04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Бидэнд Хятадаас сурах юм бий юу (үргэлжлэл)

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ху Жинтао саяхан ОХУ болон Украинд албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ үйл явдлыг тохиолдуулан Украины сэтгүүлч Анна Варавва, Евгений Довбуш нар “Чему нас научит Китай” нэртэй нийтлэл бичсэнийг үргэлжлүүлэн хүргэж байна.

Эдийн засгийн өсөлтийн төлөө экологийг золиослох нь

Хятад улс аж үйлдвэрийн хэмжээгээ нэмэгдүүлэх гэж улайран хөөцөлдөх болсны улмаас иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө бий болж эхэлснийг Хятадын удирдлагууд ч хүлээн зөвшөөрдөг. Байгаль орчныг хамгаалах яамны сайтад нь нийтлэгдсэн Жоу Шенсянь сайдын мэдэгдэлд ч Хятадын эдийн засаг байгаль орчинтойгоо зөрчилдөх болсны улмаас “томоохон хөрөнгө оруулалтад дулдуйдан байгалийн нөөцийг их хэмжээгээр ашиглан байгаль орчныг бохирдуулж байгаа хуучны энэ аргаар цааш замнаж болохгүйд хүрээд байна” гэж дурдсан байгаа.

Байгаль орчныг хамгаалах удирдах газрын мэдээнээс үзвэл, 2009 онд 4035 хүний цусанд хар тугалгын өндөр тун, харин 182 хүний цусанд их хэмжээний кадмий илэрсэн аж. Аль 2005 оны үед тус улсын Эрүүлийг хамгаалах яам 7 сая гаруй хүнийг хавдартай гэж бүртгэсэн, энэ тоо жил бүр 1.6-2 сая хүнээр нэмэгддэг хэмээж байлаа. Ингэхдээ төр, засгийн удирдлага нь хортой үйлдвэрүүдийн ойролцоох “хорт хавдрын” тосгодод яг хичнээн хүн өвчилсөн талаарх баримтыг мэдээлэхгүй байгаа юм.

Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны баримтад дурдсанаар, 2009 онд аккумуляторын үйлдвэрүүд 12 сая гаруй тонн хорт бодистой бохир усыг гадагшлуулжээ. Энэ их усны 10 сая гаруй тонн нь хар тугалгын, 220 гаруй мянган тонн нь хүнд металлын, харин 4 мянга гаруй нь кадмийн агууламжтай байсан аж.

Түүнчлэн Хятадын нутаг дэвсгэрийн 1/3 нь хүчиллэг бороонд байнга өртөж байдаг. Томоохон голуудын олонхийг нь унданд хэрэглэх боломжгүй. Тиймээс хүн амынх нь ¼ нь цэвэр усыг хангалттай хэмжээгээр хүртэж чаддаггүй.

Нөгөө талаар, манай гаригийн хамгийн бохир 20 хотын 16 нь Хятадад байдаг гэж НҮБ үздэг билээ.

Бухимдлаар дүүрсэн торх дэлбэрэхэд хэзээд бэлэн

Хойд Африк, Ойрхи Дорнод болон Дундад Азийн орнуудын нэгэн адил орчин үеийн Хятад улс “дэлбэрэхэд” хэзээд бэлэн байдаг юм. Түвдээс өгсүүлээд Зүүн Хойд Хятад хүртэлх мужуудад эсэргүүцлийн томоохон үйл ажиллагаанууд байнга явагддаг. Хөдөлмөрийн хөлс бага, амьдралын нөхцөл тааруу, байгаль орчин бохирдсон, төр, засгийн авлигын сүлжээ цэцэглэсэн, шинэ үйлдвэр болон бусад байгууламжийг барих нэрийдлээр ядуу тариачдын гэр оронг буулгаж газрыг нь хүчээр авдаг гэх мэт хүчин зүйлсүүд хүмүүсийг гудамжинд эсэргүүцлээ илэрхийлэхээс аргагүйд хүргэсээр байна.

Оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр байшин барилга нураах нь Хятадад өдөр бүр шахуу болдог үзэгдэл. Хятадын газар нутаг нь төрийн өмч гэж явдаг учраас намын дарга нар үүнийг далимдуулан аль газар юу барихаа дурмэдэн шийддэг. Энэ тохиолдолд орон гэргүй хоцорсон иргэдэд нэг бол багахан хэмжээний нөхөн төлбөр олгодог, үгүй бол бүр юу ч өгдөггүй. 2007 оноос эхлээд Хятадад жил бүр 90 мянга гаруй томоохон жагсаал явагддаг болсон бөгөөд жил ирэх тусам энэ тоо нэмэгдсээр байгааг Хятадын нийгмийн ухааны академийн судлаач Цзян Жун тооцоолжээ.

Харин дэлхий дахинаа өөрийн дүр төрхөө өөгүй сайнаар харуулахын тулд Хятадын коммунист удирдлагууд өнгөрөгч жилд гэхэд л хилийн чанадад явуулсан сурталчилгаандаа 45 тэрбум юань буюу 6.4 тэрбум доллар зарцуулсан байна. Энэ жил Ху Жинтаогийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын өмнөх сурталчилгааны ажилд 860 сая юань буюу 122 сая доллар зарцуулсан болохыг хятадын блогчид тооцоолж гаргажээ.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” хэмээх олон улсын байгууллага хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр нь Хятадыг 178 орны 171-т нь оруулсан байдаг. Хятадын дуу хоолой гэгддэг “Синхуа” агентлаг, “Женьминь Жибао” сонин, ССTV телевиз болон тэдгээрийн тоймшгүй олон охин компаниуд нь дэлхийн олон хэлээр зөвхөн Коммунист намд ашигтай мэдээллүүдийг цацдаг билээ. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн олонх нь эдгээр мэдээллийг албан ёсны гэж үзэн хуулбарлан нийтэлдэг нь нэг талаараа хүн төрөлхтнийг төөрөгдөлд оруулахыг хичээдэг Хятадын төр засагт тусалж байгаа хэрэг юм.

Хүний эрхгүй хүн

Гаднаасаа гоё үзэмжтэй мэт харагдах Хятад улсад мөн овог угсаатан, шашны бүлгүүдийн эсрэг явуулж буй санаатай дарамт хавчлага сүүдэр татуулна. Шинжаан-Уйгарын автономит мужид болон Түвдэд уугуул иргэд нь үе үе эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулдаг. Хятадад үндэстний цөөнхөд тооцогддог эдгээр хүмүүс уламжлалт зан заншлаа, амьдралын хэв маягаа устгуулахгүй, байгаль орчноо сүйтгүүлэхгүй гэсэндээ тэмцэл өрнүүлж ирсэн.

Энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд Сычуань мужийн Кирти хэмээх түвд сүмд зэвсэглэсэн цагдаа нар дайран орж нутгийн 350 орчим ламыг баривчлан авч явсан билээ. Өдгөө НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүд Хятадын коммунист намын удирдлагуудаас тэдгээр ламын байгаа газрыг хэлж өгөхийг шаардаж байгаа юм.

Уйгар, түвдүүд дээр одоо монголчууд нэмэгдлээ. Өнгөрөгч тавдугаар сарын эцсээр Өвөр Монголд эсэргүүцлийн томоохон аян өрнөсөн юм. Мянга мянган малчин, оюутан болон Өвөр Монголын олон мужийн багш нар бүс нутгийн байгаль орчныг сүйтгэх гэсэн удирдлагуудынхаа бодлогыг эсэргүүцэн жагсав. Хэрэв уг бодлогоо өөрчлөхгүй бол илүү хүчтэй арга хэмжээ авах болно гэдгээ ч мэдэгдсэн.

Харин “China Aid Association” хэмээх Христ шашинтнуудын эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр, Улаан өндөгний баяраар Бээжингийн цагдаа нар Христийн томоохон гэр-сүмийн 500 хятад иргэнийг гэрийн хорионд, 35 орчим хүнийг цагдаагийн хэсэгт аваачиж хорьсон аж.

Ер нь өнгөрөгч хоёрдугаар сард “Мэлрэгийн хувьсгал” эхлүүлэх уриалга гарсны дараа Хятадын эрх баригчид тэрс үзэлтэн, хүний эрхийг хамгаалагч иргэд, байгууллагуудыг дарах арга хэмжээгээ улам чангатгасан билээ.

Түүнчлэн дэлхий дахинаа нэр нь алдаршсан Ай Вейвей зураачийг баривчилсан явдал нь олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг зүй ёсоор татав. Хятадын эрх баригчид Ай зураачийн баривчилгааг хүний эрхийн төлөө явуулж буй түүний тэмцэлтэй огт холбоогүй, эдийн засгийн гэмт хэрэгт буруутгаж байгаа гэж тайлбарлаж байв. Тэгсэн атал өмгөөлөгч авах эрхийг нь хаачихсан байгаа. Энэ хэрэгт дэлхий нийтийн анхаарлыг хандуулахын тулд уран бүтээлийн төрөл бүрийн нэгдлүүд болон урлагийн ажилтнууд дэлхий даяар Ай Вейвей зураачийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж явна.

Үүний зэрэгцээ Хятадын эрх баригчид Фалуньгун шашны сургаалийг баримтлагч хүмүүсийг 12 жилийн турш тасралтгүй дарамталсаар ирсэн. Фалуньгуны бясалгалын дасгалыг коммунист намын гишүүдээс ч олон хүн хийдэг болсныг мэдмэгцээ Хятадын тэргүүн асан Зян Зэминь тэднийг дарах өргөн аяныг зохион байгуулж эхэлсэн юм. Ингэхдээ бусад дарангуйлагч дэглэмтэй орнуудыг бодвол Хятадын коммунист намынхан бүр гадаадад байгаа хүмүүсийг ч дарамталж чадсан байгаа юм. Фалунь Дафа-ийн мэдээллийн төв хэмээх хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр, Хятадын эрх баригчид гадаадад амьдарч буй Фалуньгуны шашныг дагагч болж жүжиглэн Фалуньгуныг муулсан хуурамч захидлуудыг барууны улс төрчдийн цахим хаягт явуулдаг байжээ. Гэвч IР хаягаар нь хөөж үзэхэд Хятадаас явуулсан захидлууд байсныг илрүүлсэн аж. АНУ-ын Конгрессийн хэд хэдэн гишүүн, Австрали, Шинэ Зеландын зарим улстөрч ийм утга бүхий захидлуудыг хүлээн авч байсан гэдгээ мэдээлж байлаа.

Бас нэг аймшигт мэдээ гэвэл, хятадууд Фалуньгуныг дагагчдын эд эрхтэнг үй олноор нь авсаар байгаа хэмээн 2010 оны Нобелийн шагналд нэр дэвшиж байсан олон улсын хүний эрхийн хуульч, өмгөөлөгч Дэвид Мэйтас нотлоод байгаа юм. Энэ бусармаг үйл ажиллагаанд олон улсын эмийн үйлдвэрийн компаниуд ч оролцдог аж. Тэд Хятадын хоригдлууд дээр шинэ эмийн туршилт явуулахдаа эд эрхтэнг нь авах хууль бус үйл ажиллагаанд хамтран оролцдог гэнэ.

Дашрамд дуулгахад, Бээжингийн Олимпийн үеэр Хятадын эрх баригчид Фалуньгуны дагагчдаас багаар бодоход 10 194-ийг нь баривчилсан хэмээн Фалуньгуныг дагагчдын эрхийг хамгаалах байгууллагын мэдээнд дурджээ. Эдгээрээс 100 орчим хүн нь баривчлагдаад удаагүй байхдаа (хэд хоног эсвэл хэдэн долоо хоногийн дотор) нас барсан аж. Үлдсэн хүмүүсийн олонх нь одоог хүртэл суллагдаагүй байгаа ба зарим нь маш урт хугацаагаар хоригдох ялаар шийтгүүлсэн байгаа юм.

Одоо ард иргэдийнх нь дунд Хятадын төрийн эрхийг атгаж буй коммунист намын нэр хүнд тасралтгүй унасаар байна. Сүүлийн жилүүдэд Хятадын Коммунист нам болон Пионерийн, Эвлэлийн гэх мэт түүний салбар байгууллагуудаас хүмүүс олноороо гарах болсон. 2006 онд Хятадын Коммунист намын түүхийн судалгааны материалыг багтаасан “Коммунист намын талаарх есөн тайлбар” хэмээх ном хэвлэгджээ. Энэ ном Хятадын сая сая иргэний улс төрийн үзлийг өөрчилж орхив. Номын ачаар зориг орсон 94 сая гаруй иргэн (нийт хүн амын 1/13) 2006 оноос эхлэн дээрх байгууллагуудын сайт руу нууц нэрээр нэвтэрч коммунист нам, пионер, эвлэлээс гарч буйгаа зарлах болжээ. Харин одоо өдөрт 40-50 мянган хүн дээрх байгууллагуудаас гарснаа зарладаг боллоо.

Тэгвэл бид Хятадаас ямар туршлагыг нь нэвтрүүлэх юм бэ

Өнөөгийн Хятад орныг хараад ийм асуулт өөрийн эрхгүй тавигдана. Украинчууд коммунист дэглэмийг туулж үзсэн улс. Хэрэв дарга нарын халаасыг түнтийлгэх, ард түмнийг мөлжих, авлигын системээ улам боловсронгуй болгох, хүний итгэл үнэмшил, үг хэлэх эрхийг хазаарлах, ард иргэдийн жагсаалыг дарах гэсэн зүйлст туршлага авах тухай ярьж байгаа бол маргаан байхгүй Хятадын коммунист нам үүнд жинхэнэ үлгэр жишээ болж чадна. Харин Хятад улс дэлхийд тэргүүлэгч орон болно гэсэн зөгнөл биеллээ олох эсэх нь одоо ч бүрхэг хэвээр байна. Дотооддоо зөрчилдөөнөөр дүүрэн байгаа энэ орон хэзээ мөдгүй дэлбэрэх дарьтай торхыг л санагдуулна.

http://www.unian.net/rus/news/news-441405.html

 

 

 

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.