04 сарын 30, Мягмар
°C
USD 3,377.03
USD 3,377.03
EUR 3,620.51
JPY 21.70
GBP 4,231.59
RUB 36.34
CNY 466.01
KRW 2.45

Хэний ч хэлж зүрхлээгүйг хөндсөнөөр Трамп амжилт олсон

-Америкийн Ерөнхийлөгчийн энэ оны сонгуулийн талаар бид юу мэдэх вэ-

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 8-нд болох ч сонгуулийн явц дэлхий дахины хэвлэлийн хуудаснаас салахаа байгаад жил гаруй боллоо. Америкийн сонгуулийн тогтолцоо, төлөөлөн сонгогчдын үүрэг хийгээд Дональд Трамп, Берни Сандерс нарын онцлогийн талаарх уншигчдын асуултад Оросын “Лента.ру” сайт хариулт бэлтгэсэн байна.

-Америкчууд Ерөнхийлөгчөө яагаад шууд бус, төлөөлөн сонгогчдын тусламжтайгаар сонгодог юм бэ?

-Америкийн Ерөнхийлөгчийг сонгох дэгийг 1787 онд баталжээ.

Тэр үеийн Америк өнөөдрийнхөөс үлэмж ялгаатай байсан аж. Тус улс иргэний дайн үзээгүй, нийгмийн чухал хүчин зүйл нь боолчлол байжээ. Америкийг үндэслэгчдийн нэг, дөрөв дэх Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнийг шууд сонгуулиар сонгохын төлөө тэмцэгч Жеймс Медисон “Сонгох эрх өмнөдийн муж улсуудаас умардынханд илүүтэй түгээмэл байгаа нь негр хүмүүсийг сонгуулийн үйл явцад ямар ч нөлөөгүй болгож байна. Төлөөлөн сонгогчдоор сольсноос эсэргүүцэлтэй бага тулгарч байх шиг байна” хэмээн хэлж байжээ. Төлөөлөн сонгогчдын коллег нь нэр дэвшигчдийн анхаарлыг өөртөө татах боломжийг хүн ам шигүүтэй муж улсуудад олгохгүй байх бас нэг чухал үүрэг хүлээдэг аж. Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгчийг шууд санал хурааж сонгодог байсан бол Америкийн нийт хүн амын тэн хагасаас илүү нь оршин суудаг есөн муж улсын дэмжлэгийг тухайн нэр дэвшигч авчихсан байхад л ялах боломжтой юм.

-Төлөөлөн сонгох энэ тогтолцоо олон түмнээс түүнд хүлээлгэсэн үүргийг биелүүлж чадаж байгаа юм болов уу?

-Зарим талаар чадаж байгаа. Муж улс тус бүр Конгресст байгаа суудлынхаа тоогоор төлөөлөн сонгогчтой байдаг. Конгресс нь Доод (Төлөөлөгчдийн танхим), Дээд (Сенат) гэсэн хоёр танхимтай. Доод танхим дахь төлөөлөгчдийн тоо тухайн муж улсын хүн амын тооноос хамаарна. Харин Дээд танхимд муж улс бүр хоёр төлөөлөлтэй байдаг. Ийм маягаар хүн ам хамгийн олонтой Калифорни муж улс 677 мянган хүнээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэг төлөөлөн сонгогч дэвшүүлдэг бол хамгийн цөөн хүнтэй Вайоминг муж улсад 188 мянган хүнийг нэг төлөөлөн сонгогч төлөөлдөг. Тэгэхээр Вайомингийн нэг төлөөлөн сонгогчийн санал Калифорнийн нэг сонгогчийнхоос 3.6 дахин үнэ цэнтэй гэсэн үг.

Энэ тогтолцоо үүргээ гүйцэтгэж байгаа боловч тодорхой гажилт, хазайлт бас гардаг байна. АНУ-ын муж улсууд “цэнхэр” (ардчилсан), “улаан” (бүгд найрамдах) гэж хуваагддаг бөгөөд аль нь хаана жин дарах нь тэртэй тэргүй тодорхой байдаг. Тийм учраас нэр дэвшигчид олон хүн амтай муж улсуудад анхаарлаа төвлөрүүлэхээс илүүтэй сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглах боломжгүй газарт хүчээ хуримтлуулдаг. Ийм муж улсуудыг “гуйвж дайвсан” гэж нэрлэнэ. 2016 онд “Politico” сэтгүүл Огайо, Колорадо, Айова, Невада, Нью-Хэмпмир, Виржиниа, Флорида муж улсыг ийн тодорхойлоод байгаа. Хоёр намын сурталчилгаа, ухуулгын хуй салхи одоо чухам эдгээр муж улсад оволзож байна. Бусад муж улсын сонгогчид саналаа тийм ч ач холбогдолтой гэж үзэхгүй байгаа нь америкчуудын олонхын санал авсан нэр дэвшигч заримдаа Ерөнхийлөгч болдоггүйтэй холбоотой юм. Ийм явдал 2000 онд тохиосон бөгөөд тэгэхэд хүү Жорж Буш өрсөлдөгч Альберт Гороосоо бараг хагас сая санал дутуу авсан ч төлөөлөн сонгогчдынхоо тоогоор түүнээс илүү гарсан байна. Ийм байдалд америкчуудын сэтгэл улам дундуур байх болж буй. 2011 онд явуулсан санал асуулгад оролцогчдын 62 хувь нь Ерөнхийлөгчөө шууд сонгохыг илүүд үзсэн байдаг.

-Төлөөлөн сонгогчид ард түмнээс олгосон бүрэн эрхэд нийцүүлж саналаа өгч чаддаг болов уу?

-Үндсэндээ чаддаг гэж хэлж болох ч Америкийн ардчиллын түүхэнд ийм тохиолдол ердөө 157 удаа л болсон байдаг юм. Тэгэхдээ тэд сонгуулийн эцсийн дүнд огт нөлөөлж байгаагүй юм билээ. Тэд намаар нь сонголт хийдэг, нөхдийнхөө дунд нэр хүндээ алдах нь журам зөрчихгүй байх хангалттай үндэслэл болдог.

-Ардчилагчид (АН-ын) хийгээд бүгд найрамдахчуудын үндсэн сонгогчид нь хэн байдаг юм бэ?

-Уламжлалыг нь харвал ардчилагчдын төлөө үндэстний цөөнх (тухайлбал 2016 оны сонгуульд оролцогчдын 30 хувь) хийгээд эмэгтэйчүүд саналаа өгдөг, бүгд найрамдахчуудыг цагаан арьст эрэгтэйчүүд дэмждэг юм байна.

Үүний хажуугаар бүгд найрамдахчууд болон ардчилагчдыг ялгаруулдаг хэд хэдэн зүйл байдаг. Жишээ нь, зэвсэг авч явах эрх байна. Үндсэн хуулиар олгосон энэ эрхийг хөндөхгүй байхын төлөө бүгд найрамдахчууд тэмцдэг бол ардчилагчид үүнийг хязгаарлахыг эрмэлздэг. Ийм хязгаарлалтын нэг жишээ нь Билл Клинтоны үед жирийн иргэн болон зэвсгийн дэлгүүрүүд давшилтын зэвсэг эзэмших, худалдах эрхийг 10 жилээр хориглосон явдал.

Ардчилагчид нийгмийн хангамж, тэтгэвэр, цалинтай амралт гэх мэтийн тухайд илүүтэй зүүний байр суурьтай байсаар ирж. Энэ зорилгоор чинээлэг хүмүүст оноох татварыг нэмж байх нь зүйтэй гэж үздэг. Тэгвэл бүхнийг тухайн хүн өөрөө л бий болгох ёстой, төр урамшуулах, ажилгүйчүүдийг тэтгэх үүрэг л хүлээх ёстой гэсэн байр суурийг бүгд найрамдахчууд баримталдаг. Эднийг эрх барьж байх үед татварыг нийгмийн бүх давхаргад хязгаарлах нь элбэг байсан.

Иргэндээ төр нь тусалж, ядаж л хамгаалж байх ёстой гэж ардчилагчид үздэг бол жирийн хүмүүсийн амьдралд төр аль болох бага оролцох нь дээр, нас биед хүрсэн, чадал чансаатай хүн зөв шийдвэр гаргаж, хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх чадвартай байдаг гэх үзлээр бүгд найрамдахчууд хандана. Тухайлбал, ардчилагчид бүх нийтээр эрүүл мэндийн даатгалтай байх, түүнд нь төр оролцож байхыг дэмждэг бол үүнийг хувийн компаниуд авч явсан нь дээр гэж бүгд найрамдахчууд үздэг.

Хүний үйл ажиллагаанаас үүдэж цаг уур өөрчлөгдөж байдаг гэдгийг бүгд найрамдахчууд үгүйсгэж, “ногоон эрчим хүчинд” шилжихийг эрмэлздэггүй. Ардчилагчид болохоор цаг агаарын өөрчлөлтийг АНУ-ын өмнө тулгарч буй гол асуудлын нэг гэж үздэг. Бүгд найрамдахчууд цагаачлалыг хязгаарлахын төлөө эртнээс тэмцэж, АНУ-ын нутаг дэвсгэр дээр хууль бусаар оршин суугчдыг ямар нэг өршөөлгүйгээр хөөн гаргахыг уриалдаг. Ардчилагчид үүнд илүү хүлээцтэй хандана. Тухайлбал, Америкийн иргэн (Америкт төрсөн) хүүхэдтэй, Америкт ажил эрхэлж, татвар төлж байсан хүмүүст хуулиар статус олгохыг Обама чармайсан ч Дээд шүүх нь зөвшөөрөөгүй.

-Хэний ч санаанд орохгүй байсан Трамп, Сандерс нар энэ удаагийн сонгуульд яагаад ийм амжилт олов оо?

-Улс төрийн дээд зиндааныхан хийгээд жирийн сонгогчдын ялгаа Америкт сүүлийн жилүүдэд асар их болсон. Ийм байдал Европт ч ажиглагдаж буй. Намуудын удирдлага эрх ашгийг нь хамгаална гэдэгт жирийн америк хүмүүс итгэхээ больсон байна. Ардчилагчид болон бүгд найрамдахчууд Конгресст хэл амаа ололцох арга зам хайхаа байж, эцэст нь олон чухал асуудал шийдэгдэлгүй үлдэх болсноос ийм бодол улам нэмэгджээ.

Ийм нөхцөлд өөрсдийгөө намынхаа удирдлагад сөргүүлэн тавихаас эмээхгүй байгаа Сандрес, Дональд Трамп хоёр тун эвтэйхэн харагдсан. Трамп улс төрийн хувьд хүмүүсийн зэвүү хүргэм өнгө аястай мэдэгдлүүдийг гол зэвсгээ болгосон, энэ нь эхний үед түүний “толгойг залгих” эд шиг санагдаж байсан. Этгээд ааштай тэрбумтан маань олон америк хүний сэтгэлийг зовоож буй. Гэвч индэр дээрээс хэн ч хэлж зүрхлээгүй байгаа тэр зовлон бэрхшээлийг үгээ сонгохдоо ч ичиж зоволгүйгээр хөндсөн.

Сандерс ч өөрийгөө жирийн америк хүнийг хамгаалагч болгон харуулж, Хиллари Клинтон гар хөл нь болж буй гэж үздэг том корпорацуудын эсрэг шийдвэртэй тэмцсэн. Хиллари төв рүүгээ илүү ойр байгаа бол Сандрес зүүний, үндсэндээ социалист байр сууринаас хандсан. Хилларийг хувь хүний нь хувьд эсэргүүцэгч олон байсан нь Сандерс амжилт олоход түлхэц болсон.

-Дональд Трамп бүгд найрамдахчуудаас нэр дэвших баталгаа нь ердөө л энэ байсан гэж үү?

-БНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг долдугаар сарын 18-21-нд Огайо муж улсад болох их хурлаас эцэслэн тодруулна. Тус намаас нэрийг нь дэвшүүлэхэд шаардагдах 1237 төлөөлөн сонгогчийн саналыг Трамп авсан ч тэд нар нь сонгогчдын захиалгаар бус, өөрсдийн санаа бодлоор саналаа өгөх эрхтэй гэж намынх нь нөлөө бүхий гишүүд үзэж байгаа.

Төлөөлөн сонгогчдыг өөрийн тал руу татаж, нам дотроо нэг ёсондоо “ордны эргэлт” хийхийг нэр дэвшүүлэгчид оролдож, онолын хувьд болох боловч өндөр албаны хүмүүс ийм боломжийг няцааж байгаа. Энэ нь өргөн цартай хагарал, ялагдалд хүргэж, нэр хүндийг нь үлэмж унагана. Байдлаас үзэхэд Трампын нэрийг дэвшүүлсэнтэй нам нь эвлэрсэн бололтой. Яагаад ийн хэлж байна вэ гэвэл Трампыг дэмжиж буйгаа БНН-ын дээд зиндааныхны нөлөө бүхий хүн, Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Пол Райн саяхан илэрхийлсэн.

И.Рэнчинханд

Эх сурвалж: Өнөөдөр сонин


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.