэй. Тухайлбал, Х. Андерсен, С. Лагерлөф, Ф.Бөрнэт, Л.Алкотт, Н.Монтгомери, Р.Киплинг, П.Патерсон гэх зэрэг олон зохиолчдын зохиолууд тийм агуулгаар маш их баялаг байдаг.

- Та уран зохиолоор дамжуулан хүүхэд багачууд, залуусынхаа оюун, сэтгэлд гэрэл гэгээ асаах тухай ярьж байна. Тийм боломжтой юу? Үр нөлөөтэй гэж үү?

- Хэрвээ ямар ч үр нөлөөгүй бол энэ олон хөгжингүй улс орнууд юуны тулд хүүхэд багачуудынхаа унших ёстой номын жагсаалтыг онцгой анхаарч, бүр төрийн бодлогынхоо түвшинд авч үзээд байна вэ? Хийх ажилгүйдээ тэр гэж үү? Ингэхэд дэвшилтэт хүн төрөлхтөн яагаад сонгодог уран зохиолыг эрхэмлэж, оюуныхаа элитүүдээ чухам тэр уран зохиолчдоос олонхидоо нэрлээд байна вэ?
Үр нөлөөтэй байлгүй яах вэ? Би нүдээрээ үзэж, үүнд улам ихээр итгэх болсон. Хэдэн жилийн өмнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17-р сургуулийн 9 дүгээр ангийн хүүхдүүдтэй уулзсан. Ангийн багш О.Байгалмаа өөрөө уран зохиолын багш. Бидний гаргасан дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиолын номоос 80 гаруйг нь цуглуулж ангийн номын сангаа байгуулсан байсан. Хамгийн гол нь хүүхдүүддээ уншуулсан байлаа. Хамгийн бага нь 20 ном, зарим нь бүх номыг уншсан байв. Тэр хүүхдүүдтэй яриад сууж байхад үнэхээр баярлах бахдах сэтгэл өөрийн эрхгүй цээж дүүрч байсан. Арван хэдхэн настай тэдгээр хүүхдүүдтэй ямар нарийн ширийн зүйлсийн тухай ярилцсан гэж бодож байна. Тэдний ангид хичээл заадаг бусад багш нар хэлж байсан, “Өөр ангид хичээл зааж байгаад эдний ангид ороод ирэхээр нэг сайхан бие амрах шиг болдог” гээд. Тийм эерэг дулаан уур амьсгал тэр ангид бүрдсэн байгаа юм. Ангийн хүүхдүүдийн хичээлийн дундаж үнэлгээ өссөнөөс гадна олон талын авьяасууд нь нээгдсэн. Ном уншсан хүүхдүүд хамгийн наад зах нь өргөн дэлгэр мэдлэгтэй болж, их төлөвшдөг, асуудлыг олон талаас нь эргэцүүлэн шүүх чадвартай болдог. Үг ярианы баялагтай болж, санаа бодлоо маш тодорхой сайн хэлж илэрхийлж чаддаг болдог. Хүний дотоод сэтгэл болоод хүмүүсийн хоорондын харилцааны маш нарийн асуудлуудыг соргог мэдэрч чаддаг ч болдог. 

Бас Өвөрхангай аймгийн Хархорин сумын Наранчимэг захиралтай арван жилийн сургуулийнхан байна. Тэдний сургууль дээр ном унших аян хоёр жил амжилттай өрнөсний дараа номын клубын хүүхдүүд нь хотод ирж МҮОНТ-ээр номын нэвтрүүлэгт орсон. Тэдний яриа, ойлголтын түвшин огт өөр. Саяхан УИХ-ын гишүүн асан Г.Уянгын санаачилгаар 93-р сургуулийн 1-5-р ангийн хүүхдүүдтэй номын өдөрлөг хийсэн. 4-5 дугаар ангийн жаахан охид, хөвгүүд ямар нарийн асуудлыг гүн гүнзгий ойлгож, түүнээ уран сайхан илэрхийлэн ярьж буйг хараад баярлаж л суулаа. Энэ мэт маш олон жишээг хэлж би чадна.


МИНИЙ МЭДЭХ ХАМГИЙН СҮҮЛЧИЙН ЗАН СУРТАХУУНЧ ЗОХИОЛЧ БОЛ В.РАСПУТИН

- Би бүр эсрэг нэг зүйл асууя. Уран зохиол бол хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үүрэггүй гэж үздэг үзэл онол бий шүү дээ. Тэр онолыг маш тодорхой илэрхийлдэг төлөөлөгчид ч бий.
- Тийм үзэл хандлага бий. Гэхдээ энэ нь утга уран зохиол гэдэг далай их ай савын зөвхөн нэгээхэн л хэсгийнх нь хандлага, илрэл шүү дээ. Түүнийг нийт утга зохиолын мөн чанар болгож үзвэл төөрөгдөл болно. Утга, уран зохиолын танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх нөлөөг хийгээд ёс суртхуунлаг шинж чанарыг нь яагаад ч үгүйсгэх боломжгүй. Энэ бүхэн нь танин мэдэхүйн тодорхой түвшинд л бий болсон үзэл хандлага юм. Зарим тохиолдолд дэлхийн улс төрийн хоёр том системийн хооронд болсон хүйтэн дайны нэг гол зэвсэг нь, үзэл суртлын фронтын нэг гол сэдэв нь болж ашиглагдаж байлаа. Тэр дайнд бид ялагдсан. Өөрөөр хэлбэл бидний амьдарч байсан цаг үе, орон зай ялагдсан. Ялсан тал нь өөрсдийн үзэл онолоо тулган хүлээлгэдэг, бас халдварлуулдаг, итгүүлэн үнэмшүүлдэг. Түүний хаялага одоо ч явж байх шиг. Уг нь эдгээр нь бүгдээрээ нэг л сав ертөнцийн доторх асуудал шүү дээ. Ингэж харвал ямар ч ялалт, ялагдал байхгүй.

- Гэхдээ зан суртахуунч байх ёсгүй гэдэг үзэл нь сонгодог түвшний уран зохиолд илүү хамаатай юм биш үү?

- Харин ч сонгодог байх хэрээрээ оюун санааны болоод ёс суртхууны танин мэдэхүй өндөр байдаг, тэр талын үнэт зүйлс илүү хүчтэй илэрдэг. Харин хүний суурь мөн чанарыг өөрчлөх тухай яриа бол их өөр зүйл юм. Үүнийг ярих бол бид дахиад сэдэв болгож тусад нь ярилцвал зохино.

- Сайн зохиолчид моралист буюу зан суртахуун номлогч байх учиргүй гэж үзэх нь бас байна...?

- Зан суртхууныг залхтал номлох тухай яриагүй. Зан суртхууны мөн чанар, язгуурыг нээн илэрхийлэх нь танин мэдэхүй шүү дээ. Хоосон номлолд автах хийгээд танин мэдэж, суурь итгэл үнэмшилтэй байх хоёрт тэнгэр газар шиг их ялгаа бий. Харин ч их зохиолчид хүчирхэг зан суртхуунчид байсан. Бүүр эртний Хомер, Тицианаас эхлээд, Данте, Гөте, Достоевский нар гээд олныг хэлж болно. Миний мэдэх хамгийн сүүлчийн хүчирхэг моралист зохиолч бол В.Распутин.

- Манайд тийм зан суртахуунч зохиолч гэвэл та хэнийг нэрлэх вэ?

- Равжаа хутагтыг юуны түрүүнд хэлмээр байна. Түүний маш олон шүлэг дуулал нь зан суртахуун, хүний мөн чанарыг танин ухсан, элэглэн шоолсон, бас илчлэн нээж, шинжлэн шүүсэн байдаг. Социализмын үеийн зохиолчдийн олонхи нь суртахуунчид байсан ч тийм хүчирхэг нь байсангүй, мөн тэдний энэхүү зан суртахуунч шинж нь язгуур мөн чанар гэхээс илүүгээр социалист зан суртхуун гэсэн хиймэл өнгө будагтай нь ихэнх талдаа байлаа. Гэсэн ч тэдэн дотор ямар нэгэн хиймэл зүйлгүй өөрийн онцгой өвөрмөц шинж төлвийг илэрхийлдэг сайн зохиолчид байсан шүү...

20170503 006

- Тухайлбал,..?

- Д.Мягмар, С.Пүрэв, Д.Норов гэх мэт нэлээд хэдэн зохиолчдыг хэлж болно.
- Зан суртхууны талаарх их гүн ухаанч Ф.Ницщегийн үзэл бодол их сонирхолтой санагддаг.
- Тийм. Сонирхолтой. Гэхдээ сонирхолтой байна гэдэг нь гарцаагүй итгэх ёстой баталгаатай үнэн гэсэн үг биш. Ф.Ницще “Зан суртхууны хорвоо бөөрөнхий шүү, нэг бус нэлээд хэдэн ертөнцийг бид тэндээс нээнэ. Бидний бахархан биширдэг зан суртхууны мөн чанарт санаанд оромгүй эсрэг сөрөг урсгал гарч ирэх нь бий” гэж дуу алдсан. Мөн өнөөх алдартай “Бурхан таалал төгсөв” гэдэг санаа нь байна. Ницще бол барууны ертөнцийг нөмөрсөн оюун санааны их задрал, хямралын үеийн сүүдэрт байсан хүн шүү дээ. Тэр өнцгөөс харвал түүний дуу алдалтыг ойлгож болох мэт. Харин дорныхны, тэр дундаа Монгол үндэстний танин мэдэхүй, сэтгэлгээний хандлага өөр. Бид чинь “Сайн муу нийлж байж, сав ертөнц дүүрдэг” гэж бүхэл саваар нь харж чаддаг, сэтгэж чаддаг ард түмний үргэлжлэл. Зан суртхууны зөвхөн сүүдрийг нь харчихаад гайхаж, шогширч дуу алдаад байх шаардлагагүй.

- Та сэтгүүлч, зохиолч хүн. Таны уран бүтээлдээ хандах үзэл хандлагыг сонирхвол...
Үзэл хандлагасаад байх ч юу байхав. Ер нь алив зохиолчийн уран бүтээл нь зохиолчынхоо дотоод мөн чанарын тусгал, илрэл нь байдаг. Би бол засрашгүй мөрөөдөгч, засрашгүй романтик нөхөр гэдгээ мэднэ. Энэ шинж чанар уран бүтээлд маань ямар нэгэн хэмжээгээр илэрдэг байх. Нөгөө талаар 1990-ээд оноос хойш өрнөсөн оюун санаа болоод зан суртхууны их задрал, уналт, төөрөгдлийг нүдээр харж, биеэрээ мэдэрч туулсны хувьд нэлээд гутарсан, шүүмжлэнгүй өнгө аяс ч бас давхар байж магад. Гэхдээ би тийм олон зохиол бүтээл хэвлүүлчихсэн хүн биш шүү дээ. Би хувьд энэ хүмүүний амьдралд, ерөөс ертөнц оршихуйд нэг л том өнө мөнхийн тэмцэл бий гэдэгт итгэдэг. Энэ бол гэрэл сүүдэр хоёрын, буян нүгэл хоёрын, сайн санаа, хорон муу хоёрын гэх мэт салшгүй хосолмол атлаа эсрэгцсэн мөн чанаруудын тэмцэл юм. Энэ тэмцэл дайн хаа сайгүй өрнөж байдаг. Бидний сэтгэл зүрхний чинад мухрын хязгааргүй микро түвшнээс эхлээд сүпэр глактик ч жижигдэм хязгааргүй макро түвшинд хүртэл өрнөж байдаг өнө мөнхийн тэмцэл. Харин урлаг, уран зохиолын гол суурь болдог гоо сайхан гэгч зүйл бол гагцхүү гэрэл гэгээний, сайн сайхны охин үр нь юм. Тиймээс зохиолчид, уран бүтээлчид бол гэрэл гэгээний дайчид байх учиртай, бид гэрэл гэгээнд үйлчилж байх ёстой. Би ингэж л боддог, итгэдэг. Миний уран бүтээлд хэрвээ ямар нэгэн юм илэрдэг гэвэл ийм л үзэл хандлага илрэх байх.

- Ингэхэд ямар нэгэн –измээр туурвиж байгаагаараа зохиолчийн ур чадвар харагдах уу? Жишээлбэл кубизмаар бичдэг нь лаг яруу найрагч, реалист нь дундаж гэх мэт...

- Үгүй. Огтхон ч үгүй. Ямар ч –измээр бай ялгал үгүй. Гагцхүү тухайн –измээрээ сэтгэлгээ болоод ур чадварын хэр өндөр түвшинд туурвиж байна вэ гэдгээрээ л ялгарна. Реалист Бальзак, натуралист Золя, романтик Хюго, шидэт реалист Маркес, символист Блок нарын хувьд аль аль нь өөр өөрийн давтагдашгүй оргилоо бүтээчихсэн. Энэ нь ийм измээр бичдэг учир лаг гэх нь зүгээр л гэнэн тэнэг хэрэг. Ер ямар ч зохиолч “За би ийм -имзээр бичнэ ээ” гээд бичдэггүй байх. Өөрийнх нь сэрэл мэдрэмж, илэрхийлэл, мөн чанар, чадвар, ертөнцийг үзэх үзэл нь тухайн уран бүтээлчийг ямар нэгэн изм, үзэл хандлага руу хөтөлдөг хэрэг. Эсвэл тэр бүхэн нь ямар нэгэн -измээр илүү тод илэрдэг, магадгүй ямар нэгэн –измээр илэрхийлэх илүү боломжтой байгаа л хэрэг. Харин Холливүүдийн киноны зохиол, эсвэл арилжааны зохиол бичих бол өөр хэрэг. Бүх зүйл нь яг таг нарийн заавар, схем, загварын дагуу бичигддэг. Холливүүдийн кино зохиол бичих зааварчилгаа, гарын авлага гээд бүхэл бүтэн тэвхийсэн толь бичиг хүртэл бий шүү дээ. Тиймэрхүү зохиолоос ямар нэгэн изм хайгаад нэмэргүй. Ингэхэд ямар нэгэн -имз үнэртүүлэхгүй байгаа зохиолч бол зохиолч биш, цаг зуурын бичээч төдий.

- Та Холливүүдийн тухай дурдаад өнгөрлөө... Өнөөдөр Холливүүд бол дэлхийн кино урлагийн нүүр царай болж байгаа шүү дээ?

- Тийм шүү. Холливүүдгүйгээр өнөөдрийн дэлхий ертөнцийг төсөөлөх боломжгүй. Гэхдээ бас Холливүүд Американизмыг хүн төрөлхтөнд хүргэж сурталчлах үзэл суртлын хүчирхэг нэгэн зэвсэг гэдгийг мартаж болохгүй. Бас урлагийг арилжааны оргилд хүргэж чадсан. Гэхдээ өнөө миний анзаарснаар Холливүүдийн хөгжил хүрч болох оргилдоо хүрээд зогсонги болчихсон. Чухам урлагийг арилжаа талруу нь хэт туйлшруулсных нь үр дүн энэ. Барууны ертөнц утга зохиолыг ч мөн адил зөвхөн бестселлэр буюу зарагдаж борлогдсоноор нь үнэлдэг гаж өрөөсгөл байдлыг бий болгосон. Тэд өөрсдөө ч юу хийснээ, ямар мухардалд хүрснээ сайтар мэдэж байгаа. Оюун санааны үнэлэмж, эд материалын хэрэгцээ хоёрыг адилхан нэг сэлүүрээр сэлүүрдэх нь оршихуйн суурь мөн чанарт харшилсан хэрэг шүү дээ. Одоохондоо хариу илрэл бүдэг ч цаг хугацаа улирах бүр улам тодорхой болох биз.

- Оюун санааны үнэлэмж, эд материалын хэрэгцээ хоёрыг адилхан нэг сэлүүрээр сэлүүрдэх нь яагаад оршихуйн суурь мөн чанарт харшилсан хэрэг болдог вэ?

- Огт өөр хоёр түвшин шүү дээ. Оюун санааны хүрээнд дундаж болон дундажаас доошхи үнэлэмж, зан суртхуун, үнэт зүйлсийг нийтлэгт тулган хүлээлгэж болдоггүй. Харин ч дээд түвшнийхээ үнэлэмжээр шүүж, цэгнэж, илэрхийлж, чирч явах учиртай. Тэгэж байж дэвшил бий болдог. Үеийн үед тийм байж ирсэн. Эд материалын хэрэгцээний тухайд бол харин эсрэгээрээ. Огт хоёр өөр оршихуй байгаа биз дээ. Үүнийг нэг зарчмаар, нэг сэлүүрээр хутгаж орхихоор хэт болхи бүдүүлэг материализм руу л гулсаж таарна. Яагаад гэвэл оюун санааны ертөнцийн нөөц хязгааргүй. Харин нөгөөх нь хязгаартай байдагт байгаа юм.

20170503 007

 

ИХ МОНГОЛЫН ҮЕ БОЛ АУГАА ИХ РОМАНТИЗМЫН ЭРИН ҮЕ

- За номын тухай яриа маань бүр алсраад явчихлаа.
- Тэглээ. Гэхдээ номын тухай яриад дуусчихаад алсраад явчихсан хэрэг биш шүү дээ. Номын тухай дахиад ярих аваас бишгүй зүйл байна.
- Тэгэлгүй яахав. Ярих сэдэв ард бишгүй үлдлээ. Ном гэснээс таны саяхан хэвлүүлсэн “Аугаа эрин” романы тухай хөндөлгүй бол болшгүй нь. Юуны өмнө танд баяр хүргэе.
- Баярлалаа.
- Таны энэ роман хэдэн боть болох билээ?
- Дөрөв юм уу, таван боть болох болов уу. Одоохондоо яг тодорхой хэлэх боломжгүй байна. 1170-аад он буюу Их гүрэн үүсэхийн өмнөх Хамаг Монголын задарч хямарсан, “Одтой тэнгэр орчиж, Орчлон дэлхий хямарч” байх

үеэс эхлүүлээд Их Гүрэн цогцолж, тэгээд задран сарних үзэгдэл үзэгдээд эхэлсэн 1280-аад он гартлах 108 орчим жилийн үйл явдлыг ямар нэгэн байдлаар багтаах санаа бий. Гэхдээ зөвхөн Монголын тал нутаг болсон үйл явдал төдий биш, тэр цагт Монгол нь дэлхийн эзэнт гүрэн байсны хувьд Еврази даяар, Хойт Африкт хүртэл болсон үйл явдлуудыг харуулах учир сунаж магадгүй нь. Зүгээр түүхэн үйл явдлуудыг жагсаахад л хэдэн боть болно шүү дээ. Гэтэл энэ чинь уран зохиол. Эхний боть болох “Хөх илдний очис”-т яаж ч хичээгээд дөрөв, таван жилийн явдлыг л багтаав. Одоо цаана нь дахиад 100 гаруй жилийн үйл явдал байна. Хэрхэн 4 ботид багтаахаа мэдэхгүй л явна.

- Таны дээр өгүүлснээр энэ романд романтик өнгө аяс хүчтэй илэрсэн үү?

- Мэдэхгүй, түүнийг уншигчид л хэлэх байх. Гэхдээ Их Монгол гүрний эрин үе бол аугаа их романтизмын эрин үе юм. Тэнд аугаа их баатарлаг явдлууд, төсөөлөшгүй оргилуун хүсэл мөрөөдлүүд, аугаа их үнэнч хүмүүс төрөн гарч байв. Гумилевийн хэлдгээр жинхэнэ “урт дур”-ын эрсийн эрин үе. Тийм үеийг романтик сэтгэл хөдлөлгүйгээр бичих аваас хэрхэн тэр аугааг нь илэрхийлэн гаргах билээ. Тэгэхээр романтизм ямар нэгэн хэмжээгээр шингээ байх гэж найдаж байна.

Бас тэр эрин үе бол жинхэнэ домгийн эрин үе. Тийм эрин үеийг шидэт домгийн сэтгэлгээнээс ангидаар бичих боломжгүй. Тиймээс шидэт реализм ямар нэгэн хэмжээгээр туссан болов уу гэж найдаж байна. Уншигчид энэ мэт зүйлсийг романаас маань олж харахгүй аваас би зорилгодоо хүрээгүй л гэсэн үг. Олж харсан аваас хичээл зүтгэл маань талаар өнгөрсөнгүй хэмээн баярлана.

- Таны хүнийг үнэлэх үнэлэмжийн талаар сонирхоход...?

- Хорь хүртлэх насанд хүч чадалтай, золбоотой сэргэлэн хүн сайхан харагддаг байлаа. Дөч хүртлэх насанд эрдэм мэдлэгтэй хүнийг хүндэлж явав. Харин дөчин наснаас хойш эерүү, СУРТХУУНЛАГ, нинжин хүн бүхнээс эрхэм болов. Хүнийг үнэлэх эцсийн үнэлэмж ер нь энэ л аж. Үүнийг би зүй ёсны танин мэдэхүйн ахисан шат гэж бодно.

- Таны ширээний ном.?

- Цаг үе бүрд өөрчлөгдөж ирэв. Хүүхэд байхад Дюма, Стивенсон, Майн Рид нараас салдаггүй байлаа. Тиймээс тэдний ном ширээн дээр минь ихэвчлэн байна. Дунд иргэм насанд Достоевский, Толстой, Чехов, Блок нараар өвчилж байсан учир тэдний ном ширээг минь чимэж байлаа. Харин одоо бол “Монголын Нууц Товчоо” л ширээн дээр маань ихэвчлэн байна. Учир нь би чухам тэр аугаа эрин цаг үеийн тухай хэр чинээгээрээ судалж, бас хэр чадлаараа бичих гэж оролдож буй учир арга ч үгүй юм.

- Та “Монголын Нууц Товчоо”-ны талаар юу хэлэх вэ?

- Үнэхээр нууц болоод товч бүтээл юм. Тайлж чадваас тэнд манай үндэстний түүх төдийгүй, сэтгэлгээний төлөв байдал, үнэт зүйлс, ёс зүйн код бүрнээ бий.

АМЕРИКИЙН ДУУРАЙХ ЁСТОЙГ НЬ БИД ДУУРАЙЖ ЧАДААГҮЙ...

- Одоо хоёулаа Америк амьдралын тухай ярилцая. Таныг америкийн монголчуудад мэдээлэл түгээх, солилцох, монгол нийгэмлэгүүдийг бэхжихэд их хувь нэмэр болсон “Даяар Монгол” сониноор тань олон хүн мэдэх болсон.

- Сонины шинэ дугаарыг тань тэсэн ядан хүлээдэг хүн олон байсан байх шүү?

- Би анх 2003 оны 3 сарын сүүлээр АНУ-д очсон. Юу ч мэдэхгүй, ёстой эргүү төлөг шиг л амьтан Виржиниа Бийчид ойрхон Клоустер поинт хэмээн далайн эргийн бяцхан тосгонд найз нар дээрээ очиж сар гаруй болсон. Тэгээд ДиСи-рүү дүүгээ бараадан нүүсэн юм. Тэгэхэд шинэхэн очсон монголчууд маань англи хэл, америк орчин, ахуй, хууль ёс, дүрэм зан заншил гээд олон зүйл мэдэхгүйгээс соёлын шокд орох, ажил төрөл олж төвхнөх, шинэ орчиндоо дасахад нэн бэрхшээлтэй байдаг нь анзаарагдсан. Шинэхэн очигсод ажил, амьдрах байр, утас харилцаа, хаанаас хүнс, утсаа хямдхан авах, метроны буудал хаана, үнэмлэх бичиг хэрхэн авах, виза хэрхэн сунгуулах, хэлний үнэгүй сургалтуудад яаж хамрагдах, ямар хоол унд идэж уух, ямар эмийг хаанаас яаж авах гээд өдөр тутмын зайлшгүй хэрэгцээт мэдээлэл нэн ихээр үгүйлэгдэж байдаг. “Хямдхан, бас сүрхий шим тэжээлтэй юм” гээд хэдэн сар нохой муурны хоол мэдэлгүй идсэн тухай онигоо хүртэл бий шүү дээ. Тэгээд ер мэдээлэлжүүлэх нь чухал юм гэсэн бодол төрсөн. Монгол холбоотойгоо ярилцаад тэр ажлыг эхлүүлсэн. Үр дүнгээ өгсөн байх. Одоотой адил интернет гэдэг зүйлийг хүн бүр өдөр бүр ашиглаад байх боломжгүй үе байлаа шүү дээ. 50 мужийн 146 хотоос захиалагчтай байв. Олон ч хүний талархал хүлээсэн. “Танай сонины тусаар ажилтай боллоо, анхны цалингын дээжээсээ илгээв” гээд чек хүртэл ирж байсан. Надад одоо ч тэдгээр талархалын захидлууд, мөнгөний чекийн хуулга байдаг. Монголчуудыг ажиллуулаад цалинг нь өгдөггүй хохироодог, янз бүрээр дарамталдаг агент, ажил олгогчидтой хүртэл тулж, хэр чинээгээрээ тэмцэж, зарим үед бүр алах шулах дээрээ ч тулалцаж явсан. Хүмүүс идэвхжиж, монгол холбоод маань ч бэхжсэн.
Хэдэн жилийн дараа нетийн хэрэглээ түгээмэл болох үед Тайван та хоёрын www.orloo.com яг цагаа олж гарч ирсэн шүү. Үр дүнгээ илүү хурдан өгч, бас зөвхөн америк төдийгүй дэлхий даяар таран суусан монголчуудын гол цугладаг газар болсон.

- Баярлалаа. Бид Америк маягын ардчилал, амьдралыг сонгоод хорин долоон жил болчихлоо. Гэвч яг өнөөх дуурайгаад байгаагаа үнэхээр дуурайж чадсан уу гэвэл их эргэлзээтэй санагдах. Та Америкд амьдарч байсан хүн, энэ талаар нэлээд зүйлийг бас анзаарч ажигласан байх аа?

- Тийм шүү. Бид яг юуг нь аваад, дуурайгаад, харин юуг нь дуурайлгүй орхичов оо? Ерөөс дуурайсан маань гарцаагүй дуурайх зүйл нь мөн үү? гэх мэт олон асуулт гарна.
Америк болон монголын амьдралд хэд хэдэн онцгой ялгаа бий. Хамгийн эхэнд анзаарагдсан зүйл бол “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор аж төрөх”. Чи өөрөө америкт байсан хүн үүнийг мэднэ дээ. Хууль, журмыг жижиг гэлтгүй сахин хэрэгжүүлдэг. Хоёр жижигхээн жишээ хэлье. Манай нэг ах ярьж байсан. Тэднийх Бөркөд нэг жижиг тойрогт таунхаусад амьдардаг, гэрлүүгээ орох замд нь ЗОГС (stop sign) тэмдэг таардаг байна. Тийм хотын захын жижигхэн тойрог дотор хөл хөдөлгөөн бараг үгүй шахам. Гэвч дүрэм бол дүрэм, хичнээн хөл хөдөлгөөн үгүй эль хуль ч тэр тэмдэг дээр зогсоод хөдөлдөг байж л дээ. Хоёр удаа нэлээд яаруу явсанаас зогсолгүй өнгөрчихөж. Гэтэл хэд хоногийн дараа торгуулийн майл иржээ. Тэр Зогс тэмдгийн ойр орчимд ямар ч камер байхгүй байж. Гайхаад сонирхож үзвэл яг тэр тэмдгийн харалдаа байх хаусанд амьдардаг нэг хөгшин “Тийм марк дугаартай тийм машин төдний өдрийн төдөн цагт Зогс тэмдэг дээр зогсолгүй өнгөрлөө” гэж утсаар цагдаад мэдэгдсэн байгаа юм. Энэ юуг харуулж байна вэ гэвэл хуулийг сахих болоод сахиулах үүрэг бол хүн бүхний хэрэг. Тэр тэтгэвэртээ гараад өдрөө хүлээгээд, цонхоороо гиюүрээд сууж буй самганы ч хэрэг мөн байх нь. Тэгэж иргэн бүр нь хуулийн хэрэгжилтэд оролцож, санаа тавьж, зүтгэж байж тийм хууль ёс нь хэрэгждэг улс орон болдог, чухам тийм улс л хөгждөг байна. Мэдээж хэрэг хууль журам зөрчих үзэгдэл бий ч тэр нь манайхтай харьцуулахад бараг байхгүйтэй адилхан.

 

Харин харамсалтай нь бид Америк маягийн ардчилал, амьдралыг дуурайхдаа энэхүү хууль дүрмийг нийтлэг түвшиндээ сахин хэрэгжүүлдэг гол шинжийг нь ор тас хаячихсан. Манайд бол хуулийг зөрчиж буйгаа бараг бахархал болгох шахам ойлголт хандлагатай. Өөрийнх нь амьдралд л нөлөөлөхгүй бол тэнгэр нурж байсан ч хамаагүй, хэн хахууль авч байна, хэн хууль дэвсэлж байна, хэн шударга ёсыг элэг доог болгож байна гэх мэт зүйлс бараг хамаагүй мэт. Үнэн хэрэг дээрээ маш харалган тэнэг явдал. Алхам бүрдээ хууль журмыг, шударга ёсыг сахин хэрэгжүүлдэг, эрхэмлэдэг сэтгэлгээ үгүй бол хэдий өөрт чинь халгаагүй мэт байвч нэг л өдөр өөрийг чинь тэр бурангуй явдал нөмрөөд авна гэдгийг манайхан огт ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Хууль журам нь хэрэгжихгүй, шударга ёс нь хангагдахгүй байсаар байх юм бол нэг л өдөр нийгэм нийтээрээ сууриараа ганхаад сүйрээд ирнэ. Тэгэхэд чиний хувиа хичээсэн бэртэгчин амьдрал чинь ганцаараа торойгоод сайхан хэвээрээ үлдэнэ гэж огт боломжгүй зүйл гэдгийг мэддэггүй.

Бас нэгэн жишээ хэлье. Чикагод өвөө харж байсан нэг бүсгүй надад ярьж байсан. Бүсгүй өдрийн 100 долларын цалинтайгаар тэр хөгшнийн хардаг байж л дээ. Хэдэн сарын дараа итгэлийг нь олоод, өвгөний хамаг билл, бичиг баримтыг нь цэгцэлж өгдөг болсон байна. Гэтэл өөрийг нь ажилд зуучилж өгсөн ажил олгогч агентад өвгөн өдрийн 250 доллар төлж буйг мэдээд өвгөнтэй ярилцаж үзжээ.
“Та намайг ажилд жуучилсан агентад өдөрт 250 доллар төлж, харин тэд надад 100 долларын цалин өгч байна. Үлдсэн 150 доллар тань үргүй өнгөрч байна. Тэгэхээр би тэр агенттай гэрээ цуцалчихая. Та ч бас цуцалчих. Тэгээд та надад 150 долларын цалин өгчих. Та өдөр бүр 100 доллараа хэмнэнэ, би 50 доллар илүү авна. Хэн хэндээ ашигтай” гэсэн санал тавьжээ. Гэтэл өвгөн “Хэдий чиний хэлж буй зөв ч хүн харах үйлчилгээг заавал ямар нэгэн агентаар дамжуулан авах дүрэм журамтай, түүнийг зөрчиж болохгүй” гээд зөвшөөрөөгүй байгаа юм. Дүрэм журам амьдралд нийцэмгүй байсан ч түүнийг хүндэтгэн сахих хандлага энд маш хүчтэй илэрч байна.
- Тийм шүү, Хууль журам сахиулах, хэрэгжүүлэх, мөрдөх сэтгэлгээг америкчууд үр хүүхдүүдээ бүр мэдээ орох цагаас нь маш нарийн бодлоготойгоор, ухаалгаар суулгаж өгдөг. Америк хүүхэд юу болох, юу болохгүйг маш сайн мэдэж өсдөг. Яагаад гэвэл сургуулийн өмнөх болон бага сургуулийн боловсролын агуулга нь тэр талдаа. Дөнгөж тэнцэн ядаж яваа хүүхэд ямар нэгэн юм авах гэхэд “НО” гэж ээж нь хэлсэн л бол дахиж авах гэдэггүй. Харин манайд бол авах гэж дайраад, бүр цахдаж унах нь олонтаа. Энэ талаар таны ажигласантай би хувьдаа санал бүрэн нийлж байна.

- Эцэг эх ч, сургууль, цэцэрлэгийн газарт ч хүүхдэд НО гэдэг үгийг маш сайн ойлгуулдаг нь америк боловсролын маш давуу тал юм. Бага насандаа тийм хүмүүжилтэй болж өссөн хүн хожим нь тэр хууль журмыг чанд хэрэгжүүлдэг, жинхэнэ хариуцлагатай иргэн хүн болох нь аргагүй. Харин манайд сургуулийн өмнөх боловсрол бол огт байхгүй. Цэцэрлэг ясли хүрэлцэхгүйгээс зүгээр л харах үйлчилгээгээр түүнээ аргалж байна. Тэр харах үйлчилгээнд ямар нэгэн сургалтын, ахуй орчны, боловсон хүчний, эрүүл мэндийн стандарт гэж байдаггүй. Гэтэл манай энэ Ерөнхийлөгч нөхөр маань НҮБ-д оччихоод “Бид сургуулийн өмнөх боловсролынхоо асуудлыг гэрээр хүүхэд харах үйлчилгээгээр шийдчихсэн” гэж баяр баясгалантайгаар мэдэгдэж байх. Тоглоод ч байгаа юм шиг. Хүнд хэлэхэд ч ичмээр. Гэтэл монголчуудын уламжлалт мэдлэгт хүүхдийг 5 нас хүртэл нь жинхэнэ хүн болгох суурь хүмүүжил олгодог учраас “Бурхан нас” гэж онцгойлон анхаарч ирсэн байдаг. Өнөөгийн дэлхийн сэтгэл судлал, сурганы болон тархины судалгааны үр дүн бидний өвөг дээдсийн тэр үзэл ойлголтыг л давтан хэлж байна шүү дээ.

Америк хүүхдүүд яадахдаа дугаарлан зогсож мэддэг, бусдын дэргэд голынхоо дуугаар гэнэт чарладаггүй, хэн нэгэн хүн “Ингэж болдоггүй юм” гэвэл хүлээж авдаг хүмүүжилтэй болж өсөх нь илүү түгээмэл. Бид энэ мэтчилэн америкаас хууль ёс, дүрэм журмыг хүндэтгэн дагах сэтгэлгээ, хандлагыг нь сурч, дуурайж чадсангүй. Харин ч эсрэгээрээ байна.

- Тийнхүү эсрэгээрээ байгаагийнх шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

- Эрх чөлөө гэдгийг бид дураараа анархи байх, ёс журамгүй байх, бусдын эрх ашгийг үл анзаарах гэдэг маш бүдүүлэг харалган болхи байдлаар нь оруулж, экспортолсон. Чи сонссон байх. Монголоос хоёр залуу Америкт буужээ. Тосож авсан найз нар нь Александриагийн нэгэн апартмент дахь байрандаа авчирсан байна. Монголоос ирсэн юм хойно хэрхэн хоосон байх вэ, Хатан Туулынхаа усаар найруулсан архиа гаргаж, ууцгаажээ. Тэгээд ихэд халаад, дуулалдаж шуугилдсан байна. Хажуу өрөөнийх нь хүмүүс хаалга тогшиж, сануулжээ. Төдөлгүй дахиад л шуугилдаж, гэтэл цагдаа ирж бас л сануулжээ. Халсан нөхдүүд нэг хэсэгтээ чимээгээ аядсанаа мартаад дахиад л дуулалдаж найрлаж гарсан байна. Тэгээд яахав дээ, цагдаа хаалгыг нь дайрч онгойлгоод, бүгдийг нь баривчлаад, маргааш нь нөгөө хоёр залууг Монгол руу буцаасан. Буцахдаа нөгөө хоёр нөхөр “Нөгөө Америкийг эрх чөлөөний орон гээд байсан чинь хаана байна. Дураараа дуулж ч, найрлаж ч болохгүй” хэмээн гомдол гаргаж байсан гэдэг.

Бидний өнөөдрийн хөгжилгүй байгаагийн нэг илрэл нь бусдын эрх чөлөөгөөр өөрийн чинь эрх чөлөө хязгаарлагддаг гэдгийг огтхон ч мэддэггүй, мэдэрдэггүй явдал юм. Эрх чөлөө гэдгийг хязгааргүй, дураараа, бүдүүлэг байдал гэж ойлгосон. Энэ бол эмгэнэл. Ардчиллын дампуурал. Заримдаа надад зориуд ийм болгосон мэт ч сэжиг төрдөг. Энэ сэжгийг батлах их олон ноцтой баримт, сэжүүр бий.
Өнөөдөр монголчууд бид нэг нэгэндээ тээр садаа болох нь байтугай зовлон гай болохыг ч юман чинээ бодохгүй байна. Машин бариад л хотын түгжээ рүү ороод үзэхэд мэдэгдэнэ. Тэр түгжирч байгаа, сигнаалдаад хараалаа урсгаад дайралцаж байгаагийн цаана тийм л болхи бүдүүлэг мунхаг муйхар сэтгэлгээ харагддаг. Захын интернэт сайтын сэтгэгдэл рүү ороод л унш. Ямар соёл, сэтгэлгээ байгаа нь мэдрэгдэнэ. Хүнийг бүү хэл өөрийгөө ч хүндэтгэх анхан шатны ойлголт, мэдрэмжгүй.
Үүрэг, хариуцлага эхлээд байж дараа нь эрх, эрх чөлөөний тухай эрх үүсдэг юм гэдгийг тас мартсан. Үүрэг, хариуцлага үгүйгээр эрх чөлөө, ардчилал л гэж орилсон улс олон байна. Солио, хийрхэл. Өөр юу ч биш.

20170503 003


АМЕРИКТ АЖИЛ ЯАЖ ХИЙХ ВЭ ГЭДЭГ БОЛ ЭНД МӨНГӨ ЯАЖ ОЛОХ ВЭ Л ГЭЖ БОДОЖ БАЙНА. ИХ ТОМ ЯЛГАА

- Нүүдэлчин Монголчууд угаасаа ийм, тэгээд ч урбан соёл буюу хотын соёл бол шинэ зүйл, тэр шинэ зүйлтэй бид дасаж, өөриймсүүлж чадаагүй байна гэсэн тайлбар их сонсогддог шүү дээ?
- Үгүй юм. Энэ бол жинхэнэ тархи угаалт, жинхэнэ үндэстний оюун сэтгэлгээний суурийг эвдэх гэсэн хорон бодлого. Харамсалтай нь манай зарим нэр бүхий хүмүүс үүнийг санаатай, эсвэл гэнэн хонгороор хөөргөдөн сурталчилдаг. Нүүдэлчин монголчуудын язгуур сэтгэлгээ хэзээ ч тийм хувиа бодсон, тэвчээргүй, ойворгон байгаагүй. Харин ч нэг нэгнийхээ тус дэм дээр оршин тогтнож ирсэн, хамтын өндөр ухамсартай, мэдрэмжтэй, монгол хүн монгол хүндээ эерүү зөөлнөөр ханддаг, “Хүний тус бүтвэл өөрийн тус бүтнэ” гэж харж, итгэж явдаг үндэстэн байсан. Дээр нь хотын соёл зөвхөн өнөөдрийн үзэгдэл биш, 60-аад оноос монголд хотжилт олон шинжээрээ бий болсон. Гагцхүү бид оюуны итгэлцүүр, үнэт зүйлээ зах зээлийн шуурганд тавиад туучихсаны үр дагавар ийн гарч буй хэрэг. Зориудаар ч хийсэн үйлдэл байж мэднэ. Эрх чөлөө, ардчиллын хамгийн гаж, хортой хэлбэрийг бид экспортолж...

- Та америк болон монгол амьдралд хэд хэдэн онцгой ялгаа бий гэсэн. Энэ эрх эрх чөлөө, ардчиллын мөн чанараас өөр ямар тод ялгаа байна вэ?
- Америкт “Яаж ажил олох вэ?” гэж боддог бол манайд “Яаж мөнгө олох вэ?” гэж боддог. Маш том ялгаа байна.
- Яагаад ийм том зарчмын ялгаа байгаагийн шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?
- Америкт цэвэрлэгч ч болов ажил хийж буй бол амьдраад байх боломжтой. Өөрөөр хэлбэл сарынхаа цалингаар амьдрах боломжтой. Хуучин ч хамаагүй машин авчихна. Байр, утас, нэтийнхээ төлбөрийг төлчихнө. Долоо

хоногтоо биш гэхэд сардаа нэг удаа ойр зууртаа аялчихна. Монголруу боломж гаргаад хэдэн доллар шилжүүлчихнэ. Ажлаа чанартай сайн хийхэд л болчихно. Харин манайд цэвэрлэгч хийгээд сарынхаа цалингаар амьдрах гээд үзээрэй. Цэвэрлэгч байтугай багш, эмч гэх мэт ажил хийгээд цалингаараа амьдрах ч амаргүй. Цалингаас цалингийн хооронд зээлсээр байгаад л таарна. Яаж ч хичээж сайн ажиллаад нэмэргүй. Тэгэхээр чинь ажил яаж хийх вэ гэж биш мөнгө яаж олох вэ гэж өөрийн эрхгүй бодогдоно шүү дээ. Харин тэр мөнгөө хэрхэн ямар арга замаар олж буй нь өөр өөр түвшинд байна. Чухам хулгай дээрэм, залилан, сүлжээ, авилгал, хууран мэхлэлт төрж буй гол эх ундарга энд байна. Нийгмийн нийтлэг хандлага ийм л байгаа. Өнөөдөр олонхи хүмүүсийн сарын дундаж цалин 500-600 мянга байна. Хэрхэн хүргэж буйг нь төсөөлөхөд бэрх.

20170503 008

 

МАНАЙ ЗАЛУУС ЗАЛХУУДАА СОЛОНГОСТ ОЧИЖ АЖИЛЛААД БАЙГАА ЮМ БИШ ШҮҮ ДЭЭ

- Монголчууд залхуу, чадваргүй, алмай, арчаагүйдээ ийм хөгжилгүй сул дорой байгаа юм гэж үзэх нь ч бас бий шүү дээ. Та энэ мэт үзэл хандлагад ямар хариу өгөх вэ?

- Маш гэнэн дүгнэлт. Магадгүй монголчуудын өөртөө итгэх итгэлийг үгүй болгож, сэтгэлгээний хувьд өөрийгөө мэдрэх дархлаагүй болгох гэсэн алсын бодлого ч байж мэднэ. Харин ч эсрэгээрээ Монголчууд бид чадварлаг, хөдөлмөрч хүмүүс. Гагцхүү өнөөдөр нийгмийн нөхцөл байдал нь монгол хүнийг шударгаар хөдөлмөрлөөд, зүтгээд сайхан амьдрах боломжийг нь хумиж, хааж байгаад л асуудал нь байгаа юм. Монгол хүн гадаадад буюу хөдөлмөрлөсөн зүтгэсэн хэрээрээр боломжийг бий болгодог орчинд очихоороо шал өөр байдгийг чи бид нүдээрээ олонтаа харсан шүү дээ.

- Тийм ээ, бид харсан. Гэхдээ таниар би жишээ хэлүүлэх л гээд байна шүү дээ.

- Би олон жишээ хэлэх ч хамгийн бодитой өөрт тохиолдсон явдлаа л ярия. Би Кларендоны Хунан №1 хятад ресторанд нэг монгол залуу, бас хоёр мексик залуутай хамт дөрвүүл нэг өдөр ажилд орсон юм. Миний анхны ажил. Хоёр мексикийг ажилд сайн гээд угаагчаар, бид хоёр бол басбой буюу ширээ цэвэрлэгчээр орсон. Хамгийн бага цалинтай. Угаагч бол илүү цалин авна. Өдөр бүр энэтхэг деливерүүд ирж хоол авч явна. Деливерүүд өндөр цалинтай. Бас илүү эрх чөлөөтэй, машин тэрэгтэй. Бид хоёр хоорондоо ярьдаг байлаа, “Хэзээ нэг хоёулаа машин тэрэгтэй болоод, энэ энэтхэгүүд шиг деливер хийдэг болно доо” гээд. Хоёр ч сар хүрэлгүй би өөр ресторанд туслах тогооч болоод “дэвшээд” явчихсан, нөгөө монгол маань бас л ажлаа сайжруулаад явчихсан. Хоёр жилийн дараа бид хоёр Арлингтонд таарахад тэр маань Чулууны үйлдвэрт бие даасан ажил хийдэг болчихсон байлаа. Юун деливер. Тоох ч үгүй. Би сонин хэвлэл гаргаад Блүүмингтон руу явчихсан. Тэгээд хоёул өнөөх деливер яаж болно доо хэмээн санааширч байснаа яриад инээлдэж байв. Дараахан нь би өнөөх хятад ресторандаа орж хоол захиалав. Рестораны заалны зохион байгуулагч Сони нэртэй хятад байсан. Анх түүний удирдлагад ажилд орж байсан хэрэг шүү дээ. Одоо бол мань хүнээр үйлчлүүлээд. Тэгээд ярилцаж байтал Цогоо бид хоёртой хамт ажилд орсон өнөөх хоёр мексик залуу аяга тавгаа угаасан хэвээр л байгаа гэсэн. Гал тогоо руу орж, тэдэнтэй мэндлээд гарч билээ.
Ер энэ ганц надад таарсан тохиолдол ч биш, америк төдийгүй европ, солонгост хаана ч тэр монголчууд маш амархан ахиж дээшилдэг, ажлыг богино хугацаанд гартаа оруулж, жинхэнэ мэргэжилтэн болж чаддаг.

- 40, 60 жил, бүр 100 жилийн цагаачлалын түүхтэй солонгос, хятад, филиппинүүдтэй харьцуулахад манайхны түүх арав гаруйхан жил ч, бас тооны хувьд дэндүү цөөхөн ч асар богино хугацаанд өсөн дэвжиж, тэргүүлэгч эгнээн гарч ирдэг нь монголчуудын авьяаслаг, чадварлаг, шаргуу хөдөлмөрчийг гэрчилнэ. Таны хэлдгээр эх оронд маань гагцхүү монгол залууст боломж нөхцөл нь дутагдаад байгаа хэрэг.

- Харин тийм ээ. Боломж нөхцөл нь бүрдэх аваас өнөөх “Надад тулах цэг өг. Би дэлхийг эргүүлнэ” гэдэг шиг бид бүхнийг хийж, бүхнийг амжуулж, сурч чадна. Арав гаруй жилийн өмнө “Монголчуудын барилга барьдаг гэж хаашаа харсан юм?” гэсэн яриа нэлээн сонсогддог байв. Одоо хар л даа, манай залуусын барьсан барилгыг. Бид хэнээс дутахгүй барилгаа барьчихдаг болов. Бас олон зүйлийг эхлүүлж байна. Бидэнд нөөц их бий.
Ингэхэд манай залуус залхуудаа Солонгост очиж ажиллаад байгаа хэрэг биш шүү дээ. Эх орондоо хөлсөө урсгаад олсон мөнгө нь амьдрах боломжгүй учраас л гадагшаа зүтгээд байгаа. Тэгэхээр Монголчууд биднийг хэрвээ залхуу, арчаагүй гэж дүгнэж буй үгс сонсогдож буй аваас тэр нэг бол гэнэн тэнэг хөнгөн хөөргөн дүгнэлт, эсвэл хорон явуулга.
Гэхдээ мэдээж олны дотор үнэхээр залхуу, унхиагүй нь байлгүй яахав. Гол нь энэ яриа бол бидний нийтлэг төрх төлвийн тухай юм гэдгийг анхаарах хэрэгтэй.

- Тантай санал нэг байна аа. Манайхан хаа очсон газраа амжилт гаргаж, бүтээж, ахин дэвжиж байгааг бид ямагт харж, сонсож байсан. Одоо ч сонсож л байна. Энэ монголчууд хаанаас гараад ирэв ээ хэмээн дуу алддаг. Америкт маш олон монгол залуус амжилттай бизнес эрхэлж, салбартаа тэргүүлж, өсөн дэвжиж байгаа.

- Өмнөд хөршийнхөн “Монголчууд хэзээ ч цөөддөггүй” гэж болгоомжилдог уламжлалт сэтгэлгээтэй. Энэ үг угаасаа биднийг ямар чадварлаг, адтай болохыг л гэрчилнэ шүү дээ. Харин бид эх орондоо л тэр чадвараа гаргах боломж хомс байгаа маань харамсалтай. Гэхдээ энэ бол цаг хугацааны л хэрэг гэж итгэдэг. Нэг л өдөр бид эв нэгдэлтэй болж, нийтлэг эрх ашгаа эрхэмлэдэг болж, авьяас чадвараа эх орондоо бүрэн дүүрэн шавхан гаргаж чадах боломж нээгдэнэ. Тийм цаг ойрхон байгаасай л гэж хүсэх байна.

- Та бидний хооронд санаа нийлсэн сайхан яриа болов. Танд уран бүтээлийн их амжилт хүсье. Цаг давчуу, цаас тоотой учир яриагаа өндөрлөе. Ярилцах зүйл цаана нь бишгүй үлдлээ.
- Тэглээ. Яриа дуусаагүй. Яагаад гэвэл асуудал их байгаа. Та бүхэнд ч амжилт хүсье.