03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Булаагдсан нутагтаа очоод ирлээ

Нэгэн цагт Монгол хүн эзэгнэж байсан Бээжингийн буудал дээр буугаад хүн багатай, асар том нисэх буудлыг нь гайхан харсаар зочид буудалдаа хүрэх автобусанд суув. Надтай хамт 3 япон хүн, 1 өвөр Монгол оюутан Токиогоос Бээжинг зорин очсон юм. Биднийг угтан авахаар зочид буудлаас явуулсан автобусанд суух үеэр хэсэг хятад хүн хамт суусан бөгөөд тэдгээр хятад хүмүүстэй манай багийн өвөр монгол охин маргав. Маргааны шалтгааныг би гадарлаж байсан боловч хэл мэдэхгүйн учир чухам юуг хэлэлцэн маргалдаж байгааг ойлгоогүй. Сүүлд нь өвөр монгол охин надад тайлбарлахдаа - Тэр хятадуудын зарим нь биднийг Солонгос хүн гэж тааварласан. Харин нэг хүн эдний дунд монгол цустай хүн явж байна гэж хэлсэн гэж билээ.

Хятад хүн Монгол хүний омголон зантайг маш сайн мэддэг, айж болгоомжилдогийг би тэгэхэд ойлгосон. Бээжин хотын тухай хамт явсан Өвөр Монгол багш маань бидэнд тайлбарлахдаа -

Шороон түмээрээ давчуу шавар хэрмэн дотор шамбааралдан суудаг Хятад соёлын үүднээс авч үзвэл одоогийн Бээжин шиг цэлгэр том хот яасан ч босохгүй байсан юм. Бээжин ийм өргөн цэлгэр болсон нь Хувилай хаан болоод түүний шадар Монгол удирдагч нарын гавьяа, үүнийг хятадууд өөрсдөө ил тод хэлэхээсээ маш их цэрвэдэг хэмээн тайлбарлаж өгсөн. Бид Бээжинд нэг хоноод дараа өглөө нь Шилийн хотыг зорив. Нэгэн цагт Ханддорж чин ван Жанчхүүгийн даваан дээр "Нутагтаа Хятад шаахайн мөр гаргахгүй" хэмээн андгай өргөж, нэгэн цагт Б.Ренчин "нутагтаа ирлээ" хэмээн зүлгэн дээр нь биеийнхээ чилээг гарган хамт явсан хятадуудыг алмайруулж явсан Монголын алдарт шаргал тал биднийг угтсан. Үл хөдлөх хөрөнгийг тэнд цэцэглүүлэн хөгжүүлж байсан.

Шилийн хот. Нүд алдран цэлийх шаргал тал. Монголын говиос байнга нүүдэллэх элсний нүүдэл, шороон түйрэнд байнга л автах эдийн засгийн бололцоо муутай газар шиг анх санагдсан. Гэвч энэ тал нутагт Хятадууд мөнгийг ёстой хийж байна. Ойролцоо нь хэд хэдэн нүүрсний уурхай ажиллан Бээжинг цахилгаан эрчим хүчээр хангадаг тул төмөр зам татсан байсан. Боломж багатай харагдсан энэ нутагт Хятадын баячууд суух зуны зуслангийн зориулалтаар барьсан 2 давхар хувийн орон сууц эгнэн харагдсан. Гол усгүй өргөн талд Хатан голын усыг салаалуулан татан авч ирээд байшингаа үнэ хүргэх цөөрөм байгуулан, бяцхан ногоон төгөл хажууд нь босгосон байсан. Задгай салхитай зуны цагт бол Бээжингээс хэд дахин агаартай, сэрүүн зуны зуслан. Үнэ багатай, усгүй талд өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө босгосон Хятад наймаачдаас санаа авууштай. Манайхан, газраа чулуу болгохын тулд үүнээс санаа авууштай л санагдсан шүү.

Монголоос дээрэмдсэн нутгийн жинхэнэ эзэн хэн бэ? Мэдээж БНХАУ-ын нутаг. Гэвч тэндхийн уугуул малчин ард өвөг дээдсийн тэмцэж ирсэн газар шороогоо бүрэн алдчихаагүй байсан. Өөр өөрсдийн нутгаа торлон хашаалаад мал аж ахуй, газар тариалан эрхлэнэ. Манай сумын төвд гараа халаасандаа хийн сэлгүүцдэг залуус, хаяагаараа дүүрэн аргал хөглөрч байхад уулын модоо тайрч түлдэг Хангайн бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүсээс хавьгүй ажилсаг санагдсан. Тэндхийн хүмүүс ашиг шимийг нь бодолцон Канад үүлдрийн үхэр, австрали үүлдэрийн хонь маллана. Эдгээр мал нь нутгийн монгол угшилын малыг бодвол хүнд дасамхай, арчилгаа их шаарддаг. Ямаа цөлжилтөнд нөлөөлдөг тул ямааны тоог засгийн газраас нь хязгаарласан байсан. (Манайхан тэгэхэд ямаандаа тэтгэмж өгдөг шүү дээ) Малын үнэ ханш Монголтой бараг адилхан. Өөрсдөө эрдэнэ шиш тариад малаа тэжээнэ. Мөн зарим газраа наранцэцэг тарина.

Гэвч Монгол нэртэй энэ газар Монгол соёлын улбаа хомс харагдана. Тэнд орд цагаан гэр, адуун сүрэг, морь унасан малчин хүн барагтай л харагдахгүй. Цагаан идээ боловсруулан, бяслаг хийх боловч, ааруул, ээзгий бол барагтай байхгүй. Монгол хүн маш өргөн нутгийг хувьдаа эзэмшиж амьдрана. Харамсалтай нь газраа хашаалж, тогтсон газарт л малаа бэлчээдэгээс болоод цөлжилт маш хурдацтай явагдаж байгаа. Манайд саяханаас яригдаад байгаа бэлчээр ашигтай ашиглах тухай хууль гаргахдаа Өвөр Монголд нүүрлэсэн аюулаас сэрэмжлэх хэрэгтэй санагдсан. Зам зуур Хятад тосгон гэх шамбааралдсан өнгө муутай тоосгон байшин, тариан талбай нэлээд харагдах бөгөөд тэндхийн хятадууд их ядуу зүдрүү амьдрана. Өвөр Монголын ард түмэн төрөө жолоодох эрхгүй ч Хавт Хасарын үрс, Монголын цустай хүмүүс болохоор тал нутагтаа Хятад тариачидаас илүү амьдардаг. Өвөр Монгол хүний хувьд Монгол улс бол эрх чөлөөний Америк.

Одоо нэгэн Өвөр Монгол залуутай ярьсан яриагаа сийрүүлье. Тэр залуу ярьж байна. "Монголын охидууд их хөөрхөн, гоё хувцасладаг. Биеэ чөлөөтэй авч явдаг. Залуучууд нь ч гэсэн их гоё хувцаслана. Манай хөдөө нутгийнхан Монголоос ирсэн залуусыг их дуурайдаг" гэж ярьсан юм. Тэгээд бас Халхаас ирсэн эрчүүд ингэж ярьдаг хэмээн дуурайн үзүүлсэн билээ. "Түү, пизда. Шатчихлаа (хажуу тийш нь нулимаад тамхиа шидэн хөлөөрөө дээрээс нь нухаж байна) пизда" хэмээх хараалын үгийг урсган ярьсан юм. Бодвол манайханы наймаачидыг л дуурайж байгаа бололтой. Гэвч Өвөр Монгол залуусын дунд Америк, Япон, адаглаад Монгол улс руу гараад явчих хүсэл их байдаг нь анзаарагдсан. Тэгэхдээ залуус нь Монголоор ярихдаа их муу, хятад үг хольж ярина. Харин Монгол дуу, хошин шог сонсох дуртай. Шилийн хотын зарим дэлгүүрүүдэд Монголын хошин урлагынханы CD-г зарж байсан. Хил, хэл, мал гурав байвал Монгол баян. Өвөр Монгол хүмүүс мэдээж хил буюу, түүнийг тодотгон байдаг улсын статусаа алдсан хүмүүс. Харин тэд хэлээ хамгаалахын тулд маш их тэмцэж байгаа.

Ялангуяа хот суурин газрын боловсролтой, амьдралын боломжтой хүмүүсийн дунд сүүлийн үед хүүхдээ Монгол хэлээр сургах хандлага их болсон. Хөхрөн униартах Түмэдийн тал Далан хар уул хэмээх суналзан тогтсон хар уулс, түүнээс өмнө зүгт орших Манхан уулын хооронд орших Түмэдийн цэлгэр талд анх Түмэдийн алтан хаан шарын шашинг дэлгэрүүлэн, Түргэний голын хөвөөнд газар хагалан тариа тарьж, бяцхан суурин газар босгосон нь өдгөөгийн Хөх хот билээ. Хөх хот нэлээд хог тоостой боловч, зарим талаараа Токиог санагдуулан байсан. Магадгүй хаа сайгүй харагдах Ханз үсэг, орчин үеийн хувцас зарах их дэлгүүрүүд нь Токиотой төстэй санагдуулсан байж мэднэ. Малаа зараад Хөх хотод суурьшсан Өвөр Монголчууд Монгол хоолны газар ажиллуулна. Тэгэхдээ тэд Монгол хоол хийхдээ арай бүтээлчээр хандаж байгаа санагдсан. Манайхан бол хаа сайгүй хуушуур л зардаг. Ядаж түүндээ арай нэг шинэлэг амт оруулан, шинэ хоол зохиох гэж огт оролддоггүй. Хөх хотод Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн багш нарыг эс тооцвол Монголоор ярьдаг хүнтэй нэг ч таараагүй.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.