04 сарын 30, Мягмар
°C
USD 3,377.03
USD 3,377.03
EUR 3,620.51
JPY 21.70
GBP 4,231.59
RUB 36.34
CNY 466.01
KRW 2.45

ЭНЭ СОНГУУЛЬ МИНИЙ БОДЛООР…

УИХ ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор 13 нам, 4 эвсэл, 137 бие даагчид бүртгүүлжээ. Хэдхэн хоногийн дараа нэр дэвшигчид албан ёсоор тодрон СЕХ ноос баталгаажина. Ѳѳ тэгээд энэ хооронд их юм болж байгаа бололтой. Зарим намын дарга нар нэр дэвшигчидээ “мурьж”, тойргоо хоорондоо наймаалцаж, намаасаа жийгдсэн зарим нь ѳѳр намд хадаг барин гуйж, сонгуульд ялах боломжгүй нь боломжтой зарим хүнтэй тохиролцоо хийж, хѳшигний ард улстѳрийн наймаа явагдаж байгаа.

*ХҮМҮҮС ЯАГААД ИНГЭЖ УЛАЙРААД БАЙНА ВЭ?

1. Улс тѳр нь бизнес болон хувирсан Монголын хувьд, сонгууль нь бас бизнес болон хѳгжжээ. Олигтойхон баялаг бүтээдэггүй бидний хувьд сонгуулийн жил “мѳнгѳ хийдэг” хамгийн боломжит үе. Улстѳрийн дуудлага худалдаа, үнэ хаялцал нэр дэвшигчдэд ч, сэтгүүлчдэд ч, иргэдэд ч гэнэт их мѳнгѳ олох боломж болон тогтжээ.
2. УИХ болон ЗГ-т шийдвэр гаргах эрх мэдлүүд ѳѳрийгѳѳ зовоолгүйгээр их мѳнгѳ хийх боломж болон хувирсан учраас тэд улсаа хѳгжүүлэх гэж бус ѳѳртѳѳ их мѳнгѳ хийх гэж зүтгээд байгаа нь харагдаж байна. Энэ хооронд 10 хувийн зуучлагчид гэж бас байна. Энэ тогтолцооны уршгаар Монголд баялаг бүтээж бус зуучлагч хийж гэнэт ихээр баяжих сэтгэлгээний гажуудал бий болсон байна.
3. Ѳмнѳ нь улстѳрд байж хууль бус аргаар баяжсан олон хүмүүст УИХ нь шоронгоос зугатан хуулиар ѳѳрийгѳѳ хамгаалуулах орон зай болон хувирчээ. Үгүй ядахнаа ѳѳрийн бизнесээ хамгаалах, ѳѳртѳѳ ашигтай хууль батлуулах, хамтдаа новшрох гээд зүтгээд байна. Хууль засаглалыг хүчгүй байлгах хүсэл, боломж тэдэнд байна.

*БИ НЭГ ЮМЫГ ГАЙХААД БАЙНА!

-Юу ч хийхгүй “пээдийж” явсаар сонгуулийн ѳмнѳ учиргүй ухаантай, бас ажилсаг хүний дурд тоглож эхлэх юм. Одоо ТВ-үүдийг хар даа. Бүгдээрээ цэцэрхэж гаргалгаа, шийдэл ярьцгааж байна. ѲМНѲ НЬ ЯРЬЖ БАЙХГҮЙ ЯАСАН ЮМ БОЛ?

-Чив чимээгүй байж байснаа сонгуулийн ѳмнѳ учир зүггүй хийсэн ажлуудаа тайлагнаж, элдэв ярилцлага тайлбар хийн ѳѳрийгѳѳ “тодруулах” гэж ядах юм. Зарим нь хийсэн ажилгүй болохоор хамж шимээд “хогийн тантан” болгоно. ѲМНѲ НЬ ХИЙЖ БУЙ АЖЛУУДАА БУСДАД ИЛ ТОД БАЙДЛААР ТАЙЛБАРЛАН, САНАЛ ШҮҮМЖЛЭЛЭЭ СОНСОЖ БАЙХГҮЙ ЯАСАН ЮМ БОЛ?

-Ажил хэргийн шугамаар уулзан санал хүсэлтээ илэрхийлэх гэхээр огт уулзахгүй зугатдаг мѳртлѳѳ одоо болохоор тааралдсан хүн болгонтойгоо саймширч, дотносон ажил хэрэг санал болгоно. НЭГ ЗАНГААРАА БАЙ Л ДАА

-Эрх мэдэлтэй байхдаа элдэв бохир үйлдэлтэй хутгалдан нэр хүндээ алдсан атлаа, одоо болохоор ѳѳрийгѳѳ зѳвтгѳн “энхийн цагаан тагтаа” мэт тайлбарлан ѳѳр хэн нэгнийг буруутгана. ИЙМ АСУУДЛАА ТУХАЙН ҮЕД ХУУЛИЙН ѲМНѲ ШУДАРГААР ШИЙДҮҮЛЭН НЭРЭЭ ЦЭВЭРЛЭЖ БАЙХГҮЙ ЯАСАН ЮМ БОЛ?

-Ѳмнѳ нь улстѳрч хэн нэгнийг шүүмжилж дургүйцдэг байсан зарим хүмүүс, энэ сонгуулийн ѳмнѳ нѳгѳѳ хүнээ магтан дуулж, дахин сонгохыг уриалан хашгирах боллоо. МѲНГѲѲР СОНГОЛТОО ХИЙСНЭЭР ШУДАРГА ЁС ТОГТОЖ, АМЬДРАЛ ТАНЬ САЙЖИРСАН УУ?

-Хичнээн олон жил улстѳрийн эрх мэдэлд байхдаа шинэчлэл ѳѳрчлѳлт хийж чадаагүй атлаа одоо болохоор шалтаг нэрлэн гоншигнож, одоо л намайг сонговол бүхнийг ѳѳрчилж “алаад ѳгнѳ” хэмээн ятгана. ХИЧНЭЭН ОЛОН ЖИЛД ХИЙЖ ЧАДААГҮЙ ШИНЭЧЛЭЛЭЭ ОДОО ХИЙЖ ЧАДАХ УУ?

-“Эх орондоо хайртай” гэж хашгирах тэрээр, улстѳрд амь амьдралаа зориулан тарчилж зовж байна хэмээн гомдоллох атлаа, заавал “дахин сонгогдох хэрэгтэй байна” хэмээн тачаадан, улайран зүтгэнэ. ѲѲРИЙГѲѲ АМРААЖ, УЛСТѲРГҮЙГЭЭР АМЬДРААД ҮЗ Л ДЭЭ!

Нэр дэвшигчид ээ! Сонгуулийн сурталчилгаагаа жаахан бодитой, амьдралтай хий л дээ. Хамгийн царайлаг гоё, алдаагүй тѳгс тѳгѳлдѳр, ухаантай гэгээрсэн, энэрэнгүй ѳрѳвч хүний дүрд тоглох гээд ядчих юм. Зохиогүй дүр таныг улам тэнэг харагдуулаад байгааг анзаарахгүй байна уу? Алдсан оносон бүхэнтэйгээ сүлэлдэж байж амьдрал утгатай болдог юм шүү дээ.

*ХЭНИЙГ СОНГОЖ БОЛОХГҮЙ ВЭ?

Монголчууд бид 30 орчим жил тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй амьдралаа. Намуудаас шалтгаантай талцал, дээгүүрээ бүлэглэл болон хуйвалдаж жирийн иргэдийн боломжийг хулгайлан хохироож буй үйлдэл, хуулийн тэгш бус зусардсан үйлчилгээ, хариуцлага хүлээдэггүй дураараа авирлан улс орныг хохироодог байдал хэрээс хэтэрч олон нийтийг туйлдуулж байна. Энэ хугацаанд “Цэрмаагийн турсан, Дагдангийн эхнэрийн таргалсан” нь тэнцэж байгаа. Одоо болно, улстѳрчид ѳѳ!

Монголын улстѳрд 12 оос дээш жил сонгогдсон эрхмүүдийн нэрсийг харцгаая. “Тогос шиг гоёж, хѳхѳѳ шиг донгодсон” ч сонгож болохгүй цѳѳн биш хүмүүс эдэн дунд байна. Тэднээс хариуцлага асуух цаг нь болсон.

1.Ц.Нямдорж 28 жил
2. Д.Лүндээжанцан 28 жил
3. Ч.Улаан 24 жил
4. Д.Тэрбишдагва 20 жил
5. Д.Оюунхорол 20 жил
6. М.Энхболд 20 жил
7. Н.Энхболд 20 жил
8. Ѳ.Энхтүвшин 20 жил
9. Сү.Батболд 20 жил
10. Б.Бат-Эрдэнэ 16 жил
11. Лу.Болд 16 жил
12. Д.Хаянхярваа 12 жил
13. Ц.Даваасүрэн 12 жил
14. Ж.Энхбаяр 12 жил
15. Г.Занданшатар 12 жил
16. С.Бямбацогт 12 жил
17. С.Эрдэнэ 12 жил
18. Ч.Хүрэлбаатар 12 жил
19. Б.Чойжилсүрэн 12 жил
20. Я.Санжмятав 12 жил

СЭТГЭЛГҮЙ БОЛ УЛСТѲРЧИЙН ТУРШЛАГА НЬ ҮНЭ ЦЭНЭГҮЙ ЗҮЙЛ. “Санаа байгаад ч сачий нь хүрэхгүй” гэдэгчлэн бохирдсон ѳнѳѳгийн улс тѳрийн тогтолцоог шинэчлэхэд ЧИН СЭТГЭЛ, ЭВ НЭГДЭЛ хамгаас эрхэм байна даа.

*ЭНЭ СОНГУУЛЬД БИ ХЭНИЙГ ДЭМЖИХ ВЭ?

-Нам, эвсэл хамаарахгүйгээр хувь хүн талаас нь сонгож дэмжинэ. МАН, АН, ХҮН болон бусад нам эвслүүд болон бие даагчид дунд миний дотно найз нар болон хүндэлж үнэлж явдаг олон залуус бий.

-Хоосон мѳрѳѳдѳж бус бодит ажлууд болон тѳслүүдийг санаачлан хэрэгжүүлж буй, эзэмшсэн мэдлэг чадвараа бусдын сайн сайхны тѳлѳѳ зориулж яваа, зѳв санаа бодолтой залуусыг дэмжинэ.

-Дэмжиж буй залуусаа улстѳрд ороод МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭ ЦЭН, МОНГОЛ ОРНЫ ХѲГЖИЛ хэмээн үнэт зүйл дээр нам харгалзахгүйгээр нэгдэж байгаасай хэмээн хүсч байгаа.

-Дэмжиж буй залуусынхаа тухай, тэднийг яагаад дэмжиж буй талаар ѳѳрийн итгэл үнэмшилээ сошиал орон зайд түгээн уриалах болно. Зарим нэр дэвшигчдийн сурталчилгааг түгээхэд дэмжиж оролцоно.

*ТѲГСГѲЛИЙН ОРОНД УРИАЛАХ НЬ:

1. “Үндсэн хууль”-д заасан эрхийнхээ дагуу сонгуульд нэр дэвших боломж хэнд ч буй. Тэдний хэнийг ч үүнийх нь тѳлѳѳ шоолон доромжилж, тохуурхан басамжлах хэрэггүй дээ. Сонгох эрх нь бидэнд байгаа болохоор санал хураалтад ѳѳрийн дэмжсэн хүнээ л сонгоцгооё
2. Нам харгалзахгүйгээр хүнийг нь харж сонгоосой хэмээн хүсч байна. Хэт намчирхал талцлаас шалтгаантай хѳгжиж чадахгүй гацаанд орсон хѳдѳѳ орон нутагт энэ илүү чухал. Ѳѳрийн амьдарч буй орон нутгаа хэрхэн хѳгжүүлэхээ иргэд нь ѳѳрсдѳѳ мэдэн шийдэж байвал сайн сан
3. Заавал тэрийг дэмж, сонго гэх дарамтуудыг үл ойшоон ѳѳрийн сэтгэл зүрх, итгэл үнэмшилээ даган сонголт хийх нь чухал. Ядаж хүнээ судалж байж сонгодог, эргээд хариуцлага нэхэж тооцдог байх сэтгэлгээнд суралцах хэрэгтэй болж байна
4. Тѳрийн эрх барих эрхэм эрх болох сонгуульд санал ѳгѳх нь хүн бүрийн үүрэг. Тэр тусмаа залуучуудын оролцоо энэ жилийн сонгуульд сайн нѳлѳѳ үзүүлнэ. Болохгүй бүтэхгүйг шүүмжилж, гонгинож байхын оронд сонголтоо зѳв хийх нь улс орныхоо хѳгжилд оруулж буй хувь нэмэр. Бүгдээрээ сонгуульд саналаа ѳгцгѳѳе
5. Бид ямар нийгэмд бас ямар орон нутагт амьдрахыг хүсч байна, түүнийгээ ѳѳрсдѳѳ л байгуулна. Хэн ч бидэнд түүнийг байгуулж ѳгѳхгүй. Энэ шинэчлэлд хүн бүрийн оролцоо хамгаас чухал байна. Дараа нь харамсаж, харааж зүхэхгүйн тулд хүн бүр сонголтоо зѳв хийх хэрэгтэй байна

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-05-27 Улаанбаатар хот


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.