04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Н.Батбаяр: Инфляцийн түвшинг 6 хувьтай байлгах бодлогыг ирэх онд авч хэрэгжүүлнэ

Өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр төслийн талаар танилцуулга хийсэн юм.

Эл төсөлд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, инфляцийн түвшинг 6 хувьтай байлгах бодлогыг ирэх онд авч хэрэгжүүлэхээр тусгажээ.

Түүнчлэн энэ ажлын хүрээнд Засгийн газраас инфляцийн түвшинг бууруулж, тогтворжуулах бодлого баримтлах бөгөөд бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжиж, барилгын материалын импортыг бууруулж, дотоодод үйлдвэрлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ удаагийн үндсэн чиглэлд хөрөнгө оруулалтын жагсаалт оруулж ирэлгүй бодлогын шинж чанартай салбаруудын асуудлыг тусган оруулж ирсэн хэмээн салбарын сайд онцолсон.
Санал асуултын үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Тлейхан нар 2014 онд 14 гаруй хувьд хүрэх эдийн засгийн өсөлт ард иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлөх вэ. Статистик тоо амьдралд төдийлөн буухгүй байгаа. Инфляцийг 6 хувьд хүргэх зорилт хэр бодитой вэ хэмээн асуусан юм. Үүнд салбарын сайд “Статистикийн мэдээллийг өмнө нь ч гаргаж байсан. Тодорхой судалгааг үндэслэн улсын хэмжээгээр тооцоо гаргаж байгааг хүн бүхэн мэднэ. Статистик тоо амьдралд буухгүй хэмээн дөнгөж сая гаргаж байгаа мэтээр сөрөг талаас нь асуудлыг ярьж болохгүй. Өнөөдөр иргэдийн цалин хөлс нэмэгдэж байгаа ч, үүнтэй зэрэгцэн үнийн өсөлт явж байна. Үнийн өсөлт цалингийн өсөлтийг давчихаад байгаа энэ үед Засгийн газраас үүнийг хазаарлах, ажлын байрыг хангалттай болгох, иргэдийн цалин хөлс нь амьдралд хүрэлцдэг байх тогтолцоог бий болгоход анхаарч ажиллаж байна. Тиймээс инфляцийг 6 хувьд хүргэх бололцоотой” хэмээн хариуллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгах тодорхой механизмыг үндсэн чиглэлд тусгах нь зүйтэй гэв. Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг хүн амынх нь тоонд хамааруулж механик аргаар бус, эдийн засгийн хөгжлийн бүсүүдэд харгалзан зарим сумдыг түлхүү дэмжих байдлаар хуваарилах, нийслэлийн эдийн засгийн асуудлыг анхаарах, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх өндөр өртөг бүхий төсөл, арга хэмжээний эдийн засгийн үр ашгийн нарийвчилсан тооцоо, судалгааг хийх талаар санал гаргалаа. УИХ-ын гишүүд аливаа асуудлыг хэрэгжүүлэхдээ хүрэх цэгээ тодорхойлж байж, төсөв мөнгөө хуваарилах нь зүйтэй гэсэн байр суурьт нэгдсэн юм. Тиймээс Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн тус байнгын хороогоор С.Ганбаатар гишүүний өргөн барьсан Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж хуулийн төслийг хойшлуулахаар болов. Учир нь гишүүд "Р.Амаржаргал гишүүн энэ талаар хуулийн төсөл оруулж ирэн ярьж байсан. Тиймээс тэр хуультай нэгтгэн базаж үзвэл яасан юм бэ. Энэ хуульд жижиг өөрчлөлт хийх гэж яарах хэрэггүй" хэмээв. Түүнчлэн эл хуралдаанаар Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын талаар хэлэлцэж дэмжлээ. Төсвийн хуультай зөрчилдөж байгаа зүйл их байна хэмээн зарим гишүүд шүүмжилж байв. Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж өндөрлөсөн юм.

Б.Заяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.