04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Энэтхэгт +50 хэмээс давж халсны улмаас онц байдал тогтоолоо

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн хойд нутагт өдөртөө +50,5 хэм хүрч халж байгаа тул тус улсын Харьяна, Ражастхан, Гужарат, Махья-Прадеш болон Дели гэсэн таван мужид онц байдал тогтоосон байна.

Лхагва гарагт Ражастан мужийн Пхадоли хотод +50,5 хэмд  хүрч халсан нь Энэтхэгт цаг уурын ажиглалт явуулж ирсэн түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтээс ердөө 0,1 хэмээр доогуур байгаа юм. Тодруулбал, 1956 онд тус мужийн Алвар хотод +50,6 хэм хүрч халж байжээ.

Ойрын өдрүүдэд Энэтхэгийн нутгийн хойд, баруун болон төв хэсгээр агаарын хэм улам нэмэгдэж, дээрх үзүүлэлтээс давж магадгүй байна.

Тус улсын нийслэл Шинэ Дели хотод агаарын хэм +47-д хүрч халсны улмаас цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшинд хүрчээ. Үүнтэй холбоотойгоор бүхэл бүтэн районуудад тог тасарсан байна. Хүмүүс гэрээсээ гарахгүй байгаа бөгөөд эмч нарын зөвлөснөөр аль болох их хэмжээний ус ууж байгаа аж. Тэр ч байтугай Дели хотын амьтны хүрээлэнгийн барнуудад бие организм дахь ус-давсны тэнцвэрийг нь хангах зорилгоор электролитийн уусмалтай нэмэлт шингэн өгч байгаа гэнэ.

Түүнээс гадна Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд байдал нэлээд хүнд байна. Учир нь, +50 болон түүнээс дээш хэмээр халах үед нисэх, буух зурвасын хучилт хайлснаар том оврын нисэх онгоцууд буухад хүндрэлтэй болжээ.

Ундны усаар гачигдаж буй тус улсын 256 тойрогт амьдардаг 330 сая хүний хувьд хэт халуун үргэлжилсээр байгаа нь тэднийг улам хүнд байдалд оруулж байгаа юм. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Энэтхэгийн өмнөд мужуудад хэт халууны улмаас 500-700 хүн нас барсан тухай мэдээлэл ирж байна. Өнгөрсөн онд энэхүү гамшигт өртөн 2000 гаруй хүн амиа алдаж байсан гэх тоо бий.

Иймээс байгалийн гамшигтай тэмцэх зорилгоор дөрөвдүгээр сараас хойш Энэтхэгийн төв засгийн газраас 240 тэрбум рупий /3,6 тэрбум доллар/ зарцуулжээ.

Хэт халуун болж байгаа нь 2-7 жилд давтагддаг Эль-Нино гэдэг байгаль цаг уурын үзэгдэлтэй холбоотой гэж цаг уурчид үзэж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.